Монгол Улсын Ерөнхийлөгч төвийг сахих тухай санаачилга дэвшүүлсэн нь цаг үеэ олсон уу? Ийм түүхэн уламжлал байсан уу? Уламжлал байсан бол яагаад тасарсан бэ? Одоо тэр уламжлалыг сэргээх гэж байгаа юу?

Анхлан төвийг сахих тухай санааг монголчууд 1919 онд дэвшүүлж байсан ба 1920-иод онд энэ үзэл санаагаа үргэлжлүүлэн номлосон. “СССР, Хятад хоёр улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцарь улс лугаа адил болой” хэмээн Монголын нэгэн их сэтгэгч Цэвээний Жамсран бичиж байжээ. 1930-аад онд П.Гэндэн, Г.Дэмид нар төвийг сахих бодлого баримталж, дэлхийн II дайны өмнөх босгон дээр, Алс Дорнодын байдал нэн хурцдах тусам СССР-тэй холбоотны гэрээ байгуулуулахгүй хойшлуулаад бултаад байсан нь мөн л төвийг сахих бодлогоос нь эштэй. 1936 оны Монгол-Зөвлөлтийн Протокол гэрээн дэх цэрэг-зэвсгээр туслах тухай заалт нь Монгол Улсын Ерөнхий сайд, Цэргийн яамны сайд нарын тэгтлээ болгоомжлоод хойшлуулаад байсан тэр заалт байсан болов уу. Зөвлөлт-Японы зөрчил дундаас Монголыг сугалж ямар нэг аргаар төвийг сахисан байдлаар авч гарахыг тэд урьтал болгосон, харилцан туслах гэрээ гэдэг нь үнэн хэрэгтээ Зөвлөлт-Японы зөрчил мөргөлдөөнд Монгол хутгалдан орж үрэгдэнэ гэсэн үг гэдгийг Монголын удирдагчид сайн ойлгож байсан бололтой. Тийнхүү төвийг сахих гэснүүдийг нь “1937” хяргаад дуусгасан. СССР-ийн цэргийн холбоотон Монгол 1939 оны Халхын голын байлдаан, дэлхийн II дайнд Зөвлөлтийн талд баттай зогссон.

ХХ зууны Монголын түүх бол их гүрнүүдийн зөрчил мөргөлдөөн дунд Монгол Улс зөв маневравлах, тэгснээрээ ямар ч үнээр болов тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгах, хөгжил дэвшлээ хангахын төлөөх тэмцлийн түүх юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд их гүрнүүдийн харилцаан дунд төвийг сахих бодлого сонгохыг хэдэнтээ зориод тухай бүрт нь бүтэлгүйтэж байсан билээ.


“Хүйтэн дайн”-ы жилүүдэд Зөвлөлт-Хятадын зөрчил дээр Монгол зөв тоглож, тэр нь хөгжил дэвшлийн нэг гарц, баталгаа нь болж байсныг дэвшил гэхээс өөрөөр нэрлэлтгүй. Зөвлөлтийн арван түмэн цэргийг зэр зэвсэгтэй нь нутагтаа суулгаад Хятадын эсрэг дайнд бэлтгэж байсан цаг үе монголчуудад тэр үед тохиосон. Харин Хятад дахь реформ шинэчлэлийг зөв тусгаж, харилцаагаа огцом сайжруулж, оновчтой хамтран ажиллах дээр 1980-аад оны хоёрдугаар хагаст монголчууд бид, тэр үеийн нам-төрийн удирдлага үнэхээр цаг алдаж хожуу ухаарсан нь харамсалтай.

1990-ээд оны эхээр “Хүйтэн дайн” өндөрлөв. Зөвлөлт-Хятадын харилцаа огцом, гэнэт сайжирлаа. Монгол-Хятадын харилцаа ч дагалдан сайжирлаа. Ийм нөхцөлд Монголд Зөвлөлтийн цэрэг байрлаж байх улс төр-цэргийн учир шалтгаан байхгүй боллоо. Монголоос цэргээ татаж гаргана гэдгээ ч тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч М.С.Горбачев мэдэгдэж байсныхаа дагуу цэргээ гаргаж эхэллээ. Удалгүй дэлхийн коммунист эвсэл, нэгдмэл гүрэн Зөвлөлт Холбоот Улс өөрөө задарлаа. Олон улсын харилцаа цоо шинэ үедээ шилжин орлоо.

