Өмнө нь би Сонины шарласан хуудас их түүхийг гэрчлэнэ гэсэн нэгэн нийтлэлдээ миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе, ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг гэж учирлаад түүхэн гэрэл зургууд хангалттай байгаа тул хааяа нэг үзүүлж байя гэж амласан даа!

Түүнээсээ үзүүлж байгаа нь энэ. Мөн НЭПКО хэвлэлийн газраас мөд уншигчдын гарт очих Монголын түүхийн нэгэн номын зургийн хэсгээс урьдчилан таниулж байна.

Зарим зургийг Гадаад харилцааны төв архиваас авч уншигчдад анх удаа дэлгэлээ. Гадаад харилцааны төв архивын хамт олонд НЭПКО хэвлэлийн газрын өмнөөс гүн талархлаа дэвшүүлье!

Энэ түүхэн зургуудын автор нь тухайн үеийн Tөрийн ёслолын гэрэл зурагчин байсан ээж минь юм шүү. Миний эхийн тухай “Britannica Монгол: Хураангуй толь”-ийн II ботийн 582-р нүүрнээс тодруулж уншиж болно – Д.Баярхүү  


1960-аад оны үеэс юм шиг байгаа юм, гаднын хүндэт зочинд монгол дээл, жанжин малгай бэлэглэдэг ёсон хэвшсэн. Төрийн ёслолын салшгүй хэсэг байсан ба манай урдаа барьдаг оёдолчид хатгамалчид, гар урчууд өдөр шөнөгүй дайчлагдан ажиллаж, бас тэр зочны биеийн өндөр, тарган туранхай, малгайн хэмжээг авах гэж манай ГХЯ-ны ёслолын нөхөд ёстой нэг мучийдаг байсан гэж ахмадууд ярих. Хорь гаруй (30 opчим ч байж болно) жилд манайхан хичнээн зуун дээл оёж 5 тивийн хар, цагаан, шар, өнгөт арьстанд бэлэглэсэн бол гэвэл статистикийн маш сонин тоо гарч магад.  


1960 он. Африкийн жил. Колоничлолын гинжийг тасар татан хаясан түүхэн жил хэмээн  түүхнээ алтан үсгээр бичигдсэн. Тэр их завгүй хүнд үеийн дундуур амь дүйн алс холын, огтын таньж мэдэхгүй Азийн Монголыг зориод Хар Африкийн нэг нөхөр морилон ирсэн түүхэн зураг энэ байна. Манай Төрийн тэргүүн Ж.Самбуугийн хоёр талд суугаа хоёр негр бол Гвиней улсын эрх чөлөөний тэмцлийн хоёр удирдагч. Баруун гарт суугаа нь тэр улсын анхны Ерөнхийлөгч Ахмед Секу Туре (1922-1984), нэрт зохиолч явсан тэр мусульман нөхөр тэр улсын анхны Ерөнхийлөгч, 1958 оноос 1984 онд нүд анитлаа тэр орныг дарангуйлсан, эдүгээ бол Хар Африкийн хамгийн ёозгүй диктаторын нэг хэмээн түүхэнд үлджээ. Харин тэр үедээ бол капиталист бус хөгжлийн замын маш сайн сурагч, тиймдээ ч нийслэлдээ БНМАУ-ын ЭСЯ-ыг нээлгээд манай нөгөө капитализмыг харайж алгассан тухай түүхийн хичээлийг ягштал заалгаж байлаа. Эдүгээ Монголоос Гвинейд наалдаж нялзсан юм гэж өчүүхэн ч байхгүй, ул мөр нь ч үлдээгүй. Тэр орныг газрын зургаас олж заадаг  монгол хүн ч ховордсон доо.


“Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа нарыг санагдуулам хоёр шар арьстан энд зогсож байна. Эхнэр нь францын хольцтой. Гэргийгээ дагуулж морилон ирвэл Юндэн, Нансалмаа нарын хувцасаар хувцаслачихъя гэдэг мэргэн санааг Төрийн ёслолын алба тэр үед сэдэж олсон ба анхны зураг нь энэ байна.  Монголчуудын хэзээний танил хунтайж Нородом Сианук – тэр үеийн Камбожийн Ерөнхий сайд, Камбожийн Төрийн тэргүүн. Энэ нөхөр мөн л БНМАУ-ын капиталист бус хөгжлийн замын маш сайн сурагч, капитализмыг харайж алгассан тухай түүхийн хичээлийн онц сурлагатан байснаа хожим нь маогийнхны гарын тоглоом болж, сүүлдээ хэлмэгдэж хөөгдөөд, вьетнамчуудын буянаар эх орондоо очиж Хаан байж байгаад үхсэн дээ.



Ёстой нэг эрхэм дээд зочин энд мөнгөн аягатай сүү гардаад зогсож байна. Манай нам-төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Латин Америкийн энэ цагаан арьстаныг капитализмыг харайж алгассан тухай түүхийн хичээлийн онц сурлагатан болгочих гэж хэрдээ чардайсан даа. Никарагуагийн Даниэль Ортега 1945 төрсөн, цэл залуугаараа тэр орны Төрийн жолоог атгаж,  капиталист бус хөгжлийн зам биш юм аа гэхэд, лав л АНУ-ын замаар оруулаагүй. Хосе Даниэль Ортега Сааведра – Никарагуагийн Үндэсний сэргэн мандалтын Засгийн газрын удирдах зөвлөлийн зохицуулагч, Сандиногийн Үндэсний чөлөөлөх фронтын Үндэсний удирдлагын гишүүн.
Энэ сайн сурагч маань хүүхдээрээ шахуу Сандиногийн партизаны отрядад элсэж, 20-тойдоо тэр фронтын удирдлагад орж, 21-тэйдээ фронт командалж, мөн банк дээрэмдсэн хэргээр ял эдлэж, Кубад партизаны терроризмд суралцаж, 1979 онд хувьсгалт Засгийн газрын хунтыг толгойлж, 1980 онд Никарагуад социализм байгуулалтыг эхлүүлж гээд жагсаагаад байвал үнэхээр баялаг намтартай.



Латин Америкийн анхны (мөн сүүлчийн) Юндэн, Нансалмаа нар энд зогсож байна. Ортега ба түүний эрлийз (мулат) гэргий. Даниэль Ортега 1979-1990 онд энэ орныг дарангуйлахдаа иргэний дайны намагт шигдээж, эцэс төгсгөлгүй цуст мөргөлдөөнд хутгачихаад шударга сонгуулиар ялагдаад алга болсон. Монголоос Никарагуад наалдаж нялзсан юм гэж өчүүхэн ч байхгүй, юун нөгөө капиталист бус хөгжлийн зам! Тэгснээ 2006 оны шударга сонгуулиар популист уриа хашгичсаар эргээд гараад ирэх нь тэр. Одоо ч Ерөнхийлөгч хэвээрээ. Хоёр дахиа Төр тэргүүлээд сонгож авсан дотно нөхөр нь Ираны Ахмадинежад, гадаад бодлого нь Гүржээс хүчээр салгасан Абхаз, Өмнөд Осетийг хүлээн зөвшөөрсөн явдал, цаашаа мухардсан даа.




Мөнгөн аягатай сүү гардаж аваад амсах гэж байгаа Хар Африкийн нэг нөхөр энд зогсож байна. Африк Юндэн. Хар африкийн домогт маршал Самора Мойзес Машел. Мозамбикийн Ерөнхийлөгч, Мозамбикийг чөлөөлөх фронт–ФРЕЛИМО намын дарга. БНМАУ-ын капиталист бус хөгжлийн замын маш сайн сурагч, капитализмыг харайж алгассан тухай түүхийн хичээлийн онц сурлагатан энэ нөхрийг Монголын төрийн дээд одонгоор энгэрийг нь мялаасан бөгөөд хоцрогдсон, үгээгүй ядуу тэр орондоо социализмыг ид байгуулж яваад 1986 онд харамсалтайгаар алагдсан билээ. Хожим ӨАБНУ-д хэвлэгдсэн нэг номоос үзвэл, Москвагийнхан түүнийг Африкийн өмнөд бүс нутгийн диктатораар бэлтгэж, түүний “Самора” гэх нэрийг “South Africa” шифрэлэн нэрлээд “Мозамбик+Родез” хувилбараар бүс нутгийн тоглоомын дэглэм байгуулах гэж байжээ. Харин түүний бэлбэсэн гэргий хатагтай Граса Симбине Машел шиг аз дайрсан бүсгүй энэ дэлхий дээр байхгүй, дахин төрөх ч үгүй. Хөрш хоёр улсын Тэргүүн хатагтай байж үзнэ гэдэг хувь тохиосныг би хэлж байна. Тэрээр нөхрөө алагдсаны дараа нэг хэсэг уй гашууд автаж байснаа 1998 онд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Нельсон Манделагийн эхнэр болж очжээ. Ямар замаар, хэн, хэзээ танилцуулсныг ёстой бүү мэд. Энэ эмэгтэй 1975-1986 онд төрөлх Мозамбиктаа, 1998-1999 онд Өмнөд Африктаа Тэргүүн хатагтай байв аа.



