Монголын хэвлэлүүдэд Иракийн талаар бишгүй мэдээлдэг. Америк-Иракийн дайн болоод өнгөрсөн мэтээр ойлгох нь ч бий. Монгол цэрэг Иракт алба хашсан тохиолдол бий. Энэ бүхний учир начрыг зөвөөр эргэцүүлээсэй хэмээн дараахи нийтлэлийг толилууллаа – baabar.mn


АНУ-ын Ерөнхийлөгч Жopж Бушийн алдарт үг. АНУ-ын шинэ гадаад бодлого буюу Глобал ардчилсан хувьсгал хийх хэмээн тэр хэлсэн. Иракийг чөлөөлснөөр Ойрхи Дорнод тэр чигтээ ардчилсан хувьсгалын галд шатаад, Ирак түрүүлэн ардчилсан нийгмийг цогцлуулаад, тэр нь улмаар энэ бүс нутгийн бусад улс түмэнд үнэ хүргэх үлгэр жишээ болоод гарч өгөхөөр л байсансан. Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд уригдсан Иракийн иргэний нийгмийн төлөөлөгч Бушийн бүр эсрэгээр ярьсан. Арабын хавар гэж огт байгаагүй, болоогүй, шал хоосон хийсвэр ойлголт, Иракийн 10 жилийн гамшиг зовлонг ажваас Арабт ардчиллын чиглэлд хувьсгал хийгдэх боломжгүй хэмээн ирак бүсгүй ярьсан. Аль нь зөв бэ?  

Мэдээж энд Иракийн тухай шал өмнөө сэдэв хөндөнө. Ирак бол Египет биш, харин Сиритэй төстэй, нэг түүхтэй болох шахсан үе ч бий. Хоёр улсад байгаа Баас нам нэгдэж нийлж байсан үеийг мартаагүй. Хафез Асад, Саддам Хусейн хоёр хэн хэндээ ихэрхээд хоёр нам нийлээгүй. Сиритэй төстэй тал нь олон шашинтай, аль алинд нь курдууд байдаг явдал.  

Мусульман–суннит Саддам Хусейны дэглэмийн үед шиитүүд хавчигдаж, эдүгээ мусульман–шиит Ерөнхий сайдын өнгөн дээр  суннитууд нь улс төр, эдийн засгийн бүхий л дарамтыг үзэн гадуурхагдаж байгаа ажээ. Ирак дахь шашны харьцаа: хүн амын 97 хувь нь мусульманчууд (60-65 хувь нь шиит, 32-37 хувь нь суннит), үлдэх 3 хувь нь христианчууд, өөр ганц нэг шашинтан бий. Үндэстний харьцаа: арабчууд 75-80 хувь,  курдууд 15-20 хувь түрэг, ассирчүүд 5 хувь.

2006-2007 онд суннитын экстремистүүд Аль-Каеда-тай холбоо тогтоож аваад  шиитүүдийг цээрлүүлэх кампани өрнүүлээд эдүгээ хүртэл үргэлжилж байна. Хариуд нь шиитийн олон районуудаас суннитуудыг хуу хөөж гаргасан, суннитуудыг эрүүгийн элдэв ялд унагадаг болсон. Шашны ялгарлаас болж нэг үндэстэн хэдэн биенээ ингэж ихээр егүүтгэсэн тохиолдол XXI зуунд Иракаас өөр нэрлэгдэх улс байхгүй. Сири араас нь явж байж магад. НҮБ-ын мэдээ байна.  2013 оны хаврын гуравхан сарын дотор Иракт террорист халдлагад 2500 хүн өртөж амиа алджээ. Террорист гэж нэрлэгдээд байгаа нөхөд засаг захиргааны байр, мечет, цагдаагийн хэсэг, зах дэлгүүр, кино театр, соёлын ордон, гуанз, спортын талбай, ер нь хаана л олон хүн цуглардаг газар байна, тэр рүү халджээ. Iraq Body Count гэдэг төслийн тоо баримт байна. Иракт боевикуудын гарт алагдсан иргэдийн тооцоог гаргадаг төсөл юм байна. 2013 оны эхний хагас жилд  4000 хүн алагджээ. Алагдсан хүмүүсийн тоо огцом өсч байгаа ба курд, шиит, суннит гэж гурван талаасаа алалцаж байна. 2006-2007 онд эхлүүлсэн шашинтан хоорондын дайн 2013 онд шинэ шатандаа гарлаа гэж дүгнэжээ. Шинэ шатанд гараад зогсохгүй хөрш Сирийн иргэний дайнд сүрхий нөлөөлжээ.

Жopж Буш нөгөө алдарт үгээ тавьчихаад Глобал ардчилсан хувьсгал–аа эхлүүлэхдээ ардчилалд хавьтахгүй шал өөр шалтаг хайсан байдаг юм. Иракт үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг байна. Тэрийг л олж устгана гэж зарлаад хөдөлсөн. Мэдээж Саддамын зэвсэгт хүчнээс тийм зэвсэг олоогүй, цаадхи нь эсэргүүцэх тэнхэлгүй алга болоод өгсөн. Дэглэм алга эргүүлэхийн дайтай унасан. Нэгэнт атом, цөмийн бөмбөг, пуужин олоогүй учраас багцаагаар 5 үндсэн үүрэг биелүүлсэн.



