Төвдөд аялсан тэмдэглэл-2
Төвдөд аялах хүн Бээжингээс жуулчны компаниар дамжиж аялах ганц л боломж байна. Шинжаан, Төвдөд хяналт чанга, хаалттай тогтворгүй бүс учраас гадныхныг олноор оруулахыг хүсдэггүй бололтой. Хүмүүсийн ярих нь Шинжаан явах Төвд явахаас хэцүү гэнэ. Ер нь Хятадын цөөнх үндэсний автономит мужуудаар чөлөөтэй явах боломжгүй.
Төвдөд аялах хүн Бээжингээс жуулчны компаниар дамжиж аялах ганц л боломж байна. Шинжаан, Төвдөд хяналт чанга, хаалттай тогтворгүй бүс учраас гадныхныг олноор оруулахыг хүсдэггүй бололтой. Хүмүүсийн ярих нь Шинжаан явах Төвд явахаас хэцүү гэнэ. Ер нь Хятадын цөөнх үндэсний автономит мужуудаар чөлөөтэй явах боломжгүй.
Бид вокзалаас гармагц хатуу чанд хяналтыг мэдрэв. Вокзалын өмнөх талбайд хуягласан машинууд зогсож, буутай цэргүүд зохицуулалт хийж байна. Буу нь дэлхийн II дайны үеийн Герман автоматтай адилхан харагдана. Ийм цэргийн харуулууд бүх сүм хийдүүдийн гадна байдаг агаад шүдээ хүртэл зэвсэглэсэн нь илт. Хуягласан, эрүүвчтэй дуулга өмссөн цэргүүд сүүдрэвчин дор “номхон” зогсоно. Тэдний дэргэд цайвар хөх цамцтай, хар хөх хуягласан хантаазтай цагдаагийн тусгай хүчнийхэн машиныхаа орчим эвхдэг сандалд сууж, бамбайнуудаа машинаа түшүүлэн өрж тавьсан харагдана. Машин нь торлосон цонхтой орчин үеийн “Хаммер” маягийн загвартай, гэхдээ өнгө нь цэргийн бус цэнхэр канттай цагдаагийн цагаан машин ажээ.
Бээжингийн вокзалд ч ийм дүр зураг харж болох ч Лхасынх бол илэрхий сүрдүүлсэн шинжтэй. Дандаа ч ийм байдаггүй гэнэ, энэ жил онцгой чангарсны учир нь Далай ламын 80 насны ой тохиож байгаагийн дээр нь Төвдийн нэгэн нэртэй хутагт Далай ламын элчээр ирж Төвдөд ажиллаж байгаад гэнэт нас баржээ. Түүнийг чандарлахдаа хүмүүсийг ойртуулаагүй, чандарыг нь Төвдийн нутгаар тойруулна гэж байсан ч яг төрсөн нутагт нь орох гүүрэн дээр гэнэт цагдаагийнхан зогсоож чандарыг нь голын усанд хийжээ. Аанай л Төвдүүд, тэр ламыг хорлож алсан байж магадгүй, шашныг хяхлаа гэх цуурхалд автсан байна.
Үүнээс болж тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж дэг журам чангатгасан байна. Биднийг жуулчны компанийн хуучин “Старекс” микроавтобусаар тосож авлаа. Хөтөч нь Дулма нэртэй, Төвдийн нийтлэг хэв шинжийн намхан туранхай хөх хүүхэн. Маш сайн англи хэлтэй, хаана сурсныг асуувал Дарамсалад гэж хариулав. Төвдүүд нэгэн үе Дарамсалад ирэн очин байдаг байжээ. Хэдий осолтой аян зам туулдаг ч болоод л байж, гэвч сүүлийн хэдэн жил ялангуяа Төвдийн бослогын дараа хилийн хяналт чангарсан тул Энэтхэгтэй залгаа хил бүрэн хаагдсан байна. Тиймээс Дарамсалад англи хэл сурсан Төвдүүд одоо голдуу жуулчны компаниудад хөтөчөөр ажиллаж амжиргаагаа залгуулдаг аж. Бидэнд хөтөчөөр ажилласаны хөлсөнд өдөрт 300 юаний цалин авахаар тохирсон гэж хэллээ. Ийм шалтгаанаар Төвдүүд, ялангуяа боловсролтой хэсэг нь сүрхий англитай юм. Вагонд ч сорочкан цамцтай “пиво уудаг” Төвдүүд англиар сүрхий ойлгож байсныг санав. Бээжин хүртэл ажил хэрэг хөөцөлддөг хүмүүс нэлээд боломжийн этгээдүүд гэдэг нь ойлгомжтой. Харин одоо мөрдөж буй журмаар бол Төвд иргэд 60 хүрч байж гадаад паспорт авах эрхтэй болдог гэнэ. Тиймээс Хятадаас гадагш гарах нь үндсэндээ хаалттай гэсэн үг.
