Энэ удаагийн зочноороо Тех­никийн ухааны доктор, Филосо­фийн ухааны доктор, улс төр суд­лаач С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа. Түүнтэй ярилцах үнэ­хээр сонирхолтой, зарим талаар гашуун оргиулсан үнэнтэй, басхүү нэлээд хөгжилтэй байв.  Үнэ­нийг хэлсэн хүн адлуулж, үл ойл­гогдож, амьдрал тэмцлийнх нь зам саад бэрхшээлээр дүүрэн байх нь бий. Магадгүй С.Молор-Эрдэнэ тэдний нэг ч байж мэдэх юм.

-Тантай хоёр жилийн өмнө уулзаж ярилцлага авч байсан. Тэгэхэд та шинээр байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хам­тарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл шинэ тутам харилцаа үүс­гээд тэр тухайгаа ярьж байсан нь санаанд илхэн байна.
-Тийм ээ, би ч бас санаж байна. Таны ярилцлагад орсны  дараа Н.Энх­баяр бидний хооронд таагүй сонин яриа өрнөж байж билээ. Явж явж ярилцлага өгөхдөө түүний хамгийн дургүй сонинд нь, хамгийн их үзэн яддаг сэтгүүлчтэй нь уулзчихсан байсан (инээв). Уурлаад л байсан.

-Сонирхолтой түүх байна. Олон удаа ярилцлага хийж, бас номыг нь хийж байлаа. Хачирхалтай юм. Ерөөсөө бүх хүнийг үзэн ядаж үлддэг хүн бололтой. Та нарыг ч бас тэгсэн л болов уу даа?

-Нэг төрлийн өвчин л дөө. Маш муухай өвчин.  

-Өнөөдөр бид Монголын ард түмний улс төрийн бас нэг ээл­жит сонголтоо хийх гэж байгаа түүхэн үед уулзаж  байна. Ерөн­хийлөгчийн сонгууль ид яваг­даж байна. Энэ удаа улс төр суд­лаачдын дуу хоолой бараг сон­согдохгүй байгаа нь анзаа­раг­даж байгаа биз. Бүгд хуй­вал­даанд орчихсон, бүгд улс төрийн ашиг хонжоо хөөгөөд явчихсан бололтой. Энэ удаа­гийн Ерөнхийлөгчийн сон­гуульд гурван намын нэр дэв­шигч өрсөлдөж байна. Мэдээж  та анхааралтай харж байгаа байх. Таны ажиглалт, байр суурь манай уншигчдад сонин байх болов уу?
-Яг анх чи бид хоёрын ярилцаж бай­сан тэр үеийн улс төр бол өнөөдөр шал өөр болсон. Зөвхөн гад­нах төрх нь ч өөрчлөгдсөн юм биш. До­тоод мөн чанар нь бас өөрчлөгдсөн. Энийг  бас хүмүүс нарийн сайн мэдэх ёстой юм. Аливаа нэг  улс орон, ард түмэн өөрөө өөрийгөө авч явна гэдэг тийм  амар асуудал биш л дээ. Яагаад гэвэл тэр ард түмэнд улсаа авч явах тэнхээтэй, боловсролтой, оюунлаг, хүмүүжилтэй тийм хүүхдүүд маш их хэрэгтэй бай­даг. Тэд нар нь ул­саа авч явдаг л даа. Яах вэ, гэмт хэр­гийн чанартай, авли­гын чанартай, эдийн засаг, улс төрийн үндсэн явах ёс­той голдиролыг нь үймүүлж самуу­руулсан бүлэглэлүүд хаа ч гарч ирдэг. Тэгсэн ч тэр бүгдий­гээ шийдээд л, туу­лаад л улс орон яв­даг. Өнгөрсөн түү­хийг хараад бай­хад тэр буруу урсга­лууд гажуудлууд орж ирсэн ч, сортоо­той, ухаантай, уураг тархитай үр хүүх­дүүд нь улс орноо тавиад туучихгүй авч явсаар л өнөөдөрт хүргэсэн байна шүү дээ. Монголчууд бидэнд өнөөдөр тийм сай­хан хүүхдүүд нь хэрэгтэй байна. Энэ ард түмнээ хоолтой унд­тай, даарсан үедээ өмсөх дулаан хув­цастай, тэ­гээд бас нэг амьдрах орон гэртэй байл­гачих л асуудал шүү дээ. Бид чинь цөө­хүүлээ. Энэ цөөхөн хүнийхээ аж амьдралыг аваад явчих­даг, дэлхийн газрын зураг дээр байж л байдаг энгийн нэг улс орон шиг л сайхан аваад яв­чи­хаар боломж бид нарт уул нь бай­сан. Гэвч бид тийм сай­хан тэнхээтэй хүүхдүүдээ бэл­дээ­гүй юм байна. Бидний  буруу. Бид өөрсдөө л бэлдэх ёстой байсан бай­на. Ер нь бид өөрс­дөө л өөрс­дий­гөө авч явна шүү дээ. Хэн ч биднийг авч явахгүй. Яахав гад­нынхан бидэнд зөвлөгөө өгч магадгүй, хэдэн төгрөг өгч магадгүй. Тэгээд л “за, одоо цаа­шаа өөрсдөө учраа ол” гэж л хэлнэ шүү дээ. Бидний түүх энийг сайн хэлнэ.

