Бүх нийтийн хоол хүнсний боловсролд

Байгалийн хишиг

Ишгэн шарилж



Монголчууд энэ ургамлыг бас “ишгэн шаваг”, “хурган шарилж” ч гэж нэрлэдэг. Монголын хээр талаас гаралтай гэж үздэг олон наст өвслөг энэ ургамлын навч, ишийг хоолонд хэрэглэнэ. Хоолонд энэ ногооны навч бүхий залуу найлзуур мөчрийг хэрэглэнэ. Маш сайхан үнэртэй энэ ногоо хооллох сонирхлыг идэвхжүүлдэг.

Ногоо, ялангуяа  өргөст  хэмх  дарахад сайхан амт оруулна. Энэ ургамлын урт нарийн  навчийг жижиглэж  төрөл  бүрийн  мах, загасан  хоолонд  амт оруулна. Түүнчлэн бусад  амт  оруулагчтай хольж хоол, шанцайнд хурц амт, үнэр оруулна. Өндөгтэй хоолонд сайхан амт, үнэр оруулна. Хийжүүлсэн ундаанд амт оруулагчаар ашиглана. Хавч, наймаалж зэргийг чанаж  байгаа усанд ишгэн шарилжны навч нэмбэл  маш  сайхан  үнэр, амттай болгоно.

Гоёо



Гоёо нь цагаан, улаан гэсэн хоёр зүйл байх ба түүнийг зөвхөн сүү, цагаан идээ, тэрчлэн хааяа цульхирын гурилтай хольж нүдэх зэргээр бэлтгэн хоолондоо хольц болгодог байжээ. Зөвхөн модон хутгаар хальсыг нь хусаж арилгана. Гол төлөв нойтноор нь өрөм, сүү, айраг, хоормог зэрэгтэй хольж идэхээс гадна нойтон гоёог хөшиглөж, цульхирын гурилыг арай түлхүү хольж нүдээд иддэг байна. Цагаан гоёогоор архи нэрнэ. Архи нь бөөрний өвчинд тустай бөгөөд  цус  нөхөх үйлчилгээтэй.

Хар суль



Үр, идээний нь өнгөөр говьчуул хар суль, цагаан суль (өвгөн суль) гэж  ялгаж нэрлэдэг. Сулийг намар үр нь боловсорч гүйцэх үед тэмээн хөсөгтэй олуулаа явж түүдэг байжээ. Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нүдэж тээрэмдэн гурил гаргаж авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Цагаан сулийн гурилыг цай, түүнчлэн хоолонд гурил орлуулж хэрэглэдэг.

Мэхээр



Манай оронд 20 гаруй зүйл мэхээр байдаг. Эдгээрээс хурган мэхээрийн үндэслэг ишийг авч голдуу цагаан хоол, хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ түүний үрийг түүж гурил хийх ба үүнийгээ сүү, цагаан идээтэй хольж хэрэглэдэг. Хангай нутагт гол төлөв мэхээрийн үндсийг нь авч ашигладаг бол Алтайнхан бүүргэний гурил хийдэг байна.

Мэхээрийн өөр нэг төрөл зүйл нь шувуун тарна юм. Шувуун тарнанд уураг, хандлагдах бодис, эслэг, үнс, идээлэгч бодис, С, К аминдэм, каротин, мөн цахиурын хүчил, фосфор, кальци, цайр, флавоноид, гликозид зэрэг шимт бодис агуулагдана. Түүний ногоон навч, найлзуурыг түүж хүнсэнд хэрэглэхээс гадна эмэгтэйчүүдийн өвчин анагаах, цус тогтоох эмчилгээнд хэрэглэдэг.  амууны төрөл юм.

Цээнэ



Цээнийн үндсийг голдуу намрын дунд сард ухан авч шорооноос нь цэвэрлээд угааж хальслан дараа нь хэрчиж хатаадаг. Хатаахдаа хонины сүү, эсвэл шар сүүнд чанаж дэлгэж тавина. Хэрчиж хатаасан үндсээ нүдэж нунтаглаад ихэвчлэн шөлтэй хоолонд бага зэрэг үрж амт оруулна.