Лхасын возкал орчин үеийн дизайнтай, хятадуудын дуртай нүсэр бетон байгууламж. Өмнөө өргөн талбайтай ч хүнгүй цэлийж харагдана, учир нь харуулууд талбайн урд захад байрлаж зорчигчоос өөр хүн нэвтрүүлэхгүй байна.
Вокзалаас хөтөлж Ярлун голын нүсэр гүүрээр гарч баруун зүг давхитал Потала ордон харагдав. Оройд нь Хятадын далбаа намирч харагдана. Далбааг зөвхөн Потала гэлтгүй бүх сүм хийдийн гол газруудад мандуулсан байдаг. Тэр ч байтугай айл бүр, дэлгүүр үйлчилгээний газрын хананд хүртэл мандуулахыг шаарддаг байна. Төвдөд хийморийн дарцаг хийсгэх уламжлалтай тул тэр уламжлалыг улаан дарцагаар төгөлдөршүүлэх аян өрнөсөн мэт.
Ордны өмнүүр өнгөрч, төв гудмаар давхив. Замын хөдөлгөөний дүрэм баримтлах тал дээр бас л зоргоороо бололтой юм. Бидний машин үе үе огцом тоормослох нь өмнүүр машин тэрэг орсных, бас явган зорчигч гүйн орсных. Эсвэл манай жолооч хоёрдугаар эгнээнээс туслах зам руу эргэх гэж дайрсных. Замын цагдаа харагдахгүй юм. Үе үе дугуйтай “хүн тэрэгний” ард ороод гацчих юм. Төв гудамж нь дундуураа тусгаарласан хоёр эгнээ замтай урт гудамж агаад түүнээс туслах замууд руу огцом эргэнэ. Уулын гол дагасан урт хөндийд байрладаг хот тул өргөөшөө нэг захаас нөгөө замыг нь нүдээр харчихаж болмоор. Харин уртаашаа зах нь мэдэгдэхгүй. Ойролцоогоор 600 орчим мянган хүн амтай. Төмөр зам орсноор бүтээн байгуулалт эрчимжиж байгаа, энэ жишгээр шинэ хот ажээ. Хятад маягаар хэрмэн хашаагаар хүрээлсэн шинэвтэр том том хорооллууд харагдана. Хаа сайгүй өргөгч цамхаг, барьж буй өндөр барилгууд харагдана.
Төв гудамж нь хоёр талаараа үйлчилгээний газрууд дэлгүүрээр дүүрэн. Дэлхийн хувцас, хүнсний брэндүүдийн хаяг реклам эрээлжилнэ. Төв гудамжны нэрийг асуувал “Бээжингийн гудамж” гэж хариулав. Яагаад ингэж нэрлэв гэж их л улстөржсөн байдлаар асуутал “Худалдаа арилжаа төвлөрсөн яг Бээжингийн гудамжтай адил учраас Төвдүүд ийм нэр өгсөн” гэсэн хариу сонсов.
Явсаар “Жинда” нэртэй буудалд буулаа. Дорнын маягийн тохижилттой, намхан таазтай харанхуй үүдний танхимд орлоо. Майга хөлтэй, Төвд хээтэй өндөр ширээ, ор мэт нүсэр сандал дээр нь эрээн олбог дэвссэн хүлээлгийн өрөөний тохижилт нь Төвдөд байгааг сануулна. Гуравдугаар давхрын өрөө нь нэг их цэмцгэр биш, хуучирсан тавилгатай, цонхны нь түгжээ эвдэрсэн гэвч аяны хүн голоод ч яах билээ. Бээжинд хятад компанид захиалга өгвөл хятад эзэдтэй буудалд, Төвд компанид захиалга өгвөл Төвд эзэнтэй буудалд буудаг. Хятадууд илүү үйлчилгээтэй ч алс хязгаар нутгийн “үйлчилгээ” бол тийм л байна.
Бүгчимдээд цонхоо нээсэн ч салхи орох янз алга, том хотын хэрмэнд хашигдсан намхан байшинд аргагүй. Гагцхүү элдэв ялаа шумуул, дэлэнч, жоомгүй өндөр газар учраас шавжгүй ажээ. Таазандаа гоёмсог хурц өнгө давхцуулсан угалзарсан хээ зурсан нь европ маягийн байшинтай илт үл зохилдох ажаам. Буудалд сэтгэл дундуур байгаа илэрхийлж амжсан. Поталагаас холгүй Шангри-Лагийн нэг буудал байсан гэж хэлж үзсэн ч хоногийн 4000 юань гэхээр дааж давшгүй үнэтэй байгаа биз? Энд ирээд буцах бүх зардлаараа нэг л хононо гэсэн үг.
