Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд
1990-92 онд эхлүүлсэн эдийн засгийн реформ дараагийн дөрвөн жилд нь үндсэндээ таг зогссон байлаа. 1996 онд байгуулагдсан шинэ Засгийн газар алдагдсан жилүүдийг нөхөхөөр уйгагүй ажиллав. 350 хувь хүрээд байсан гиперинфляцийг яаралтай зогсоон, мартагдсан хувьчлалыг сэргээж, банк санхүүгийн салбарт үндсэн эргэлт хийв.
1990-92 онд эхлүүлсэн эдийн засгийн реформ дараагийн дөрвөн жилд нь үндсэндээ таг зогссон байлаа. 1996 онд байгуулагдсан шинэ Засгийн газар алдагдсан жилүүдийг нөхөхөөр уйгагүй ажиллав. 350 хувь хүрээд байсан гиперинфляцийг яаралтай зогсоон, мартагдсан хувьчлалыг сэргээж, банк санхүүгийн салбарт үндсэн эргэлт хийв. Хамгийн зовлонтой асуудал гадаадын хөрөнгө оруулалт байв. Монголыг тоож таван цаасны хөрөнгө оруулалт хийх газар энэ дэлхийд олддоггүй. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ ердөө 300 доллар, улсын төсөв нь 200 сая доллар, хуулийн ямар ч зохицуулалт байхгүй газар хүн сонирхох юм байсангүй. Байгалийн баялагтай гэх авч тэрийг нь баталсан геологийн өгөгдөхүүн үгүй. Тэгээд ч зэс 1500 доллар, алт 230 доллар болтлоо унасан байсан үе. Экспортын ганц үнээ болох Эрдэнэт алдагдалтай ажиллаж байсан. Амин тэжээл нь ноолуур. Гэхдээ улсын хэмжээгээр гурван мянган тонн ноолуур авч чаддаггүй байсан юм.
Шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дуудах ажиллагаанд анхаарлаа хандуулав. Тухайн үедээ дэлхийн хамгийн сайнд тооцогдох хөрөнгө оруулалтын хууль баталлаа. УИХ-д гадаадын хөрөнгө оруулалтын дэд хороо байгуулав. Үүнийгээ дагалдуулаад гишүүд сайд нарыг дэлхийн өнцөг булан бүр рүү явуулж хөрөнгөө оруулахыг уриалах багууд илгээж байв. Европ, Америк, Азийн олон орноор явсан багууд уулзалт зохион байгуулахад тоож ирэх амьтан олдохгүй. Сайн панаалдсаны эцэст зарим том хөрөнгө оруулагч тандалт хийхээр Монгол руу төлөөлөгчөө илгээж байсан. Гэвч тэд хөрөнгө оруулах ямар ч нөхцөл болон объект ололгүй буцаж байв. Би Эйч Би Оюутолгойд, Самсунг Цагаансуврагад хөрөнгө оруулж хайгуул хийхээр тохирсон боловч дороо буцан лицензийг нь буцааж өгч байсан. Тавантолгойг борлуулчих санаатай мөн ч их чардайж бараг л зүгээр ав хэмээн олон компанид үзүүлсэн боловч хэн ч тоосонгүй.
1990-2002 оны хооронд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирээч хэмээн “төрийн гурван өндөрлөгийн” зүгээс 200 удаа гадаад дотоодод уриалга, санал албан ёсоор хэлж байсан гэсэн тооцоо байдаг. Дорвитой хөрөнгө оруулалтын сургийг ганцхан гишүүн Амаржаргал тэргүүтэй баг Малайзаас олж ирж байсан юм. Ерөнхий сайд Махатирын байгуулсан төрийн өмчит аварга компани Монголд хөрөнгө оруулахад бэлнээ илэрхийллээ. Тэр үед Малайз бараг л “хэт хөгжин” ид биеэ тоож байсан цаг. Төрийн “Петронас” компани дэлхийн хамгийн өндөр цамхаг барьж, Махатир баяжсан хөлжсөндөө хөөрөн ойр орчмын Сингапур, Индонезтай муудан, АНУ, Япон, Солонгосыг “империалист шулаач”-аар нь дуудан, жижиг дунд орнууд Малайзын жишээгээр бие даан хөгжиж эдгээр орныг нулимах хэрэгтэй талаар суртчилж байв. Малайз нь тэгэхэд хуучин зөвлөлтийн дунд Азийн орнууд болон Латин Америкт том том хөрөнгө оруулалт хийн өөрснөө шинэ “империалист шулаач” болох санаатай байв. Хожим 1999-2000 оны зааг дээр Азийн хямрал гэж нэрлэгдсэн сүйрэлд хөл алдан хуучин байрандаа эргэж орсон юм. Харин Монголд шинэ Засгийн газар байгуулагдаж байх үест мөнгийг ёстой нэг цацаж байлаа.
