Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх ажиллагаанд учирч буй зөрчлийг арилгаж хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг  хүргүүлжээ.
 
Учир нь Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үед шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүгчийг заналхийлж эрх чөлөөнд нь халдсан зэрэг хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд гаргалаа гэж тус шүүхээс Ерөнхийлөгчид “матаас” бичсэн юм байна. Тэгээд энэ талаар анхаарч, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгээд, түүнийгээ эргэж “илтгэх”-ийг Ерөнхий сайдад мэдэгджээ.

Дөрвөн жилийн өмнөх “7 сарын 1” гэх хар сэдэв энэ сонгуулийн гол зэвсэг болсны нууж хаах юмгүй ил тод дохио өнөөдрийн энэ хэрэг явдлууд болж байна. Өнгөлөн далдалт хийж, цэвэрхэн царайлалгүй, намайг юу гэж хараах бол, яаж гүтгэх бол гэж айж эмээлгүй бүр тодорхойхон хэлчихэд тун саяхан байрандаа очсон сөрөг хүчнийхний зүгээс эрх баригчид руу довтлох гол сэдэв, гол шийдэм нь эл хэрэг  болжээ.

Судалгаанаас үзэхэд энэ хэргийн эргэн тойронд өнөөдөр өрнөж буй үйл явдлуудыг иргэдийн тун цөөхөн хувь, бараг 0,5 хүрэхтэй үгүйтэй хэсгийнхэн л дагаж хашгирч байгаа аж. Харин дийлэнх нь залхаж, энэ хэргийн эргэн тойронд хуурамч гогцоо үүсгэн улс төрийн ашиг хонжоо хайж байгаа явдалд дургүйцэж байна. Залхана гэдэг бол таагүй байгаагийн илрэл. Дургүйцнэ гэдэг шууд утгаараа эсэргүүцэж байгаа хэлбэр. Гэвч аливаа харгис улс төрийн хийрхэл энэ мэт эрчээ аван эргэхээрээ нийгмийн санаа сэтгэлийг авч хэлэлцдэггүй л дээ. Хэрэг явдал тэр зам руугаа нэгэнт оржээ. Харин шүүх, прокурорын байгууллагыг шууд утгаараа гартаа атгаж буй Ерөнхийлөгчийг сөрөг хүчний нэр дээр яах аргагүй хаяглагдаж буй энэ хэргийн гол “эцэг” гэж зарим хэсэг үзэж байгааг яаж харах ёстой вэ. Түүний үйлдлүүдийг албан ёсны ариун үүргээ биелүүлж байна гэж үзэх үү, улайссан улс төрд бамбар болон дүрэлзэж, төрөлх намдаа түшиг болж байна гэж унших уу.

Гэтэл нийгмийн маань зарим хэсэг түүнийг “7 сарын 1”-ний үймээн самууныг өдөөгчдийн нэг гэж үздэг. Уг нь тухайн үед намаа толгойлж орсон намын дарга сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэх нь зарчмын хэрэг. Чулуу мод нийлүүлж, байшин сав шатааж яваагүй л бол түүнийг шууд утгаар ийш нь татаж буруушаах нь нэг талаас бол бас л улс төр. Нөгөө талд нь мөн л намаа авч “байлдаан”-нд ороод ялалт байгуулсан тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр учир нь олдохгүй олон зүйлд буруушаагддаг. Намынх нь зарим нөхөд байр саваа галд өргөчихлөө, энэний үед л үзээгүйгээ үзлээ гэж загнаж зүхдэг бол, нийгмийн зарим хэсэг сонгуулийг луйвардчихсан гэж дайрдаг. Тэр бүү хэл үймээний үед онц байдал тогтоох зарлиг гаргасан Ерөнхийлөгч “Би онц байдал зарлахыг нэг их хүсээгүй, энэ С.Баяр гэж нөхөр л шахаад гарын үсэг зуруулчихсан” гэж урвайдаг. Яах гэж намын дарга намаа толгойлж улс төрийн хамгийн том “тулаан”-нд ордог юм бэ. Ялах гэж биз дээ. Тэгээд ялаад ирэхээр нь яагаад яллаж угтсан юм бол. С.Баяр байр сав шатахад яагаад буруутан болдог хэрэг вэ. Улайрсан согтуу галзуу босогчид гартаа тааралдсан цагдаа болгоныг нүдэж, харсан болгоноо эвдэн сүйтгэж, бараг дайны байдалд шилжчихээд байсан тэр цаг мөчид орон гэрээ хамгийн түрүүлж хаяад ордон руу зарим шигээ зугтах байсан юм уу. Эсвэл дан цамцтай, хэнхдэг нүцгэн гарч ирээд чулуун мөндөрт даруулан унах байсан юм уу.

