Б. Ринчений “ХУВИЛАЙ СЭЦЭН” шүлгийн далд утгыг шинжихүй
Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ.
Олон зуун жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ халахад хамгийн их харууссан, бас эх оронч үзлийнхээ үүднээс ил далд олон янзаар, хамгийн хурцаар тэмцэж, тийн тэмцсэнийхээ төлөө бас адлагдаж асан хүн бол нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гэдгийг өдгөө хүн бүр мэднэ. Ринчен гуай Юмжаагийн Цэдэнбал, Никита Хрущев нарт ил захидал бичиж, нам төрийн тэргүүн нар болон ард түмнээ ойлгуулан сэнхрүүлэхээр үнэн сэтгэлээсээ чармайж байснаас гадна нууцлаг давхар утга бүхий зохиол бүтээл туурвиж, хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөн, үндэсний бичиг үсэг ямар чухал болохыг ойлгуулж байсны хурц жишээ нь их эрдэмтний “Хувилай сэцэн” хэмээх шүлэг юм.
Ер нь Ри багш монгол бичгээ төдийгүй зарим нэг чухал үг хэллэгийг авч үлдэхийн тулд уран нарийн арга хэрэглэсэн байдаг. Дэлхийн 2-р дайны тухайд “Ялгуугсан улаан арми” хэмээн бичсэнийг нь нэгэн түшмэл хараад уурлан утас залгаж, “Яагаад феодалын үг хэрэглэв?” хэмээн загнажээ. Ри багш өөдөөс нь “Улаан армийг ялгуугсан хэмээн хүлээн зөвшөөрдөггүй хэн гэгч нь та билээ?” гэж асуусанд муйхар түшмэл хэлэх үггүйдэж, утсаа тасалснаар “ялгуугсан” хэмээх үг бас цаазын тавцнаас аврагдсан түүхтэй.
“Сартваахи” гэсэн үгийг бас ад үзээд байхаар нь Ленин багшийнх нь өмнө тавиадахсан, намын түшмэдээс хэн нь ч Ленинийг сартваахи биш гэж хэлж зүрхлээгүйгээр өнөөх үг бас хэрэглээнээс гээгдээгүй байх жишээтэй.
Яг үүнчлэн монгол бичгээ мартаж болохгүй шүү, монголчууд угаасаа бичигтэй, утга зохиолтой ард түмэн шүү хэмээн сануулахын тулд их гүүш далд утгаар “Хубилай сэцэн” шүлгээ бичжээ. Энэ тухайгаа Ри багш монголч эрдэмтэн, өөрийн хүргэн Хар Дорж багшид олон жилийн тэртээ, цаг хэцүү үед итгэн өгүүлсэн аж. Тэрийг нь харин үүнийг бичигч миний бие Хар Дорж багшаас 2006 оны 2 сард сонсч авсан юм.
“Хувилай сэцэн” шүлгээ Бямбын Ринчен 1957 оны 1 сарын 27-нд бичиж “Бэр цэцэг” хэмээх түүвэртээ хэвлүүлжээ. Тухайн үед бичсэн үг, мөр бүрээс улс төрийн элдэв далд утга хайж, “айсан хүнд аргал хөдлөхийн” үлгэрээр санамсаргүй бичсэн ямар ч нууц санаагүй шүлэг зохиолыг хүртэл хаадаг байсан манай главлитынхан чухам энэ шүлгийн уг утгыг таниагүй нь хачирхалтай.
Хувилай сэцэн
Сэргэлэнхэн зальтай байж Хувилай их хаан
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж,
Урд дээр цагт бүх Хятадыг байлдан дагуулахад нь
Учиргүй, бичиг үсэгтэйгээрээ тэд нь бахданхан
Утга зохиолоороо урам зориг бадардаг байлаа.