Малайз Монголд усан цахилгаан станц барьж өгөхийг зөвшөөрлөө. Тэд энэ чиглэлээр нэлээд мэргэшиж өөртөө, мөн Аргентин, Бразил, Индонез болон өөр нэлээд газар дэлхийн стандартын усан цахилгаан станц барьчихсан байсан юм. Судалгааны дүнд Эгийн голд ийм станц барихаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулав. Хөвсгөл нуурын ус хэд хэдэн гол дамжин нийлж явсаар Сэлэнгэ мөрөн болж Байгал далайд цутгадаг. Эгийн голын савд хэсэг газар хоёр уулын дундуур урсдаг, чухам тэнд 300-600 мегаваттын усан цахилгаан станц барьж болох таатай нөхцөлтэй аж. Өртөг нь урьдчилсан тооцоогоор 350 сая орчим америк доллар. Мэдээж Монголын нийт ДНБ үүнээс илүү гараад шалихгүй. Ийм хэмжээний зээл босгох бололцоо нойль. Тэр үед Монголын зээлжих баталгаа олон улсын хэмжигдэхүүнээр хамгийн доод цэгт байсан. Ерөнхий сайдын захирамжаар Амаржаргал гишүүн хэлэлцээ хийхээр болж нэлээд хэдэн уулзалт хийсэн юм. Ингээд малайзууд гурван жилийн дотор 450 мегаваттын усан цахилгаан станц барьж өөрснөө 18 жил ажиллуулаад өртгөө нөхсний дараа монголчуудад бүрэн хүлээлгэж өгөхөөр тохирлоо. Энэ хооронд цахилгааны үнэ ямар байх талаар Амаржаргал нэлээд ярилцан тохиролцоонд хүрэв. Үнэ өндөр байвал өртөг хурдан нөхөгдөж станцын Монголд шилжих хугацаа богиносох аж. Гэвч ядуу улсын зовлон их, одоо байгаа үнэнээс дээш гаргаж чадахгүй, цахилгааны үнэ чөлөөлөхөөс Засгийн газар айж буй тул жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулалгүйгээр явуулан 18 жил болохоор шийдсэн хэрэг. Хамгийн сүүлчийн тохироог Амаржаргал малайзуудтай Бээжинд хийж санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбааатарт ирэнгүүтээ шууд Ерөнхий сайдтай уулзан амжилтаа илтгэв. Ерөнхий сайд ч хөл нь газар хүрэхгүй баярлаж шүүгээнээс шарз гарган дайлж ойр дотныхноо дуудан тохиролцоог угаасан. Энэ бол үнэхээр том амжилт байлаа.
ЗХУ задарч ЭЗХТЗ тарсан тэр цагаас эхлэн Монгол эрчим хүчний гүн хямралд орсон юм. Зөвлөлтийн хоцрогдсон технологи бүхий станцууд үргэлжийн доголдолд орж ахуйн талаасаа л гэхэд тог тасрах хязгаарлах явдал ердийн үзэгдэл боллоо. Японы буцалтгүй тусламж хөнгөлттэй зээлээр өлгөн салган арван жил явсан. Өнгөрсөн 20 жилд IV цахилгаан станцын тордолтод дахиад хоёр том станц шинээр барих өртөг гарчээ. Сүүлдээ дасан зохицоод авилга хөгжүүлэх томоохон уурхай болсон юм. Төвийн эрчим хүчийн нийт чадвахи 600 мегаватт хүрдэггүй, үүнээс 150 мегаватт нь Оросын Галуут нуурын усан цахилгаан станцаас орж ирдэг байлаа. Дээр нь төвийн эрчим хүчинд холбогдоогүй бүхий л суурин газрын дизель станц нь Оросоос шатахуун авна, шатахууны импорт нийт импортын 40 гаруй хувийг эзлэнэ. Үүнээс хойш хичнээн жил өнгөрсөн боловч ерөнхий төлөв хэвээрээ л байгаа. Ер нь эрчим хүчний зохистой бүтэц гэж байдаг юм байна, энэ тухай сүүлийн үед их авч үзэх боллоо. Нүүрснийх 50 хувь, усных 20 хувь, атомынх 20 хувь ба үлдсэнд нь ноогдох сэргээгдэх эрчим хүч технологийн ололтоор улам томрон нүүрнийхийг шахах ёстой аж. Үүнээс зохицуулалтын шийдвэрлэх үүргийг усан цахилгаан станц хангадаг гэж мэргэжилтнүүд үздэг.