Зурагтаар нь хятад сувгууд л гарах тул ахиж асаасангүй. Шүршүүрт орвол илт хямдхан, тааруухан чанартай бие угаагч саван шампунь өржээ. Гэхдээ буудалд байдаг бүхэн л байна даг.
Харин харилцаа холбооны хувьд хязгаарлагдмал. “Viber” энэ тэр саналтгүй, ер нь гадаад дугаартай утас ашиглах ямар ч боломжгүй, тиймээс хаширлаж Бээжингээс авсан сим карт гадаад ертөнцтэй холбож байлаа. Ядаж мэнд яваагаа мессежээр ч болов мэдэгдчих юм даа. Интернет бол нэн хязгаарлагдсан, хятадын хэдхэн программ л ашиглаж болохоор зохицуулсан байна. Тиймээс гар утас маань зураг авах, тоглоом тоглох эд болов.
Үд дунд буусан бид замын тоосоо гүвээд хөтөч рүүгээ утасдаж оройн программ асуувал “амарна” гэж хариулав. Хаа холоос амрах гэж ирээгүй учраа хэлтэл “Та бүхэнд зориулж төлөвлөсөн программ тийм юм, явъя гэсэн ч машин байхгүй” гэв. “За ингээд хүний гарт орлоо” гэж үү? Хоёул ярилцаад юу ч гэсэн хөтөлбөртэй танилцая гэлцэв.
Биднийг Бээжингээс гарахад “Алдарт дүүгээ” хөтөлбөр өгөөгүй юм. Утсаар ярьсанд “Уг нь хөтөлбөр байсан, та хоёрыг очоод танилцана” гэж бодоод өгөөгүй гэж авдаг юм. Нэг л “но” үнэртээд явчлаа. Хөтөчөө утсаар дуудаад хоёул бууж очив. Хөтөлбөрөө хартал “Бурхан зүг оройдоо” Кайлас явах хөтөлбөр алга. Юу болов гэлцэн сүрхий заргалдтал “Лхасаас гарах бол эндээс зөвшөөрөл авах ёстой” эндэхийн жуулчны компанитай ярина. Харин Лхас дахь хөтөлбөр энэ байна гэлээ. Хөтөлбөрт өнөөдөр амраад “Драк Ерпа” хийд, Бэрээвэн хийд, Сэра, Жокан хийд Потала ордонг үзүүлэхээр тусгажээ. “Ийм хол газар зовж ирчихээд ингэж буцахгүй ээ” гэж заалдав.
Лхасад байхдаа Дашлхүмбэ, Гандан хийд үзнэ гэлээ. Дашлхүмбэ Шигаце руу бий, Гандан хийд явахын тулд бас л тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэв. “Лхасаас 40 орчим киломерт байгаа Ганданд очихын тулд зөвшөөрөл авах ёстой гэж үү?” гэвэл “Яг тийм, их хэцүү” гээд өөр үг хэлсэнгүй. Лахасад тайван байгааг бодвол Гандан хавьцаа нь юм болсон бололтой гэж ярианы нь өнгөнөөс таамаглаад Улаанбаатарт Гандан байгаа учраас орхиё, Шигаце явах замд боломж гарвал Дашлхүмбэ үзнэ биз гэж тохироод “Тийм бол Найчүн сахиусны сүм” үзнэ гэж наймаалцвал “Би өөрөө мэдээд үзүүлье” гэлээ. Самадийн хийд үзэх ёстой юмсан гэвэл “Драк Ерпа” бол самадийн хийд гэлээ.
“Олонх жуулчин хол газар ядарч ирээд хэвтээд өгдөг атал Та хоёр яасан сэргэлэн байх юм?” гэж тэссэнгүй бололтой асууж байна. Нэгд бид өндөрлөг газрын хүмүүс учраас хүчилтөрөгчийн дутагдал нөлөөлөхгүй, хоёрт их холоос ирсэн учраас бага цагт ихийг үзэх хүсэлтэй, гуравт залуу хүмүүс замдаа Төвдийн агаарт “ихэд” дассан гэлээ. Одоо бид хийдүүдэд очсон ч оруулахгүй, зөвхөн захиалгаар л орох учир явлаа гээд тусгүй тиймээс маргааш өглөө “Потала ордон” үзэхээс аяллаа эхлэхээс өөр гарцгүй гэлээ.