Монголчууд юмыг ултай, уужуу бодохыг эрхэмлэн сургаж ирсэн ард түмэн. Одоо тэр нь хаашаа нисэн одов оо. Хийрхээд л, хөөсрөөд л, бие биенээ барьж идэхээр уулгалан дайраад л байдаг болсоор хичнээн оныг үдэв ээ. Хийрхэл, хөөсрөл, хөөрөл, галзуурлынх нь хөлд учраа мэдэхгүй “шоу”-дах гэж ирсэн таван иргэн амиа алдчихлаа. Одоо энэ хэргийн шонгоос нэг хэсэг С.Зоригийн хэргээс Ардчиллынхан уяатай тарчилж байсан шиг цагдаагийн хэдэн дарга хүлээтэй хатаж байна. Ийм иш мухаргүй ялт хэргийн шонд дам утгаар хүлэгдэн зовох шиг аймаар юм байхгүйг Ардчилсан намынхан хамгийн сайн мэднэ. Лидер болгон нь С.Зоригийг хороосон гэгдэн хардагдаж, мөн ч зовлонтой халуун тамыг эдэлж байж билээ. Харин нялх нялзрай байсан ч гэсэн тухайн үед монголын ардчилал тэднийг тэр аймшигт эргүүлэгт түлхчихэлгүй авч үлдсэн. Одоо энэ муухай эрүүлгээс эрийн цээнд хүрсэн ардчилал улс орноо яаж авч гарах бол. Цэрэг цагдаагаа үзэж чаддаггүй үзлээр нэг хэсэг нь нийгмээ угааж, цэрэг цагдаа нь ч өөрсдийнхөө хэн болохыг ухаарч амжилгүй хэн дуртайгийн хөл гарын аясаар өнхөрсөөр энэ улс орон хаашаа явж байгааг хэлэх баримжаа үгүй болж байна.