  1. Аль-Каеда-тай хамтран ажилладаг лалын терроризмын түшиц газрыг устгахыг зорьсон. Иракт тийм бааз бий хэмээн сагсуурснаараа Саддам өөрөө амнаасаа болж  америкчуудыг ийм ажиллагаа руу түлхсэн. Нью-Йоркийн “2001.09.11”-ний гэмтнийг америкийн цэрэг бүтэн 10 жил Иракаас хайсан.
  2. Иракийн нефтийн нөөцөд хяналт тогтоох, Булангийн орнууд–Иран, Саудын Араб, Оман, Эмиратаас хэт хараат байгаагаа нөхөх. Захиалагч нь америкийн нефть олборлох, боловсруулах компаниуд. Халлибуртон, Шеврон хоёрыг нэрлэхэд л хангалттай. Тэр хоёрын эрх ашгийг Дэд ерөнхийлөгч Дик Чейни, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс төлөөлж байсан гэх сэжиг таамаг буй.
  3. Израильд учрах цэргийн ба цөмийн зэвсгийн, пуужингийн довтолгооны, терроризмын аюулыг арилгах. Үүн дээр Саддамыг буруутгасныг би буруушаахгүй. Ам хэлний бай, аман доромжлолыг хангалттай амсахын сацуу Кувейтыг чөлөөлөх байлдааны үед Израилийн хотууд руу Иракаас пуужингийн цохилт өгч байсныг мартамгүй. 
  4. Ойрхи болон Дундад Дорнод, Персийн буланд АНУ-ын геополитикийн байдлыг бэхжүүлэх. Ираны ойролцоо бүс нутагт цэргийн баазаа байгуулаад авна гэдэг том ололт. Лалын фундаментализмын аюулыг бага ч гэсэн намжаагаад авна. 
  5. Нөгөө Глобал ардчилсан хувьсгал–ынхаа үндсэн зорилго буюу Саддам Хусейны үзэн ядагдсан дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаж, ардчилсан  Иракийг байгуулах. Тэр нь арабын бусад улс орнуудад үлгэр загвар болох ёстой
Ийм л дэс дараа, зохиомж бууж байна. Гэхдээ энэ бүх зорилгодоо хүрсэн үү? Санаачлагчдынх нь сэтгэлд нийцэх байтугай хөндлөнгийн бидний нүдээр харахад дээрхи 5 зорилго хөдлөшгүй хэрэгжээгүй. Гэхдээ хүрсэн үр дүн бий, түүнийг үгүйсгэх гээгүй. Ямар үр дүн? 

  • Ираны хил рүү дөхөж очсон, хаяа нийлж байна. Каспийн нефтийн орд руу ойртсон;
  • Иракт АНУ цэргийн баазтай болсон; Дундад Дорнодод цэрэг–стратегийн боломж нь нэмэгдсэн;
  • Израильд халгаатай нэг баасист дэглэм байхгүй болсон. Иракаас дахин жүүдийн улс руу халдахгүй болсон; хариуд нь израилийн стратегийн байр суурь Ойрхи Дорнодод бэхжсэн;
  • Иракийн газрын тос, түүний ашиглалтад эрхбиш хяналт тавьж байна;
  • Ардчиллын чиглэлд л гэж үзье дээ. Америкийн тал баримталсан,  израилийг хэзээ ч дайсагнахгүй курдын дэглэмийг Иракийн хойд нутагт байгуулсан.
Иракт хийсэн цэргийн ажиллагааны сөрөг үр дагавар гэж юу вэ? Эерэг үр дүнгээсээ даваад явчихаж байгаа сөрөг үр дагавар маш олон байна: 

  • Саддам Хусейны үед Иракт огт байгаагүй Аль-Каеда-гийн исламист террористууд тус орны нутаг дэвсгэрт чөлөөтэй нэвтрэн орж, террорист халдлага үйлдэн, энэ орныг үргэлжийн тогтворгүй байдалд орууллаа;
  • Саддамын байгуулсан баасист төрийн бүтцийг эвдсэнээрээ Ирак улсыг хагалан бутаргаж, угсаатан–шашны дайсагнасан гурван хэсэгт хуваалаа. Курд, суннит, шиитүүд үүрд салсан байж ч магадгүй;
  • Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн захирлаас Аль-Барадейг огцруулан байж, эрээд эрээд үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг Иракаас олоогүй. Түүнээс болж АНУ-ын өөрийнх нь олон улсын нэр хүнд сүрхий уналаа;
  • Иракт америкийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг “партизаны”дайн дэгдээд, тэр гэхийн тэмдэггүй партизанууд нь харсан зүг рүүгээ халдаж, Аль-Каеда-гийн террористуудтай холилдлоо;
  • Хэрэг дээрээ Израилиас бусад дэлхийн бараг бүх улсад  америкийн эсрэг үзэл санаа дэвэрлээ. АНУ-ын нэр хүнд уналаа;
  • Нефтийн үнэ унана гэж тооцоолж байсан нь талаар боллоо. Харин ч өсөх хандлагатай байна. Өссөөр 30 жилд үзэгдээгүй рекорд үнэ тогтоолоо;
  • Америкчууд Иракаас бүрэн залхлаа. Цаашид иймэрхүү цэргийн кампанит ажлыг дэмжихгүйгээр эргэлээ. Улс төрчид, дипломатчид,  бизнесчид, сэтгүүлчид, хуульчид, улс төр судлаачид, аядуу  неоконсервативчуудыг “Иракийг одоо яах вэ?” гэдэг асуулт ээрсээр, тэд хариулт олж үл чадна.