“Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-ын дарга С.Молор-Эрдэнэтэй МАН-ын шинэчлэл болоод улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар ярилцлаа.


-Монголын хамгийн том нам өөрийгөө шинэчилнэ гэж ярьж байна.Таныхаар тэд яаж шинэчлэл хийвэл зөв бол?
-МАН-ыг хүмүүжүүлэх ажил гарах нь ээ дээ. Улс төрийн намууд утопитой байх ёстой. Утопи гэдэг маань тэнд хүрнэ, тийм болно гэсэн зүйл. Улс төрийн намуудын амин сүнс нь гишүүддээ биш онолдоо байдаг. Онолгүй нам гэдэг бол амин сүнс байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, барууны нам, зүүний нам гэсэн хоёр сонгодог улс төрийн дэлхий дээр зонхилж байгаа шүү дээ.

-Манайх төвийн үзэл баримтлалтай гэж ярьдаг биз дээ зарим нам.

-Намд хэзээ ч төв байдаггүй юм. Төв бол парламентад байдаг. Парламент дотроо төв рүүгээ дөхдөг байхгүй юу. Нам өөрөө баруун эсвэл зүүнийх л байна. Төвийг барьсан нам гэж дэлхий дээр хаана ч байхгүй. Яахав, засаг барьж байгаа нам жаахан төв рүүгээ хазайдаг юм. Засаг барьж байх үедээ иргэддээ таалагдах гэж нөгөө талынхаа онолыг барьдаг. Манай нөхдүүд баруун зүүнээ ч мэдэхгүй шүү дээ. Хэвлэлээс МАН шинэчлэгдэнэ гэдгийг олж харсан. Юу шинэчлэх гэж байгаа юм. Улс төрийн онолоо шинэчлэх үү, дотоод зохион байгуулалтаа шинэчлэх үү, эсвэл өөр нам болох юм уу. 2-3 жилийн өмнө МАН “Тэрэлжийн тунхаг” гэдэг юм гаргаж ирж байхдаа үндэсний, барууны нам болно гэж байсан. Тэрнээсээ болоод дотроо зодолдоод хоёр тийшээ боллоо шүү дээ.

-Өмнө энэ нам Н.Энхбаяр даргынхаа үед социнтернд элсээд зүүний төвийн нам боллоо гэсэн биз дээ?
-Монголд АН өөрөө барууны нам гэдэг. Уг нь АН зүүний нам байхгүй юу. Яагаад гэвэл шинэчлэл, залуу үе, ирээдүй, хуучнаасаа сална гэсэн биз дээ, ардчилагчид. Ардчилал гэдэг үг чинь демократив. 90 онд гарч ирж байхдаа энэ бүх муу муухай, хуучнаасаа салъя гэсэн. Зүүний нам үргэлж залуу, шинэ, дэвшил ярьж байдаг. Ард түмэн, ажилгүйдэл гээд нийгмийн асуудал ярьдаг. Барууны нам болохоор үндсэрхэг үзэл, уламжлал, зан заншил, хуучнаа ярьж явдаг. Ийм л байх ёстой. Бүх хүн төрөлхтний намууд барууных байсан. Тэндээс анх удаагаа зүүний намууд гарч ирсэн. Барууны нам, хуучнаар бол эзэн хаанаас гаралтай, мөнгө төгрөг, хөрөнгө нь тэндээ төвлөрөөд удирдаад явж ирсэн. Зүүний нам гарч ирээд иргэн, энгийн хүн, ажил, хөдөлмөр анх ярьж эхэлсэн. Францаас эхлээд АНУ-д барууны Бүгд найрамдах намаас Ардчилсан нам нь салж гарсан юм. Манайд бол уул нь МАН-аас АН гээд шинэ залуу хэсэг нь гарч ирэх ёстой байсан. Ингэж чадаагүй. Улс төрийн утгаараа тэр, хэрвээ Монголд улс төр байдаг байсан бол. Манайд улс төр байдаггүй, ашиг сонирхолын, бизнесийн, хамаатан садангийн аймаг нутгийн л хүмүүс байдаг. Сонгодог нам Монголд байхгүй. Ганцхан МАХН социализмын үедээ тийм байсан. Сэхээтний нам байсан юм. Ажилчдын төлөөлөл, малчдын төлөөлөл элсүүлсэн ч хүчээр сэхээтэн болгочихдог байсан.