Тийм бол бид өнөөдөр үдээс хойш өөрсдөө явж Лхасыг үзнэ, хуучин Лхасыг хадгалж үлдсэн хотын дүүргийг хэлж аль, орчин үеийн үзвэр хэрэггүй гэвэл Лхасын дэлгэмэл газрын зураг гаргаж ирээд зааж өгөв. Бид бараг л дэргэд нь байгаа юм байна. Ингээд явахад ямарваа асуудал байхгүй юу? гэвэл “Зүгээр, тайван явж болно, харин юм худалдаж авах бол заавал надтай яваарай, Та нарыг англиар яриад эхэлбэл жуулчин гэж мэдээд хэтэрхий өндөр үнэ хэлж магадгүй” гэлээ. Хөтөлбөр шахуу, буцаах дуртай улсад Лхастай чөлөөтэй танилцах цаг гараа ч уу, үгүй ч үү? Тиймээс цаг ашиглах хэрэгтэй.
Тэгээд зүгээ заалгаж аваад хоёул алхчихав. Магнайд хэлний авъяасаас гадна өөр нэг чухал авъяас байгаа нь ориентац сайтай, зүг чигээ алдана гэж байхгүй юм. Ер нь Монголчууд л хаа явсан газраа өөрийн нутагт байгаа юм шиг дураараа төөрөхгүй явж чаддаг улс шиг санагддаг юм. Би олон хот, олон улсад албан ажлаар ч, сурвалжлагаар ч очиж байсан. Манайхан бүгдээрээ амарна гэж өрөөндөө орцгоодог. Орой цуглахад хаана хямдхан дэлгүүр, хаана боломжийн хоолны газар, хаана уушийн газар, хаана хөшөө дурсгалт газар байгааг “тагнуулчийн авъяасаар” мэдсэн байдаг ба олонх нь хоорондоо тааралдсан байдаг. Мөн тэр дороо мэдээллийг авмагцаа аян дайнд мордоцгоодог улс. Бүгдээрээ арай гэж нэг цуглаад “нэг газар сууя” гээд гарахад дор хаяж гуравны нэг нь алга болчихдог юм.
Нүднээ хамгийн түрүүнд туссан нь Төвдүүд гудамжны саравчинд сарлагийн махаа ил зарах юм. Ясыг нь шулаад тавьчихсан, цул махыг нь борцолж байгаа мэт зузаахан зүсээд хэцэнд өлгөчихөж. Зун цаг мал тарган тул шаргал өөхтэй сарлагийн мах шинээрээ харагдаж шүлс асгаруулна. Гэртээсэн бол сайхан хавирга чанаж идэхгүй юу. Мах ачиж ирсэн хулдаасан шалтай хуучин япон пикап ойролцоо нь зогсоно.
Хажуугаар нь явахад түүхий махны нялуун үнэр ханхлах ба цементэн шал нь тосонд дэвтэж гялайн харлажээ. Төвдүүд нохой их тэжээдэг бололтой, гэхдээ Лхасад өнөөх том гарзууд нь харагдахгүй, харин цагаан шар зүсмийн хав их байх ба тэдний зоолсон гэдэг тамтаггүй, гэдэс нь газар шүргэх шахсан амьтад паацагнан явж ядах буюу нойрмоглон хэвтэх ажээ. Сүм хийдийн хашааны гадна ч ийм тарган, золбин ноход олон байдаг, хоол ундны үлдэгдэл муу түмпэнд дүүртэл хийсэн байх авч тоож шиншихгүй. Харин түүхий хүнсэн дээр ялаа батгана шавахгүй, байхгүй юм.
Туслах замаас огцом эргээд худалдааны гудамж руу нь орчихлоо. Төвд маягийн шигүү цонхтой гурван давхар намхан байшингуудын нэг давхрыг тэр чигээр нь худалдааны зориулалтаар ашиглажээ. Төвд байшингийн ханыг зузаан цагаан шохойгоор давхарлан будсан байх ба уулын чулууг тоосго хэлбэр оруулалгүй тэгшилсэн болоод шавраар барьцалдуулж барьсан тул Европын барилга шиг гадна хана нь тэгш бус. Цонх нь жижигхэн, адар нь намхан. Цонхоо ёс болгож хар будгаар зузаан хүрээлэн будаж, дээр нь том лам нарын дээр барьдаг шүхэр аятай гоёмсог саравчтай, хуниастай хурц өнгийн богино торгон хөшиг заавал хийдэг нь байшинг сайхан харагдуулах ганц шийдэл нь ажээ. Манайхны төсөөлөлд гаднаа хөшигтэй цонх гэвэл бууна. Бороо ороход салхи ихтэй тул энэ саравч дотогш ус оруулдаггүй, бас халуун цагт сэрүүцүүлэх учиртай эд бололтой.