Хувилай сэцэн хаан тэр байдалд арга сүвэгчилж,
Хуучин үсгий нь халаад төрийн дөрвөлжин,
Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг,
Цог бадрангүй утга зохиолтой байснаа мартаад,
Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь
Арай тарваган хүн шиг жижиглэгдэн гологдохгүй болох бий.
Дуутай суутай соёлоороо Хятад гайхуулахаа байх бий,
Дундад улсыг үсэгтэй болгосон гэж намайг магтах бий гэжээ.
Сэргэлэнхэн зальтай байж Хувилай их хаан
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж ч гэлээ,
Булхайлан мэхэлж, Хятад түмнийг арайхан чадсангүй
Өнөөх шинэ үсэг гэдгий нь Хятад хэдийн мартчихаад
Өнөө хааны таалалд нийлүүлсэн үсэг зохиосон Пагва лам ч
Оргүй мартагдаад, хятад утга зохиол нь мандсаар
Одоо уламхан ч бадран мандаж байгаа учир гэвэл,
Хувь заяаныхаа эзэн болсон ард түмнийг ер
Хорвоод давах хаан гараагүй, гарах ч номгүй дээ!
Өнгөц уншихад Хубилай хаан, дөрвөлжин үсгийн тухай бичсэн мэт санагдах энэхүү шүлэгтээ Ринчен гуай ямар үгээр ямар санааг далдаар илтгэснийг одоо авч үзье.
1. “Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол...”, “Өнөөх шинэ үсэг гэдгий нь...” гэсэн үгсээс харахад “шинэ үсэг” гэж цаанаа дөрвөлжин бичгийг биш орос үсгийг хэлсэн нь харагдаж байна. Манайхан кирилл үсгийг анх хэрэглэхдээ, одоо ч заримдаа “шинэ үсэг” гэдэг байсан билээ. Тэгээд ч хэлбэрийн хувьд кирил нь монгол бичигтэй харьцуулахад “дөрвөлжин” юм. Хөгшчүүл анх кирилл үсэг үзэж байхдаа “энэ дөрвөлжин үсэг” түг таг гээд уншиж болохгүй юм хэмээн гомдоллодог байсан тухай хууч яриа бий.
2. Тэгж үзвэл “Хувилай их хаан ... бүх Хятадыг байлдан дагуулахад... бичиг үсэгтэйгээрээ тэд бахданхан...” гэдэг нь Сталин Монголд ноёрхлоо тогтоох үед монголчууд аль хэдүйн олон зуун жилийн түүхтэй бичиг үсэг, утга зохиол, соёлтой ард түмэн байсан гэдгийг өгүүлсэн нь тодорхой байна.
3. “Хуучин үсгий нь халаад...” хэмээн яах аргагүй монгол бичгийг хэлжээ. Одоо ч монгол бичгийг “хуучин бичиг” гэж хэлэх хүн мэр сэр байсаар байгаа.
4. Монгол бичгийг халбал монгол утга зохиол үгүй болно шүү гэсэн санааг “Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг... дуутай суутай соёлоороо Хятад гайхуулахаа байх бий” гэснээр хэлсэн байна. Үнэхээр ч манайхан нэг хэсэг эртний утга зохиолоо бараг үзэлгүй хаясан, одоо хүртэл дунд сургуулийн уран зохиолын хөтөлбөрт сор болсон эртний утга зохиолоосоо илүү өнөөгийн найрагчдын шүлэг зохиол хавьгүй их байдаг юм. Нэгэнт бичгийг нь халчихсан учраас эртний тэр их өв соёл, утга зохиол, түүх судруудыг кирилл үсэгт хөрвүүлэн шилжүүлэх ажилд цагийг их барж байна даа. Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол дуутай суутай соёлоороо бардамнах биш, харин ч тэр харь үсгийг нь бахдан, соёлд хүргэсэн, дэлхийтэй хөл нийлүүлсэн хэмээн магтан сайшаах болуужин гэж эмзэглэж байсан, өдгөө чухам тэр хэлсэн ёсоор нь болж байгаа бус уу? Хүний санах ой гэдэг тун богино ажээ.
5. Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь
Арай тарваган хүн шиг жижиглэгдэн гологдохгүй болох бий... гэсэн нь манайд зөвлөх нэртэй маш олон орос мэргэжилтэн ирж байсныг ёгтолсон байна.
6. “Өнөө хааны таалалд нийлүүлсэн үсэг зохиосон Пагва лам ч...” гэсний цаана кирил үсгийн дүрмийг боловсруулсан эрдэмтнийг сүрхий ёжилж..
7. Хамгийн сүүлд:
Хувь заяаныхаа эзэн болсон ард түмнийг ер
Хорвоод давах хаан гараагүй, гарах ч номгүй дээ! гэсний цаана Сталин, Цэдэнбал, ерөөс дарангуйлагчдыг бүгдийг хэлэхийн хамт монгол бичгээ бид нэгэн цагт сэргээх юм шүү, тэгээд “утга зохиол нь мандсаар, одоо уламхан ч бадран мандана” гэдгийг зөгнөн өгүүлжээ.
Ри багш яг чухам дээрх санааг далдаар өгүүлсэн болохыг нь түүний Хрущевт бичсэн захидал тодорхой батлах юм. Энэ шүлгээ бичсэнийхээ хойтон нь буюу 1958 онд Б.Ринчен ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Никита Сергеевич Хрущевт бичсэн дэлгэрэнгүй захидалдаа
“... Дєчин хэдэн онд БНМАУ-д мянган жилийн уламжлалтай, мянган жил vйлчилсэн хэлэндээ сайтар зохицон таарсан монгол бичгийг орхиулж, орос vсгийг албан шаалтаар хэрэглvvлсэн билээ. Орос vсэг авахыг их Сталин сануулан шаардаж, сайшаан дэмжсэн юм гэж XX их хурлын ємнє манайд их ярьдаг байлаа. Монгол бичгээр зохиосон уран зохиол, тvvхийн ном зохиол арвин бий бєгєєтєл, монгол бичгээр бичсэн ард тvмний тvvхийн vнэт чухаг баримт бичгийн зvйл архивт хадгалаастай байгаа атал монгол бичгийг дутуу зуурам гэж хичнээн ч муучлав…
… Энэ "шинэ vсгийн" харгайгаар залуучууд маань Монгол, Хятад, Тєвд, Энэтхэгийн уран зохиолыг vзэх боломжгvй болж хоцроод, манай бичгийн хэлийг феодал ангийн хэл гэж зарласан "шинэ vсгийн" улмаас XIV зууны vеэс монголчуудын мэддэг болсон єнєє vеэс л орчуулгаар даян дэлхийн хvртээл болж байгаа эдгээр утга зохиолын шилдэг дээжис монгол хvний хувьд хаалттай болж орхиод байгаа нь тун ч гомдолтой яа…” гэх мэтчилэн өгүүлжээ.
Нэг үеэ бодоход монгол бичгээ суръя хэмээн чармайх улс олон болжээ. Дунд сургууль төгсөгчид ч бичиж бардаггүй юм аа гэхэд бүгд уншдаг болсон байна. Ирээдүйд яг л Ри багшийн зөгнөж байсанчлан Монгол бичиг ахин дэлгэрэн бадрах нь гарцаагүй билээ.
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан! (Б. Ринчен)
Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM
@SaruulerdeneM
Мардук
Rubin
Цэвэгмэд
Зочин
Dima
Dima
Иргэн
zochin
zochin
ysuhbava
монгол бичиг
zochin
нано
Зочин.
Galaa
Saranchimeg
Зочин
Батмөнх.Д
Батмөнх.Д
batdelger
Tuug uu
enkhee
жаамаа
Зочин
ochir.d
тэрсүүдэд
д тэмүүжин
Зочин
ESSE bichsen hund
jagaa
Зочин
Зочин
Тэрсүүд
Baagii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бадамсамбуу
Зочин
Бат-Амгалан