Мөнгөний хомсдол, дол­ларын ханшийн өсөлт, баривчилгаа, тагнасан чагнасан хэрэг, улстөрчдийн хоорондын толхилцоон гээд дан хар бараан мэдээ мэдээлэл, үйл явдал дунд амьдарч яваа бидэнд гэрэл гэгээ татуулан дуулдсан нэг сайхан мэдээ бол ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг нэг алт, шагналт тавдугаар байр, мөн багийн эмэгтэйчүүдийн барилдаанаас мөнгөн медаль хүртсэн явдал байлаа. Нийт 110 үндэстний 639 жүдоч өрсөлдсөн энэ тэмцээнд монголчууд жүдод дээгүүр шүү гэдгээ баталж чадав.

Ялангуяа монгол бүсгүйчүүд багаараа мөнгөн медаль хүртэж, үүнийг нотолсон. Одоогоос долоон жилийн өмнө буюу “Бээжин-2007” ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан манай нядханууд энэ удаад медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медалийн эзэн болов. Ердөө ганц оноогоор алтан медалийн үзүүрээс татаад алдсан тэдэнд аваргын титэм энүүхэнд байна. Үнэндээ ч унага татаж, портер жолоодож, “гахай” үүрч амьдралаа авч ирсэн тийм ээжүүдийн охид ийм байхаас өөр яах билээ. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэн он жилүүдэд хэн хүнгүй л хөл алдаж байлаа. Хэрхэн яаж амьдралаа авч явах билээ, картын бараанаас давж шанага гурил, ам даавуу яаж олох вэ гэж хүүхнүүд л толгой гашилгаж байсан юм. Хэдийгээр эрчүүд амьдралынхаа гол нуруу байж, том түшиг тулгуур болдог гэлцдэг ч хэцүү үед эмэгтэйчүүд илүү тэсвэр тэвчээр гаргадаг. Энэ бол байгалийн хууль. Эр амьтан бэрхшээл тулгарахад туулах чадвар, өвчин тусахад давах чадвар цаанаасаа үгүй. Яг энэ жишгээр ерээд оны мөчиг тачиг үеийг Монголын эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч гарч ирсэн гэлцдэг. Эмэгтэйчүүд өөрөөсөө хэд дахин том “гахай”-г вагон дамжуулан үүрч, дүүрч явсан тэр жилүүдэд архины лонх бараадаж өдөр хоногийг өнгөрүүлж байсан нөхрүүд цөөнгүй байсан. Гэр бүлээ авч явж, үр хүүхдээ тэжээж, хань нөхрөө дэмжих гэж зүтгэсээр тэр хатуухан он жилүүдийн гашуун өдрүүдийг бүсгүйчүүд давж гарсныг онцлохоос аргагүй. Тийм л сайхан ээжүүдийн охид өнөөдөр дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж байна. М.Бундмаа 1985 онд төрснийг эс тооцвол бусад багийн гишүүд бүгд ерээд оныхон. Өнөөдөр дөнгөж хорь гарч яваа тэдний ээжүүд шилжилтийн үеийг шийр зааж давж чадсан эмэгтэйчүүд байх ёстой.



Дэлхийн банкнаас 1990-2012 оны хооронд монгол эмэгтэйчүүдийн ажил эрхэлсэн байдлыг судалж гаргахад 2010 онд хамгийн бага, 1990 онд хамгийн өндөр хувьтай байгаа нь гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, амьдрал хэцүүдэж хүмүүс хэрхэхээ мэдэхээ байсан 1990 онд бүсгүйчүүд олноороо ажил эрхэлж, харин эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ДНБ 17 хувиас давж дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө нэгдүгээрт бичигдэж байсан тэр жил арай гар газар, хөл хөсөр байжээ гэж харагдахаар байгаа юм. ДАШТ-д газар газрын хүчтэнүүдтэй тулж, мөнгөн медалийг гуядаж авсан эмэгтэй жүдочдоо харахад дотор огшиж, сэтгэл өмөлзөхөөр байсан. Тэд Казахстан, Куба, Польшийн багуудыг ардаа орхиж, дэлхийн аваргын нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай Францын багтай тулж үлдсэн байв. Француудын хувьд дэлхийн аваргын алтыг хоёронтоо, мөнгийг нэг, хүрлийг бас хоёр удаа хүртсэн жүдогийн өлгий нутгийн япончуудыг буулгаад авчихсан байсан болохоор сэтгэл зүйн хувьд давуутай байсан биз. Бас Францын багийн таван гишүүний гурав нь бие бялдрын хувьд Азийн шар арьстнуудаас тэс өмнөө африк гаралтай бөхчүүд байсан болохоор манайханд амаргүй байсан нь мэдээж. Гэвч дөрвөн барилдааны дараа хоёр, хоёр болж тэнцэж алтан медаль тун ч ойрхон өндөрлөснийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Багийн тэмцээн бол сэтгэл зүйн хувьд ч, бусдынхаа өмнө хүлээх хариуцлагын хувьд ч тун амаргүй тэмцээн байдаг. Ганцаарчилсан барилдаанд мөнгөн медаль, хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байр дээр буусан Д.Сумьяа энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүд дундаа өндөр амжилт үзүүлсэн нэгэн. Тэр аваргын төлөө францчуудтай үзсэн барилдаанд ч үүргээ сайн гүйцэтгэсэн. Мөн уг барилдааны 70 кг-ын жинд гарч ирсэн Ц.Наранжаргал сэтгэл зүйн хувьд адармаатай шалгалтыг өгсөн гэж болно. Хэрэв тэр ялагдвал гурав хожигдсоноор асуудал тодорхой болчих учраас тэр ялагдахгүйн тулд бүх биеэрээ, бүр сэтгэлээрээ тулалдсан нь илт харагдаж байсан билээ. Тэр өрсөлдөгчөөсөө бяраар бас техникээр ч илүү байгаагүй. Харин тэр сэтгэлээрээ давуу байж чадсан учраас ялалтыг багтаа авчирч байгаа харагдсан. Монгол эмэгтэйчүүд тийм л байдаг. Улаан чулуу атгахаас буцахгүй зориг зүрхтэй монгол ээжүүдийн өсгөсөн охид тийм байхаас өөр яах билээ. Үүнийг манай бүсгүй жүдочид батлан харуулж чадлаа. Гурав ч хүрэхгүй сая хүнийг төлөөлөн дэлхийн дэвжээнд очсон шавилхан бүсгүйчүүд Казахстаныг 17 сая, Кубыг 11 сая, Польшийг 38,5 сая хүнийх нь хамт жүдогийн татами дээр ялж, амьдралын хатууг дагаж бус сөрж давдаг монгол ээжийн охид гэдгээ гайхуулсан. Тэдэндээ гүнээ талархъя.