-Тэр ч тийм шүү.
-Манжаас өгсүүлээд л гаднын эрх­шээлд явлаа шүү дээ. Сүүлд оросуу­дын нөлөөнд хэсэг явлаа. За, тэгээд дараа нь Америк барууны орнуудын далд нөлөөнд нэлээд явлаа. Энэ маань бид энд сайн зүйл ч авчирсан, саар зүйл ч авчирсан. Тэглээ гээд одоо тэр улс орнуудыг буруушаа­гаад, сүрхий сүрхий үнэлэлт дүгнэлт өгөөд суугаад байх хэрэггүй л дээ. Яагаад гэвэл бид гаднын хүчийг түшиж тул­гуур­лахгүй л бол болохгүй үеүдийг бас туулж байсан. Бүр өмнөх үедээ олон зуун жилийн турш дайн дажин ч их хийсэн. Энэ тэрүүгээр явж өөрс­дийгөө их үрсэн. Тэгж явах замд нөгөө улс төрийн институц, хүн хүмүүжүү­лэх тэр институц , төрийн хар хайрц­гаа барьж явдаг тэр институц энэ бүх юмнууд чинь хийгдээгүй ч юм уу, эс­вэл алдагдсан ч юм уу. Ямар ч байсан буцаж ирж чадаагүй л байгаа байхгүй юу. Ямар ч үед, юу ч үзэж туулсан, ямар ч зовлон зүдгүүр, дайн дажин то­хиосон үндсэн юмаа алддаггүй, ерөө­сөө тавьдаггүй айхтар бодлого­той улс орнууд байна. Харин бид тийм байж чадсангүй. 1990 онд ардчилсан үйл явц өрнөлөө. Улс төр өөрчлөгдлөө.

-Дагаад нийгэм өөрчлөгдлөө.
-Мэдээж дагаад нийгэм өөрчлөг­дөнө. Шинэ нийгмийн төлөө залуу хүмүүс явж таарна. Нөгөө залуустаа сайн сайхныг хүсэн ерөөгөөд явуул­сан. Ингээд цаашаа алхахдаа бид нөгөө чухал төрийн нарийн бүтэц, тэр юмаа мэдэж, хадгалж чадаагүй учраас зүгээр нэгийн даваан дээр л бүгдээрээ улс орноо газар чулуудчихаж байгаа байхгүй юу. Тэгээд л ерөөсөө хөгш­чүүл нь ч хөнгөдөөд л, залуучууд нь яах вэ дээ мэдээж уур хилэнтэй, омог­той учраас тэрэндээ хөтлөгдсөн янз бүрийн юм болсон. Тэр нь ч бол бас нэг талаас байх л зүйл юм. Тэрийгээ барих хүмүүжил бидэнд байхгүй уч­раас. Социализмын 60-70 жилийн тэр урт амьдралд бидэнд физик, мате­матиктаа онц сурах нь чухал байсан болохоос биш тэр хүн чанартай бо­лох, зөв хүн байх гэх мэтийн хүний ёс­ны юмнуудыг бол суралцах зав бай­сангүй л дээ. Тэр үеийн бидний номонд ч байсангүй. Ингээд эргэцүүлэх зав­далгүй тууж яваад ардчиллын үетэй золгосон. Ардчиллын үед ингэж яваад бид  баруун, зүүн хоёрыг хоёуланг нь алдсан.

Нэг нь мэдлэг боловсролоо алд­сан. Нөгөөдөх нь хүмүүжил, ёс сурта­хуун, хүн чанарын юмнууд маань орж ирсэнгүй. Одоо бидэнд хоёулаа үгүй­лэгдэж байна. Хоёулаа өнөөдрийн улс төрд байхгүй, хоёулаа өнөөдрийн төрд байхгүй, мөн хоёулаа одоогийн ний­гэмд байхгүй байна. Өнөөдөр ямар ч Ерөнхийлөгч гараад ирэхэд гайхах юм байхгүй. Одоо бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өнөөдөр энэ бөх Б.Бат-Эрдэнийн Ерөнхийлөгчид нэр дэв­шээд тууж яваа байдал бол ерөөсөө л бид нарын өнөөдрийн үнэн нүүр царайг илчилж байна шүү дээ.

-Бидний байгаа байдлын л илрэл гэж үү. Та энэ үгээ тод­руулж болох уу?

-Бидний нийгэм өөрөө яг бөх хүн шиг болчихсон байна шүү дээ. Махан биеийн хүч чадал, булчин шөрмөсөө­рөө асуудлыг шийддэг. Ухаанаар, мэд­лэгээр, оюунаар, дээд моралаар  асуудлыг шийддэггүй. Булчингийн хүч чадлаар бусдыг  айлгадаг, сүрдүүлдэг тийм хоцрогдол ямар төвшинд очсо­ныг харж байгаа биз дээ.

-Гэхдээ ард нь 160 гаруй гишүүн дотроосоо шилж сонгож нэр дэв­шүүлсэн нам бий шүү дээ?
-Нам нь өөрөө ямар их доошоо орсныг бид бас харж байна. Уг нь бол социализмын үед МАХН буюу одоо­гийн энэ МАН чинь сэхээтнүүдийн нам байлаа шүү дээ.

-Одоогийн МАН институцийн хувьд ер нь ямар нам бэ?
-Нөгөө бид нарын мэддэг, хүүхэд ахуйгаас, залуу үеэсээ мэддэг, социа­лизмын үед улс орноо авч явж байсан МАХН бол биш шүү дээ. Аль нь ч биш. МАН ч биш, МАХН нь ч биш. Яагаад гэд­гийг түрүүн би хэлсэн дээ. Гол юмаа орхигдуулсан гэж. Ерөөсөө ма­найд улс төр явагдаагүй байна шүү дээ. Хэт их хардалт сэрдэлтийн үе явагдсан. За, тэгээд албан тушаалаар амьдрал нь баталгааждаг нэг тийм муухай үе манайд гүн гүнзгий нутагш­лаа шүү дээ. Хүн зүгээр л хөдөлмөр­лөөд явахад амьдрал нь баталгаажиж өгдөггүй. Заавал улс төрийн нам руу орж байж, заавал улс төрийн албан тушаал руу очиж байж л жаахан ураг­шилдаг. Ийм нэг бохир давалгаа биднийг чинь баллаж өглөө шүү дээ.
 
