Хэчнээн том эрх мэдэлтэй ч Ерөнхийлөгч тэнэг байх эрхгүй. Харин эрх мэдэлгүй иргэн би тэнэг байх эрхтэй. Мөнгө хаана байна? Мөнгө гэдэг металл уу, М2 буюу бэлэн мөнгө үү? Тэднийг яг хаанаас олж тэтгэврийн зээлийг хаах вэ? 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн үдэш, он солигдох мөчид “солиотой мэдэгдэл” хийгээд түүнийг нь ажил хэрэг болгох гэж УИХ, Засгийн газар “амьсгаадаж” гүйцэв. Ахмадууд баярлаж, зээлээ төлж дуусгасан болон дуусч байсан зарим нь халаглаж эхэллээ. “Банкууд нурлаа” гэж хашхирч дуусаагүй байтал “Ариг”-т БЭТ томилогдож Сангийн сайд “Над хамаагүй” гэж зай барив.

Сүүлийн үеийн Засгийн газрын хуралдаанууд Салхитын ордын талаар заавал хөндөж байна. Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар “Эрдэнэс бонд” гаргах асуудлыг шийдвэрлэсэн. Түүний маргааш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ  хуралдаж “Эрдэнэс” бонд гаргах тухай болон “Эрдэнэс Монгол” ХХК арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээ”-нд гарын үсэг зурах эрх олгох тухай зэрэг асуудлыг шийдвэрлэв. 

Салхитын ордын нөөц өссөөр...

Хамгийн хүнд ачаа буюу өнөөх арилжааны банкуудын өр буюу “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаасны төлбөрийг “Эрдэнэс силвер ресурс” компани дээр бууж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Салхитын мөнгө-алтны ордын ТЭЗҮ, хүдрийн агууламж хоёр дээрээ ихээхэн анхаарал тавьж байгаа бололтой. Учир нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төлж хүрэх үү гэдэг хамгийн чухал. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын ордын MV-021483 дугаартай лицензээр 2887.85 га талбайд ашигт малтмал ашиглах 9011474118 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны аравдугаар сарын 17-нд олгосон байдаг. Энэ лицензит талбайн ил уурхайгаас одоогийн байдлаар тооцоолоод байгаа цэвэр металлын хэмжээ нь 816 тонн мөнгө, 1061 кг алтны нөөц баталгаатай тогтоогдсон. Эдгээрийг Монголбанкны өнөөдрийн ханшаар бодоод, дээр нь баяжмалаар нь экспортолж худалдана гээд бодохоор анхны тооцооллоор 650-700 тэрбум төгрөгийн нөөц бол байгаа аж. Үүний цаана Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн хэмжээ бас нэмэгдэж яригдаад байгаа тооцохгүй өнгөрөх аргагүй. Ингээд нэмэлт хайгуул хийхээр төлөвлөөд байгаа тухай баттай эх сурвалж хэлж байна. Тодруулбал нэмэлт хайгуул хийхийн тулд ил уурхайн нөөцийг гурван жилд олборлож ашиглахаар тооцсон бол түүнийгээ таван жил болгож лицензит талбайдаа одоо тогтоогдоод байгаа гүний уурхайд олборлолт хийснээр дээр дурдсан нөөц 2-3 дахин нэмэгдэхээр байгаа гэнэ. 

Төсөвт төвлөрүүлээд түүнийгээ ил далд хувааж идээд тэднийгээ шалгаж хариуцлага хүлээлгэж ч чадахгүй “тоглуулсаар” өнгөрч 30 ч юм уу, 300 ч юмуу гэр бүл завшдаг байснаас ахмадуудынхаа тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөхөөр шийдсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын гэнэтийн шийдвэр энэ удаад зөв ч байж мэдэх юм. Энэ нь прокуроруудын удирдах ажилтны зөвлөгөөн дээр мөнгөн аягатай очсон тэр нэгэн хурлаас эхлэлтэй биз ээ.

Прокурорууд, гаалийнхан ба Салхитын орд

“Салхитын ордын прокурорууд” гэчихэд нэг их гайхахааргүй удтал хэлцэгдсэн айхавтар хэрэг бий. Зарим нь хэлмэгдүүлчихлээ гэдэг ч хэн ч одоогоор няцаагаагүй байна.

