Бөх ба наадам тойрсон яриа
Монгол ардууд цагаан сарын бөхөө ногоон сарын наадам хүртэл ярьдаг шинэ уламжлалтай болсон. Гэхдээ сүүл үеийнхэн бөх ярихаа улам больсоор л байна. Монгол үндэсний ёс заншил, уламжлал хангалттай сэргээд хэтрэх шахаж байгаа тул одоо энэхүү үндэсний спортыг ил далд дэмжих шаардлагагүй болсонтой ч холбоотой байх.
Энэ жилийн битүүний барилдаан урьд жилүүдээс нэлээн өөр наадам болчих шиг боллоо. Аймгийн цолтой бөхчүүд гайхал төрүүлэм эрэмбэ эвдэж тэдний хэн нь ч түрүүлж үзүүрлэдэг болоод байв. Хааяа нэг од харвах лугаа залуу бөх тодрох их сайхан л даа. Харин өдөр болгон шахуу аваргын байр солигдоод унахаар сүүлдээ утгаа алддаг юм билээ. Одоо бас хэн гэдэг сумын заан нь гарч ирээд баруун солгойгүй саваад эхлэх бол гэсэн шүү юм бодож байв. Тэгсэн залуучууд чадлаараа үзээд тэдний дундаас хэн нь ч энэ удаа шөвгийн 16-д үлдэж чадсангүй. Энэ тохиолдол нь мөн л гайхалтай явдал болчихлоо. Бөхийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол цол бага бүр цолгүй тусмаа илүү сайн барилддаг болчихсон цаг үе юм гэнэ. Одооны залуучууд бөхөөр бизнес хийж аж амьдралаа өөд татахын тулд гучин наснаас өрсөж маш их бэлтгэл сургууль хийдэг аж. Урьд заан Тулгаа биш тээврийн жолооч Тулгаа Увсаас Улаанбаатар орох ачаа ачингаа ирж барилддаг байв. Бусад цолтой цолгүй хэдэн бөхчүүд дор бүрнээ өөрийн гэсэн ажил амьдралдаа баригдаад, барилдаан хөөж амждаггүй байжээ. Тэгвэл одооны залуучууд маш их уураг витамин хэрэглэж өдөр бүр өөрийгөө зөвхөн бөхөд зориулан тордож, өөр юу ч хийхгүй явна. Зарим нэг нь бүр өндөр хөгжилтэй орны олимп дэлхийд бэлдэж байгаа тамирчнаас дутахгүй зардал гаргадаг сураг бий. Хэрэв тийм л юм бол цагаан сарын битүүний барилдаанд бараг барилдахаа болиод байгаа улсын начинг хаяж чадахгүй ойчно гэдэг бол дэндүү хариуцлагагүй юм даа.
Зарим пүүс компанийн захирлууд их гомдолтой явна билээ. Нутаг нугын ах минь харж үзээч гээд хаалга үүд онголзуулан ер зүгээр суулгадаггүй. Танай компанийн чинь нэрийг тэгж ингэж мандуулна, таныг үргэлж сурталчилж өгнө гээд салдаггүй. Тэгээд нүүр өгчихөөр бөхийнхөө хөлд чирэгдэхээ шахах юм. Хамаг ажлыг нугалдаг үндсэн ажилтандаа ч өгч амжаагүй тус дэмийг нутаг усны чигийн ноцолддог хүүд өгчихдөг. Хариуд нь тэд олигтой амжилт үзүүлэхгүй хэнэг ч үгүй байх юм даа гэж шогширч сууна. Бөхийн ертөнцөд иймэрхүү тохиолдол түгээмэл байгаа гэнэ. Аливаа спортын төрөл, сайн тамирчныг дагалдсан реклам сурталчилгаа, ивээн тэтгэлт гадаад дотоодгүй өндөр хэмжээнд хөгжсөн болохоор үүнийг зөв буруу гэж шүүмжлэх нь илүүц юм. Үзэгч ихтэй өндөр орлоготой спортын төрөлд спонсорлох, ивээн тэтгэх нь аль алиндаа ашиг тусаа өгдөг ч биз.
Харин манай нөхцөлд дотооддоо үндэсний бөх, гадаад орчинд чөлөөт бөхөөр хичээллэх нь бүрхэг болоод байна.
Манай чөлөөт бөхийн ахмад тамирчид олимп дэлхийн тэмцээнд оролцоод ерөөсөө ялагдаагүй ялж тэнцсээр яваад тэмцээн дуусахад медальгүй хоцорсон тухай хачин түүх ярьдаг. Тэмцээн нь хүртэл ийм ойлгомжгүй уг спортын нэр хүнд Орос, Иран, Монголоос бусад оронд айхтар унажээ. Биднээс бусад орны үзэгчид барилдааны учрыг ойлгох гэж нэлээн юм болдог байх нь. Тэгээд одоо хэл ам хийсээр байгаад чөлөөт бөхийн спортыг олимпоос хасахаар болчихлоо. Цаашдаа чөлөөтийнхөн бөхийн сонгомол барилдаан, эсвэл жудогоор хичээллэсэн нь дээр байх. Бид эндээс яаж ч эсэргүүцээд олонхийн дэмжлэгийг авахгүй байх.
Дотооддоо их олон залуус үндэсний бөхийн спортод амьдралаа зарцуулчих гээд байх болж. Энэ салбар дээрх зах зээл угаасаа хязгаарлагдмал. Хонжворт сугалаанаас долоон дор бүтэшгүй өрсөлдөөн дундаас азтан тодордог. Ганцхан жин зай төрөлд 512 ба 1024 тамирчин өрсөлдөж ердөө нэг нь түрүүлдэг ийм хатуу шалгуур хаа ч байдаггүй. Ялангуяа бөх, боксын төрлийн тэмцээн уралдааны аваргыг цөөн өрсөлдөгч дундаас тодруулдгийн нарийн учрыг тоочвол их юм бий. Энэ сэдвийг түр орхиё.
