Бүх нийтийн хоол хүнсний боловсролд


Мөөг нь нүүрс ус, уураг, тос, фосфор, кали, кальци, зэс, йод, А, В, С, Д зэрэг аминдэмүүд болон ааг, амт бүрдүүлэгч, амин хүчил, нэгдлүүдийг агуулдаг өвөрмөц ургамал. Мөөгөнд 20 гаруй аминхүчил, түүний дотор метеонин, цестеин, цистин триптофан, треонин, лизин, фенилаланин зэрэг үл орлогдох аминхүчил агуулагддагийг судлаачид нэгэнт тогтоогоод байна.

Мөөгийг шинээр нь боловсруулж хоолны хольц байдлаар хэрэглэхээс гадна хатаах, шууд буюу чанаж давслах, цуужуулах, жигнэх аргаар нөөшилдөг. Боловсруулалтын эдгээр аргын талаар миний бие одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 7-р сард oktyabri.niitlelch.mn-д бичсэнийг уншаарай.

Цагаан мөөг нь цусны даралтыг тогтвортой байлгах, холестеринийг багасгах, нян устгах, хавдар өмөн өвчнөөс сэргийлэх, яс бэхжүүлэх үйлчлэлтэй.

ЦАГААН МӨӨГ



Уулын ар, бэл, хаяагаар дугуй, тал дугуй хар ногоон хүрээнд ургана. Цагаан мөөг хүрээндээ бусад мөөгүүдтэй холилдож ургадаг. Цагаан  мөөгний малгайны голч нь 5-19 см, махлаг эд нь цагаан, цагаан шаргалдуу өнгөтэй, салбан буюу элгэн тал нь мөн цагаан өнгөтэй, шилбэтэйгээ наалдаж ургасан байдаг. Цагаан мөөгийг огтлоход өнгө нь өөрчлөгдөхгүй, анхилуун сайхан үнэр мэдрэгдэнэ.

Цагаан  мөөг 7 дугаар сарын 20-доос 8 дугаар сарыг дуустал ургадаг.

ҮНЭГЭН МӨӨГ




Энэ мөөгийг бас хумбан шар гэж нэрлэх нь буй. Гол төлөв бөөнөөрөө ургадаг. Залуу мөөгний малгай нь хавтгай, дугуй ирмэг нь тэгш биш, хөгшрөх тутам гол нь хотойж юүлтүүр хэлбэртэй болдог. Зөөлөн хэсэг нь тод шар өнгөтэй. Энэ мөөгийг 7-р сараас 10-р сар хүртэл ойд түүнэ. Үнэгэн мөөгийг шинэ байдлаар нь шарж идэхээс гадна давсалж, цуужуулж нөөшлөн хэрэглэдэг. Харин энэ мөөгтэй зэрэгцэн ургадаг хэлбэрээрээ төстэй, улаан ягаан өнгөтэй хуурамч хумбан мөөг байдгийг анхаарах хэрэгтэй.

БАРЗГАР ХУСАНДАЙ


Өөрөөр ойн хүрэн буюу хусны хүрэн мөөг гэж нэрлэдэг энэ мөөг нь холимог ой, ялангуяа дан хусан ойд 6-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд элбэг ургадаг. Хамгийн их хэмжээтэй ургах нь 6-р сарын сүүлчээс 7-р сарын дунд, 8-р сараас 9-р сарын дунд үе хүртэл байдаг. Энэ мөөгийг хатаах, давслах, цуужуулах аргаар боловсруулж болох ба шинээр нь шарж идэхэд маш сайхан амттай.


САНАМЖ


Мөөг түүхдээ:

  • Зөвхөн өөрийнхөө сайн мэддэг, таньдаг мөөгийг түүх
  • Түүх мөөгөө түүхийгээр нь амсаж хэзээ ч болохгүй
  • Хөгширсөн, нялхарсан, хагарч хэмхэрсэн, өтсөн, муудсан мөөгийг түүж болохгүй
  • Түүсэн мөөгөө тэр өдөрт нь багтаан төрлөөр нь ялгаж боловсруулалтанд (хатаах, давстай усанд чанах г.м)  оруулах хэрэгтэй.


МӨӨГТЭЙ ХООЛНЫ ЗАРИМ ЖОР


Мөөг, төмсний жигнэмэг (запеканк)

Жор: Хоёр тавагт: төмс 450г, шинэ мөөг 150, эсвэл хатаасан мөөг 20, цөцгийн тос 20, сонгино 40, нэг ширхэг өндөг, сүү 30, гурил 10, давс

Бэлтгэх арга:

  • Давстай усанд чанаж дутуувтар болгосон төмсийг нимгэн дугуй хэрчинэ.
  • Мөөг, сонгиныг жижиг хэрчээд цөцгийн тосонд хуурч, бага зэрэг шөл нэмээд болтол нь жигнэнэ.
  • Түүхий өндгийг гурил, сүүтэй зуурна.
  • Тосолсон тэвш юмуу хэвэнд  төмсийг 1 см-аас зузаангүй зулж дээр нь  мөөг, үүнийхээ дээр дахин төмс, мөөгийг үелүүлэн хийж тэгшлээд халаасан шарах шүүгээнд 5-7 минут жигнэсний дараа зуурсан өндгөө жигд тараан цутгаж үргэлжлүүлэн жигнэж бэлэн болгоно.

Мөөгтэй сүмс


Жор: Нэг литр сүмс бэлтгэхэд: мөөгний шөл (чанасан шүүс) 1000 мл, цөцгийн тос  45, гурил 45, булцуут сонгино 50-60 г, хатаасан мөөг 15, яншуй 15, давс, нунтаг повоор, нимбэгний хүчил амт оруулах хэмжээгээр


Бэлтгэх арга:

  • Гурилаа багахан тосонд жигд хуурч дээр нь шөл нэмж шингэлээд бөөнгүй болтол хутган 30-40 минут чанана. Чанах явцад хөөсийг хамж авна.
  • Дараа нь хэрчсэн сонгино нэмж үргэлжлүүлэн 10-15 минут чанаад давс, повоороор амт тохируулж шүүнэ.
  • Үүн дээрээ жижиглэсэн мөөг нэмж дахин 15-20 минут чанаж бэлэн болгоно. 
  • Бэлэн сүмсэн дээр нимбэгний хүчил, жижиглэсэн яншуй, хайлуулсан тос нэмж найруулна.