Энэ хэргийн араас тууштай яваагүй, нийтлэгдсэн мэдээлэл л уншиж байсан ч энэ удаад барим тавим арай ч дээ гэмээр зүйлүүд олж харсан. Юу гэвэл Геологогийн төв лаборатор болон SGS, МАК зэрэг хэд хэдэн лабораторийн дүнг харьцуулахад Салхитын ордыг эзэмшиж байсан “Жи Пи Эф” гэгч компанийг “гадаадын хөрөнгө оруулагчийг хөөчлөө, коммунистууд” гэхчлэн өмөөрч жиргэсэндээ үнэхээр харамслаа. 

Юу гэвэл хуучин ТЭЗҮ-г харахаар нийт мөнгөний агууламж нь арай дэндүү зөрүүтэй. Одоо миний өмнө Геологийн төв лабораторийн 2020 оны нэгдүгээр сарын 31-ний шинжилгээний дүн байна. Ойр ойрхон хүдрийн дээжээ шинжлүүлдэг, дүн янз бүр гардаг, энэ өдрийн дүнгээр алт 3 гр, мөнгө 3793 гр гарсан байгаа юм. SGS болон МАК-ийн лабораторийнх нэг тонн хүдрээс алт 24 гр, мөнгө 16 кг, баяжмалын хувьд нэг тонн хүдрээс 12 гр алт, 13.5 кг мөнгөний агууламжтай гэхчлэн харилцан адилгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ өдөр Геологийн төв лабораторид өгсөн 60 өөр хүдрийн овоолгын дээжийн хариу 60 өөр, дундаж агуулга нь 822 грамм мөнгөний агууламжтай гарч. Гэтэл хуучин ТЭЗҮ-г харахад нийт мөнгөний агууламж нь 199 гр, ихдээ л 240 гр, 340 гр, дунджаар 550 граммын агууламжтай гэсэн хариу л харагдах жишээний. 

Өмнөх компанийн хувьд агууламж өндөр байхын хэрээр Монгол Улсад төлөх татвар өсдөг учраас агууламжийг ч дарж татвараа ч багасгаж төлдөг байсан, үүнд нь тухайн үеийн гаалийн байгуулагын зарим ажилтан уурхайн хүдэр дэх мөнгөний агууламийн хэмжээг багасгасан дүгнэлт гаргаж өгч татвараас зайлсхийх гэмт хэрэгт нь тусалж байсан байж болзошгүй гэх гэмт хэрэг л өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд нэр бүхий шүүгч, прокурорууд энэ хэргийн улмаас авлигын хэрэгт холбогдон хариуцлага хүлээж эхэлсэн. Монгол Улсын шүүгч, прокурор авлига авч байгааг илрүүлсэн, хариуцлага тооцсон гэдэг нь шинэ жишиг мөн. Өмнө нь мөрөөдөхөөс цаашгүй зөвхөн ярьдаг л байсан. Үүнийгээ мартаж болохгүй. Энэ тал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга бас л “тэнэг зориг” гаргасан боловч маш зөв жишгийг авчирсан гэдгийг нэрэлэлгүй хэлье.

Салхитын экс эзэд Зөрчлийн хуулиар нэмж буруутгагдана

Салхитын ордын уурхайн хүдэр дэх мөнгөний агууламжийг дарж мэдээлж, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан “Жи Пи Эф” компанийн удирдлагууд болон гаалийн зарим ажилтныг УМБГ-аас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан. “Жи Пи Эф” ХХК-ийн захирал Жин Жиан Минг, Яан Жинг Гуан, Юу Юуан Жинг нарыг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Онцхүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148.4 буюу онц их хэмжээний мөнгө залилсан хэргээр шалгаж байгааг хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл үүнээс гадна шинэ хэргүүд нэмэгдэж мэдэхээр байна. Дээрх агууламжтай холбоотой л гэхэд Зөрчлийн тухай хуулийн 7.11.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. 