Одоо манай үндэсний бөхийн спортын тасралтгүй хөгжил, улам төгөлдөршил маань анхаарал татах хэмжээнд хүрчихсэн юм биш биз дээ. Юм хэтрэхээрээ бусад салбараа хямраачих гээд байдаг. Цаана чинь аймаг болгон сүүлдээ нөгөө 340 сум маань нэжгээд "Улсын начин"-гүй байвал болохоо байх нь. Ямартай ч Монголын ихэнх баг хороо "Аймгийн арслан"-тай болоод авсан юмдаг уу даа. Цаана нь бүр олон бөх нэхэж байгаа цэрэг, цагдаа, гал команд, нисэх онгоцныхон, тагнуул туршуулын клубүүд гээд төрийн байгууллагууд ярайх боллоо.
Манай улсын эдийн засаг хэдэн бөх тэжээхэд хотойхооргүй чадамжтай болсон нь өөр хэрэг. Айлаар бол бид чинь нэг үеэ бодвол өмсөх хувцас, идэх хоолтойгоо болоод байгаа. Айлын амьдрал дээшлэх тусам олсноо идэж уугаад найрлаад байдаггүй. Дараагийн алхмаа хийж ядаж нэг орон сууцтай болъё гээд бүр эсрэгээр өмсөх зүүх, тоглохоо танадаг жамтай. Монгол орон тэр л үедээ явж байна. Жаал зугаа хуримтлал, уул уурхай нээгдсэн завшаантай үеэ ашиглан ганц хиймэл дагуул ч болохноо хөөргөөд авчихвал аштай юу. Аль ч зах зээл дээр борлогдохуйц оригналь хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолуурын супер үйлдвэрээр өрсөлдөх зэрэг бусдаас үл дутах гэсэн олон мөрөөдөл бий.
Гэтэл залуучууд маань өөртөө ба нийгэмд хэрэгтэй нийгмийн баялаг үйлдвэрлэх салбарт оролцохоо болилоо. Хэдхэн жилийн дараа сайн инженер, программист, менежер болохын оронд наадам хэсдэг ажилтай. Гайгүйхэн ноцолдоод нэг өрөө байр олоод авчихаж байна. Зарим нь "Ланд-200"-гаар шагнуулжээ. Тэгээд дараа нь яах юм. Хот хөдөөгөөр дүүрэн бөхийн зүтгэлтнүүд шахцалдан ганцхан газар тодруулбал Бөхийн өргөөнд цугларчээ. Барилдаж чадахаа больсны дараа стадионд очиж засуул масуулхан хийж өдөр хоногийг өнгөрөөнө. Билет авалгүй бөх үзнэ.Тэмдэглэлт ойн барилдааны дараа үнэгүй хоолонд орчихно. Заримдаа хэн нэгнээр шагнуулна. Цагаан сарын битүүн болгоноор л гэр оронгүй амьтан шиг бөх үзээд шөнө дөл болтол сууж байдаг зарим нөхдийг харахаас өрөвдөх юм. Энэ салбар дахь зохист орон тоо гэж байдаг бол тэр нь аль хэдийнэ хэтэрсэн дэг ээ. Лам гэхээр цөмөөрөө лам болчих гээд, бөө гэвэл бас дагаж хуйлраад манайхан ер нь их туйлшрах согогтой. Түүний ижил одоо бөх рүү банди нар төдийгүй басгад маань гүйлдээд явчихлаа.
Олдохоороо өлддөг ёсоор энэ олон мянган бөхийг тэжээх эдийн засаг нь байлаа ч сонирхдог хүний тоо тасралтгүй буурч эхэллээ. Битүүн угтсан цуврал барилдаанууд Гандангийн лам нар хурж байгаа аятай тасралтгүй явагдах шиг болсон. Хоёр мянга гаран үзэгчийн багтаамжтай, зургаан мянган бөхтэй "Бөхийн өргөө"-ний суудал ядаж бөхөөрөө ч дүүрсэн байдал харагдаагүй. Олигтой орлого ашиг олсон нь юу л бол. Пүүс компани төдийгүй төрийн байгууллага сүүлдээ бөх барилдуулахаас залхаж шатар даам тоглодог болцгоож байна.
Залуучуудад зөвлөхөд чи эрүүл биетэй саруул ухаантай төрсөн бол заавал барилдаж ноцолдож хамаг чухал цагаа гарздаж яахнав дээ гэмээр л байна.
Байгууллагад "туслах аж ахуй" гэж байдаг. Үндсэн ажиллагаанд нэмэр дэм хийх шаардлага гарсан тохиолдолд түр зуур хийдэг арга хэмжээг ийн нэрлэдэг. Түүн лугаа завсар чөлөөндөө спортоор хичээллэх, ан гөрөө хийх, шүлэг зохиол оролдох энэ тэр чинь хүний урт удаан амьдралын дэргэдэх нэгэн төрлийн туслах аж ахуй юм. Олны өмнө гарч хүмүүсийн зугааг тайлна гэдэг тийм хүсээд байхаар юм биш.
Зочин
Зочин
lenin
ЗОЧИН
БӨХ
Зочин
Зочин
Зочин
зочин
Ganaa
Судлаач
Бөх дагаж ноён төрдөг
Зочин
зочин
Зочин
bat
Зочин
Батнэрэн
kk
Зочин
Эрдэнэ
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
сыб
Үнээн үнэн
goyo
Зочин
Зочин
Зочин
Baabar
Baabar