Вьетнам машин засварын газрыг сайтар мэдэх болсон би тэдний эх орон руу аялахдаа сэтгэл догдолсон билээ. Байн байн машинаа мөргөлдүүлдэг муухан жолооч миний хамгийн сайн мэддэг газар бол Вьетнам засвар. Энэ улс руу зорих болсон шалтгаан маань үүнтэй ч холбоотой байж магадгүй л юм. Ханой хотод буунгуут хамгийн эхний санамж шууд шоконд оруулчихав. “Замын хөдөлгөөний дүрэм зөвхөн цаасан дээр л бий”. За энэ ч яахав, манайд ч бараг тийм гэж бодож дуусаагүй байтал араас нь “Зам хөндлөн гарахдаа гүнзгий амьсгаа аваад чигээрээ харсан чигтээ тайван зугуухан алхана шүү... Цочиж, гүйж, гар хөлөө савчиж орилж болохгүй. Гэнэт зогсож бас болохгүй. Учир нь Ханой хот зургаан сая хүнтэй дөрвөн сая мотоцикльтой” гэв ээ... За ингээд л зам хөндлөн гарна гэдэг гэдэг эр зоригийн асуудал гэдэг нь тодорхой болов.

Манай улс  хоёр сая 600 мянган хүн амтай, гурван сая 600 мянган гар утастай гэдэг шиг зургаан сая хүн, дөрвөн сая мотоцикль гэж амандаа үглэнгээ хотын гудамжийг сонирхож явлаа. Харанхуй хот. Хааяа нэг машин, мотоцикльтой хүн сүнхийнэ. Гэрэлтүүлэг гэж байхгүйтэй адил. Байшин барилгууд нь 40 тоннын чингэлэг дээр дээрээс нь өрөөд тавьчихсан юм шиг гонз­гой хэлбэртэй. Энэ улсад байшинг өргөнөөр биш уртаар хэмждэг ая­тай. Энэ тухай хөтчөөсөө асуувал  газар гэдэг юм асар үнэтэй учраас Засгаас ийнхүү 40 тоннын чингэлэг шиг газар л оноосон аж. Ханойд нэг метр кв газар 20 мянган америк доллар хүрчээ. Вьетнам улс 85 сая хүн амтай учраас дэлхийд хүн амын тоогоороо 10-р  байрт ордог гэнэ. Айл бүр хоёр хүүхэдтэй л байх ёстой. Гэхдээ яахав баячууд нь гурав дахь хүүхдээ гаргамаар байгаа бол нэг удаа 250 ам.доллар төлөөд төрүүлж болно гэж байна. Ингээд бодохоор хүүхэд хямдхан ч юм шиг. Гэхдээ энэ улсад нэг ам.доллар 20 мянга 500 вьетнам донгтой тэнцдэг гээд бодоод үзвэл бас үнэтэй ч юм шиг. Цалингийнх нь дундаж 250 ам.доллартай ч тэнцэнэ. Нэг сарынхаа цалингаар нэг хүүхэд төрүүлж болно гэсэн үг. За Вьетнам бол социалист улс. Онгоцны бууд­лаас буунгуут л энэ тэндгүй хат­гасан шар таван хошуутай улаан туг, эцэг Хо Ши Мины зу­рагт самбарууд. Гэвч тэдэнтэй зэрэгцээд дэлхийн брэндүүдийн реклам ярайх нь бас л сонин. Энэ улс төвлөрсөн төлөвлөгөөт биш нээлт­тэй эдийн засгийн бодлоготой аж. Гадаадын хөрөнгө оруулалт бо­лон аялал жуулчлалд найр тавь­даг гэж байна. Гэхдээ бас хүнд сурталтай. Нисэх онгоцны буудал дээр саатуулагдах болсон шалтгаан маань визний ангилал зөрсөнийх. Гэхдээ тэдний улсаас манай улсад суугаа Элчин сайд гуай л намайг “Аялна шүү” гэсээр байхад “албан виз” дарчихаж. Үүнийг нь хил дээрх ажилчид нь сонор соргогоор илрүүлж саатуулав. Бүр “Корейн айр”-ын тө­лөөлөгчийг дуудаж ав­­чраад “Энэ хүнээ буцаагаад аваад яв. Манай улс оруулахгүй” гэ­дэг байгаа. Тэдний онгоцонд дайгдсанаас биш ямар тэр улсын ир­гэн ч биш. Монголын Элчин сайдын яам руугаа залгасан бо­ловч тэд маань нам унтаад утсаа авдаггүй. Харин вьетнам