Гайхамшигтай бүсгүй танд...
Хүндийг өргөлтийн спортын Ази тивийн мастеруудын анхны эмэгтэй аварга, Ази тивийн найман удаагийн рекорд, Мас-теруудын дэлхийн аварга, зургаан удаагийн рекордын эзэн, Олон улсын эмэгтэйчүүдийн гран при шагналт тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальт Цэрэндоржийн Оюунчимэг. Нэрнийхээ өмнө ийм лут тодотголтой бүсгүйтэй би уулзаж ярилцлаа.
Суугаа ажилтай болоод ч тэрүү хөдөлгөөн дутагдсанаас болоод жин их нэмсэн. Бүр 110 кг хүрчихсэн. Таргалсан болохоор даралт ихсэнэ. Хавагнана. Ийм хүн чинь гүйж харайвал харуулдаж унах байлгүй. Эсвэл цус харвах биз гээд биеийн хүчний ажил, хөдөлгөөн хийхээс үхтлээ айдаг байлаа... ” хэмээн ярьж эхлэв. “Тэгээд та яагаад хүндийг өргөлтөөр хичээллэсэн хэрэг вэ. Юу таныг тэнд хөтлөж аваачив “ гэхэд “За тэр чинь их учиртай хө. Хоёр жилийн өмнө би гэнэт ажилгүй болчихлоо. Учир нь тухай үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нэг тушаалаас болсон юм. Цэргийн газарт ажиллаж буй 45-аас дээш насны бүх эмэгтэйчүүдийг тэтгэвэрт нь гаргах тухай тушаал байлаа. Ингээд би тэр ангилалд багтаад ажилгүй болчихлоо. Миний ажилласан жил хүрээгүй болохоор надад тэтгэвэр ч олдсонгүй. Ингээд шууд ажил-гүйчүүдийн эгнээнд шилжлээ. Тавь дөхөж яваа над шиг эмэгтэйд дахиад ажил олдоогүй. Сэтгэлээр уналаа. Гэртээ зүгээр хэвтээд байхаар биеэ чагнаад байх бололтой юм аа. Даралт ихэсээд , хавагнаад .. Цалин мөнгө ч байхгүй. Амьдрал ингээд дуусч байгаа мэт санагдаад. Тэгээд ажилд оруулаад өгчих танил тал хэн байдаг билээ гээд бодлоо. Манай ангийн нэг хөвгүүн (инээв) энэ Засгийн газарт сайд хийдэг юм. Тэр рүү очлоо доо. Ороод л хамаг зовлонгоо тоочиж “Надад ямар ч хамаагүй ажил олж өгөөч...би үхлээ...” л ухааны юм ярьсан даа. инээв). Тэгсэн манай ангийн хүүхэд сонсож сонсож байснаа “Чи одоо юу яриад байна аа. Юун өвчин зовлон бэ. Бид хөгширөх яагаа ч үгүй байна. Чи наад жингээ хас. Спортоор хичээллэ. Тэгвэл эрүүлжинэ. Эрүүл болсон цагт ажил олдоно” гээд ер өрөвдсөнгүй. Ажил ч өгсөнгүй... Тэр өдөр би их юм бодсон. Гэр рүүгээ харьж явахдаа, харьсаныхаа дараа... Ганц тэр өдөр ч биш олон өдөр бодож хэвтсэн. Тэгээд л спортоор хичээллэхээр шийдсэн дээ. Харин надад гайхалтай зөвөлгөө өгч спортод “уруу татсан” ангийн маань тэр хүүхэд энэ олон тэмцээнд явах зардлыг маань даасан юм. Түүнд нэг л сайн баярлалаа гэж хэлж чадахгүй байгаа шиг санагдах юм. Уг нь баярлалаа гэж дандаа хэлдэг. Гэвч дутуу л санагдаад байх юм ” хэмээн шүүрс алдав. “Яагаад заавал хүндийг өргөлт гэж? ...” асуухад “Би ерөөсөө л туръя бодсон. Тэгэхийн тулд биеийн хүч их шаарддаг спортыг сонгох хэрэгтэй гэж бодсон...” гэхэд нь би бүр ч гайхаж орхив. Эмэгтэй хүн турахын тулд хүндийг өргөлтөөр хичээллэнэ гэж байж болох уу даа. Турах олон арга бий. Ядаж л аэробик, бүжиг, усан сан, гүйлтийн зам. Дахиад л түүнд “Яагаад” –ыг тулгалаа. Тэр харин ингэж хариулав. “Турах гэж янз бүрээр оролдож байсан. Хоолоо л их хасдаг байлаа. Тэглээ гээд ямар ч үр дүн өгөөгүй. Тийм учраас бас ангийнхаа хүүхдийн зөвлөсөнөөр спортыг сонгохоор болсон. Яагаад хүндийг өргөлт гэж чи асуугаад байна. Би бөхийн удамтай л даа... (инээв). Миний аав Б.