“Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг” кабелийн телевизийн ерөнхий захирал, нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч А.Гансаруулд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Гуравдугаар сарын 6-нд Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн баяр тохиосон. Гэтэл энэ өдөр есөн телевизийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаачихсан. Танай телевиз ч бас хаагдсан?
-Тэр өдөр чинь сэтгүүлзүйн 100 жилийн ойн өдөр байсан шүү дээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс урилга ирчихсэн, баярын хуралд явна гээд үс зүсээ янзлаад байж байтал   Харилцаа холбооны зохицуулах хорооноос гэнэт тийм шийдвэр ирсэн л дээ. Гэхдээ энэ шийдвэрийг урьдчилаад бараг гадарлачихсан  сэтгэл санааны бэлтгэлтэй байсан. Шийдвэр ирлээ л бол  цаг хүрэхгүй хугацааны дотор гүйцэтгэл нь явагддаг юм билээ. “DDH”, “Сансар”, “Univision” гээд бүх кабелийн телевиз манай телевизийг шууд салгачихсан.

-Ямар шалтгаанаар “Шонхор суваг”-ийг хаасан юм бэ?
-“Шонхор суваг”-ийг би   бусдаас сайн телевиз байсан гэж үнэндээ хэлж чадахгүй ээ. Уг нь ирэх сарын 13-нд байгуулагдсаны нэг жилийн ойтойгоо золгох суваг байсан. Техник, тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр муу. Тэрийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Юм шударга байх хэрэгтэй. Эгэлгүй мундаг телевиз байгуулчихаад тэрийгээ хаалгачихаад байгаа юм шиг ярьж болохгүй. “Шонхор суваг”-ийн тоног төхөөрөмж тааруу учраас дүрс,  дууны цацалт маш муу байсан. Тэрийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Өмнө нь энэ бүхнийгээ  засах сарын хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн юм.  Харамсалтай нь нэг сарын дотор яагаад ч засч чадаагүй. Ийм богинохон хугацаанд бид эфирийн салаалагчийн төхөөрөмжийг л сольж амжсан. Телевизийн дүрс, дууны цацалт хийгээд камеруудаа солиход наад зах нь 500 мянган ам доллар хэрэгтэй. Надад энэ мөнгө байхгүй. Олж чадаагүй. Чадахыг ч хүсээгүй.  Энэ нь манай сувгийн хаагдсан эхний үндэслэл. Хоёрдугаар үндэслэл нь их сонирхолтой.  Би Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяраас энэ телевизийг асар өндөр үнээр худалдаж авсан. Маш муу техникийг надад арав дахин өндөр үнээр зарсан. Би техникийг нь шалгаагүй авчихсан нь одоо миний буруу болж хувирсан.  Тусгай зөвшөөрлийг анх авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг юм  байна л даа. Тэр гэрээнд манайх ингэж сайн ажиллана, ийм ийм тоног төхөөрөмж манайд байгаа гээд түүнийгээ  хэмжилт хийлгэдэг юм байна. Гэтэл тэр бүгд нь хуурамч, худлаа  байсан. Ингэж би хуурамч, маш муу техникийг   асар өндөр үнээр авчихсан байна. Би тэр мөнгийг хүнээс зээлсэн.  Одоо би асар их зээлтэй үлдэж байна.  Гурав дахь үндэслэл нь тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж болдоггүй байж. Би бас үүнийг тооцсонгүй. Надад хийе, бүтээе гэсэн уран бүтээлч сэтгэлгээ л байсан.  Түүнээс ийм нарийн  бизнес, хуулийн сэтгэлгээ яах аргагүй дутагджээ.  Би хувийн сонинтой болоод гурван жил болж байна. Гурав дахь жилийнхээ нүүрэн дээр л “Улс төрийн тойм” сонин өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн гурван жилийнхээ нэг жилд нь “Шонхор суваг”-ийг хөл дээр нь босгох гэж хичээлээ. Барсангүй. Гэхдээ энэ хооронд ямар ч байсан үйл ажиллагаагаа явуулаад, цалингаа, түрээсээ төлөөд  л байсан. “Улс төрийн тойм” сониноо дампууртал нь мөлжсөн. Гэвч үр дүн нь энэ.