нөхөртэй нэгэн монгол бүсгүй тус болж хил нэвтрүүлэв. Тэр ингэж ярьсан юм. “Энэ улсад юм бүтээх уг нь амархан. Бүх юмыг зохицож болдог. Хууль дүрэм байвч тэр болгон хэрэгжээд байдаггүй. Зохицьё оо гээд л байх хэрэгтэй. Ер нь вьетнам хүнтэй бүү марга. Халуун цустай, цөс ихтэй хүмүүс. Юу ч болсон “зохицьё оо” гээд байгаарай” гэв. Онгоцны буудал дээр саатуулагдаж нэлээд ядарч ирсэн болохоор буудалдаа ороод нам унтжээ. Харин өглөө босоод буудлаасаа ганцхан алхаад л шууд дотор муухайрч даралт ихсэх нь тэр... Ээ бурхан минь, ийм замын хөдөлгөөн бас байдаг аа. Хөл гишгэх зайгүй шигүү давхилдах мотоцикльтой хүмүүс. Сүн...сүн... Хаа нэг машин. Гэрлэн дохио, явган хүний гарц уг нь байна. Тэрийг  харин бүгд мартжээ. Энэтхэгт ма­шиныхаа хоёр толийг эвхчихээд давхиж байхыг  би харсан л юм. Гэвч Вьетнам арай дэндэнээ. Тэр олон мотоцикльтой хүмүүсийн дундуур сүрлэн шовгор малгайтай, дамнуурга үүрсэн явган хүмүүс бас юу ч вэ дээ. Яг үнэнийг хэлэхэд би Вьетнамд зам хөндлөн гарч огт чадаагүй. Дүйрсэн тэнэг л биш бол тэр аймар хөдөлгөөн дундуур гүнзгий амьсгаа аваад чигээрээ аажуухан алхана гэж үү. Үгүй мэнд харих минь. Нүдний өмнөх зураглал гэвэл Азийн нийтлэг төрх. Гудамжиндаа идээ будаа, загас, дунгаа зарна. Хоолоо хийнэ. Явган сандал тавьж байгаад ууж иднэ. Ямар манайх шиг шороо тоос босно гэх биш. Ханой хотоос 150 км яваад үзэсгэлэнт Халонг буланд очлоо. Тэнгисийн уснаас ургачихаа юу гэмээр 3000 гаруй хадан хясаа сүндэрлэх нь үгээр хэлэхийн арга­гүй гайхамшигтай. Хэрэв та энэ улсад ирчихээд  Халонг орж үзээ­гүй л бол Вьетнамыг үзээгүйд тооцож болно. Тэнгис нойрмоглон дүнсийж, нойтон манан хаваад эгц огцом хадан хясаанууд  хаа сайгүй дүнхийх нь далай тэнгисгүй мань мэтэд диваажин л мэт байв. Энгэртээ том гэгчийн шар таван хошуутай час улаан футболк, цэрэг ногоон малгай худалдаж авч өмсөөд усан онгоцон дээр гараад хэвтчихэв. Ингээд гу­рав хоног өнөөх 3000 гаруй хадыг сүлжиж манан хавсан тэнгисээр  далбилзан хөвлөө. Усан онгоцоор  хөвж явахад бороо орохоор цээжин  дотор хөвөн норгоод чихчихсэн юм шиг л хүнд оргино. Нэлийсэн усан дотор далбилзаж явахад дээрээс бороо шүршээд нүдний өмнүүр манан хөшиглөөд байхаар дагаад уйлмаар ч юм шиг... Хуурай уур амьсгалтай, дураар задгай салхитай тал нутгийн хүн болохоор нойтон нойрмог тэнгист олон хонож үнэхээр чадсангүй. Гурав хоноод л “­байя аа, больё оо” болсон доо. Харин энэ тэнгист хааш хаашаа 10 метр хүрэхтэй үгүйтэй завин дээр төрж өсөөд, тэндээ амьдрал нь дуусдаг “газар уснаа явагчдын” амьдрал үнэхээр сонирхолтой са­нагд­лаа. Завин дээрээ байшин барь­­чихна. Тэнгисээс загасаа шүүрдээд идчихнэ. Илүү гарсаныг нь хот оруулаад зарна. Тэд будаа, цэ­вэр ус хоёрт л гол мөнгөө зарна. Усанд загас шиг, газарт хүн шиг л явна. Манайхаар бол малчид л гэсэн үг. Малаа маллаад хээр хөдөө амьдардаг шиг загасаа адгуулаад завин дээрээ хөвөөд. Хөрштэйгөө муудалцвал хөвөөд л явчихна. Зус­­ландаа гармаар бол урд хадан хясааныхаа өвөрт сэлүүрдээд хүрчихнэ. Тэр бяцхан завин дээ­рээ бас нохой тэжээнэ. Тахиа, га­луу бас бий... Хүүхэд багачуул нь дөнгөж мөлхөх үедээ завин гэрээсээ тэнгист унах нь элбэг гэсэн. Амьдралын эрхээр тэгээд л сэлээд сурчихдаг бололтой. Харин тэндээс хэд нь тэнгист  энддэг бол гэхэд толгой сэгсэрч байна билээ. Худлаа л даа, нууж байгаа юм...  