Хуучин модон рамтай цаасан цонх байсан бол орчин үед вакум болжээ. Гудамж нь давчуу бөгөөд чулуу шигтгэсэн. Хэрхэндээ тохижуулсан авч засаж янзлах, нийтийн хөрөнгөнд хайр гамтай хандах тал дээр тааруу бололтой. Явган хүний тусгаарласан замгүй тул үе үе мопед, суудлын тэрэг ард тулаад чагнаалдаж цочооно. Худалдааны гудамж төдөлгүй олон салаалжээ. Франц байшин шиг гурвалжилж түрсэн байшингаар гудамж салаална.
Бурхан тахилын, бөс барааны, хүнс ногооны, шашны эд зүйлсийн гэх мэтээр гудамжууд төрөлжин сунажээ. Багавтар талбай таарахад түймэр гарч буй мэт өтгөн утаа баагих нь сүмийн үүд аж. Төвдүүд манайхан шиг нунтагласан анхилам арц унгасгахгүй, сүмийн нь үүдэнд манайх шиг гоёмсог бойпор харагдахгүй. Харин чулуу шавраар барьж, шохойдсон хоёр гурван метр өндөр “зуух” бойпорыг орлох ба түүний амаар арц, ганга өвсийг мөчиртэй юутай хийтэй хальтал хийж шатаах тул гоё сайхан үнэр тархахаас илүү модны гашуун утаа бүрхэж хоолой хорсгож, амьсгал давчдуулна. Мөчиртэй арцыг гудманд шуудайгаар нь зарна, түүнийг авсан хүн нь буян хийж тэр чигээр нь аваачаад өнөө “зуухны” ам руу асгачихдаг тул түймэр ассан мэт цоролзон шатна. Хажууд нь хүрз барьсан хүн эргэн тойронд асгарсныг нь хамж хүрздэн хийнэ. Өндөр газрынх гэхэд арай ч тийм тахилын дэргэд удаан тэсэхгүй юм билээ, харин төвдүүд юу ч болоогүй мэт утаан дунд наймаа арилжаагаа хийх буюу заяа төөрөг үзэж, жижигхэн хүрд эргүүлэн залбирч суух бөлгөө.
Уужим талбайг тойруулан хаалт хийсэн, өнөөх хуягласан цэрэг цагдаа хаалтны үүдийг сахисан гоёмсог сүмийн өмнүүр хэдэнтээ өнгөрсөн нь хожим мэдэхнээ Жокан хийд байсан ажгуу. Сүмийн талаар жичид нь бичих тул алгаслаа.
Гоёмсог хийцтэй жижиг бурхан сурж хэд хэдэн дэлгүүрт орсон ч байсангүй. Тийм бурхдыг Балбаас л авч болдог гэнэ. Харин нүүрийг нь бүтээсэн том том бурхад эгнүүлэн тавьсан нь сүрдмээр тул тэгсгээд гарч байв. Хааяа Европ жуулчид хэсч яваа харагдана.
Төвдийн өндөрлөгт томоохон зэсийн ордууд байдаг гэнэ. Тиймээс ногоолингоос арай цайвар өнгөтэй өнгөлсөн ногоон чулуугаар (зэсийн хүдэр) шашны гоёмсог эд зүйлс их хийх юм. Бас танка зургийн дэлгүүрүүд олонтаа тааралдах ба орвол олон зураачид хот мандал хийгээд нарийн чимхлүүр танкаг нарийн бийрээр хичээнгүйлэн зурж суух юм. Ийм зураг дааж давшгүй үнэтэй, хамгийн жижиг нь л 300 юань гэж байна.
Социализмын үед хүүхдийн хүзүүний зүүлт болдог байсан шар хув, сүүлийн үед хөөрөгний толгой их хийдэг болсон улаан хув, ногоолин чулууг хэлхээгээр нь зарна. Чулууны хэмжээнээс хамаарч үнэ нь өөрчлөгдөх ба томрох тусам үнэ ихтэй. Дундаж чигчий хурууны хумсан толион чинээ чулуутай нэг хэлхээ сайн яриад авахад 85 юань. Наймаачид нь ер нь үнээ нугалж хэлнэ. Хятадууд наймаа их эрхлэх юм.