-Та яагаад хэсэг хугацаанд чимээгүй болчихсон бэ. Хүмүүс их гайхсан байх л даа?   
-Хүн болгон л надад  “Тэмц, гар, алалц” гэсэн зөвлөгөө өгсөн.  Үнэндээ түүн шиг амархан юм байхгүй. Гудамжинд гараад Монгол Улсын Засгийн газар тэгж байна, ингэж байна гээд ярих амархан. Туг лоозон хийсгэн давхих ч амархан. Гэвч  биет хохирол маань тэрбум  төгрөг давчихаар хөдлөж ч чадахгүй болдог юм байна. Одоо бол надад элдэв пиар, тэмцлээсээ илүүтэй өрнөөсөө хэрхэн гарах вэ гэдэг л чухал байна.  Манай телевизийг хаасан үндэслэл нь гарцаагүй.  Үүнийг би шүүхдээд ч дийлэхгүй. Улстөржүүлээд бүр ч барахгүй. Тийм учраас  хуульчдын баг байгуулаад өрнөөсөө мултрах нь надад хэрэгтэй. Телевиз хаагдаад арав гаруй хоночихлоо. Түүнээс хойш дуугүй суусан учир нь энэ.   Гэхдээ Засгийн газраас явуулж буй энэ бодлого зарчмын хувьд буруу. Ямар ч муу техниктэй байсан хааж, боож болохгүй.  Ямар ч үед Засгийн газар, төр хувийн хэвшил рүү дайрч, хэвлэл мэдээллийн эрх чөлөө рүү халдах ёсгүй.  За больё, манай суваг хамгийн муу байсан, хаагдах ёстой байсан гэж бодоход нөгөө найман телевизийн дотор 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулсан телевиз байна билээ. Аймар санагдаж байгаа биз. 

-“Шонхор суваг” байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн үзэгчидтэй болоод амжсан шүү дээ?
-Манай “Шонхор суваг”-ийг хүмүүс үздэггүй биш, үздэг байсан юм билээ. Хаагдсан хойно нь л мэдсэн. Манайх улс төр, нийгмийн чиглэлээр түлхүү, далайцтай явсан. Телевизийн салбарт  өрсөлдье гэвэл нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт мөнгө, гуравдугаарт мөнгө юм билээ. Мөнгөтэй байж сайн тоног төхөөрөмж авдаг. Мөнгөтэй байж сайн боловсон хүчин авдаг. Мөнгөтэй байж тайзаа олон янзаар сольж олон сайхан нэвтрүүлэг хийж болдог. Хэчнээн авьяаслаг, чадвартай сэтгүүлчид байлаа гээд мөнгөгүй бол телевиз явдаггүй юм байна гэдгийг би ойлголоо. Ер нь тэгээд миний гол алдаа бол “Саваагүй нохой саранд хуцна” гэдэг шиг мөнгөгүй байж телевизийн салбарт орж ирсэн явдал юм. Сэтгүүлч эзэнтэй медиа групп байгуулахыг мөрөөдсөн маань ингээд бүтэлгүйтлээ.Одоо өөртөө ийм л дүгнэлт хийж байна.