Уг нь энэ тэнгисийг Өмнөд Хятадын тэнгис гэж дэлхий нийт нэрлэх авч нутгийнхан Вьетнамын тэнгис гэх. Вьетнам мөнгөн тэмдэгтийг донг гэх авч тэд вьетнам доллар гэнэ. Ихээ амбицтай.  “Бид АНУ, Франц, Хятадыг ялсан улс шүү” гэж ирээд л цээжээ дэлдэнэ. Эд 1000 жил Хятадын дарангуйлалд байсан. Хятадаас мултарангуутаа Францын эрхшээлд орсон. Тэмцэж, тэмцэж францчуудыг хөөж явуулангуутаа дотроо хоёр хуваагдаад нэг нь АНУ-тай хүч хавсарч  хоорондоо байлдсан.  Гэвч 16 жил үргэлжилсэн алдарт дайнд 1975 онд  коммунист вьетнамчууд АНУ-ыг гарын үсэг зуруулж, хоёр Вьетнам нэгдэж  чадсанаар “Бид Америкийг дайнд ялсан” хэмээн бардамнах эрхийг хүн төрөлхтний өмнө олж авсан юм. Яая гэхэв үнэн юм чинь, онгир онгир Вьетнам... 

Вьетнамчууд харахад жижигхэн турь муутай ч нэлээн шөрмөслөг, ямаан омогтой болов уу. Ядуу даржин амьдрал, олон жилийн дайн тэднийг даруухан, дуулгавартай болгосон гэж бодвол эндүүрэл. Угийн дайнч, дарлагдахыг тэвчишгүй халуун цус судсаар нь бу­цалсаар байхад тэд яаж ноомой дорой байхав дээ. Харцанд нуугдах омог бардам оч, жаахан халахаараа гаргаж буй авир энэ тэрээс нь ажиглахад тэд яавч номой дорой биш юм. Манай улсыг социалист нийгэмд аж төрж байхад хуучнаар Зөвлөлтөд вьетнамчуудтай хамт сурч байсан нэгэн монгол ийн ярьсан юм. “Вьетнам оюутан бүхэн нутаг буцахдаа хөнгөн цагаан төмпөн, данх, ган халбага сэрээ энэ тэр аваад явна. Улсаас нь авчир гэж үүрэг болгодог гэсэн. Гааль дээр гарах гээд овоорч байхад төлгүүд нөгөө төмпөн саваа чирээд хангир жингэр. Өөрсдөө бас дутахгүй түн, тан гэж ярьдагийг хэлэх үү. “Наад новшоо хаяаад яваач ээ” гээд загнахад “Эх оронд минь хэцүү байгаа ш дээ” гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд нөгөө төмпөнгүүдээ зуураад байдаг улс даа...” гэж билээ.  Тэгэхээр тэд яггүй эх оронч байж таарна даа. Хүн хулхидах, хуурах нь яг л хятад, энэтхэг, арабууд шиг. Нэг үнэ хэлж тохирчихоод мөнгөө төлөх үед 3-4 дахин нэмчихсэн байх нь энгийн үзэгдэл. Такси хүн тэрэг нь жуулчдыг хулхидаад бүүр гаршчихсан. Тэгсэн атлаа л энэ улсад ирэх жуулчдын тоо огцом өссөөр байгаа юм билээ. Тэд авдаг цалин бага амьдрал дорой болоод тэр үү ажилсаг ард түмэн. Гэхдээ ялгаа байна аа. Манайхан ч ядруу байгаа. Гэхдээ монгол хүн ноён зан гаргаад ажил хийхгүй. Харин тэд хийнэ. Адилхан ч омог бардам халуун цустай улс уг нь. “Аливаа улсын соёл иргэншил ард түмнийхээ оршуулга, хуримын зан үйлээс харагддаг юм шүү” гэж  нэгэн өвгөн профессорын үг намайг хаана ч явсан оршуулга, хурим эргүүлдэг болгочихсон юм.