Одоо ч нүдэнд харагдаад байгаа гоёмсог ногоон хүрдний үнийг асуувал уг нь 250 юань гэсэн юм. Үнэтэй санагдаад, хөтөчийн хэлсэн ч бодогдоод 150 гэж хэлчихээд яваад өглөө. Буцаад иртэл худалдагч нь солигдчихож, одоо хямд хэлэх болов уу гээд асуутал өнөө төвд чинь 450 юань гэж авдаг байгаа. Түрүүн 250 гэсэн, 200-аар авъя гэтэл ёстой шонгүй шүү. Хаяад л явсан.
Иймэрхүү паянтай явсаар замын уулзвар талбай өнгөрөөд томоохон хуучин эдлэлийн дэлгүүрийн өмнөх талбайд нэг их эрхин дунд орчихов. Манайхан чулуун хөөрөг, алтан мөнгөн бүсээр том наймаа үсэргэдгийн адил Төвдөд “үнэт эдлэлийн дээд” нь эрхи юм байна. Арав хорин урт богино эрх хүзүүндээ, бугуйндээ зүүсэн ороосон, үндэсний чамин хувцастай, нохой цохиж алмаар том бөгжтэй, жинхэнэ их гарын панзын дүртэй, толгой гэдгэр, чанга дуутай зузаан хөх нөхөд чухам тэнд ажгуу. Энд хятад хүн алга. Үнэт чулуу, үнэрт модоор хийсэн, бас нөгөө удам дамжсан авшигтай шүншигтэй, гоёмсог сийлбэртэй, нарийн хийцтэй, эрхинүүд шажигналдана. Үнэ гэж ёстой амандаа орсноо л хэлэх юм. Дундуур нь бага гарынхан ганц хоёр эрхиэ гүйлгэчих санаатай царайчлангуй гүйлдэнэ.
Төвдүүд өөрсдөө харин эрхи бараг эргүүлэхгүй юм. Хүн бүр ялангуяа настайчууд, эргэл мөргөлөөр яваа хүмүүс гартаа хүрд л барьсан харагдана. Хүзүүндээ, бугуйндаа эрхи зүүсэн хүн ховор харагдахын дээр Төвдийн орлогын хэмжүүрээр үнэхээр үнэтэй юм. Тиймээс “тансаг хэрэглээ” л бололтой. Төвдүүдийн гэрийн хүмүүжил, өөрсдийнх нь соёлоор дамжсан шашны боловсрол бол манай муухан ламыг дагуулахгүй бололтой. Дундаас дээш насныхан амандаа маань уншиж л явах...
Үе үе төвдийн үндэсний хурц өнгөтэй дээл, ганган хормогчтой, бүрх малгай хэлтгийдүү тавьсан дэгжин эмэгтэйчүүд зөрөх нь их л ганган харагдана. Ердийн төвд эрэгтэй хувцас нь хөөргөж бүслэсэн оодон хормойтой (уулынхан урт хормой төвөг) монгол маягийн хэлхгэр хар дээл, монгол цагаан цамц, бүрх малгай. Өмд гутал нь орчин үежиж. Хар голдуу сарлагийн хөөврөөр дээл хийдэг тул хар, цагаан бол “үндэсний өнгө”. Тэр байтугай сүм хийдийн хөшиг, унжлага, хаалгыг сарлагийн хялгасаар сүлжиж хийх ба цагаан өлзий (олзын) хээгээр гоёж, эмжинэ. Түүнээ дагаад Төвд залуучууд халуун зунаар цагаан футболка дээр хар савхин хүрэм хар жинс өмсөж гангардаг нь илт ажиглагдана. Уламжлалт цан хэлбэрт бүрх малгайгаа харин тиймэрхүү хэлбэртэй аяны болоод манайхны горшок гэж нэрлэдэг малгайгаар харин ч нэг орлуулжээ.
Уг Төвд үндэсний хувцас нь цээживч, банзал, нөмрөг бүхий одоогийн лам нарын хувцас байж, монголын нөлөөгөөр дээл, цамц, түрийтэй гутал өмсөх болсон гэж ярих юм. Манайхан энгийн ардад хувцсаа нэвшээж, харин лам хувцас импортолжээ. Төвдүүдийн зэвсэг нь хутга, дүүгүүр, зэс цан гурав. Дүүгээр эргүүлэх нь аймшигтай харин тэр цан нэг талаас бамбай, нөгөө талаар шидэж толгой таслах туйлын аюултай зэвсэг болдог байжээ. Харин өдгөө номхон иргэд болжээ. Өндөрлөг газар учраас хуурай агаартай, тиймээс тоос шороо ихтэй, дээр нь Төвдүүд хувцсаа угааж цэвэрлэх тал дээр жаахан хойрго байж мэдэх улс юм.
