Хэнийг ажилд авах вэ?
2012 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төр, төрийн байгууллагын халаа сэлгээ дээрээсээ доош тасралтгүй үргэлжилж байгаа тухай үйл явдал бол тусдаа сэдэв.
Ажил хайсан улс гадуур дүүрэн. Хажуугаар нь ажилд авах зар пиг.
2012 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төр, төрийн байгууллагын халаа сэлгээ дээрээсээ доош тасралтгүй үргэлжилж байгаа тухай үйл явдал бол тусдаа сэдэв.
Ер нь хэн нэгнийг улсын ба хувийн байгууллагад хэрхэн ажилд авах, байх талаар ажил олгогч нар янз бүрийн санал хэлдэг юм. Ялангуяа хувийн хэвшлийнхэн хариуцлагатай, тогтвортой ажилчин, ажилтны эрэлд хатаж явдаг гэнэ. Найдвартай нь дээр гээд дэмий л хамаатан саднаа хажуудаа татдаг боловч "Уул усны ойр дээр боловч ураг төрөл холхон байх" юутай үнэн ажээ гээд хожим толгойгоо шаах нь олонтаа. Эгч дүүс, хүргэн худ гээд чадвартай, чадваргүй, мэргэжил ч үгүй нөхдүүдийн цуглуулга хэл ам татлахдаа л мэргэн болохоос ажил урагшилж өгөхгүй. Харин ч бүр дампууруулж дараа нь халж ч болдоггүй авч болдоггүй үйл үзчихнэ.
Одоо аж ахуй эрхэлж байгаа пүүс, компаниуд түрүүчээсээ тухайн салбарынхаа зах зээлд баттай байршиж, үе залгамжлан дагнах чиг хандлагатай болоод байна. Боловсролын чиглэлээр бизнес хийгээд овоо гаршиж байснаа гэнэт ашиг хараад уул уурхай руу давхиад орчихдог байсан "ороо бусгаа" үеэ даван тууллаа. Байгууллагад "татвар аргалдаг сайн нягтлан" эрэлттэй байсан бол одоо ирээдүйг зөв томьёолдог эдийн засагч гэдэг мэргэжил эргээд хэрэг болж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээг мэргэн тодорхойлж чаддаг, тав арван жилийн дараа яавал зохилтойг маш үндэслэлтэй судлаад тогтоочих шаардлага дундаас дээш гарын бүх компаниудад бий.
Тэгвэл нөгөө талд уг байгууллагад ажилд орсон ажилчин ирээдүйд юунд хүрэхээ хамгийн ойлгомжтой хэлбэрээр мэдэж болох уу? Энэ тухай эдийн засагч мэргэжилтэн шинээр ажилд орогсдод сайтар тайлбарлаж хөдөлмөрийн гэрээ үзэглэх болох байх. Бүр аж ахуй, үйлчилгээний цалин цаваг багатай ажилд орсон хүнтэй хүртэл тохироо хийж "Та иймэрхүү ажиллаад дараа нь байр сав ч юм уу, шагнал нэмэгдлийн нөхцөлд хүрнэ" гэхчилэн ам өчгөө авалцдаг болжээ. Эндээс ажилчин нь сэтгэл ханамжийн баталгаа гаргуулж урт удаан хугацаагаар, магадгүй бүр насан туршид ажиллах тогтвор суурьшил бий болно. Ажиллагсад ажилдаа гаршиж гар нийлсэн тэр цагт компанийн тогтвортой хөгжих үндэс суурь тавигдана.