Гадаадын цэргийн бааз-улсын статусаа халсан Монгол орны хувьд гадаад шинэ орчиндоо тохируулах гадаад бодлого, гадаад харилцаа, батлан хамгаалах бодлогоо шинэчлэн сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарлаа. Шаардлага тулгарахын сацуу сонголт ч олон байлаа. Зөвлөлтийн дагуул улс, Зөвлөлтийн цэргийн бааз-улсын статусаа халсан Монгол Улс хэнээр ч заалгахгүй, ямар ч их гүрний дохио заавраар хөдлөхгүй байх эрхтэй боллоо. Гадаад бодлогоо шинээр томъёолж, олон тулгуурт, нээлттэй, идэвхтэй, гуравдагч хөршийг хүсэмжилсэн бодлого явуулах тодорхой боломж бүрдлээ. Түүнийгээ ч зөв томъёолж хэрэгжүүлэн амжилтад хүрлээ. Юуны өмнө бие даасан, эзэн мэдсэн гадаад бодлогоо эрхлэн явуулах эрх зүйн баримт бичгээ 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нэрээр гаргаж мөрдлөө.

Тэдгээр баримт бичигт: “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна”, “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” хэмээн заажээ. Энэ бол хэрэг дээрээ төвийг сахих байр сууриа УИХ-аар баталсан хоёр гол баримт бичигтээ суулгаж өглөө гэсэн хэрэг юм. Цөмийн зэвсгээс ангид байх тухай үзэл номлолоо ч төвийн байр сууринаас авч үзлээ.

Хоёр их хөршөөрөө үүнийг хэрхэн зөвшөөрүүлсэн нь бүр ч сонин баримт юм. 1993, 1994 онд манай улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай цоо шинэ гэрээ байгуулснаар хөрш зэргэлдээ гурван улсын харилцаа эргэлтгүй хэвийн болсон бөгөөд 1993.01.20-нд Москвад П.Очирбат, Б.Ельцин нарын гарын үсэг зурсан Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 4 дүгээр зүйлд: Талууд бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн аливаа эвсэлд оролцохгүй бөгөөд нөгөө Талын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын эрх ашигт харшилсан ямар нэг гэрээ, хэлэлцээрийг гуравдагч орнуудтай байгуулахгүй байх үүрэг хүлээнэ. Аль ч Тал өөрийн нутаг дэвсгэрийг нөгөө Талын эсрэг түрэмгийлэл буюу аливаа хүчирхийлэл үйлдэх зорилгоор гуравдагч улсад үл ашиглуулна. Гадаадын цэрэг, цөмийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлэхгүй байхад чиглэсэн Монгол Улсын бодлогыг Оросын Холбооны Улс хүндэтгэнэ гэж заажээ. 1994.04.29-нд Улаанбаатарт П.Жасрай, Ли Пэн нарын гарын үсэг зурсан Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний мөн 4 дүгээр зүйлд: Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн аливаа эвсэлд оролцохгүй, нөгөө талын төрийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд хохирол учруулах ямар нэгэн гэрээ, хэлэлцээрийг гуравдагч оронтой байгуулахгүй, аль ч тал нөгөө талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хохироохоор өөрийн нутаг дэвсгэрийг гуравдагч улсад ашиглуулахгүй хэмээн заажээ.

Тухайн үед манай улс хоёр хөрш улстайгаа ийм гэрээ байгуулахад ганц манай талын санаачилгаар ийм заалт оруулсан бус, хоёр талдаа ярилцаж зарим үед нөгөө талаас идэвхи санаачилга гаран байж ийм заалт тусгасан хэмээн манай дипломат албаны нөхөд бахдалтайя дурсан ярьдаг. Өөрөөр хэлбэл олон улсын маргаан, зэвсэгт мөргөлдөөний үед Монголоор төвийг сахиулж, тэгснээрээ тэр хөрш маань өөрийнхөө эсрэг хандуулахгүй байх гэсэн байр сууриаа энд суулгаж өгсөн юм. “Төвийг сахисан Монгол байгаасай” гэсэн хүсэл нь тэр үед тэгж илэрсэн хэмээн дипломатчид судлаачид үздэг.