-Сүүлийн 20 жилд хамгийн их суурьшиж нутагшсан зүйл нээ­рээ энэ байх шүү.

-Тийм шүү дээ.

-Тэгвэл таныхаар үүнд хамгийн том үүрэг  гүцэтгэсэн улс тө­рийн  хүчин, улс төрийн лидер хэн бэ?
-Мэдээж энэ бүхний эхлэлийг тавьсан, загалмайлсан эцэг бол ерөө­сөө л Н.Энхбаяр шүү дээ. Өнөөдөр бөх хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэдэг энэ факт нь өөрөө  Н.Энхбаярын л сүнс явж байгаагийн илрэл шүү дээ.

-МАН-аас үндэсний бөхийн аварга хүн нэр дэвшиж байна гэдэг үү?
-Тэгэхгүй яадаг юм бэ. Тэр хүн л Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга байх үедээ Монгол оронд мэдлэг боловсролыг биш мухар сүсэг, шашинг дэлгэрүүлсэн. Энэ бөх, хэрэгтэй, хэрэггүй яруу найрагч нэр зүүсэн нөхдүүд гээд энэ нийгмийн хам­гийн муу муухайг үйлдвэрлэдэг хү­мүүсийг өөгшүүлээд, шагнаад тэгээд тэд нарыгаа нийгмийн хамгийн муухай хар пиарчид болгоод хая­чих­сан байхгүй юу. Хамгийн боловс­рол­гүй, манай нийгмийн хамгийн бүдүүлэг нөхдүүд шүү дээ. Тэгээд л архи ууж сог­тохоороо онгод орлоо гээд л со­лиор­дог. Худлаа бөх барилдаж байгаа нэрээр дандаа наймаа хийдэг. Одоо наад­маар яаж наймаа хийдгийг та нар бүгд л мэднэ шүү дээ. Хамгийн сүүл­чийн хоёр нөхөр нь зүгээр л барьцаа хангахыг хүлээгээд л, цаг урсгаад зог­соод байдаг биз дээ. Тэгээд барь­цаа ханга гэж хэлүүлж байж барьцаа хан­гадаг. Сумо тэгэхэд хажууд нь ямар гоё бөх билээ. Ёстой бөх шиг бөх шүү дээ. Ёстой шударга эрсийн тоглоом шүү дээ. Манай бөх бол хамгийн муу эр­сийн тоглоом болчихсон байхгүй юу. Энд тэндээс нь зуурч барьж бай­гаад л тэгээд нэг юм барьцаараа хүнийг гуядаж унагаадаг.

-Тэрийг нь харсаар байж бид тэвчээртэй л үзээд суудаг л даа.
-Тэгдэг. Уламжлал болчихсон. Ёс юм шиг л тэвчээртэй үзээд суудаг. За, тэгээд л дандаа компанийн, ноёны бөхчүүд барилддаг. Морь уралдана. Дандаа баячуудын, ноёдын морь уралдана. Энэ чинь буцаад бүр нэг заваан манжийн юм руу явчихлаа шүү дээ. Одоо ёстой нөгөө нэг Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргал­сан хоёр тэнцэнэ гэдэг шиг л юм болж бай­на шүү дээ. Буцаад бид тэр үе лүү­гээ оччихлоо. Юун нөгөө соёлт иргэн­шилт Монгол орон, юун соёлт иргэн­шилт Улаанбаатар. Одоо шороо шуу­раад л байна. Тэгээд л энэ зам энэ тэрээ хар. Ерөөсөө л их хачин байна шүү дээ. Бид нар ийм нэг чөтгөрийн эр­гүүлэгт орчихлоо. Энэ чөтгөрийн эргүүлгээс гарах ёстой. Гаръя гэтэл МАН гэдэг нөгөө МАХН-ын сүнс чинь бид нарыг буцаагаад араас татаад бай­на шүү дээ. Хөгжөөд урагшаа явах гэхээр хойш нь татаж суулгачихаад байна. Монгол орон урагшаа явах гээд байна шүү дээ. Гэтэл энэ нам араас зуур­чихаад байна. Бөх Ерөнхийлөгч­тэй болгох гээд ичихгүй дайрч байна. Энэ чинь юу болж байна вэ. Дараа­гийн Улсын Их Хуралд дандаа бөхчүүд орж ирнэ ээ л гэсэн үг шүү дээ. Үгүй тэ­гээд энэ улс орон чинь яах болж байна аа.