-Одоо бол МАН ямар гэж?
-Одоо бол зүгээр Хүрэлсүхтэнгүүд. Бүдүүлэг нөхдүүд, хамгийн аюултай хулигаанууд байгаа. Яг АН-тайгаа адилхан. Тэгэхээр АН бол зүүний нам. З.Энхболд барууны нам гэж яриад байгаа нь улс төрийн онол мэдэхгүй байна л гэсэн үг. Улс төрийн онол мэдэхгүй мөртлөө өөрсдийгөө улстөрчид гээд байна шүү дээ. Монголд улстөрч хүн байхгүй. Яагаад гэвэл онолоо мэдэхгүй. Харин улс төрийн сонирхолтой, хоббитой, улс төрийн гарын дүйтэй хүн л байгаа. Зуун айлд яваад очихоор барилгын мэргэжилтэн байхгүй мөртлөө гарын дүйтэй хүн олон байдаг шиг. Хэрвээ МАН шинэчлэгдэх гэж байгаа бол хамгийн түрүүн зүүнийх юм уу, барууных юм уу гэдгээ хэл. Аль тал руугаа юм. Эцсийн утопи чинь юу юм, Монголын ард түмнийг аваачих гээд байгаа утопи чинь юу вэ? Монголын улстөр босч ирье, өөрчлөгдөе гэвэл намыг дагаж амьдрал нь босч ирдэг, намд л орж ирж мөнгөтэй болдог, амьдрал нь сайжирдагийг болиулах хэрэгтэй. Энийг л хаачих хэрэгтэй. Тэгвэл хүмүүс нам руу хуйлраад байхгүй, ажлаа хийгээд амьдраад явах юм. Тэр боломжийг ч өгөхгүй байна. Заавал нэг даргыг, улстөрч, гишүүнийг дагаж амьдрал нь сайжирдаг, бизнес нь өөдөлдөг болчихсон. Энэ завааныг Н.Энхбаяр гэж нүгэлтэн тарьсаныг бид нар мэдэж байгаа шүү дээ.

-Намаа шинэчилнэ гэхээр удирдлагаа солино гэсэн үг биш гээд одоогийн намын удирлагыг дэмжигч нар яриад байгаа. Харин шинэчлэлийн хөдөлгөөнийхөн эсрэг саналтай байгаа.

-Улс төрийн онол тодорхой болж байж явна шүү дээ. Инженер болох бол  инженерийн, эмч болох бол эмчийн ном байдаг, хэрэглэдэг. Улс төрийн нам болоход улс төрийн ямар ном, онол байгаа юм, тэрийгээ зарлана биз дээ. Тэрнээс гадна тэд нар шинэчлэлт хийх гэж байгаад хуваагдчихаа биз дээ. Одоо шинэчлэл яриад дахиад хуваагдах гэж байгаа юм уу. Шинэчлэх гээд “Тэрэлжийн тунхаг” гаргаад үр дүнд нь хуваагдаа биз дээ. Одоо шинэчлэл гэдгээр далимдуулаад ахиад хуваагдах гэж байгаа юм. Өмнө хуваагдахад нь Н.Энхбаяр гарч явсан. Одоо МАН-аас хэн тусдаа нам болж гарч ирэхийн тулд ийм юм хийгээд байна вэ. Хэн Н.Энхбаярын араас дуурайгаад Н.Энхбаяр II болж гарч ирэх гээд байгаа юм бэ. Тэгээд дараагийн сонгуульд өөрийнхөө хэдэн нөхдийг хошгоруулж байгаад дахиад МАН-ын хэдэн гишүүнийг хувааж аваад оролцоно.