Энэхүү бужигнаан дунд аль ч намын дарга хөдөлж чадахгүй сууж байхад Монгол улсын Ерөнхийлөгч л санаачилга гарган “ажиллаж” байгаа харагдана. Тэр улс төрийн лидерийнхээ хувьд эрсдлээс айдаггүйгээрээ зартай. Элдвээр харагдах, ичиж нэрэлхэх, урсгал дагах, сайн муугаар хэлэгдэх мэтээс бэргэж яваагүй нэгэн болохоор ахиад л бас нэгэн хачин алхам хийлээ. Ерөнхий сайдад албан тоот илгээхийнхээ өмнө тэрбээр  ЦЕГ-ын даргыг дуудаж баахан “аашилжээ”. Генерал Д.Сандаг-Очир ч дуудагдаж очоод баахан “гөвшүүлсэн” байна. Генерал Д.Сандаг-Очир бол Ч.Амарболд биш. Тэр сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг төдийгүй, барагтайн өмнө амаа салхилуулдаггүй чигжүү хүн. Хүчний байгууллагыг, тэр дундаа өнөөдрийнх шиг энэ олон улс төрийн институциудын дунд учраа олж ажиллахад төвөгтэй дальдачсан цагдаагийн байгууллагыг тэрэн шиг барагтайд сууж үлддэг, элдэв улс төр дагаж хий гишгэдэггүй хүн толгойлж байгаа нь заримдаа зөв харагддаг. Мэдээж зарим үед бас дэндүү олхиогүй, нонж дорой үзэгддэг. Ялангуяа өнөөдрийн энэ хэрэг явдлуудын дунд цагдааг өнөө маргаашийн завсар хөл хөлийн аясаар өшиглөгдөн өнхөрч явааг харсан олон нийт зарим талаар дур нь гутсан байх. Урд өдөр нь иргэдийн дургүйцэлд улаан нүүрээ шалзартал түлсэн нэг нэр хүнд муутай шүүгчийг тоож хамгаалалгүй нуруугаа харуулан зогсч байсан цагдаа маргааш нь мөрөн дээр нь ганц ширхэг хялгас ч үсэргэлгүй хашч хамгаалж зогсож байгаад эмнэлгийн машинд суулгасан хуучин дарга нараа “дээрээс хорь гээд байна. Одоо та нарыгаа шорон руу ачъя даа” гээд ирчихсэн, нөгөө цагдаагийн ар гэрийн холбооныхонтойгоо үзээд зогсож байгаа эмгэнэл инээдмийн туйлыг үзээд ичих, өрөвдөх хосолсон байх. Цагдаа шиг энэ өдрүүдэд дүрээ алдсан, дур гутаасан, дэндүү өрөвдөлтэй байдалд орсон хүн алга байлаа даа.     



Ерөнхийлөгч генералыг юу гэж загнав аа?

“Сүхбаатар дүүргийн  Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар зэрэг шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар” ггомдлыг Ерөнхийлөгчид  ирүүлжээ.

“Яасан далдганасан шүүгч вэ, энэ. Шүүгч л юм бол тавилангаа даагаач дээ. Чулуу мод шидэх, харааж зүхэх, элс шороо цацах, лам бөөгөөр явж гомдогсод шүүгчийг ээрч байдаг нь тэдний амьдралын салшгүй дүр төрх биз дээ. Хэзээ байхдаа шүүгчид улсынхаа Ерөнхийлөгчид “намайг ингээд байна шүү” гээд мессеж бичээд гонгинож суусан юм бэ. Тэгж л их зовоод, ичиж айгаад байгаа юм бол эртэй зоригтой залуу хүмүүст байр зайгаа тавьж өгөөд тайван амьдар л даа” гэж хүмүүс шүүгчдийг доромжилж байна. Энэ ч гэсэн хоёр талтай. Шүүгчид нэг их дарлууж доромжлуулчихлаа гэж дээшээ санаачлагаараа хандаагүй болов уу. Хандах байсан бол тэр орой яллагдагч нарыг эмнэлгийн машинд суулгаад зүгээр нэг явуулчихгүй байсан шүү дээ. Хэзээ хэнээс тэд ингэж нэг их айж байсан билээ. Парламентын гурвын гурван гишүүнийг өмдний тэлээ мэтхэнээр яллаад, авгай хүүхдийг нь орилуулаад, ар талын намыг нь сөхрүүлээд ачиж л байсан түүхтэй шүү дээ. Манай сэтгүүлчдийг ч эмэгтэй эрэгтэйгүй ачиж л байсан. Шар хар сонин гэлтгүй бүгдээрээ очоод гороолж зогсчихоод байхад шорон луу ачаад л явж байсан. Тэд юунд нэг их автаж, зог тусч байлаа. Энэ удаа зүгээр л улс төрийн удирдлагатай жүжиг тавьчих шиг болох юм.   

Ерөнхийлөгчийг цагдаагийн даргыг дуудаж авчраад арай дэндүү шоудлаа гэж улс төрийн хүрээнийхэн шүүмжилж байна. Гэхдээ түүнд ирүүлсэн гомдолд анхаарал татаж, эгдүүг нь хүргэсэн хэд хэдэн юм байжээ.