-Одоо ч гэсэн бөхчүүд сууж л байна шүү дээ.
-Одоо бас баахан бөх сууж л бай­гаа. Бөхийн чуулган болох гээд байгаа юм уу, хаашаа юм. Тэгэхээр бид нар бөх хүн гэж хэн бэ гэдгийг ярих хэрэг­тэй. Хэн байсан юм. Одоо хэн болцгоо­чихсон юм гэдгийг.  Би бөх гэдэг спор­тыг нь ярьж байгаа юм биш шүү. Бөх барилдаж, энэ нийгэмд арчаагүйтэж амьдарч яваа тэр нэг хэсэг хүмүүсийг л хэлэх гээд байна шүү дээ. Бөх ба­рилд­даг нэртэй, ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу , том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоо­лыг иддэг нэг иймэрхүү л хүүх­дүүд бөх болдог биз дээ. Дунд сургуу­лиа арай гэж төгссөн болоод арай гайгүй нь биеийн тамирын анги, ихэнх нь бөхийн сургууль, за тэгээд болох­гүй нь цэрэгт явна. Ирээд том том га­зар чирсэн дээлтэй, архи ууж, хүмүү­сийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруу­дад орж хүн зоддог. За, тэгээд энд тэнд аймгуудад хэчнээн ч олон авгай­тай байдаг юм. Сүүлдээ явсаар эц­сийн эцэст тиймэрхүү л хүмүүс ха­раг­даад байна шүү дээ. Нөгөө социа­лизмын үеийн алдарт аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнхийн үеийн сай­хан спорт алга болсон. Тэр сайхан ний­гэмдээ, цаг үедээ нөлөөлж байсан биеийн тамир байхгүй болчихсон. Энэ чинь одоо биеийн тамир биш болчи­хоод байна шүү дээ. Ерөөсөө зүгээр л казиногийн тоглоом шиг юм болчих­сон байна. Тэгээд л ичгүүр­гүй­гээр ард түмнээ хуурч худлаа ба­рилд­даг. Авлига жинхэнэ цэцэглэж байгаа газар бол бөхчүүдийн ертөнц болчихсон гэж хүмүүс маш их ярьдаг болсон. Ийм гутамшигтай ертөнц бол­гочихоод, тэрний хамгийн гол хор най­руулагчийг бүр улсынхаа Ерөнхийлөг­чид нэр дэв­шүүлчихсэн явж байдаг. Ингэж ард ол­ныг мунхруулж, басам­жилж, дором­жилж болохгүй шүү дээ.

-Хоёр Мөнх бол зөвхөн үндэс­ний бөхийн ч биш дэлхийд ам­жилтаа сийлсэн, эх орондоо олимпийн анхны медалиудыг нь авчирч өгсөн гавъяатнууд. Тэдэнтэй жиших бололцоогүй л дээ.
-Тэд нар чинь дэлхий ертөнцөд нэр төртэй явсан хүмүүс байхгүй юу. Эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийн­хөө далбааг мандуулж явсан жинхэнэ тамирчид. Б.Бат-Эрдэнэ бол монгол бөхийн ертөнцөд зөндөө балаг тарь­сан хүн. Юун тэр дэлхий ертөнцөд ал­дар сууг бүтээх. Хагалж, хувааж, хар амиа хичээхээс өөр юу хийсэн юм бэ. Бид нар мэднэ шүү дээ. Хүмүүс ч гэ­сэн дургүй л байдаг юм билээ. Ба­рилдаж чаддаггүй гэж үздэг хүмүүс ч зөндөө байдаг байсан. Ерөөсөө зуурч, баглаж, хар хүчээр дарж уяж эцээж байж хаядаг. Сайхан уран мэх хий­дэггүй.   Уран сайхан мэхнүүд хийдэг, барилдаанаараа ард олноо баясгадаг тийм юм байдаггүй шүү дээ. Тэгээд араас нь залуу сайхан аварга гарч ирэ­хээр тэрийгээ хавчиж  байгаад зай­луулдаг. Залуучуудыг хооронд нь хагалдаг. Их дотуур тамиртай хүн гэдэг яриа бөхийн ертөнцөд байдаг. Өөрөө ямар ч мэх байхгүй, уйтгартай. Үндэсний бөхийг яг сайхан биеийн тамир болон хөгжиж байхад гарч ирээд царцанги болгочихсон.

-Спорт гэдэг утгаараа манай үн­дэсний бөх төдийлөн сайн хөг­жихгүй байгаа л гэлцдэг. Дот­роо ч асар их хэрүүл тэмцэлтэй болсон юм билээ.

-Дээр үед ямар гоё байсан гэж са­нана. Одоо тэр Тулгаа заан гээд маяг­тай гоё барилддаг бөх байсан. За, тэ­гээд Амагаа заан энэ тэр гээд маш гоё барилддаг бөхчүүд зөндөө. Дөв­чин заан ч гэсэн маш гоё уран барил­даантай байсан.

-Би таныг бөх мэддэг гэж ерөө­сөө бодсонгүй.
-Бид чинь багаасаа л бөх үзэж өс­сөн шүү дээ. Өвөөтэйгөө зурагт үзээд л, тэр л гоё бөхчүүдийг харж, уран гоё мэхүүдийг нь үзэж бахаддаг байлаа. Наадам ч их сайхан болдог байж дээ. Сүүлдээ бид наадмаа ч хийж чадахаа байсан ш дээ. Бүр машины гэрэл энэ тэр тусгаж барилдаад л хөгөө чирээ биз дээ. Ингээд л наадам маань ч ха­чин юм болчихсон. Яршиг, нэг талаас миний бодлоор Б.Бат-Эрдэнэ ингэж гарч ирж байна aа гэдэг чинь бас зөв байхгүй юу. Яагаад гэвэл бид нэг хэн гэдгээ одоо толинд харах ёс­той болсон байна. Ер нь бид ингэж унаж нэг ямар байгаагаа мэдэх ёстой. Тэр орчихоод байгаа чөтгөрийн тойр­гоо олж харах ёстой. Ерөөсөө энэ л чөтгөрийн тойр­гоосоо яаж гарах вэ гэдгээ одоо бодох ёстой байхгүй юу. Бид нар харчихлаа шүү дээ. Али­ваа нэг хүн алдаагаа мэд­­чихээр аягүй гоё цэгцэрч ирдэг  байхгүй юу. Яагаад гэвэл хаана алд­санаа одоо мэдэж байна. Тэгэхээр одоо засах аргаа олно шүү дээ. Улс орон ч адилхан. Мон­гол орон хаана алдчихаад байна вэ, хаана чөтгөрийн тойрог байна вэ гэдгийг олоод харчих­лаа шүү дээ. Одоо үүнээсээ бид салах ёстой. Энэний загалмайлсан эцгийг бид мэдэж байна. Тэр хүний сүнс явж байгаа гэдгийг ч мэдэж байна. МАН-ыг ер нь ямар нам бол­чихсон юм бэ гэдгийг мэдэж байгаа. Одоо МАН-ыг улс төрийн байгууллага гэж хэ­лэхэд хэцүү болчихоод байна шүү дээ.

