Төрд дахиж ажиллуулахгүйгээр халах эрх Ерөнхий сайдад байдаг юм уу?
Албан тушаалтан ажлын хариуцлага сахилга бат алдах явдал ардчиллын далбаан дор газар аваад байсан. Одоо ч хэвээрээ. Үүнийг шинэчлэлийн Засгийн газар тойроод өнгөрөөвөл ажил явахгүй. Хариуцлагагүй явдалтай төр засаг тэмцэх нь үүрэг боловч хэрхэн яаж ажиллах арга барил нь засаглах урлагаас хамаатай.
Н.Алтанхуягийн Засгийн газрын сүүлийн үеийн шийдвэрүүд хуулиас давчихсан бөөн бяр чадал, ааг омгоор бялхаад байна уу. Цаанаа ямар учир начиртай нарийн ширийн юмыг эгэл ардууд мэдэх биш. Олон нийтэд зориулсан, зориуд үзүүлэх зорилготой "видео хурал" гэдгээрээ Алтанхуяг сайд айхтар бухимдаж байхыг харлаа.
Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан хэсэг нөхөд уг банкийг ашигтай ажиллуулсан гээд өөрсөндөө хувь шагнал хүртсэн юмаа даа. Хувийнх биш төрийн ажлыг ашигтай ажиллуулах нь төрийн албан хаагчдын үндсэн үүрэг нь биз. Харин зах зээлийн өнөөгийн зарчмаар бол төр ч бай хувь ч бай зөв менежмэнт буюу зорилгоо хангасан бол аргыг уучилдаг. Хоёр талтай. Зөвтгөх, эс зөвтгөх шалтаг шалтгаанууд хангалттай бий. Видео хурал дээр Ерөнхий сайд дураараа өөрсдөдөө мөнгөн шагнал олгосон Төрийн банкны ТУЗ-ийнхнийг ажлаас нь халах шийдвэр гаргаж байна. Гаргах гаргахдаа бүр дахиж төрийн албанд хэзээ ч ажиллуулахгүйгээр халахыг үүрэгдсэн. Хууль яривал төрийн албан хаагчдыг улс төрийн сонгуулиар гарч ирсэн, дараагийн улс төрийн сонгуулиар солигдох, эс солигдох нь тодорхой бус Засгийн газар гэх субьект дур мэдэн халахыг хаасан хууль бий. Засгийн газар тогтвортой бус байж болно. Харин Монголын төр ямагт үйл ажиллагаагаа хэвийн явуулах тийм тогтолцоог үндсэн хуулинд суулгаж өгсөн байдаг. Тэгэхээр шинэчлэлийн ч бай ямар ч Засгийн газар эрх барьж байх хугацаандаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Алтанхуяг сайд төрийн албан хаагчдыг дахиж хэзээ ч төрийн босго давуулахгүй мөнхийн шийдвэр гаргаж бяр чадлаа үзүүлэв. Уг нь ийм шийдвэрийг Засгийн газар биш хууль шүүхийн байгууллага гаргах тогтолцоотой. Ийм шийдвэр гаргахаас өөр гарцгүй байсан ч Ерөнхий сайд өөрөө гардах биш хуулийн байгууллагадаа хандаад л болоо баймаар. Хуулийнхан хийх ажилгүй болчих юм байна л даа.
Засгийн газрын тэргүүний уг шийдвэрийг шат шатны Засаг дарга нар анхааралтай харж сонсон байж таараа. Тэд Ерөнхий сайдаасаа үлгэр дуурайл аван орон нутаг хаа сайгүй сэлэмдэх цавчих ажиллагаагаа эргэлзэх юмгүй хийх биз. Энэ нь даамжраад хууль ёсыг уландаа гишгэж дарга нарын дургүйг хүргэсэн нөхдүүд үзэмжээс шалтгаалан гудамжинд гарцгаах нугалаа гарах вий. Гэхдээ төрд алба хаагчдын ихэнх нь МАН, МАХН угшилтай хоцрогдсон, хүнд сурталдсан нөхдүүд байдаг нь нууц биш. Тэглээ ч гэсэн зохих хуулийн заалт, журмын дагуу халж солих өөр боломж шалтгаан, баримт хангалттай бий.
Хууцуул гадуур ярьж байна л даа. Ардчилсан шинэ Засгийн газрын тэргүүн Алтанхуяг урьдны Бал даргатай ямар адилхан харагдах юм гэж. Энэ нь хоёр утгатай. Зарим нь хуучнаа санагалзан бахархах янзтай бол нөгөө нь хуучин нийгэм эргээд ирсэн мэт харамсан өгүүлж байна.
Социализмыг ид бүтээн байгуулж байсан дал наяад оны үед дөнгөж тавь шүргэж байсан Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал дарга гэж ийм шуугиулсан хүн байлаа. Цогт коммунист, олон улсын энх тайвны нэрт зүтгэлтэн Цэ дарга ам л ангайвал хариуцлага, сахилга бат, социалист өмч хэмээн хяргаж өгдөг байсан юм байх. Социализмын материал техникийн баазыг бүрдүүлж, соёлын хувьсгалыг цогцлоон, коммунизм байгуулахын тулд хатуу зарчим, чигч шулуун арга хэмжээг улс даяар өрнүүлж явжээ. Түүн лугаа одоо Алтанхуяг сайд "Хүн бүр бага балчраасаа эхлэн ...", "Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй..." гэдэг зарчмын лоозунг эргээд сэргээх л дутаад байна.
Шинэчлэлийн Засгийн газрын ирээдүй зорилго уг нь их сайхан сонсогдож байна. Өнөө жил гэхэд л хэд хэдэн аймаг шууд хар замтай болно гэнэ. Оюутолгой, Таван толгой ашиглалтад ороод мөнгөтэй болоод авна. Говийн нутгаар төмөр зам баригдаж газрын тосны хараат байдлаас ангижирна. Шинээр цахилгаан станц баригдаж тог тасрах зовлонгүй болох цаг өнөө маргаашгүй. Ийм ойлгомжтой том том бүтээн байгуулалтын хажууд ажлын хариуцлага, сахилга батын талаарх шийдвэрийн аар саар алдаа эндэл байж болох юм. Гэхдээ эдгээр том том бүтээн байгуулалт буюу гоё амтат чихрүүдийг ард түмэн бид зөвхөн шилний цаанаас долоож байгаа. Яг бодитоор нь хазаад хүлхсэн юм байхгүй. Энэ дөрвөн жилд (одоо гурав гэх байх) эдгээр гоё чихрүүдийнхээ ядаж талыг нь долоолгох байгаа гэж найдаж суугаа.
Гялалзсан ажил хэрэгч сайд маань хагас сайнд ажиллаад л, гадаадад хэрэгтэй хэрэггүй томилолтоор явахгүй гэж "зарчмын шийдвэр" гаргаад л. Бөөн хариуцлага, чухал шийдвэрүүд. Одоо түргэн түргэн алхаж, хурдан хурдан ярих л үлдлээ. Удахгүй тэгнэ биз. Ардчиллын жилүүдэд Ардын намынхан иймэрхүү шоуг хангалттай үзүүлж, хангалттай хуурсан доо. Зах зээлийн нийгэмд ийм байх хэрэггүй. Ард түмэн гагцхүү бодит үр дүнг л хүлээнэ.
f
Зочин
x
п москва
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
100.000 oron suuts
Зочин