Би адилхан л шаналж зовоод тайван
амьдармаар байна шдээ....

Доллар өсөөд байна, ингээд бүх юм будаа гэж сонин зурагт араажуугаар байнга яриад байхаар чинь хүн сэтгэлийн дарамтанд ордог юм байна л даа.

Гэхдээ одоо яанаа, яаж амьдарнаа гэж биш, энэ өсөлт яагаад надаа мэдэгдэхгүй байна, бусад хүмүүс яагаад санаа зовниж үгэлцгээгээд байна гэж л их шаналсан. Уг нь хэрэндээ ажиглачих санаатай өсөөд эхлэнгүүт л биеэ чагнасын. Байдгүй, дүлий дүмбэ шүү. Сэтгэлээр навс унасан, “би энэ нийгмийн амьтан биш юм байна л даа. Юу ч болж байсан надад хамаагүй юм байна, над шиг юм ер нь амьдраад хэрэг байна уу гүй юу...”.

Хэдэн муусайн хүүхэд рүүгээ харлаа. Мэдэж байгаа ч юм алга. Аав ажилдаа явлаа, ирлээ гээ л тоглож байна. Гэтэл нийгэмд болоод байгаа том донсолгоон аавд нь пад ч гүй байна гээч. Та нар ч юугаа ойлгохов дээ тэнэг бацаанууд. Ингэж бодоод гадагшаа гарлаа. Хоёр өдөр шал дэмий холхив. Гудамж шүүрдэж байгаа хүн хүртэл намайг хогтойгоо хамт шүүрдээд хогийн саванд хийх гээд байх шиг. Автуус руу гүйсэн хоёр охин над руу ойртонгуутаа гараа холбож бариад дагзаар тагхийтэл унагааж ч байх шиг. Намайг хэн ч анзаарахгүй байна гэж үү дээ хорвоо!

Цайны газар орлоо. Зөөгчийг нь цаг хүлээх багадна. Бүр миний сууж байсан ширээн дээр хүмүүс ирж суугаад намайг бөгсөөрөө түлхсээр байгаад унагааж байна. Тээк рүү нь очлоо.

-Нэг цуйван авчий!

Намайг тоож дугарчаагаа амьтан алга. Царайчлаа л хараад байлаа. Уур ч хүрлээ. Тээкнийх нь цаагуур ороод хүнийх нь ханцуйнаас татаад, “Чи ер нь юу юм бэ!” гэж л загнуулсан. Сүүлдээ арга ядаад, “Ахдаа аяга цай өгөөч, мөнгөөр нь авы” гэж гуйхдаа туллаа.  Байхгүй ээ, юу ч бүтээгүй. Тэр цайны газраас өлсөж цангасан амьтан гутлаа чирээд гарсан. Аятайхан юм сонсчих санаатай интернэт рүү оров. Твитэр, фэйсбүүкээр дүүрэн “доллар өсөөд байна, баларлаа, хурдан буулгаачээ!” гэсэн яриа. Би шууд л ахиад л сэтгэлээр уначихлаа. Эднүүс яаж балраад байгаан бэ. Би яагаад юу ч мэдкү байгаам бэ... Ингээд хэд хэдэн хүнээс юм олоод мэдчих санаатай хандлаа. Ганцхан хариу авсан. “Чи мал!”. Ийм л байна даа L....

Өнөө өглөө гэхэд би амиа хорлохдоо тулаад байв. Бүр шийдцэн байлаа. Өндөр байшингийн орой дээр гарч зогслоо. Нүдний өмнүүр өнгөрсөн амьдрал үзэгдэнэ.

Аравдугаар ангидаа яалаа. Яаж алгадуулж байлаа. Би уг нь түүнийг яах ч гээгүй шд...

Дараа нь оюутан болсон чинь яасан. Коридор дүүрэн оюутнуудын дунд руу ангиас шидүүлсэн. Ардаас миний цүнх, нэг цэцэг, халтар мянган төгрөг, хувийн үйлдвэрийн хямдхан архи бас шидэгдсэн.... Хахууль авдаггүй шударга багш байсан ч юмуу харин.

Гуравдугаар күрсэд яалаа, манай ангийнхан кино үзий гээ л бие биенээ бүртгээд шуугилдаад гараад явсан. Артгаа гэх нэр гарах болуу гэж хүлээсээр байгаад нүдэндээ нулимстай ганцаараа автуусандаа суусан даа. Кондуктор эгч намайг яг дөрвөн зам дээр ирээд түлхэж буулгасан. Бүр миний цүнхийг  цонхоор гаргаад доош нь харуулж сэгсэрсэн гээд боддоо. Гудамжаар дүүрэн миний дэвтэр номны тасархай... Яг тэрэн дундаас манай байрны хоёр тэнэг хүүхэд миний Сараад зориулж бичдэг өдрийн тэмдэглэлийг олоод... L



Өндөр байшингийн орой дээр зогсож байхдаа ирмэг рүү нь минутад 10 санжийн зайтай ойртсоор улны хагас нь агаар дээр тогтох боллоо. Нүдээ аньлаа, яг үсрий гэтэл нэгэн мэргэн санаа харвалаа. Баярлаа л эргэх гэтэл доошоо хальтарсан. Арай гэж ирмэгээс барьж авав. Гэхдээ сэтгэл нэг л баяртай. “Би долларын өсөлтөөс болж үхэхдээ тулж байна шүү дээ...”

Арай гэж дээшээ гарсаан. Тэгээд хар гүйхээрээ гуанзанд орсон.

-Ахын дөө энэ бүтэн цуйвангийн мөнгөөр талыг таваглаад өгчих дөө...

Тэр дороо биелж байна гээч. Ширээ рүү баярлан очиж инээж хөхрөн байж цуйвангаа идэв.

-Ахын дөө ахиад нэг талыг энэ бүтний мөнгөөр өгчих...

Ингээд би таваг цуйванд хоёр дахин ихийг төллөө. Долларын өсөлт одоо надад хаматай болж байна. Гэртээ хариад  хоол хийлээ. Савныхаа талаар хийсэн шөлөнд бүгдээрээ хагас цадацгаав. Долларын өсөлт миний амьдралд гүнзгий нөлөөлж эхэллээ.

“Би нийгмийн амьтан мөн!” гэж хашгирмаар санагдана. Одоо би интернэтэд ороод, “доллар өсөөд хэрэг алгаа нээрээ, амьдрал будаа боллоо...” гэж бичих зоригтой болсон.  Өвөл жинхэнээсээ юмны үнэ хадаад эхлэнгүүт миний хэрэглээ 75 хувиар багасах болно. Би долларын өсөлтөд жинхэнээсээ нэрвэгдсэн хүн болно. Би ганцаараа биш, би... та нарын л нэг. Амьдрал ямар сайхан юм бэ. 

Нийгмийн амьдралд гүнзгий оролцохыг хүсэгч, хотын оршин суугч Артгаа

2013 оны 9-р сарын 9-ний 11.00 цаг.