Цэрэндорж бол Б.Түвдэндорж аваргын төрсөн дүү юм. Аав минь залуудаа барилддаг байлаа. Сайн ч бөх байсан. Харамсалтай нь бэртчихээд дахиж барилдаагүй. Ахынхаа дээл хувцасыг бариад л явдаг байсан гэдэг. Аав минь намайг хүүхэд байхад “Миний охин ч бяртай шүү, эмэгтэй хүүхэд гэхэд” гэж хаяа хэлдэг байсан нь санаанд ороод байлаа. Тэгээд л надад үнэхээр хүч байгаа юм бол хүндийг өргөөд үзье гэж шийдсэн.Тэгээд Спортын төв ордонд очоод хүндийг өргөлтөд бүртгүүлчихэж байгаа юм. Намайг очиход Н.Дөрвөлжин багш их сайхан хүлээж аваад хоёр хоногийн дараа ирээрэй гэсэн. Секцэнд явахад гарын зөөлөвчөөс эхлээд хувцас хунар шаардлагатай байдаг юм билээ. Тэгээд би хоёр хоногийн дараа биш долоо хоногийн дараа очоод хичээллэж эхэлсэн дээ. Үгүй ээ хичээллээд байх ч юу байхав дээ. Эхлээд техник заалгадаг юм билээ. Сууж босохоос эхлээд... Эхний үед хэцүү байсан шүү. Хөл гар хөшчихөөд хөдлөхгүй. хамаг бие өвчин ороод арайхийж гэртээ харьдаг байлаа.“ гэв. Ингэж л тэр спортоос зугтагч биш спортод дурлагч болон хувирчээ. Хачирхалтай нь тэр жингээ хасахын тулд орсон хүндийг өргөлтийн төрлөөр гайхалтай амжилтуудыг хоёрхон жилийн дотор олж бүр Ази тивийн найман удаагийн, дэлхийн зургаан удаагийн рекордын эзэн болоотохов. Тэрбээр 2011 оны есдүгээр сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Энэ түүний хувьд энэ төрлөөр хичээллэж эхэлсэнээсээ хойш ердөө гурван сарын дараа орсон анхны тэмцээн байв. Маамчулуун гуай түүнийг “Зүгээр л оролцоод үз. Техник яахав ээ. Зүгээр л хүчээрээ өргөөдөх ” гэж. Хэрэв энэ тэмцээнд ажилттай оролцвол дараа нь он гаргаад Дэлхийн аваргад оролцох байв. Мань хүн ч “тэгье” гэж. Ингээд огцом өргөлтөөр 45 кг, түлхэлтээр 55 кг, нийт жингээр 100 кг-ыг өргөжээ. Энэ нь Их Британы тамирчин Дэлхийн долоон удаагийн аварга, Европын зургаан удаагийн аварга Сандра Смит 2011 онд дэлхийн аварга болохдоо ердөө л 94 кг-ийг өргөж байснаас зургаан кг-аар илүү байв. Энэ тоо түүнд амжилт дагууллаа. Урам зориг өглөө. “Би ямар амжилт гаргаж чадахаар байна тэр боломжийн эцсийг хүртэл яваад үзье” гэсэн зорилго өмнөө тавьжээ. Ингээд түүний амжилтын гараа эхлэж 2012 оны Мастерын Дэлхийн аваргаас мөнгөн медаль авчирав. Энд мастер гэдэг үгийн учрыг тайлбарлах ёстой байх. Дэлхийд мастер ангиллын тамирчид гэдэг нь 35 –аас дээш насныхныг хэлдэг аж. Харин 35-аас доош насны тамирчдыг насанд хүрэгчид, залуучууд буюу өсвөр үеийнхэн ангиладаг байна. Тэгэхээр манай тамирчин Ц.Оюунчимэг мастер ангилалд багтдаг ажээ. Дэлхийн аваргын мөнгөн медаль авчирсан энэ тэмцээн түүний хувьд хилийн дээс алхаж үзсэн тохиол байлаа. Тэр өмнө нь гадаад паспорт ч авч үзээгүй байсанаа ярьж инээдэм болсон. Анх удаа гадаад паспорт авч, хилийн дээс алхаж дэлхийн хэмжээний тэмцээнээс мөнгөн медаль авчирсан нь түүний амьдралын сайхан үеийн нэг юм. Тэд Ё.