Шүүх хуралдааныг зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. Тэр өдөр үүрэг гүйцэтгэх ёстой цагдаагийн албан хаагч нараас гадна энгийн хувцастай хурандаа нар, дүрэмт хувцастай албан хаагч нар олноороо байсан. Тэр хүмүүс ажлаа тасалсан, эсэргүүцэл илэрхийлсэн гэнээ.

Энийг бас олон талаас нь ойлгож болно. Энгийн хувцас өмсөөд мөрдэс нэгтнүүдээ өмгөөлөх сэтгэл өвөрлөн очсоныг хүний ёсны үүднээс мэдэрч болно. Тэд нэг нэгнийгээ хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм. Тэд өөрсдийнхөө төлөө өмрөхгүй юм бол мань мэт өмрөхгүй шүү дээ. За, тэр ажлаа тасалсан энэ тэр бол хэт жоохон яриа. Ялангуяа Ерөнхийлөгчийн зэмлэл дотор орсон гэхэд дэндүү жижиг асуудал. Төрийн албаныхан угаасаа л ажлаа байнга тасалдаг шүү дээ. Яг хувийн салбарт ажилдаг над шиг. Би бол ажил тасдвал цалингүй болдог. Харин төрийнхөн бүтнээр л туудаг байх даа.  

Шүүгч хуулийн дагуу шийдвэр гаргахад “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж нэг яллагдагч нь шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн байна. Мөн гаднаас тодорхой иргэдийг дуудаж шүүх танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна гэж Ерөнхийлөгч Генералыг загнажээ. Шүүхээс ял сонсож байгаа хүний санаа сэтгэл ямар ч тохиолдолд тэнцвэрээ алддаг. Энийг хэн ч ойлгоно. Тухайн үеийн сэтгэл хөдлөл дотор юу ч багтаж болно. Тэрийг энд нэг их сүрхий факт болгох нь бас л өө эрж ядсан, олж ядсан яриа болсон шиг санагдана.

Бас “Архи үнэртүүлсэн” нөхдүүд шүүгчийн эрх чөлөөнд халдсан, цохисон гэж шүүгч хошуу цорвойн ховложээ. Архи үнэртсэн гэдэг бол манай сүүтэй Ерөнхийлөгчид аягүй муухай хүрсэн байж болох талтай. Гэхдээ зовлон, гутралын үед архины үнэр сэн хийж л байдаг. Тэр бүү хэл жаргалаас ч заримдаа сэн хийдэг шүү дээ. Энэ манай согтуу монголд сүртэй юм биш.

Тэнд байсан цагдаа нараас ганцхан цагдаа шүүгчийг гарч явахад хамгаалах гэж оролдсон. Тэгэхэд бусад нь тэр цагдааг хэл амаар дайрч доромжилсон, хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдлүүд гаргасан гэжээ. Энэ бол ёстой балай яриа.  Ганц цагдаа баатар болох гээд бусдадаа ичиглэдээд бас удирдагч руу цорвойн ховложээ. Шууд хэлэхэд шившиг. Хөөрхий тэр муу “урвагч” одоо цэргийнхний дотоод “хууль”-аар адлагдана. Очих ёстой тавилан нь ч гэж хэлж болно. Мөрөөдөл нь ганц таван хошуу төдий л юм байгаа, зайлуул.