-Хаагдсан телевизийнхэн “Бидэнд сарын л хугацаа өгсөн. Энэ хугацаанд байгаа нөөц боломжоо хэчнээн ашиглаад ч зөрчлөө арилгаж амжсангүй. Ерөөсөө анхнаасаа л хаахыг санаархсан  шаардлага тавьсан” гэцгээж байсан?
-Тэр үнэн л дээ. Кабелийн телевизүүдэд сарын хугацаа өгөхөд л би энэ талаар нийтлэл бичсэн. Сарын дотор бүх тоног төхөөрөмжийг солиход доод тал нь  500 мянган ам.доллар хэрэгтэй. Ийм боломж бидэнд байхгүй. Том компаниудаас эрхлэн гаргаж байгаа телевизүүд бол чадна. Бид бол чадахгүй. Тийм учраас өрсөлдөөнд туйлдаад унаж байгаа байхгүй юу. Уг нь энэ өрсөлдөөн жамаараа явж бид замдаа бахардаж унах ёстой байсан. Өөрөөр хэлбэл өөрөө дампуурах боломжийг нь тавьж өгөх ёстой.  Гэвч тэгсэнгүй. Механикаар үйл явдлыг хурданд нь хийчихлээ.  Миний хувьд нэгдүгээрт, яах аргагүй мэхлүүлсэн. Хоёрдугаарт, тавьсан шаардлагуудыг нь үнэндээ давж чадсангүй. Гуравдугаарт, энэ зарчим нь буруу байсан.  Өнөөдөр би энэ телевизэд тэрбумыг байг гэхэд арван мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэ миний хөрөнгө. Тийм учраас төр энэ хаагдсан телевизүүдэд нөхөн олговор өгөх ёстой. Хаагдсан телевизүүдийн нэг болох 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “ITV” телевизийн тухай уншаад үнэхээр хямарсан. Олон жилийн турш хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол. Тэр хүмүүст ямар байгаа бол гэдгийг би төсөөлж байна. Миний хувьд сувгаа худалдаж авсан үнэ нь тэрбум гаруй төгрөг болчихлоо гэхэд дээрээс нь 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бүхэн минь өнөөдөр салхинд хийсчихлээ.

-Одоо тэгээд та яая гэж бодож байна?
-Би Харилцаа холбооны зохицуулах хороотой биш, Засгийн газартай биш наймаа хийсэн хүнтэйгээ эхлээд учраа олно. Манайхан том хөрөнгө оруулагчийг үзэн яддаг. “Шунхлай” ч юм уу, “Бодь”  ард нь хөрөнгө оруулаад хэвлэл мэдээллийн байгууллагыг босгохоор манайхан эсэргүүцдэг. Миний бодлоор энэ бүхэн зөв юм байна.  Би ч цагтаа эсэргүүцэж явлаа.  Яагаад гэвэл би энэ амьдралыг өөрөө тууллаа. Ганцаараа яваад, мөнгө зээлээд, өрөнд ороод сүүлдээ байгуулсан телевиз маань хаагдчихлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ч би хүнээс зээлсэн мөнгөө өгөх л ёстой. Энэ чинь бизнесийн харилцаа. Том эзэнтэй, мөнгөтэй компаниудыг түшиглэж хэвлэл мэдээллийн байгууллага хөгждөг юм байна. Би энэ бүхнийг сүүлийн 17 жилийн амьдралаасаа ухаарлаа.  Би үүнийг зөрчих гэж үзсэн байхгүй юу. Өөрөө, ганцаараа босгочихъё, сэтгүүлч эзэнтэй, медиа групп байгуулъя гэж бодсон юм. “Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг”, www.ipost.mn  сайт гээд гурвалсан үйлчилгээтэй ийм медиа групп байгуулъя гэж бодсон минь одоо худлаа боллоо л доо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад стандартаа хангачихвал, хаагдсан телевизүүд асуудалгүй л гэж ойлголоо. Харин энэ стандартыг  нь  би л лав хангаж чадахгүй. Бусад найман телевиз маань хангавал сайн л байна. Тэгвэл тэдэндээ амжилт хүсье. Надад дахиад сая долларын хөрөнгө оруулалт олдох ч үгүй. Би үнэхээр айж байна. Яагаад гэвэл хүн юм хийхэд нэг өдөр л байхгүй болгодог юм байна. Хүн хүнээ мэхэлдэг юм байна. Нэр хүндтэй хүн бусдыг хүн гэж боддоггүй юм байна. Телевиз үнэхээр том тоглоом байна.  Би энэ тоглоомонд хожигдлоо. Яаж ч болохгүй үнэн гэвэл энэ. Үнэнээ хүлээх ёстой. Хэн ч намайг энэ салбар руу албадаагүй. Би өөрөө л орсон. Одоо би өөрөө л эрсдлээ үүрнэ. Энэ бол миний дайрах ёстой лай. 