Зөвхөн дээлийн бүсээр төрөлжсөн дэлгүүр ч байна. Олон бэлэг дурсгалын дэлгүүрт коммунист удирдагчдынхаа хөргийг Төвдийн уламжлалтай хослуулсан нүсэр зургууд зарна. Кайласын тухайд нэг их мэддэггүй бололтой санагдсан шүү. Хаа нэг газар л нэг л янзын томруулсан фото зураг тааралдана.
Бид хоёр гудамж уруудсаар төв гудамжинд нь хүрэв. Нэлээд олон кашмир бөс, хивсний дэлгүүр тааралдана. Бусад нь хаа сайгүй л байдаг худалдаа. Харин нэг гайгүй кофены газар орж аяга кофе ууж түр амсхийлээ. Кофетай газар ховор, хаа очиж чанасан коцетай шүү. Аяга нь 25 юань. Энэ худалдааны гудамж, сүм хийдүүд хөдөө нутгийг эс тооцвол Лхас орчин үежиж эхэлсэн байна. Гэхдээ хятадаар дамжуулж авсан орчин үежилт шүү дээ. Төвдийн хамгийн хятаджсан газар бол Лхаса гэдэг үнэн байх. Олон газартай харьцуулаагүй байж дүгнэх хэцүү.
Хоёул нутгийн онцлогтой орой хоол хүртэхээр гудамжин дахь дугуйт тэрэгний хөтчид хандав. Хятадууд нь англиар “а” ч үгүй толгой сэгсрэхээс өөр шидгүй, харин нэг Төвд таарч, хүргэж өгөхөөр болов. Уг нь дугуйт тэрэгний зам гэж заагласан байдаг юм байна, гагцхүү эргэлтэн дээр л машинуудтай тулчихаад байдаг ажээ.
Мань хүн явсаар “Grazy yak” нэртэй зоогийн газарт дөхүүлээд зааж өгөв. Хөлсөнд нь 10 юань авлаа. Нэг удаад хаашаа ч явсан 10 юань авдаг гэнэ. Гэхдээ дугуйт тэрэгний явах зам хязгаартай, хотын төвдөө жуулчдад л зориулсан нэмэлт үйлчилгээ бололтой юм. “Галзуу сарлаг” байхдаа ч яахав, “Зэрлэг сарлаг” л гэх гээд будилж дээ гэлцсээр оров. Үндсэндээ жуулчдад зориулсан хятад маягийн хоолтой л газар юм. Маргааш Дулмаагаас асууж жинхэнэ Төвд хоол идье одоо олдсон нь энэ тул орьё гэцгээв. Хоолны хажуугаар Төвд үндэсний урлагийн тоглолт үзүүлж байсанд олзуурхав. Цан пижигнэж, дүүгүүр тачигнаж, хүүхнүүд нь цангинасан хоолойгоор ардын дуу дуулж байтл өнөө “Галзуу сарлаг” нь давхиад гараад ирэв. Хятадын баярын үед олон хүн толгойгоо хийчихээд бүждэг луу, арслангийн дүр байдаг даа. Яг түүн шиг хоёр нөхөр урт эвэртэй тас хар сарлагийн баг өмсөж гарч ирээд бүжих ба “хүндэт зочдоо” мөргөх гэж айлган хөгжөөнө.
Хятадад хамгийн асуудалтай юм бол ариун цэврийн өрөө. Хязгаар нутагт байтугай суултуур гэгчийг огт мэддэггүй улс аа. Сарлагийн махан хуурга, жигнэсэн тутарга, 0,63 литрээр савласан ногоон шилтэй “Лхас” пивоор даруулан хүртлээ. Тэр бол нутгийн пиво биш, Хятадын нэг пивоны үйлдвэр л ярлыкаа ийм нэртэй болгож солиод савлаж байгаа хэрэг. Гэхдээ сануулахад Төвдөд архи ууж огт болохгүй, пивыг ч зөөлнөөс нь сонгоод нэгээс хэтрүүлж болохгүй, учир нь амьсгаа давхцах хам шинж дороо илэрдэг.
Хоол идэх зуур шог яриа хөврүүлж суув. Монголд нэг өвөрлөгч хөгшин ирээд гуанзанд оржээ. “Хүүхээ будаа бий юу?” гэвэл “Бий, бий” гэж. “Ямар үнэтэй юм, нэг будаа авъя” гэхэд нь жаахан гайхсан байртай “500 төгрөг, Та ширээнд сууж бай, одоохон аваачаад өгье” гэжээ. Яасан сайхан хямдхан юм гээд мөнгөө өгчихөөд суутал тун удалгүй нэг аяга агшаасан цагаан будаа авчирч тавьчихаад явчихжээ. Өвгөн ч нэлээд хүлээж тэгээд аяга тутаргаа идчихээд гарчээ. Тэгээд манай Сүүеэ рүү утасдаж, хоол идэх гээд будаа идсэнээ тайлбарлаж, хоолонд хамт оръё гэж гуйсан гэдэг. Манай гуанзныхан өвөрлөгчид хятаджаад будаа дангаар нь иддэг болж гэж бодсон байх. Өвөрлөгчид хоолыг будаа гэдэг, баруун монголд хот гэдэг. Аялгын ялгаа их, цагаан будааг уг нь монголоор тутарга гэдэг, одоо ч Төвдөөр л нэрлээд байгаа улс даа бид гэлцэж суув.