Ингээд ерөнхий тохиролцоо хийгдсэний дараа Ерөнхий сайд Махатирыг Монголд айлчлуулах, хэлэлцээрт гарын үсэг зурахаар дээд хэмжээнд ойлголцов. Гэнэт биш болоод явчихлаа. Цахилгаан станцыг Малайзаар биш Чехийн “Техноарт” хэмээх компаниар бариулах тухай яриа гарч чухам тэндээс Ардчилсан намын гишүүдийн дотор “элсний 13” гээч бүлэг үүсэх нь тэр. Бүлгийг Ерөнхий сайд өөрөө идэвхийлэн дэмжээд эхлэх нь тэр. Тус бүлэглэлийн толгойлогч нэгэн өөрөө надад хэлэхдээ “Чехтэй гэрээ байгуулбал шагналд нь 20 сая доллар өгнө гэж байна, хуваагаад л авчихъя л даа” гэж ятгасан. Идэвхи бүхий гишүүн Батнасан “Их хуралд байх хугацаандаа ганц сая доллартай болоод гаръя” хэмээн суниаж байв. За бүр цагаандаа ч гарлаа л даа. Хахуулийн яригдаж байгаа хэмжээ дамжаа эрүүл ухаантай нийцэх аргагүй. Нэг л айхавтар юм цаана нь нуугдаад байна. Чехэд суух элчин зүтгэл гарган суртчилж гарлаа. Ингээд Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга Зориг захирамж гарган хэдэн гишүүний хамт асуудлыг газар дээр нь шалгахаар Чех явлаа. Үнэхээр Техноарт гэж компани байна. Жилд ердөө 100 мянган долларын эргэлттэй барилга засварын жижиг компани аж. Яаж 350 сая долларын хөрөнгө оруулалт хийхийг нь асуухад Засгийн газраасаа дэмжлэг авсан гээд хуурамч эсэх нь мэдэгдэхгүй баахан цаас үзүүлжээ, манай шалгалтынханд. Түүнээс хойхно Засгийн газар огцорсон, намар нь Зориг алагдсан, Техноарт ч чимээгүй болсон. Харин Махатирын айлчлал болсон боловч Монголын тал тэдний хөрөнгө оруулалтаас нэгэнт татгалзчихсан байлаа. Хожим олон жилийн дараа ээлжит нэгэн Засгийн газар Хятадын хөнгөлөлттэй зээлээр Эгийн голд усан цахилгаан станц барихаар шийдвэр гаргасан боловч өөр нэг ээлжит Засгийн газар тэрийг нь хүчингүй болгосон. Ингээд л энэ асуудал алга болсон доо.
Алив зүйл өөрийн цаад логиктой байдаг. Шекспирийн хэлснээр галзуу солиорол хүртэл өөрийн дараалалтай байдаг. Харин энэхүү Эгийн голын цахилгаан станцын талаархи хэд хэдэн шийдэл, дараалсан хачин явдлын цаад логикийн учир ёстой оньсого. Үгүйдээ л цахилгаан станц хэрэггүй, хордлого авна энэтэр гэж хэн ч эсэргүүцээгүй мөртөө ямар нэг байгалийн бус хүчин үүнийг хийлгэхгүй байгаа нь тун хачирхам.
Хоёр жилийн өмнө би Эрхүү мужийн шинэ дарга сонгогдсонтой холбогдуулсан ёслолд очлоо. Арга хэмжээнд Москвагаас ирсэн нэг өвгөнтэй танилцсан юм. Түүнтэй сүрхий дотносон улмаар орой жин хамт архидаж ярьж суусан билээ. Эрчим хүчний болон усны аж ахуйн мэргэжилтэн, хуучин зөвлөлтийн том кадр. Наяад оны эхээр Сибирийн гол мөрнийг урагш Туркмен руу татах асуудал баахан шуугиж байснаа перестройкагийн үед татгалзсан тухайд би асуулаа. Зөвхөн энэ яриа гэхэд архи ууж суугаа бид хоёрын хооронд хэдэн цаг үргэлжилсэн юм.