Гадаад бодлогын үзэл баримтлалаа батлаж мөрдсөнөөс хойш Монгол Улсын гадаад бодлого улам бүр энхийг эрхэмлэсэн, уян хатан, идэвхтэй, олон талтай, олон тулгууртай болж, гуравдагч хөршийг баримжаалсан, хоёр хөршийн дунд тэнцвэр барих, эвсэлд үл нэгдэх чиглэлээр цааш хөгжжээ. Монгол Улсад эдүгээ хүртэл парламентаа 1990, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд бүх ард түмний шударга сонгуулиар бүрдүүлж, парламентад олонхи болсон улс төрийн нам Засгийн газраа эмхлэн байгуулж ажиллуулахдаа гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг нягт хангаж иржээ. Улс төрийн эрхэнд ээлжлэн засагласан улс төрийн намуудын хооронд гадаад бодлого дээр зарчмын ялгаа зөрүү гэж байхгүй явж ирсэн бөгөөд Монгол Улсын гадаад харилцаа шинэ нөхцөл байдалд зохицон хэлбэрэлтгүй урагшлан хөгжиж иржээ.

Гэвч шинэ зуун гараад олон улсын харилцаа элдэв эрсдэлтэй тулгарах боллоо. Манай гадаад дотоод орчин үндсээрээ өөрчлөгдсөн, Монгол Улс дэлхийд нээлттэй болсонтой холбогдуулан гадаад харилцааны ба аюулгүй байдлын бодлогоо шинэчлэх, улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарлаа. Бидний хүсээгүй элдэв шахалт тулгалт гаднаас ирж мэдэхээр байна. Олон улсын харилцааны энэ цаг үе ч Монголын хувьд таатай бишээр нөлөөлж мэдэхээр болж байна.

Цэргийн эвсэл-бүлэглэлүүд дахин буй болж, шинэ “Хүйтэн дайн” эхлэлээ тавилаа. Олон улсын харилцаанд таатай бус шинэ тоглогчид гарч ирлээ. Ийм нөхцөлд аль дээр үед зарлаад бүтэлгүйтсэн төвийг сахих бодлого руугаа шилжин орохоос аргагүй болж байна. Төвийг сахисан зарим улсын туршлага сургамж ч үүнийг нотлож байна.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 9 дүгээр сард төвийг сахих санаачилга дэвшүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж ҮАБЗ, Засгийн газраас шийдвэр гарч, УИХ-д хууль өргөн баригджээ. Уг хууль төвийг сахих бодлогыг иж бүрнээр тусгасан, маш чамбай хууль болсон хэмээн үзэж болно.

Төвийг сахих талаар Ерөнхийлөгч санаачилга дэвшүүлснээс хойш манай улсын ГХЯ, эрдэмтэн судлаачид төвийг сахисан орнуудтай идэвхтэй ажиллаж, тэдний туршлага сургамжийг судалж байна. Төвийг сахиснаар Монгол Улс олон улсын харилцаанд ганцаардана, НҮБ-ын хүрээнд санал шүүмжлэлд эрхээ хязгаарлуулна, гадаадын хөрөнгө оруулалт хумигдана, хоёр хөрштэйгээ таарамжгүй харилцах болно гэхчлэн хардлага, болгоомжлол ганц нэг эрдэмтэд, судлаачид, улс төрийнхний явцуу хүрээнд өрнөж байгаа нь Монгол Улс өөрөө нээлттэй, ардчилсан улс, үг хэлэх эрх чөлөөг чөлөөтэй нэвтрүүлсний нэг үр дүн гэж үзэх хэрэгтэй. Ийм мэтгэлцээн өрнөсөн нь гадаад бодлогыг мухардалд оруулах бус, харин ч олон талтай, бүтээлч, олон хувилбараар явуулах боломж нээж байна.

Төвийг сахих асуудал Монгол Улсын гадаад бодлогын шинэ гарц, гадаад бодлогоо хэрэгжүүлэх нэгэн боломж, арга хэрэгсэл, чухамдаа бүтэн зууны тэртээ Монголын тусгаар тогтнолын төлөө амиа өргөгсдийн хүсэл мөрөөдлийн биелэл болон хэрэгжих зам ийнхүү нээгдлээ.

“Тойм” сэтгүүлийн  2016.07.11-ний дугаарт хэвлэгдсэн уг өгүүллийг зохиогч дэлгэрүүлэн баяжуулаад “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XI их хурлын “Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаанд хэлэлцүүлнэ.