-Телевизүүдийг хаасныг ард түмэн, үзэгчид улс төртэй холбож ойлгоод байх шиг байна лээ?
-Бүхнийг улс төр рүү чихээд гарах амархан л даа. Гоё байдаг байхгүй юу. Би олон жил улс төр бичсэн. Улс төрд юу болдгийг дэндүү сайн мэднэ. Гэхдээ би үүнийг энэ удаа улстөржүүлэхгүй.  Надад ашиггүй. Хэрэв би  2016 онд улстөрд орох гэж байгаа бол, ямар нэг намын харьяалалд байдаг бол улстөржилт ашигтай. Гэвч би эрх чөлөөг эрхэмлэдэг сэтгүүлч хүн учраас энэ удаа улстөржилтөөс зугтаж явна. Би улс төрийг бичнэ үү гэхээс өөрөө дотор нь хутгалдаж заваармааргүй байна.     Тэгээд ч би   бодит байдлыг ярьж байна. Над шиг ингэж бодит байдлыг ярьж байгаа хүн байгаа ч уу, үгүй ч үү.  HD “Монгол” телевиз, “Бодь”-ийнхон шиг гоё телевизийг би хийж чадаагүй. Гэхдээ хүмүүс “Шонхор” сувгийг үздэг байсан. Энэ телевизэд сайн сэтгүүлчид цугласан байсан юм.  Гуч гаруй ажилтнаа тал, тал тийш нь таарахад ямар хэцүү байсан гэж санана. Өдөрт л тав, зургаагаараа бусад телевиз рүү яваад л. Тэд маань телевизээ буцаад нээх болов уу гэсэн горьдлоготой байсан. Гэхдээ би тэдэнд үнэнийг хэлсэн. Тийм учраас “Шонхор” телевизийг би лав дахин гаргахгүй ээ. 

-Тэгэхээр “Шонхор суваг” дахиж эфирээ цацахгүй нь ээ. Та эсвэл зарах уу?

-Дахиж эфир цацахгүй. Тусгай зөвшөөрлийг зарж болдоггүй хуультай юм билээ.

-Ийм амархан бууж өгч байгаа юм уу?

-Мөнгөний өмнө бууж өгч байна. Өөр яана гэж. Гарц байхгүй. 

-Тэгээд одоо яах уу?
-Кёкүшюзанд буцааж өгнө.

-Мөнгөө буцааж авна гэж үү?
-Мөнгөө буцааж авмаар байна. Өгөх нь үү, үгүй юу. Нэгэнт хийгдсэн наймаа гэх нь үү. Тэгвэл  тэгээд хууль хяналтын байгууллагад хандана даа. 

-Хөрөнгө оруулагч гарч ирээд хамтарч ажиллая гэж санал тавибал?
-Үгүй, одоо би ажиллахгүй. Ер нь төртэй гэрээ байгуулаад ажиллана гэдэг хүнд юм байна. “Шунхлай” компанийг хар л даа. Компанийнхаа хувьд алдагдалд ороод зарж буй  бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэхээр  төр хөнгөлөлттэй зээлээ буцаана, бас хэдэн тэрбумаар нь торгоно гэж дарамталж байна.  Телевизийн салбар яг ийм, төртэй гэрээ байгуулдаг. Төртэй хутгалдаж, төртэй гэрээ байгуулж бизнес хийнэ гэдэг хүнд юм байна.  Гэхдээ ингээд хэвлэл мэдээллээс арчигдаад, яваад өгч байгаа юм биш шүү. Сонин, сайт маань  байна.  Юм бичих чадвараа алдаагүй байна.

-Таны хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэг цаашид гарах уу?
-Хэсэг хугацааны дараа “ Цензургүй яриа” дахин гарч эхэлнэ. Одоогоор хэд хэдэн телевизээс санал ирсэн. Аль нэгтэй нь хамтарч ажиллана гэж бодож байгаа. 

-Есөн телевизийг хаахад 300 гаруй сэтгүүлч ажилгүй болж, олон айлын амжиргаанд нөлөөлсөн байх?

-Манайхаас 36 хүн ажилгүй болсон. Тэдний зарим нь банкнаас цалингийн зээл авчихсан байгаа. Манайд л гэхэд цалингийн зээлтэй зөндөө хүн байсан. Одоо энэ хүмүүс зээлээ төлөх ёстой, ажил хийх ёстой. Гэтэл тийм амархан ажил олдох уу. Бас хэцүү шүү дээ. Ер нь хэвлэл мэдээллийн салбар төртэй найзална гэж байдаггүй юм байна. Телевизийн  хувьд сонинтой харьцуулахад их дарамт ирдэг юм билээ.