Цэрэнням дасгалжуулагчийнхаа удирдлаганд наймуулаа явсан бөгөөд 65 кг-ийн жинд Ш.Лхагва алтан медаль мөн авчиржээ. Ц.Оюунчимэгийн дараагийн тэмцээн бол 2013 оны тавдугаар сард Австрид болсон Олон улсын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээн байлаа. Манайх л болсон хойно тамирчдаа дэмжих мөнгө хөрөнгөгүйн улмаас Оюунаа эгч маань гав ганцаараа Австрийг зорьж. Хэл мэдэхгүйн дээр таних хүн байхгүй түүнийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар сүрхий дэмжиж Австри дахь манай консулын газартай холбоо тогтоож өгчээ. Түүнийг онгоцны буудал дээр консулын ажилтан Н.Гочоодорж хэмээх залуу хүлээж аваад хэлмэрчилж тэмцээнд нь оруулжээ. Гэхдээ их хөгтэй гэнэ. Тэмцээн эхэлж. Дэлхийн 16 орны тамирчид сүр дуулиантай ч гэж жигтэйхэн. Зөвхөн тэмцээний дэвжээн дээр гэхэд л бусад орны тамирчид дасгалжуулагч, эмч, туслахтайгаа гарч ирээд байдаг. Манай хүн л харин ганцаараа монгол дээлээ нөмөрчихөөд буланд суугаад байж. Консулын ажилтан залуу өөр ажилд томилогдож явчихаад яг дэвжээн дээр гарахынх нь өмнөхөн гүйхээрээ ороод ирж. Тэгэхээр нь гар утсаа өгөөд “Алив зураг аваад болвол үүгээр бичлэг хийгээд өгөөч” гэж. Ингээд хамгийн хүнд жинг өргөхөөр болж хамгийн сүүлд гарчээ. Харин түүнийг дэвжээнд гарах үед нь “Дэлхийн аваргын мөнгөн медальт Монголын тамирчин манай тэмцээнд оролцож бидэнд хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Монголын тамирчин Цэрэндоржийн Оюунчимэг ганцаараа иржээ. Түүнд баяр хүргье...” гэхэд цэнгэлдэх нижигнээд явчихаж. Тэрбээр энэ тэмцээнд 140 кг-ийг өргөж алтан медаль, Гран при хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа өргүүлсэн юм. “Хүний нутгийг зорьж ганцаараа очоод , консулын залуутайгаа хоёулханаа тэр том цэнгэлдэхэд байж төрийн дууллаа эгшиглүүлж далбаагаа өргүүлж байхдаа нулимс сул асгачихдаг юм билээ” гэж тэр хэлсэн. Хэлсэн үгнийх нь цаана хоолойд нь юм торох шиг болсон. Хамгийн гол нь түүнийг эргээд ирэхэд сэтгүүлчид огт мэдээгүй бөгөөд бүгд Ерөнхий сайдын хэвлэлийн бага хуралтай тул очиж амжаагүй гэсэн. Тэр бүү хэл, дэлхийн хэмжээний Гран при тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгох ёстой Засгийн газрын 41 дүгээр тогтоол хэрэгжээгүй байна. БСШУЯ-ны хүндийг өргөлтийг хариуцсан ажилтан Эрдэнэсүрэн гэж хүнд материалаа бүрүүлээд өгөхөд “Өө мастерын ангилал юм уу...” гэсэн аягтайн аваад хэл чимээгүй болчихсон гэсэн. Тийм өөдгүй. Мастерын ангилалаар тэмцээнд оролцоод Гран при шагнал авсан бол Засгийн газрын 41 дүгээр тогтоол хэрэгжихгүй гэсэн үг үсэг тэр тогтоолд байхгүй. Тэгэхээр манай яам тамгын ажилтнууд тамирчдыг хэрхэн ялгаварлан үзэж байгаагийн жишээ бол энэ гэж сэтгүүлч надад бодогдсон. Ямар ангилал байх нь хамаагүй, хэдэн настай байх нь чухал биш. Хөлс асгардагаараа асгарч, хичээл зүтгэл гардагаараа гарна. Адилхан ч төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулна. Энэ гавьяа биш гэж үү.
“Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ мандуулж
Алаг хоёр нүдэндээ баярын нулимстай зогссон
Та бидний итгэл алдаагүй
Тамирчны алдар хямдхан олдоогүй ” гэдэг биз дээ.... Гэвч Оюунаа эгчийн маань амжилт үүгээр төгссөнгүй. Тэр энэ наймдугаар сард Италид болсон 47 орны 605 тамирчин оролсон Дэлхийн мастеруудын тоглолтоос алтан медаль хүртэж, дэлхийн зургаан рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ тэмцээн бол дөрвөн жилд нэг удаа зохиогддог олимпын төрлөөр явагддаг өөрөөр хэлбэл мастер тамирчдын олимп юм. Түүнийг Туринд очиход нэмэх 43 хэмийн халуун байв. Монголоос гарахдаа 92 кг жинтэй байсан бол тэмцээнд орохын өглөө 103 кг болтлоо хавагнаж гараа бүтэн атгаж чадахгүй болсон байлаа. “Ядаж байхад хаван буулгах эм ч ууж болохгүй. Аягүй бол доппинг хэрэглэсэн хэрэгт орно гэж айгаад. Толгой хүзүүн дээрээ мөс тавьчихаад л суугаад байсан. За ингээд л гараад юу ч өргөж чадахгүй нүдний булай болоод баахан зардал мөнгө үрээгээд буцах байхдаа гэхээс яс хавталзаж байлаа. Штангаа атгахад гар бүтэн атгаж болохгүй байсан ч шүдээ зууж байгаад атгасан. Би чадсан. Алтан медалиа авч зургаан рекордыг шинэчлэн тогтоосон. Тэгээд сүүлд шагналаа авахад сүртэй юм билээ. Монголын тамирчин зургаан рекордыг эвдлээ гээд сайхан байсан. Төрийн дууллаа эгшиглүүлсэн дээ” гэв. Түүнээс “Та уйлсан уу” гэхэд “Уйлалгүй яахав дээ....Дэлхийн хамгийн сайхан Төрийн дуулал чинь манайх юм. Бас хамгийн гоё далбаа бол Монголынх шүү дээ ” гэлээ. Харин энэ удаа миний хоолойд ямар нэг юм торох шиг болов. Өөрийн эрхгүй
“Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх тугандаа
Нүүрээ нааж үнсдэг харцныхаа хүүхдийг хайрла Эх ороон
Хадаг дэлгэдэг гаран дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла Эх ороон “ гэдэг мөрүүд санаанд буусан даа... Энэ нийтлэлийн минь баатар Ц.Оюунчимэг бол зориг тэвчээрийн үлгэр жишээ юм. Гагцхүү хатуу хүндийг туулахад сэтгэлийн тэнхээ бүхнийг ялдаг гэдгийг тэр нотолж гайхамшигт нэгэн түүх бүтээж явна. Бүсгүй хүний 49 наснаас хүндийг өргөлт хэмээх хэцүү спортоор хичээллэж дэлхийд дуурсагдах амжилт, рекордыг хоёрхон жилийн дотор бүтээж яваа гайхамшигтай бүсгүй танд аз жаргал ерөөе. Түүнийг дэлхий мэднэ ээ. Харин монголчууд танихгүй. Ирэх арваннэгдүгээр сард Малайзад болох Дэлхийн аваргын цомын тэмцээн түүнийг хүлээж байгаа. Амжилт хүсье, Оюунаа эгч ээ.