-Нэг бөх намын даргаа ялаад Ерөнхийлөгчид нэр дэвшиж бай­на гэдгийг яагаад ч ойлгох­гүй байгаа юм л даа.  

-Үгүй ээ, энэ чинь намын дарга нь нэр дэвших ёстой шүү дээ. Яах гэж улс төрийн намын дарга гэж байгаа юм бэ. Тийм биз дээ. Ядаж ерөнхий нарийн бичгийн дарга нь дэвших ёстой шүү дээ. Ерөөсөө гутамшиг шүү дээ. Би зүгээр бодож байна. Яг үнэндээ Мон­голын улс төр ерөнхийдөө ганд­чихаж. Одоо нэг шинэ бороо орж, шинэ сайхан өглөө эхлэхгүй бол ганд­чих­сан байна шүү дээ, Монголын улс төр. Гандчихсан байна. Ган болж бай­на. Улс төрийн ган. Одоо энэ гангаасаа бид нар гарах ёстой. Улс төрийн ган болж байгаа нь Б.Бат-Эрдэнээр илэр­хийлэгдлээ шүү дээ. Түүхэнд бол ард түмэн сайн явах, муу явах хоёулаа л байдаг. Сайн явж байхдаа онгирч бол­охгүй, муу явж байхдаа гутарч бо­лох­гүй. Муугаасаа гарах замаа олох хэ­рэгтэй. Сайн байгаа үедээ даруухан байх хэрэгтэй. Тэр л бидэнд чухал. Тэгэхээр бид одоо яах вэ. Улс төрийн энэ их муухай ган гамшиг, одоо юу гэ­дэг юм ийм хачин байдалд орчих­лоо. Оруулсан эзэнтэй. Нэртэй. Одоо яая гэхэв. Ийм л үйлтэй байж. Тийм учраас одоо эндээсээ бид гарах ёстой. Улс төрийн онолын чухал чухал асууд­луудыг цэгцэлж авах хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөдөр улс төрийн намуудад онолын хүмүүс байхгүй байна л даа. 

 -Та Н.Энхбаяртай эвтэйхэн явж байгаад намын листэд нь нэр дэвшиж орж ирээд, дараа нь тэр намыг нь аваад  өөрчлөх гар­цыг хайж болоогүй юу. Таны до­тор хүн  зөшөөрөхгүй байсан байх л даа. Гэхдээ ийм их зар­чим алдагдаж байгаа үед зар­чимгүй нэг тоглоод үзэхгүй яасан юм.
-За, нэгдүгээрт миний хүмүүжил бай­на. Зальтай царайлаад л, хүний нөмөргөн дор явж байгаад хэзээ нэгэн цаг гарч ирнэ гээд гэтчихсэн явж байх тийм хүмүүжил багаас надад байхгүй шүү дээ. Миний хүмүүжил бол яг л юмаа хийдэг, цэвэрч, дэг журамтай, сахилга баттай, ёс суртанхуунтай, хө­дөлмөрч, эрдэм мэдлэгт суурилсан л хүмүүжил шүү дээ. Хоёрдугаарт, би улс төрийнхөө хувьд Монгол орныхоо л төлөө явж байгаа хүн. Надад эх орон минь хөгжих  нь чухал боло­хоос биш хэн нэгний дор явах тэр нэг их сонин биш. Би Их хуралд орохгүй ч эх орны­хоо төлөө ажиллаж чадна. Бүр илүү ч ажил­лах байх, би улс төрд орохгүй­гээр эх орныхоо төлөө асар их юм хийж чадна шүү дээ. Гурав­ду­гаарт, би тэр Энхбаяртан  болон тэд нартай тэгж удаан заваараад л цаг үрж байхын оронд хэдэн ном бичье гэж бодлоо. Улс төрийн гурван ном бичлээ шүү дээ.

