Монгол үндэстний уламжлалт нарийн идээ гэдэг нь сайн чанарын нарийн гурил, шар тос, сүү, чихэр, бурам зэргээр найруулан хийсэн бөгөөд хүндэтгэл ёслолын идээний чимэг буюу тусгай хувь хишигт хэрэглэхээр хийж байсан зүйл болно. Харин одоо монголчуудын уламжлалт нарийн идээг хийх нь бүү хэл нэрийг нь ч мэдэхгүй шахам болжээ. Иймд монгол үндэстний мартагдаж буй нарийн идээний талаар Я. Цэвэл зэрэг ахмад судлаачдын бичиж үлдээсэн баримт, сэлтэд тулгуурлан  уншигч танаа  толилуулж байна.

Жавга
    Дээд зэргийн чанартай гурилыг чихэртэй сүүгээр өтгөн зуурч сайн нухаад тохирох хэмжээгээр жижиг хэсгээр хэрчиж түүнийгээ сайн нухаж нийцүүлэн бөөрөнхий болгосны дараа хавтгайлан элдээд тэр дугариг хэвээр нь буюу эсвэл түүнийгээ хоёр захаас дотогш гурав, дөрвөн давхар болгон эвхэж өө сэвгүй ширмэн хайруул дээр тавьж эргүүлж тойруулан цэврүү суулгахгүйн тулд дээгүүр нь өөгүй хавтгай модоор зөөлөн давтаж цохилон хайрч болгоно.

Заврай
    Гурилыг шар тос, чихэртэй сүүгээр өтгөвтөрхөн зуурч сайтар нухаж нийцүүлэн цувиад тохирох хэмжээгээр хэрчин хэсэглэж тэр хэсгээ сайн нухаж бөөрөнхийлөөд нимгэвтэр элдэж нүүрсний цог дээр жигд халаасан ширмэн хайруул дээр эргүүлж тойруулан тавьж цэврүү суулгахгүй, хөөж бэмбийлгэхгүйн тулд хавтгай модоор зөөлөн цохилж давтсаар болгоно.

Ройд
    Гурилыг шар тос, чихэртэй сүүгээр маш өтгөн зуурч сайн нийцтэл нухаж цувиад тохирох хэмжээгээр хэрчин хэсэглээд тэр хэрчсэн хэсгүүдээ сайтар нухаж бөв бөөрөнхий болгон дарж, зузаан товхгорхон элдэж, жигд халаасан ширмэн хайруул дээр тавьж хавтгай модоор цохилон давтаж болгоно.

Сэмбишаа
    Гурилыг шар тос, чихэртэй сүүгээр нэлээд шингэн зуурч халуунд бөөгнөгдүүлэн бага зэрэг исгээд, түүнийг сайн хутгаж жигдрүүлэн төмөр гуурс бүхий цэвэр  даавуу хүүдийд хийж буцалж буй шар тосонд мушгин шахаж хэсэг хэсэг цагираг маягаар таслан гоожуулж хийнэ.

Багуур
    Сэмбишаа хийж байгаа гуурс бүхий хүүдийтэй гурилан зуурмагаас буцламгай тосондоо нэг шахан гоожуулаад тасалж дахин дахин шахах зэргээр хийнэ.

Бадаас

    Бага шиг усанд чихэр хийж хайлуулаад усыг нэлээд ширгэтэл буцалгаж балгүй саванд хийгээд хөргөөнө. Дараа нь түүнийгээ нүүрсний цог дээр тавьж балгүй зүйлээр тасралтгүй хутган буцалгасаар чихрийн хувь хөөс болохын хамт цэвэр даавуу мэтэд тохирох хэмжээгээр таслан асгаж царцааж хийнэ.

Цагаан бурам
    Чихрээр хийсэн татмал бурам юм. Балгүй саванд элсэн чихрийг усанд уусгаж хайлаад дээр нь шар тос ахиухан хийж хуурсан нарийн гурил хольж хутган буцалгасаар усан хувийг ширгэж дуусмагц савтай нь гаргаж бага зэрэг хөргөөд хүрээ бүхий дэлгэц дээр цаас дэвсэн дээр нь асгаж жигд тараан царцаана. Ингээд сайн царцаж биежмэгц тохирох хэмжээгээр хэрчиж хэсэглэнэ. Мөн ийм аргаар хар, бор бурам хийдэг.

Дугуй цагаан
    Нарийн цагаан гурилыг хуурч болгоод чихрийн нунтаг /цасан чихэр/, шар тостой багсарч нийцүүлнэ. Үүнээсээ янз бүрийн хэлбэртэй хэвэнд шахаж хэвлээд хэвнээс салгаж авна.

ТАНЫ СОНИРХОЛД


Энд нэгэн түүхийг сонирхуулъя.

Билгүүн номч Б. Ринчен агсан 1969 онд хүнсний мэргэжилтнүүдтэй уулзаж бялуу хэмээх боовны нэр анх яаж үүссэн тухай ярихдаа:

    -Манай монголчууд XII-XIII зууны үед их байлдан дагуулалт хийсэн. Энэ үедээ улс, хот, тосгоныг эзэлсний дараа өргөн будаалга хийдэг байж. Будаалгынхаа төгсгөлд энэ хоолыг ( бялуу) идэж будаалгаа өндөрлөдөг байсан юм билээ. Энэ хоолонд цөцгийн тос, зөгийн бал, өндөг, янз бүрийн жимс зэрэг их тэжээлтэй амттай зүйлүүдээр хольц дүйлт хийдэг учраас хүн их идэж чаддаггүй, багахан идээд бялуурчихдаг гэдэг. Үүнээсээ болоод бялуу гэж нэрлэгдсэн гэдэг. Ер нь ёс төр, хүндлэлд голчлон хэрэглэдэг байх. Том бялууг олуулаа хувааж хүртдэг болохоор хотол бялуу гэдэг. Уул нь монголчуудаас л гаралтай хоол юм даа гэж өгүүлсэн буй.