Явсаар Монгол руу орлоо. Усаар гачигдмал Монголын усны талаар тэрээр үнэхээр нарийн мэдэх юм. Эгийн голын усан цахилгаан станц руу орлоо. Энэ санааг тэрээр шулуухан “мулгуу бодлого” гэж нэрлэв. Байгал нуур Хөвсгөлөөр тэжээгддэг, Сэлэнгэ бол хамгийн том цутгалан нь, Байгалбол Оросын төдийгүй хүн төрлөхтний аугаа өв, дэлхийн цэвэр усны нөөцийн 10 хувийг агуулдаг гэх мэтээр. Өөрснөө Монголын хил дөнгөж гараад л Галуутын усан цахилгаан станцтай байж шүү. Монгол яахаараа болдоггүй билээ? Яриа цаашлаад эрчим хүчний асуудал боллоо. Тэрээр Монголд хэрэгжих гэж байсан Эгийн цахилгаан станцын төслийг хоёр удаа саад хийн зогсоож чадсанаа согтуудаа ярьсан юм. Хилээс Байгал хүрэх хооронд байгалийн асар том өгөгдөхүүн болох сүрлэг хавцал бий гэнэ. Энэ бол цаанаасаа усан цахилгаан станц барих бурханы зориулалттай тогтолцоо. Энд аль зөвлөлтийн үеэс Монголд зориулсан маш том усан цахилгаан станц барихаар шийдсэн байж. Эг дээр барьснаас хавьгүй хүчирхэгийг байгуулах бололцоотой. Гэхдээ Зөвлөлт засаг унаад, дараа нь санхүүгийн бэрхшээл гарч, улмаар ерөөс Монгол улс ч мартагджээ. Түүний хэлж байгаагаар хоёрын хооронд Эг голд хариугүй станц барьж байхаар Оросын нутагт Сэлэнгэ мөрөнд станц барьвал Монгол эрчим хүчээр олон зуун жил хангагдах ажгуу.
Би давраад Монголын төрийн бодлогыг чухам ямар аргаар зогсоож чадсаныг сонирхсон юм. Тэрээр жоготой инээвхийлэн “мэдэхгүй” гэчихээд босоод яваад өгсөн. Бодоход мань хүн бодлого боловсруулагч болохоос гүйцэтгэгч биш, тэгэхээр “не знаю” нь ч үнэн байхаа. Харин Чех энд ямар хамаатай юм бол? Орос Монголын асуудал дандаа л Чехэд очиж шийдэгдэж байдаг? Энэ болон бусад хөрөнгө оруулалтын паян намтрын тухай дараа үргэлжлүүлэн өгүүлэх болно.
Зочин
Зочин
Уншигч
8988
хөрөнгө оруулалтын булхайг эхлүүлэгч нь баавар
Зочин
лулу
4-5 hairtsag tamhi
Alaka
Зочин
Зочин
ok
олноо
Зочин
Зочин
б
сүхээ
Zunug
Зөнөг
П.Бадамдорж
П.Бадамдорж
Зочин
Зочин
lol
ter
Базараа
Базараа
Базараа
Warta
irgen
Зочин
amlud
Зочин
irgen
baabariig demjigch
doodohoo!
Баабар та нарыг малууд шиг хариулдаг хоньчин
Баабар та нарыг малууд шиг хариулдаг хоньчин
bagi
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
BTAA
hhh
BATA
gh
London
худалч аа бүүр бураад бай
худалч аа бүүр бураад бай
НЭГ Ч ҮНЭН ТАЙЛБАР АЛГАА !!!!! БҮҮБУРАА БҮҮ БУР
жа
Зочин
resurs
кампо
Зочин
хм
Ват
Bat
Бобо
Туяа
Зочин
zochin
baavar
baavar
Зочин
Зочин
(122.201.18.8) -д уншигч
Zochin
Зочин
Зочин
эгдүүцэв
Зочин
Цэвгэээ
Цэвгэээ
NB
Зочин
Зочин
bod!!!
Зочин
Зочин
Зочин
Bich bich bas dahin bich!
Зочин
UulenChuluunNar
зориг
Орхон
зочин
Зүмбэрэллхам
Koba
zochin
Demjigch
Зочин
dfd
zoshin
unshigch
Зочин
kkkkk
Uher
Uher
Brno
Зочин
Зочин
хн
монгол
Зочин
hi
thanks
balt
Зочин
Зочин
555
Зочин
Зочин
Зочин