Тэгсгээд гараа угаагаад гарч иртэл Магнай урт үсээ сүлжиж зангидсан Төвд залуутай ярилцаад сууж байв. Гартаа эрх ороосныг харвал чинээлэг нэгэн бололтой. Магнай намайг танилцуулав. Нэр нь Норов, Лхасад жуулчны компанитай ажээ. Нөгөө урлагийн тоглолт нь Норовын зочдод зориулсан тусгай үйлчилгээ болж таарав. Англиар ус цас. Мань хүн Сингапур жуулчдыг дагуулж Кайлас үзүүлээд маргааш үдэх гэж байгаа гэнэ. Түүнтэй ярилцаад Кайлас явах захиалгаа өгчихвөл нутгийн компани учраас бидний жуулчлалыг зохион байгуулж байгаа компаниас хурдан бөгөөд хямд, чанартай байж магадгүй гэж бид ярилцав.
Норов, энэ жил Хятадууд Төвд рүү нэвтрүүлэх жуулчны тоог эрс багасгасан, жуулчин цөөтэй, орлого муу байна” гэж ярив. Төвдүүд шалтгаан нь мэдээж нөгөө хутагтын асуудал, дээр нь Далай ламын ойтой холбоотой гэж шивэр авир гэлцэнэ. Харин бизнесмэн Төвдүүд лайтай юмнаас болж орлого буурч байна гэж халаглах авч олонх Төвд шашин ёсондоо үнэнч байгаа нь илт. Дээр нь Бээжингийн жуулчны компаниудад “Балбад газар хөдөлсөн” шалтгаанаар Төвдийн алс хил рүү жуулчин авахгүй байхыг сануулдаг болжээ. Бид Төвдийн компаниуд ядуу байгаа юм байна, тиймээс орлогоо бодоод хялбар зохицуулчих л байх гэж таамаглан ярилцав.
Норов, Кайлас явахад 7 зөвшөөрөл авна, Шигацед гурав, эсвэл дөрвөн одтой буудалд буухаас үнэ шалтгаална, Шигаце хүртэл 570 орчим км, цааш жипээр явахаас өөр аргагүй, газар хөдөлсөн тул явахад хэцүү гэхчлэн шалтаг тоочоод “Яг үнээ хэл” гэж тулгавал 4500 орчим гэлээ. Бид тооцлоо, гарын бэлээ нийлүүлээд хоёул 4500 гаргачихвал цаг хэмнээд буцаж болох байх гэж. Тэгээд утасны нь дугаарыг авлаа.
Удалгүй Норов жуулчдаа аваад гарав, тэр сайхан загнаж бидний ширээ рүү тарвас явуулж байна. Амны цангаа гаргахад таатай эд чинь харин тэр юм билээ. Түүнээс Төвдийн хоолны газруудаас чанартай цай олж ууна гэвэл хэцүү. Ямар сайндаа л шар айраг авч байхав.
Хоёул оройн сэрүүнд алхаад буцахаар шийдэв. Гудамжны гэрлэн чимгүүд дундаас “Нийтийн ариун цэврийн газар” гэсэн англи бичиг тодоос тод, томоос том үзэгдэнэ. Хотын ариун цэвэр, “жуулчдын аюулгүй байдлыг” сүрхий хангаж байна даа гэлцэв. Лхасын гудамжаар буцахад ямар ч асуудалгүй, цэрэг цагдаа харагдахгүй ч нам гүм амар тайван. Гудамж нь гэрэлтүүлэг сайтай юм. Оройтсон дэлгүүрүүдийн үүдээр хурц гэрэл тусна. Алхсаар буудалдаа ирлээ. Маргаашнаас ааг амьсгаагүй гүйнэ...
Зочин
Зочин
ИРГЭН
ИРГЭН
mhm
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
batt
puje
gugba
seli
seli
Зочин
нэргүй
Сүхбаатар
Зочин
Зочин
Байгалаа
Байгалаа
munkhuu
munkhuu
saihan bichjee
jj
Зочин
Зочин
Зочин
Зочин