-Ерөнхийдөө тарыг нь таниад л холдчихсон байх гэж бодсон.
-Би ерөхийдөө нэг л юм бодож бай­сан. За, энэ хүн олон жил алдаа хий­сэн. Монгол орны улс төрд дэмий ба­лай юм зөндөө хийсэн. Одоо энийгээ хурдан засах хэрэгтэй. Сайнаар хэлэ­хэд би бас тусалъя, дэмжье гэж бодож байсан. Угаасаа мань хүн чинь өөрөө гадаад дотоод руу явж, мэдлэг боловс­рол эзэмшиж, энээ тэрээ улс төрийн онолд суралцсан хүн биш шүү дээ. Яахав ерөнхийдөө хүний аз гэж бас байна.Тухайн үед Монгол орон ямар бай­лаа. Ёстой нөгөө тэр үед ардын хувьсал гэж юу байлаа, ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч гэж юу байлаа гэдэг шиг тэр их үймээний үед л дундуур нь төрд шургачихсан хүн шүү дээ.  Монголын ард түмэн ард­чил­­лаас айгаад хуучин хувьсгалт намаа гаргаж ирээд байсан. Тэр чө­лөө­нөөр төрд шургачихсан. Ер нь да­раа нь одоо хөгждөггүй юм аа гэхэд ядаж алдсан эрх мэдлээ буцааж авъя гэж л МАХН зүтгэсэн шүү дээ. Та нар мэдэж байгаа байх 1990-ээд оны үед юу болж байсныг. Тэгээд бүгдээрээ Хувьс­галт намыг чинь бүр уухайлан сонгож байлаа шүү дээ. Монгол хүн чинь бас прагматик учраас сайжирч чадахгүй юм аа гэхэд муудаад ирсэн нөхдүүдийг барьж авсан. Гэтэл тэр нөх­дүүд нь аль хэдийнэ нүүрээ бу­руул­чихсан байсан байхгүй юу, Мон­голын ард түмнээс. Нэгдүгээрт, нүү­рээ бу­руул­чихсан байсан, хоёрду­гаарт, нөгөө нэг хуучны сайхан улс ор­ноо авч явдаг боловсролтой, соёл­той сэ­хээтнүүд нь тэртээ тэргүй бүг­дээрээ алга болчихсон байсан. Тэ­гээд буцаад ийм нэг хачин, нэр нь МАХН мөртлөө кадр нь жинхэнэ бэр­тэгчин улсууд, тэрний дараагийн хоёр дахь үеийн залуу бэртэгчид бүр аюултай нөх­дүүд гарч ирсэн шүү дээ. Бид мэ­дэж байгаа. Олон орлогч сайдууд нь энэ тэндэхийн казинод очиж Мон­гол орны хэчнээн ч төгрөгөөр тоглож алга хий­сэн юм. Ерөнхийдөө казино нам бол­сон шүү дээ. Тэгэхээр бидэнд ер нь ямар ч улс төрийн өөрчлөлт гар­сан  гэсэн,  дайн болсон ч гэсэн, хаан нь үх­сэн ч гэсэн, Засгийн газрын ордон нь дэлбэрсэн ч гэсэн ард түмэн нь хо­хирохгүй цаашаагаа ажил амьдра­лаа аваад явдаг тийм төрийн хар хайр­цагны бодлого хэрэгтэй байгаа байх­гүй юу. Би тэрийг л хэлээд, бичээд бай­гаа байхгүй юу даа. Америкийн олон Ерөнхийлөгч буудуулж алуулсан шүү дээ. Тэгэхэд Америк орон хэзээ ч хямраагүй. Дараагийн Ерөнхийлөгч нь бэлэн байсан. Бэлд­чихсэн  байсан. Тэгээд л тэр нь ард түм­нээсээ үүргээ аваад л цаашаа яв­даг шүү дээ. Тэнд бол нэг унтаад сэрэ­хэд хүүхдүүдийг нь цэцэрлэггүй бол­го­чихгүй, хүүхдүүд нь гүйдэг, тоглодог хөл бөмбөгийн талбайг нь нураагаад байшин барь­чихгүй, яг л байдгаараа байна. Бид чинь  жижигхэн өөрчлөлт, жижигхэн хямрал, жижигхэн улс төрийн зөрчил­дөөн, жижигхэн ийм нэг хямрал ирэ­хээр тэрэн дээр сөхрөөд л уначихдаг. Тэгээд л нөгөө муу муу­хай амьдрал чинь гаарчихдаг. Бид нар чинь хямралыг давж чадахгүй юм байна шүү дээ.

-Одоо энэ бөх дэвшүүлээд явж байгаа байдлаас маань бидний сул дорой төрх илүү тод хараг­даж байна л даа.
-Одоо тод харуулж байна шүү дээ.

-Аймшигтай том ухралт шүү дээ.   
-Ямар их хойшоо ухарч байна aа. Дэн­дүү их ухарч байна шүү дээ. Ийм уч­раас энэ хүмүүсийн бухимдал их байна. 

-Ядаж сансрын нисэгчээ дэв­шүү­лэхгүй дээ.
-Үгүй харин тэгдэг байгаа даа. Ядаж энэ алаг дэлхийг дээрээс нь харж юм бодож үзсэн хүн шүү дээ. Ерөн­хийдөө тэр намд чинь хуучны сэ­хээтний үлдэгдлүүд зөндөө байгаа шүү дээ. С.Баяр нь байна. Тэр Миеэ­гом­­бын Энхболд ч байсан яадаг юм бэ.

-Тийм шүү. Ц.Нямдорж, Д.Лүн­дээ­жанцан, Д.Дэмбэрэл, Сү.Бат­болд гээд олон хүн байна.

