Гэр хороололд амьдарч буй иргэн Танд дараах мэдээллийг сонордуулж байна:

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011.06.27-ны 92 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлж, иргэн таны өмчилсөн газрыг шууд тулгасан үнээр албадан авч эхэллээ. Уг журмын 4.2-т “Эхний ээлжинд төсөл хэрэгжих орон сууцны газрын 1м2-ийн үнийг 100 мянган төгрөгөөр үнэлж тухайн газрын нийт үнэлгээг харгалзан орон сууцанд оруулна.”, 4.3-т “Газрын үнэлгээ нь тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд шинэ суурьшлын бүсэд газар заан нүүлгэн шилжүүлж нөхөх олговрыг олгоно” гэжээ. Иргэний өмчийн газрын үнийг дарга нар тогтоон хаана, юунд амьдрахыг нь тулгаж, Үндсэн хуулиар баталгаажсан Таны эрхийг зөрчиж байна.

YII хороолол баригдах 100 айл, 32-ын тойрог орчмын инженерийн шугам сүлжээнд хамгийн ойр “А” зэрэглэлийн газрын 1м2-ыг нь ийм багаар үнэлжээ. Ийм байршилтай газрыг дарга нар ингэж үнэлж байгаа бол бусад газрыг хэдээр үнэлэх бол? Та өмчийн эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан Монгол улсын иргэн шүү дээ! Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн өмчийг хэнбугай ч дур зоргоороо үнэлэх, авах эрхгүй ээ!

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-аар 700 м2 газрыг иргэн өмчилж авах эрхтэй ч социализмын үеийн 300 м2 газар бүхий хашаандаа үлдсэн иргэд бид үүнийгээ л өмчилж авсан. Таны өмчийн 300 м2 газар дээр 12 давхар нийтийн орон сууц барилаа гэж бодоход 5,4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий болно. Энэих хөрөнгийн үндэс суурь нь таны газар. Гэтэл газар өмчлөгч иргэн танд 30 хан сая төгрөг өгөөд албадан нүүлгэх нь шударга ёсонд нийцэх үү? Зөрүү нь 5 тэрбум 370 сая төгрөг!

Таны ирээдүйн их боломжийг луйвардах дарга нарын балмад санаа нь Хотын дарга Г.Мөнхбаярын 2011.04.14-нд барилгын компаниудын захирлуудтай уулзахдаа: “...нэг зүйлийг хатуу сануулахад очоод иргэдтэй уулзаж газрын үнийг өсгөж болохгүй. Хот та нараас 40 саяар авъя гэж байна. Манай компани 50 саяар авъя гэсэн асуудал байж болохгүй. Ингэвэл иргэдийн газар улам үнэтэй болж бид авч чадахгүй болно” гэж хэлснээр илчлэгдсэн. Сонор сэрэмжтэй байгтун!

Орон сууцжуулах төслийн зөвхөн дунд шатанд гэхэд 4 их наяд 900 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн. Үүнийг 100 мянган айлаар бодоход нэг айлд 49 сая төгрөг ногдох мөнгө зарах нь ээ.

Та өмчийнхөө газар дээр байшингаа барих эрхтэй, төрөөс дэмжлэг авах эрхтэй, зээлд хамрагдах эрхтэй, газрынхаа үнийг өөрөө тогтоох эрхтэй. Таныг өөрийн байшинтай болоход чинь төр засаг саад болох бусхарин дэмжих үүрэгтэй. Бид ингэж үзэж байна!

Та эргэцүүлж сайн бодоод, эхнэр хүүхдүүдтэйгээ зөвлөөд, эргэн тойрныхонтойгоо хэлэлцээд, эргээд бидэнтэй холбогдоно уу.


ГАЗРЫГ ШУДАРГААР ХУВЬЧЛАХЫН ТӨЛӨӨ “ГАЗАР” ХӨДӨЛГӨӨН

9667-5023        9804-3007        9811-0733