-Ямар дарамтууд вэ?
-Тухайлбал, “Сансар” кабелийн суваг  Улаанбаатар хотынхны 80 гаруй хувьд хүрдэг. Энэ компани кабелийн сувгуудтай “С.Баярын тухай нэг ч сөрөг, үг өгүүлбэр танай телевиз гаргахгүй шүү” гэж гэрээ байгуулж ам тангараг өргүүлдэг.  Өмнө нь С.Баярын тухай гаргаад “Сансар”-аас салгагдаж байсан  телевиз бол “NBS”. Намайг “Шонхор суваг”-ийг аваад удаагүй байтал гэнэт нэг өдөр  “Сансар”-аас манай сувгийг салгачихсан. Юу болов гэтэл  “С.Баярын тухай бичдэг Л.Мөнхбаясгалан “Шонхор суваг”-ийг авчихсан байна, салгана аа” гэсэн байсан. Тухайн үед бичиг баримт дээрээ хуучин эзнээс нь нэрээ шилжүүлж амжаагүй байсан тул түүнийг нь үзүүлж Д.Батбаяр гишүүнээр гуйлгаж би өөрөө далан таваараа бууж өгсөн. Амьдралдаа би хэзээ ч олигархийн өмнө тэгж бууж өгч үзээгүй. С.Баярын тухай бичихгүй, гаргахгүй, амлаж байна, тангараглаж байна гэж байж “Шонхор суваг”-аа тэднийхээр   цацуулах эрхтэйгээ үлдэж байлаа.  За “Univision”  кабелийн суваг бол  “MCS”-ийн охин компани. Тэднийхээ бүх эрх ашгийг хамгаална.  Би  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай “Цензургүй яриа” нэвтрүүлгээ хийгээд л дөнгөж л  20 минут явж байтал уг  кабелиас манай телевизийг салгасан. “MCS”-ийн тухай ярьж эхлэнгүүт л ийм арга хэмжээ авч байгаа юм.  Дээрээс нь тэд  залилан хийнэ. Ухрааж үздэгээрээ гайхамшигтай гэнэ. Үнэндээ ухрааж болдоггүй л байсан. “Шонхор суваг”-ийг үздэг байсан хүмүүс санаж байгаа байх.   “MNC” кабелийн телевиз бол “Оюуны ундраа” компанийх. “Оюуны ундраа”-гийн найз, харилцагч, улс төрийн хамтрагч байгууллага,  компаниудыг огт гаргаж болохгүй.  “DDH” кабелийн телевиз “Жем интернэйшнл”-ийнх. Цэрэнпунцаг гэдэг бөхийнх болохоор “Жи мобейл” энэ тэрийнхээ эрх ашиг, за тэгээд найз нөхөд гэх мэт хүмүүсээ хамгаална. Сурталчилгаа үнэгүй явуулах ёстой.  “Supervision” телевиз “Наран” группийн С.Болдхэтийнх. “Наран трэд”-ийн бүх сурталчилгаа үнэгүй явна. Бас улс төр бизнесийн эрх ашгийг нь хамгаална.   Тэдний бүлэглэлийн эрх ашгийг хөндөж ер болохгүй. “Skymedia” “Шунхлай”-гийнх. Энэ үйлчилгээ “Шунхлай”, “АПУ”, Г.Батхүүг  хамгаалдаг. Телевизийн салбарын гол цацаж байгаа шугамыг нь олигарх, нам, бизнесийн бүлэглэлүүд ингээд аваад базчихаар кабелийн телевизүүд торонд ороод, амаа хамхиулж байгаа юм. Энэ  дарамтуудыг бүх кабелийн телевиз мэдэрч байгаа боловч хэзээ ч илчилдэггүй. За тэгээд “Сансар” кабелд холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн. 