 -Тийм шүү дээ. Ядаж шадар сайд байсан М.Энхболд яасан юм. Сайд байсан, гадаадад элчин сайд байсан, юм үзэж нүд тайлсан тийм хүмүүсийг л дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Намын даргаа одоо яаж байгаа юм. Энд ойлгогдох юм байна уу. Бүр бо­лиод ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүл л дээ.Улс төрийн нам юм бол. Болдогсон бол, хүнээр бол энэ нам ёс­той нэг сүмд очоод нэг, хоёр жил ном уншуулаад, бясалгал хийгээд ариу­саад эргэж ирэхээр бол­чихлоо шүү дээ. Ариусч, цэвэрлэгдэж ча­дах­гүй юм бол Монголын ард түмэн ерөн­хий­дөө Ардын нам гэдэг энэ намаас нүүрээ буруулах хэрэгтэй. Тэ­гэхгүй гэ­вэл эд нарыг хүмүүжүүлж авах хэ­рэг­тэй, хүн болгож авах хэрэг­тэй. Ар­дын нам бол одоо зүгээр сахил­гагүй хул­гиан залуу болчихлоо шүү дээ. Хэлбэрийн хувьд ч гэсэн хачин мар­зан залуучуудыг цуглуулж хөөр­цөг­лөөд л, тэд нарынх нь мунхаг бай­гааг ээ. Тэр яриа энэ тэр гэж авах юм байх­гүй. Юм болгоны үнэтэй цайтайг нь авч идэж, булааж хэрэглэчихээд, тол­гой нь хов хоосон.

 -Ингэхэд МАХН гэдэг тэр намыг та дэргэдээс нь бас нэлээд  ажиг­ласан байх. Улс төрийн хү­чин болж төлөвших магадлал, бололцоо байна уу?  

-Хувьсгалт нам чинь Н.Энхбаярын л хувийн нам биз дээ. Н.Энхбаярын нам буцаад тэр Ардын нам руугаа  очих хэрэгтэй шүү дээ. Тэрэнтэйгээ одоо нийлэх хэрэгтэй .

-Бас ингээд л улс төрийг хутгаад байж болохгүй л дээ. Хаялага нь Монгол Төрийг л самраад байгааг хаа хаанаа бодмоор л харагддаг.  
-Яах юм бэ, ингэж.  Одоо утгагүй шүү дээ. Юу ч чадахгүй байж Засгийн газарт орж давхиад л. Утгагүйтээд л. Тэдний нам ингэж болохгүй шүү дээ. Нэг тийм үлгэр байдаг юм. Нэг муу нөхрийн тухай үлгэр л дээ. Яадаг вэ гэхээр, өөрөө чадахгүй болохоороо бу­сад хүнийг нураадаг.  Нэгэнт би ча­дахгүй байгаа юм чинь, нэгэнт ми­ний ажил бүтээгүй юм чинь эд нарыг уст­гаад өгнө өө гээд амар заяа үзүүл­дэг­гүй нэг нөхрийн тухай үлгэр байдаг. Тэр л харагдаад байгаа юм. Нэ­гэнт л би Ерөнхийлөгч болж чадах­гүй юм болбол эд нар яаж ч зодолдсон яадаг юм. Ер нь энэ муу Монгол орон яасан ч яадаг юм гэж бид нарыг хохи­роож, тэр хохироолтоос ханамж авч байна шүү дээ. Монголын ард түмнийг хохи­роож, бидний амьдрал улам л хохирч, улам хямралд орж, хоорондоо муудаж, зөрчилдөж муу муухайгаа дэлгэ­рүүлж л байвал тэр хүн ханамж авч байна. Юм чинь нэг буруу эргэчи­хээр л ингэ­дэг байхгүй юу. Одоо бид бага бай­хад яадаг байснаа мэднэ шүү дээ. Нэг тийм дөрөө олохгүй  ааш­тай дүү нар байдаг ш дээ. Сайхан даа­луу тоглож байгаад хожигдчихоо­роо бид нарын тоглож байсан даалууг гүйж ирээд  цацаад хаячихдаг. Нэгэнт л би эд нартай тоглохгүй юм чинь эд нар ч битгий тоглог гээд тоглоомыг юу ч үгүй шороотой хутгаад хаячихдаг ийм нэг нөхдүүд байдаг шүү дээ. Яг тэ­рэн шиг байгаа биз дээ. Нэгэнт л би энэ улс төрд орж ирж чадахгүй юм чинь энэ муу улс төрийг би ёстой зү­гээр хуйх­лаад хаячихъя, хохь нь. Мон­го­лын ард түмнийг  яахыг нь харъя  гээд шүдээ хавираад хараагаад хэв­тээд байдаг. Яахаараа монголын төрд гурвын гурван өндөрлөг албыг нь ха­шиж туйлж явсан ийм хүн ард түмэн­дээ ийм муухай  хүйтэн цэвдэг байдаг юм бэ. Бид үнэхээр их гайхдаг байх­гүй юу. Ард түмэндээ хорсчих­сон. Ард түмэн­дээ үхэн үхтэлээ хайр­тай байсаар бай­гаад үхэх ёстой байх­гүй юу, мань эр бол. Энэ нөхөр чинь өөрийгөө хувь хүн гэж бодож болохгүй биз дээ. Би ард түмний хүү, ард түмэн­тэйгээ хамт үхнэ гэж бодох ёстой байхгүй юу .Тийм биш байна шүү дээ. Энэ хийж байгаа үйлдлүүдийг нь хара­хад. Нэг Арвин­даж, нэг намыг нь сам­раад л, нэг Бат-Эрдэнэдэж, нөгөө на­мыг нь самраад л. Ил далд бөөн явуул­га хийгээд л. Яаж ингэж улс орондоо өширхөж болдог юм бол.  
 
-Бид эх орондоо хайргүй­дээ, бусдын мууг үзэх гэсэндээ ин­гэж ярьж тэмцэж байгаа ул­сууд биш биз дээ. Заримдаа бүр гайх­ширлаасаа болоод шууд зогсчих юм.
-Харин тийм ээ. Бат-Эрдэнэ бол мон­голын үнэртэй хүн ч гэх шиг. Бид тэ­гээд ямар үнэртэй юм. Би эх орон­доо хайргүй юм уу. Та нар бас хайргүй юм уу. Би чинь хайртай учраас л энэ төр улсыг шүүмжилж, ном бичиж, ярьж хэлж тэмцэж яваа биз дээ. Ямар ч хор найруулахгүйгээр, ямар ч эх орноо самарсан муухай сэдэл санаа өвөрлөхгүйгээр, өөрийнхөөрөө тэмцэж яваа биз дээ.