“Эрдэнэс силвер ресурс” компанийн зүгээс “Жи Пи Эф”-ийн эсрэг хандахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Зарим үндэслэлийг сонсоход“Жи Пи Эф” компани нь эзэмшиж байсан лицензит талбайгаа үхсэн шувуу, амьтны сэг зэм, химийн хорт хаягдлаар их хэмжээгээр хордуулсныг нь Мэргэжлийн хяналтын байгууллагад өргөдөл гаргаж зөрчлийг тогтоолгосон аж. Зөрчлийн тухай хуулийн 5.11.5-д “Химийн хорт, аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаарх стандартыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 7.10.4.4-т “Газрын хэвлийг ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэхчлэн заажээ. Тиймээс “Эрдэнэс Силвер ресурс” үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар өмнөх лиценз эзэмшигчдийн зөрчлийг тогтоолгож Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан нь үнэн байх боломжтой. Хардаж харвал хөрөнгийг нь хураагаад л, торгоод, болж өгвөл хууль бус гээд үйл ажиллагааг нь зогсоогоод хөөгөөд гаргачихаар заалт олон байдаг энэхүү хуулийг Х.Баттулга, Г.Занданшатар биш УИХ баталсан болохоор мөрдөхөөс яалтайв. Магадгүй энэ гарцыг олж хараад тусгай ажиллагаа явуулж лицензээ хурааж аваад ганц сайхан ашиглалтын лиценз болгож төрийн мэдэлд аваад иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх санаа ҮАБЗ-ийн шийдвэр болон гарсан болов уу гэж харагдаж байна. 

Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан Салхитын ордын хавтаст хэрэгт хайхрамжгүй хандсан уу?

Нэг айхавтар асуудал бий. Яагаад “Жи Пи Эф” ХХК-ийн захирлууд гэхЖин Жиан Минг, Яан Жинг Гуан нар нь 2016 оны үед жигтэйхэн арвин баримттай шалгагдаж байсан цаг үе бол Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн үед яагаад “Ц.Нямдоржийн дуугардаг Ван, Янгийн хэрэг” гэгдэхээс цааш шийдэгддэггүй байв. Хавтаст хэргүүд хаачив? Одоо Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы үед шийдэгдэж чадах уу? “Чадахгүй, тиймээс өөр бүтэц бий болгоё” гэхийн тулд “Прокуроруудын хэрэг” гэгчийг нэр заан гутаах ажиллагаа хийгдээд байна уу? Чадахын тулд Прокурорын байгууллагаа цэвэрлэж байна уу гэдэг эргэлзээтэй болоод ирлээ. 

Хоёр жилийн өмнөөс л УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүгч нар 30-40 жил цалингаа цуглуулж байж Ривер гарденд орон сууц авна, “Шүүгч нарын ХОМ-ийг харахад нэлээд нь нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууцанд амьдарч байна”, “Захиргааны хэргийн шүүгчийн хүүхдийн дансанд 500 сая төгрөг байна” гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байв. Мөн УИХ-ын чуулган дээр 2018 оны гуравдугаар сарын 12-нд “36 лиценз сэргээсэн нэр бүхий 22 шүүгчийн баримт” бариад шалгуулна гэж мэдэгдсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр шүүхдэхэд шүүгч нар анхан шатанд 50 мянган ам.доллар, дунд шатанд 100 мянган ам.доллар, дээд шатанд 200 мянган ам.доллар авч байна. Ийм байхад шударга ёс хаяад хэцүү” гэхчлэн ноцтой мэдээллийг хийсэн. 

Өнөөдөр шүүгчид айдас, дарамттай ажиллаж байна гэх гомдол гарч байгаа нь үнэнч хаан мэт авирлаж байсан шүүгчид төрийн хуулийн өмнө айж эмээхтэйгээ болсон. Харин өчигдөрхөн мэдээлэл хийсэн прокурорууд авлига авсан гэх хэргийн үнэн мөнийг шүүх тогтоох биз ээ. Санаанд багтамгүй дарамт дуулдлаа. Үүгээрээ “Шүүгч муухай, Прокурор муухай” гэх айдас хүйдсийг төртөл бүү хэтрүүлээсэй гэж бодогдсон.

Иргэдийн тэтгвэрийг барьцаалсан зээлийг Салхитын ордын мөнгөөр төлөх, Монголын төр шүүгчээ, прокуророо гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцож чадна. Авлига авсан нь тогтоогдсон тохиолдолд АТГ-т итгэхгүй байвал ҮАБЗ-д ханд гэсэн Ерөнхийлөгчийн энэ удаагийн санаачилга иргэн надад лав цаг үеэ олсон шийдэл гэж харагдав. Хэчнээн том эрх мэдэлтэй ч Ерөнхийлөгч тэнэг байх эрхгүй. Харин эрх мэдэлгүй иргэн би тэнэг байх эрхтэй.