Эндэхийн оршуулга нь ху­ри­маасаа сонин. Талийгаачаа ор­шуулаад хэ­сэг хугацааны  дараа да­хин гаргаж ирээд чандарладаг. Ямар хугацааны дараа гаргаж ирэ­хийг лам мэддэг. Манайхаар бол алтан хайрцагийг нь нээж мэднэ гэсэн үг. Харин тэр хэцүү дахин “оршуулалт”-ыг айлын том хүү гардан хийж гүйцэтгэх ёстой. Нэг гайхалтай зүйл нь талийгаачаа ца­гаан будааныхаа талбайд оршуул­даг. Учир нь газар маш үнэтэй тул нас барсан хүнээ гэр бүлийн эзэмшлийн цагаан будааны талбайд л нутаглуулчихна. Газар үнэтэй гэх атлаа пилтагаар бүрсэн томоос том бунхан босгох нь бас хачирхалтай. Тэд хоёрхон хүүхэдтэй болох эрх­тэй тул дандаа хүү төрүүлэхийг эрмэлздэг болохоор хүн амын дийлэнх нь эрэгтэйчүүд болжээ. Гурван эрэгтэй тутамд нэг эмэгтэй оногддог байна. Тиймээс бэр гуйх ёслол нь сүртэй болдог. Уртаас урт мотоцикльтой цуваа хөвөрч хүн бүр бэлэг өгнө. Харин нөгөө гуйлгаж байгаа тал бэрээ өгөхгүй ч байж болдог. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхт ёс аажмаар  энэ улсыг идэж буй. Нэр дээрээ эрчүүд гэх боловч ни­дэр дээрээ эмэгтэйчүүд бүхнийг шийддэг. Хүн амын дундаж наслалт нь 70. Буурай орон гэхэд энэ бол өндөр тоо. Байгаль орчноо овоо ахиухан сүйтгэж, утаа униар ихтэй тул хорт хавдар, уушгины өвчин ихсэх хандлагатай болжээ. Нийт ард иргэд нь ядуу амьдрах боловч эдийн засаг нь бас гайхалтай өсч яваа улс гэнэ. Цаасан дээрх тоон өсөлтүүд амьдралд харагддаггүй манайхтай нэн төстэй. Гэхдээ тэд манай улсыг бодвол давхар бо­лон хурдны замтай. Хөл гишгэх зайгүй ширэлдэн давхилдаж буй мотоцикль, Уаз-469, унадаг ду­гуйнуудын дундуур цагаа тулбал бас  ламборжин давхихыг харлаа. Өө... энэ л баялгийн хуваарилалтын толь шүү дээ. Гэхдээ Хо Ши Мин хот орвол өөр дүр зураг угтдаг гэх. Ханой бол эртний хот учраас жаахан онцгүй гэж байна билээ. Тийм л байх. Далайн эргийн бяцхан суурин болон Катвэ хотод нэг сүртэй баяр болж байхтай таарсан. 1973 онд Хо Ши Мин эл хотод ирээд явсаны  30 жилийн ой тохиож байх нь тэр. Хотынхоо төв талбайд концерт тоглоод  дараа нь баарандаа бут авч байсан. Босч зогсож байгаад  “Хо Ши Мин мандтугай.... Хо Ши Мин мандтугай...” гэж хашгиралдаад уугаад л...Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үгтэй юм... яаж зүгээр байхав. Тэгээд ч нутгийн заншлыг хүндэтгэх ёстой. “Хо Ши Мин мандтугай”... Нутаг буцах гээд онгоцны буудал руу ороод гайхаш тасарлаа. Ялаа шавчихсан юм аятай дүүрэн хүн. Хүн байгаа болохоор хөлс, шивэрний үнэр... Ачаа тээш өгдөг зааланд айр кондишн байхгүй. “Юугаа хийгээд ийм олон вьетнам энд цугладаг билээ” гэтэл угаасаа л ийм байдаг гэнэ. Хүн бүхэн байнга шахам гадаад яваад байдаггүй тул нэг хүнээ ах дүү хамаатан саднаараа ирж гаргаж өгдөг гэнэ. Гараа даллаад л орилолдоод байх... Түн тан,  тан ян, няг нан гэсэн чихэнд ядаргаатай хэлээр дүнгэнэтэл орилолдоно гээд төсөөл дөө. Ингэж яваад монголчуудтайгаа адилхан хэ­дэн залуутай нэг онгоцоор Сөүл зорьсон нь ихээхэн юм бо­дог­дуулав. Харваас хөдөөний баймаар сайран хөлтэй, хувцас ху­­нар муутай, ядруу дорой авч хүүх­дээрээ шахуу 10 гаруй залуу ачаа тээшээ хажууд өгч таарав. Анх удаа онгоцоор нисэх гэж байгаа нь илт. Сандарсан бүлтгэнэсэн харц... Байн байн хөлсөө арчиж тээ­шээ өгөхдөө мунгинана. Эгээтэй л хормой хормойноосоо зуурахгүй. Тэгсэн атлаа бас зургаа авахуулахаа мартахгүй. Аль нэг улсад очиж ажил хийх гэж яваа нь харваас илт. Яг л манайхан шүд амаа хүртэл үзүүлж малиндуулаад өмнөд Солонгост ажиллах хүч болон худалдагддаг шиг. Хөдөөнөөс орж ирээд л усанд ч орж амжилгүй Сөүл нисдэг ш дээ. “Улаанбаатар Сөүлээс гоё уу” гэж Сөүлд найман жил амьдарч хараар ажилласан монгол залуу надаас асуусан л юм. Хөвсгөлөөс ирээд л өглөө нь Сөүл нисчихсэн гэж байгаа... Хүний нутагт  очоод амьтан хүн царайчилж, ар өврөөр нь гүйж хэдэн төгрөг олоод гэр рүүгээ явуулдаг. Зарим нь тэндээ амиа үрдэг. Арай дөнгүүрийнх нь гэр бүл салж, үр хүүхэд нь өнчирдөг. Хамаг байгаагаа зарж үрж ломбарданд тавиад хүний нутагт очиж боол болдог манайхантай адилхан юм вьетнамчууд. Тэдний хувьд Монголд очихын мөрөөдөл. Гэвч Монголын виз тийм амархан  гарахгүй. Бөөн шат дамжлага, бичиг сачиг. Манайханд өмнөд Солонгос, АНУ-ын виз яаж олддог билээ тэдэнд манай виз яг л тийм хэцүү. Хэрэв Монголын виз гарчихвал тэр айлын амьдрал илт сайжирна. Манай улсад ирээд хийдэг ажил нь Вьетнам засварын газар. Тэд бүгд машин засвараар тэгтлээ мэргэжсэн хүмүүс үү гэвэл үгүй. Завь, мотоцикль, сүрлэн дээвэртэй байшингаа засч гаршсан л хөдөөний хүмүүс  Улаанбаатарт ирээд алтан гартай засварчин болчихож байна. Тийм л хүмүүст үнэтэй цайтай машинаа аваачиж өгөөд засуулдаг юм байна шүү дээ, бид. Харин би Вьетнамд “Вьетнам засварын газар” хайгаад олоогүй шүү. 


Вьетнамчуудын нийтлэг бизнес


Жирийн тосгон


Халонг


Энэ хүмүүсийн дундуур зам хөндлөн гарна гэж үү