-Алдаагаа хуучин гуталтайгаа тайлж хаяад л цаашаа явъя гэж та Н.Энхбаярт санал тавьсан юм байна шүү дээ, ер нь.

-Одоо ерөөсөө урагшаагаа л явъя. Алд­сан уу, алдсан. Одоо тэрэнтэйгээ зуу­ралдаад юу хийх вэ. Засч зал­руулъя, айл гэр ч гэсэн тийм шүү дээ. Бид одоо хоорондоо зөрчилдөөд, хэ­рэл­дээд л ингээд суугаад байвал суу­гаад л байна шүү дээ. Одоо больё, мар­гааш өглөөнөөс бүгдээрээ тэврэл­дэж, уйлалдаж, үнсэлцэж  аваад тэгээд л ажилдаа орох ёстой байхгүй юу. Монгол орон өнөөдөр яг тэгэх ёстой. Гэ­тэл тэгж чадахгүй байна шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол хэзээ ч ийм ал­хам хийж чадахгүй хүн юм билээ. Ерөөсөө дотоод чанар нь эвдрэл­цүү­лэх, хагалах, хуваах, биеэ өмөөрөх. Үнэхээр ойлгохгүй юм билээ. Тэр хүн өөрийнхөө дотрыг, мөн чанараа, зүр­хээ угаах хэрэгтэй. Ерөөсөө монгол оронд их угаалга хэрэгтэй байна. Хүн чанарын, ёс суртахууны том угаалга хэ­рэгтэй болжээ. Ерөнхийдөө яг л одоо соёлын урсгал явагдах гээд бай­на шүү дээ. Монгол оронд ийм хувьс­гал явагдаагүй байхгүй юу. Яг жинхэ­нэ утгаараа монгол хүний, монголчуу­дын өөрсдийнх нь хийх тэр хувьсал яваг­даагүй шүү дээ. Ардын хувьсгал бол ерөнхийдөө оросууд залж удирд­сан гаднаас удирдлагатай хувьсгал байсан. За, ардчилсан хувьсал бол гад­наас удирдлагатай ерөнхийдөө аме­рикаас удирдлагатай, гаднаас маш их мөнгө орж ирж байж тэр хувьс­гал явагдаж байсан. Үүнийг өнөөдөр нэг их нуугаад яахав. Тийм л түүхтэй. Монголчууд өөрсдөө бид дот­роосоо хувьсгал огт хийгээгүй байх­гүй юу. Сэтгэлээсээ, бүр амин зүрх­нээ­сээ хувьсгал хийгээгүй байхгүй юу. Тэгэхээр одоо бид жинхэнэ соё­лын хувьсгалыг хийх ёстой. Мон­гол хүнд маш их нөөц байдаг юм байна. Бүгдээрээ паг бичиг үсэггүй л байсан улсууд шүү дээ. Сурсан. Дараа нь социализмын үед тэр Москва энэ тэрд нь очоод юм сурцгаалаа. Ирээд хийж бүтээлээ. Чадсан шүү дээ бид. Бас муу муухайг нь хөдөлгөх юм бол бас муу муухайгийн нөөц ямар их байна. Ийм зүйлийг ч бид нар өнгөрсөн 20 жил хангалттай харлаа шүү дээ (инээв). Тэгэхээр одоо чин зүрхний хувьс­галаа хийх цаг болсон. Өөрс­дөө хийх ёстой. Дараа нь уучлах, өр­шөөх, хамгийн сүүлд хайрлах. Тэр бүг­дийгээ нэг хийж авах хэрэгтэй. Яг амин зүрх­ний тэр хувьсгал маань бидний соё­лын хувьсгал, эрдэм боловсролын хувьс­гал, ариуслын хувьсгал байх ёс­той. Яагаад өөрсдөө, өөрсдөө гээд дав­таад байна гэхээр бид чинь бас хүнээр заалгуулах дургүй хүмүүс шүү дээ. Тийм учраас одоо өөрсдөө хийх гээд байна шүү дээ. Өөрсдөө бид энэ хувьсгалынхаа автор нь болох ёс­той байхгүй юу. Монголын хүүхдүүд өөрс­дөө дотроосоо, өөрсдийнхөө тол­гой­гоор, өөрсдийнхөө  авьяас чадва­раар, нөөц бололцоогоороо, өөрсдийн­хөө сайн санаагаар хийх ёстой шүү. Мон­гол хүн чинь их тийм сайн санаа­тай шүү дээ. Монгол хүн бол дандаа л сайн санааны үүднээс аливааг хийдэг. Яваандаа тэр юм нь буруутаад явчих­даг л болохоос. 

Энэ хүн бол Их Сургуулийн тан­химд шавь нартаа лекц уншдаг хүн. Гэхдээ тэднийгээ хэзээ ч юунд ч ашиглаж байгаагүй. Учир нь түүнд Монголынхоо үр са­даар, монголчуудаараа тоглох өчүүхэн ч санаа сэдэл байхгүй юм. Тэр монголчуудынхаа төлөө л өнөөдөр шатаж байгаа юм. Маргааш ч шатна. Ер нь үргэлж л ийм байх болов уу.