-Тэгвэл та сүүлийн нэг жил их л дарамт амс ч дээ?
-Би хэтэрхий чөлөөтэй явсан сэтгүүлч. “Өдрийн сонин”-д чөлөөтэй байсан. Энэ сониноос гараад хувийн сонин байгуулаад хэний ч дарамтад байж үзээгүй. Гэтэл сүүлийн нэг жилийн турш аймшигтай дарамтад байлаа. Яг л торонд орчихсон юм шиг байсан. Одоо харин торноос гарч жинхэнэ утгаараа “нисч” байна даа. Ийм байхад Монголын телевизийн сэтгүүлзүй яаж цэвэр байх юм бэ. Ийм байгаа үед телевизүүд л лав шударга ярихгүй. Иргэд үнэнийг ярихгүй байна гээд телевизүүдийг шүүмжилдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо үнэхээр л шударга юм бол энэ кабелийн телевизүүдэд дахиад эхнээс нь тендер зарла л даа. Би тус хорооны дарга Б.Балгансүрэнд ийм шаардлага тавих гэж байгаа.

“Сансар” кабелийн телевизэд телевизээ холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн. Гэхдээ баримт бол байхгүй шүү. “Шонхор суваг”-ийг анх Сансарт холбочихсон байхад нь би худалдаж авсан болохоор яг хэдийг төлсөнийг нь мэдэхгүй байна.  Яагаад гэвэл энэ кабел нь Улаанбатаарын 80 хувьд нь үйлчилгээгээ хүргэсэн болохоор тэр. Энэ тухай надад Кёкүшюзан л хэлсэн юм.  Хэрэв үнэхээр энэ Засгийн газар энэ салбарыг ариутгах гэж байгаа юм бол, шударга ажиллах зорилго тавьсан юм бол энэ бүхнийг болиулах хэрэгтэй. Жирийн сэтгүүлч хүнд кабелийн сувгийн эрх олддоггүй. Гэтэл нь хэн нь дөрөв, таваар нь авчихаад хэдэн нугалж зардаг юм бэ. Тэгээд эхнээсээ булхай нь илэрч байгаа нь энэ. 

-Ажилгүй болчихсон сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг төр засаг яаж шийдэх ёстой вэ?
-Уг нь гадны оронд бол төр хувь хүний бизнесийг үгүй болгочихож байгаа юм чинь нөхөн олговор өгнө. Нөхөн олговор заавал өгөх ёстой. Гэтэл манайд Үйлдвэрчний эвлэл гэж байхгүй. Сэтгүүлчдийг өнөөдөр хэн ч өмгөөлдөггүй.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж айхавтар хууль орж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан гэх боловч М.Батчимэг гишүүн утга санааг нь гуйвуулсан юм шиг байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө  уг хуулийн утга санаа гажууджээ гэсэн мэдэгдлийг хийсэн шүү дээ. Тэгээд УИХ-аас татсан. Үүн дээр биднийг бас л хаана, бооно гэсэн утгатай заалтууд орж ирсэн. Яагаад хорин хэдэн жил зүгээр яваад ирсэн биднийг оролдоод эхлэв.  Нэг өглөө босоод ирэхэд “Улс төрийн тойм” сонин эсвэл  “Өдрийн сонин” байхгүй болвол бид гайхахгүй л болчихож байгаа юм л даа.

-Хэвлэл мэдээллийнхэн хэзээ эрх чөлөөтэй болж, чөлөөтэй сэтгэх вэ?
-Хурдхан баян болох хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л  хэний ч атганд орохгүй болно. Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэтгүүлчид тийм болох ёстой. Тийм учраас хөл дээрээ тогтчихсон байгаа сонинууд цаашаа илүү хурдтайгаар баяжих хэрэгтэй. Энэ салбараас тэрбумтанууд төрөх ёстой. Тэгж байж бид хэвлэлийн эрх чөлөөгөө аварч үлдэнэ. Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт энэ салбар хэн нэгний нохойд барьдаг мод байсаар байна. М.Батчимэг гишүүний өргөн барьж зүтгүүлж байгаа хууль бол үүний эсрэг чиглэсэн тун аюултай хууль. Тэр хуулийг яагаад ч батлуулж болохгүй. Батлуулахгүйн төлөө ч боломжтой бүхний хийх хэрэгтэй. Сэтгүүлчид эрх чөлөөгөө хамгаалж үлдэх ёстой шүү дээ.