Бас нэг тэнэг юм тэнд яригджээ. Тодорхой шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж заналхийлэх байдал гарсан гэнээ. “Шүүгчийн хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж заналхийлжээ ч гэх шиг. Яасан bebi арьстай шүүгч вэ тэр. Сэтгүүл зүйн салбарт сайн муу хэлүүлэн энэ олон жил ажиллахдаа би хувьдаа өнөөдрийг хүртэл байнга утсаар, интернэтээр зүхүүлж, нулимуулж байдаг. Ихэнх нь нэр зүсээ нууж байгаад хараадаг болохоор би авч хэлэлцдэггүй. Би нэг ч удаа аль нэг тийш гомдол гаргаж үзээгүй. Манай эрчүүд мөн ч танхил улс юм аа. Ялангуяа эрх мэдэлтэйгүүд нь бүр ч нялзрай, долгинуур, албан тушаалдаа амь шигээ хайртай, түүнийхээ төлөө юу ч гэж худлаа жүжиглэхээс сийхгүй амьтад юм аа. 

Ингээд зогсохгүй өөр нэг балай яриа тэнд дурьдагджээ. “Эмнэлэгт хэвтсэн шүүгдэгч нартай уулзах гээд шүүхийн байгууллагын тодорхой ажилтан эмнэлгийн даргатай цуг дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ороход нөгөө генерал, хурандаа нар, шүүгдэгчид энгийн гадуур хувцастайгаа цагдаагийн 3-4 даргатай яриа өрнүүлээд сууж байсан гэнээ. Энийг бас гүйж очоод Ерөнхийлөгчид мэдүүлжээ. Манай монгол эргээд матаасын, тагнаж чагнадаг амьдрал руугаа орж явчихжээ. Үүний маш том илрэл  энэ юм. Амьдрал маань хүний ёсноос, эгэл жирийнээр дүүгэж ирсэн алдаатай оноотой шинжээсээ яасан их холдож байнаа. Шугам л хазайж гишгэвэл матаасанд орчих гээд хэцүү болох тийшээгээ шилжжээ. Мөн ч муухай юм руу гулсаж байна даа.

Тэнд яригдсан зарчмын гэмээр ганцхан зүйл дээр харин би санал нэгдэж байна.

Ерөнхийлөгч ЦЕГ-ын дарга Д.Сандаг-очирт нэг зүйлийг онцолж хэлжээ. Хууль зөрчиж байгаа  энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриагүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн  нийт албан хаагчдыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж  буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролдлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ер нь үүрэгт ажлаа хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироодог, өөрсдийнхөө эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хариуцлагагүй зарим хурандаа нарын асуудал байгаа. Өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан, одоо ч удирдлагад нь ажиллаж байгаа зарим “Бүтэлгүй” албан хаагчаас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд сэвтэх вий. Дахин онцлоход, энэ бол цөөн дарга нарын асуудал болохоос нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний асуудал биш шүү. Хуулийг завхруулдаг,  хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд байгаа. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагыг татан оролцуулахыг оролддог хүмүүс байгаа. Энэ байдлыг одоо засах цаг болжээ. Олон нийт ч бодлого тодорхойлогчдод хандаж ийм байдалд дүгнэлт хийхийг удаа дараа шаардаж байна. Би энэ тухай  өмнө ч УИХ-ын чуулган дээр хэлж байсан.  Цагдаагийн байгууллагад эрчимтэй өөрчлөлт хийх цаг болжээ, хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа цагдаагийн зарим удирдлагатай хариуцлага тооцох цаг болжээ гэж байсан. Цагдаагийн байгууллагад түүний шат шатанд  хуулиа сахиж үүргээ биелүүлдэг, чадвартай, өндөр ёс зүйтэй залуу хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тэднийг дэмжиж, гаргаж ирж ажиллуулах цаг нь болоогүй юм уу гэж.

Энэ бол зарчим. Гаарсан хурандаа нар дүүрэн байгаа. Хөлөө цуцтал, нүүрээ гандтал ажиллаж илрүүлсэн хэргийг нь дээшээ илтгэж малийчихаад, өөрсдөө элдэв болох бүтэхгүй хэргүүд дээр  хууль бусаар “ажиллаж” цулайсан, улс төрд татаастай бохир хурандаа олон. Эдний тухай матаас харин төрийн тэргүүнд хожуу очиж.