Социализм байгуулж, байгаагүй өрнөдийн ба дорнын орнуудын ажилчин, ажилтнууд ажилд орох гэж яаж үйлээ үздэг, орсон хойноо халагдчихвий гэсэн түгшүүрт ямагт автагддагийг бид харгис капитализм хэмээн жигшиж ирсэн. Японд гэхэд л үе залгамжилж ирсэн ажлаасаа халагдах, эсвэл уг компани нь бүхэлдээ дампуурахад тухайн өрх айл үндсэндээ сүйрч байгаа тухай бишгүй л сонссон байх. Нэг нь гуйж түүж, нөгөө нь голж шилж байж нэгэнт ажилтай болоод авчихвал тэрнээсээ мөд салахгүй байх тийм харилцан сэтгэл ханамжийг л "АЖИЛ" гэдэг бололтой. Одоохондоо бид ороод л , болиод л, тэгснээ буцаад ирж ч байх шиг. Сүүлийн үед гадаад дотоодод их дээд сургууль дүүргэсэн буруу талдаа маш овжин зан сурчихсан залуус ажил олгогчдыг ёстой нэг "цавчиж" байгаа харагдах юм. Амны фигуртэй, эхлээд танилцахад мэдэхгүй чадахгүй юм байхгүй, нуль менежмэнт, шинэчлэл ярьж толгойг нь эргүүлээд итгэлийг нь даагаад авдаг. Зоримог алхам хийж байна гэж байна панаалдаад хамаг хөрөнгийг нь үрэн таран хийгээд бултчихсан тохиолдол салбар бүр дээр дуулдах боллоо.
Хуучин захиргаадалтын үед боловсон хүчний нэгдсэн бодлоготой, хэн хаана юу хийж байсныг нь "Хөдөлмөрийн дэвтэр" гээч юмнаас нь уншаад мэдчихэж болдог байв. Одооны цахим ертөнцөд ухаалаг иргэний үнэмлэхний адил тийм чип бүхий мэдээллийн нэгдсэн сантай болмоор байгаа юм. Урьд өмнө ажил хийж байгаагүй хүн гэж бараг үгүй. Одоо яагаад ажилгүй болчихсон юм. Хуучин хаана юу хийж манаргаж явсан нөхөр яагаад ямар үндэслэлээр ажлаасаа гарчихсан тухай хувийн нууцаас бусад мэдээллийг хариуцлагатайгаар бүртгэж авах шаардлагатай байна. Хожим тэтгэвэрт гарлаа гэхэд хуучин байгууллагаасаа батламж авах шаардлагагүй тийм үнэн зөв мэдээллийн сан бий болчихвол ажилд орох гарах явдал үндсэндээ цэгцэрэх болов уу. Байгууллагын "боловсон хүчин" ажил хүсэгчийн нэр овог, мэргэжлийг компьютерийн сүлжээнээсээ ганц хараад л бүх учир шалтгааныг олчихдог тийм тогтолцоо хөгжингүй улс орнуудад хэвшээд байна. Нийт хөдөлмөрийн насны хүмүүсээ ингээд бариад авчихаар иргэд тогтвор суурьшилтай болж байгууллагад ч, хувь иргэнд ч худлаа ярих шаардлагагүй аль алиндаа амар юм.
Танил талаа ашиглаж худлаа тодорхойлолт гаргуулбал түүнээс үүдэлтэй хохирлыг тодорхойлолт гаргагч өөрөө үүрэх журмыг хуульчлах шаардлага гарах байх. Хэдийбээр гэмт хэрэг үйлдээгүй ч тухайн хүнийг ажилд авах боломжгүй олон шалтгаан байдаг. Үүнийг үнэн зөвөөр нь "духан дээр нь наагаад" байвал дараа үедээ том сургамж болж аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг, хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг, тэр хэрээр амьдрал нь сайжрах сайн үр дагаврууд хөврөх болно. Бид одоо алийн болгон нэгнийгээ хулхидаж амьдрах юм. Гадуур ажил хайсан, түүний хажуугаар ажилчин хайсан зар мэдээ пиг дүүрэн. Энэ юуг хэлээд байна вэ? Цөөхүүлхнээ байж нэгнийгээ таньж чадахгүй болтлоо, итгэхээ байтлаа хуурч явцгаадгийн гор юм биш үү?
tee
Otgoo
Зочин А
Зочин
Зочин
Зочин
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Зочин
Зочин
VIRUS
Зочин