-Шинэчлэл таалагдсангүй гээд хэрэлдээд л гараад явах нь. Тийм үү?
-Тийм. Эсрэг саналтай нөхдүүдээ дагуулаад гараад явна. Хэн гарах вэ гэдэг л асуудал. Н.Энхбаяр II хэн бэ? Ард нь бүүр асуулт тавих хэрэгтэй. Миеэгомбын Энхболдод нам байгуулаад гараад ирэх улс төрийн тэнхээ бий юу. Хэл дээ. Эдний намын лидерүүд дотроос нам байгуулаад гараад ирэх лидер нь хэн байна. Бацаанууд хамаагүй шүү. Тэд заваан юмаа хийдгээрээ хийнэ. Гол нь М.Энхболд, Н.Багабанди, С.Баяр, У.Хүрэлсүх байна.

-Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболдыг нэмбэл болох уу?
-Н.Энхболд яах вэ. М.Энхболдтойгоо нийлж байгаад нэг юм хийж магадгүй. Тэр хоёр нэг их тийм улстөрч биш ээ. Улс төрийн намын албан хаагчид л байхгүй юу. Гол нь У.Хүрэлсүх нам байгуулах гэж байж мэднэ. Хуц аа, би нам байгуулна гэвэл дараагийн удаа 4-5 нөхөртэй орж ирчихсэн парламентэд сууж байна шүү.

-Давгүй гаргалгаа байна. НАМЗХ зэрэг залуучуудын холбоотойгоо нийлээд тэгж магадгүй л юм?
-Тэднийгээ л бариад авна шүү дээ.

-Та өмнө нь МАХН-ын зохицуулагч байсан. Н.Энхбаярын МАХН ямар үзэл баримтлалтай байсан юм.
-Тэр үед чинь үзэл баримтлалаа гаргана гэж байсан байхгүй юу. Социал демократ руу та нар явсан нь дээрдээ гэж би хэлсэн. Хуучин та нар социалист угшилтай байсан, одоо хүмүүс ардчилал хүсээд байна. Тиймээс энэ хоёрыгоо хослуулаад л явчих. МАХН социализмтэй ардчилал, АН болохоор зах зээлтэй ардчилал гээд.

-Танай нам ямар үзэл баримтлалтай юм?
-Хамуг Монгол бол зүүний нам. Ямар ч арга байхгүй. Дүрэм дээрээ ч гэсэн биччихсэн байгаа. Бид нар шинэчлэл, дэвшлээ барьж уламжлал, зан заншлын эсрэг байна. Яагаад гэвэл уламжлал, зан заншил бол хоцрогдсон. Буддын шашин хоцрогдсон. Бид монгол ёс, уламжлалт ёс, өвөг дээдэс яриад байгаа нь ирээдүйн цаашдын хөгжил дэвшилд садаа болно. Тэгж хэлж болно. Манайх шинэчлэлтийн бодлоготой нам гэхдээ уламжлалт ёсоо бас... гээд яриад байж болохгүй. Тэр чинь улс төр биш болчихож байгаа байхгүй юу. Улс төр гэдэг чинь хатуу, хөдөлшгүй байх ёстой. Нэг нөхөр уламжлалт ёсоо, зан заншлаа, өвөг дээдсээ та нар яах гээд байгаа юм гэхээр нь тэгвэл та нар тэр намаа байгуулцгаа, бид нарыг заавал тийм байлгаж яах гээд байгаа юм, тэгээд л үзэл баримтлалаа уралдуулъя гэсэн. Ард түмэн алийг хүсэх үү, алийг сонгох уу гэдгээ өөрсдөө л шийднэ. Бүгдээрээ адилхан юм яриад байх юм бол хаана ч сонголт байхгүй. Эсвэл бүгд нийлээд л нэг нам болчихъё л доо.

Үндэстний ТОЙМ сэтгүүл. №182
2013 оны 8 дугаар сар 5