Хамгийн супер яриа генерал цолтой ноцолдсон яриа байлаа.

“Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн өндөр цолыг олгодог. Танд генерал гэдэг эрхэм цолыг төрийн нэрийн өмнөөс, төрийн шийдвэрээр олгосон байгаа. Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий. Тэгэхээр үүнийг үндэслэн таны генерал цолыг хураах  шийдвэр гарч болох байсан. Өнөөдөр би танд сануулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байна шүү гэдгийг танд сануулъя. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж чадахгүй бол, энэ нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэргийг завхруулах ажилд оролцвол ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Төрийн генерал цолны түвшинд шударга ажиллаж, хуулийг хэрэгжүүлж, байгууллага албан хаагчидаа удирдаж чадахгүй бол төр генерал цолоо хураах болно шүү” гэж Монгол улсын Ерөнхийлөгч ЦЕГ-ын даргад халуу оргин хэлжээ. Урьд өмнө ийм юм би сонсч байсангүй. Яах аргагүй шинэ жишээ болох шиг боллоо.

Генерал цолны тухай бахархалтай домог олон бий. Зах зухаас нь дуулж л явлаа. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс явдаг л энэ. Генералтай суухын тулд эхлээд байлдагчтай гэрлэ л гэнэ. Сүүлийн үеийнхээс нь бол “Хэ цэс шоронд орж явсан ялтан ч зүүчихдэг цол л юм байна ш дээ” гэсэн согтуу яриа гээд олон юм сонсч байсан. Эхний хоёр нь гэрэл гэгээтэй, гэнэн цагаан яриа, харин сүүлийнх нь хар хорон, атаа хорсолтой яриа. Ер нь бол улаан канттай өмд, алтан саатай мөрдэсийг нээрээ цэрэг цагдаад зүтгэсэн болгон зүүчихдэггүй. Тэгэхээр үндсэн утгаараа энэ бол аавын хүүгийн бахархал. Насаараа энэ албанд зүтгэж, тэр зүтгэлээ төрөөрөө үнэлүүлдгээ үнэлүүлчихсэн, энэ төрийн бас ч гэж нэртэй, нуруутай, хүнлэг дөлгөөн генерал хэмээн хүндлэгддэг түүхэнд нь, насных нь бахархалд нь манай Ерөнхийлөгч арай л эрээ цээргүй “халджээ”. Үүнд нь цэргийхний дургүй нэвт хүрч байгаа даа.

“7 сарын 1” гэсэн хар өдөр монголыг ийнхүү самарч байна. Дараагийн 7 сарын 1 болтол самрах ч байх. Хөлд нь монгол минь хуваагдан зовж, хөөрхий цагдаа халиуны зулзага шиг хавчуулагдан үрэгдэх вий.

Төр дөрвөн жилийн өмнө үүргээ биелүүлүүлчихээд өнөөдөр яллаж байна. Тэгсэн хэрнээ ахиад тушаал биелүүлэхийг, хууль сахихыг, үг дуугүй даалгавар биелүүлэхийг шаардаж байна. Энэ бүхнээс цагдаагийн сэтгэлд ахиад юу орж байгаа бол оо. Тэртээ тэргүй тэд сэтгэлдээ орсон “юм”-ыг шүүхийн гадаа эртээр тов тод харуулсан. Энийг нь үзсэн хүмүүс юу л болдог бол гэж зовниж байна. Сайн цагдаа сарын найз гэдэг. Цагдаа улс төрийн найз байх учир ч үгүй. Манайд л нэг тиймэрхүү юм байгаад байдаг болохоос. Ахиад зун “байлдаад” унахад чинь бамбайгаа барьж очоод нүдүүлэн байж хамгаалах болов уу, байран дээр чинь хаяад яадгийг чинь харах гээд хаяад талийх болов уу, тэд. Бодолтой л байгаарай даа, улс төрийнхөн минь.