Афган Юндэн мөнгөн аягатай сүүнээсээ амсаад зогсож байна. Хөөрөгний даалин урлаж бүснээс нь зүүж өгчээ. Уг нь энэ болгон дээр Ю.Цэдэнбал гуай монгол дээлтэй, жанжин малгайтай зэрэгцээд зогсож байсансан бол ёстой гоё хоршил түүхэнд үлдэх байлаа. Бабрак Кармаль. АААН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан Улсын Хувьсгалт зөвлөлийн дарга. Капитализмыг харайж алгассан тухай түүхийн хичээлийн онц сурлагатан энэ нөхөр Москвагийнхны ёстой нэг тоглоом болсон доо. Зөвлөлтийн армийн танк дотор сууж Кабулд очоод өмнөх Ерөнхийлөгчөө оросуудтай нийлж гэр бүлээр нь хүйс тэмтрээд өөрөө орыг нь авсан ба мусульманчуудыг хүчээр оросжуулж, лалын консерватив нийгмээ марксист болгох гэж махраад эцэст нь Москвад дуудагдан очиж, гэрийн хорионд Ю.Цэдэнбалтайгаа зэрэгцээ орцонд нүүж орсон эмгэнэлт түүх буй. Эдүгээ шарил нь Москвад бий.  



Сүхбаатарын одонт араб Юндэн дээлээ хөөргөж бүслээд энд зогсож байна. Арабын хамгийн ёозгүй дарангуйлагчдын нэг. Гэхдээ эх орондоо социализм байгуулж үзсээн. Али Насер Мухаммед – Йемений Социалист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАЙАУ-ын Ардын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд, бригадын генерал. Өмнөд Йемений Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Тариачин, бага сургуулийн багш, захирал явсан энэ эрхэм хувьсгалын ачаар 1971 онд Ерөнхий  сайд болсон байгаа юм. Тэр нь ч яахав. 1984 онд Монголд айлчлаад, манай нөгөө капитализмыг харайж алгассан тухай түүхийн хичээлийг ягштал заалгаж аваад эргэж очоод юу хийсэн гэж санана. 1986 он гармагц мань хүн Аден хотноо цуст яргалал үйлдэв ээ. Хувьсгалын жинхэнэ удирдагчид – Абдель Фаттах Исмаил, Али Ахмад Насер Антар, Али Шаи Хади,  Салех Муслех Касем нарыг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурал дээр АК-гаар шүрших нь тэр. Нийслэлдээ танк оруулж цэрэг хөдөлгөн хэдэн өдөр үхэх сэхэхээ үзэв ээ. Лав 10 мянган хүн алагдсан, Сүхбаатарын одонт маань Хойд Йемен рүү дүрвэн зугтсан, дараа нь Дамаск руу дүрвэсэн, хаачсаныг бүү мэт. Шарил нь Саудын Арабт байгаа дуулддаг. Харин Монголоос Йеменд наалдаж нялзсан юм гэж өчүүхэн ч байхгүй, ул мөр нь ч үлдээгүй.
 
Энэ олон сайхан монгол дээл, жанжин малгай нэр бүхий эрхмүүдийн эх орны угсаатны зүйн болон соёлын музейд байгаа болов уу? Уншигч Та юу гэж үзэж байна ...