Дэлгэр-17
Аравдугаар бүлэг
Аравдугаар бүлэг
Тэгээд тэндээс би оюутны байрандаа ирлээ. Би унтахаар хэвтэв. Би элдвийг бодон хэвтэнэ. Тиймээ гунигтай боловч сургамжтай энэ түүх Баасан гаригт эхэлсэн. Тэгээд Баасан гаригт төгсөх учиртай ажээ. Би бас дахиад ээжийгээ бодлоо. “Хүн амьдралд нугарч болно. Харин хүн амьдралд хугарч болохгүй” гэж ээж минь бидэнд хэлдэг сэн.Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ.Тэгэхэд би 10 настай байлаа. Би ээжийнхээ таньдаг нэг айлд суудаг байв. Тэр айл нэлээдгүй их баян айл байсан юм. Нөхөр нь жолооч хүн байсан. Эхнэр нь ямар ажил хийдэг байсныг би одоо санахгүй байна. Тэр хоёрыг би айлын ах эгч хоёр гэдэг байлаа. Айлын ах их сайн хүн байсан. Томоотой ухаалаг их сайн ах байсан санагддаг юм.
Би тэр айлын бүхий л хар бор ажлыг хийдэг байлаа. Өдөр хичээлдээ явж ирээд, түлээ мод бэлтгэж дэлгүүр хоршоо явна. Ус зөөж, гэр хашаа хороо цэвэрлэдэг байсан. Арван настай хүү надад ахадсан хэцүү ажил байсан санагддаг юм.
Айлын ах эгч хоёрын ая талыг харж амьдарч яваа, арван настай бяцхан хүү шүү дээ, хий гэсэн бүгдийг нь хийж амжуулдаг байлаа. Би томоотой дуулгавартай, ажилсаг сайн хүү байсан. Гэхдээ би жаахан аймхай хүүхэд байсан юм.
Тиймээ, тэгэхэд би зориг муутай аймхай байсан.
Би оройн хоолны гурил зуурч элдэж бэлтгэдэг байв. Хоол хийх гурилыг хатуу зуурч нимгэн элдэх хэрэгтэй. Яагаад гэвэл. Хатуу зуурч элдсэн гурилтай хоол амттай сайхан хоол болдог юм. Тэгээд би хатуу гурил зуурч элдэх гэж бүтэн хоёр цаг орчим хөлс нустайгаа холилддог байсан санагдана. Тэгэж тэгэж нэг юм болгодог байлаа.
Нэг удаа хэрэг гарлаа...
Би оройн хоол хийх гурилаа шингэн зуурч элдсэн байв. Яагаадыг би мэдэхгүй байна.
Гурил өөрөө л шингэн болсон байсан юм. Тэгээд айлын эгч орой ажлаасаа ирээд бөөн факт болов. Эгч намайг хараагаад, загнаад арай л зодоогүй.
«Ийм юм хийж байхдаа яадгийн. Чи ямар нохойд хоол бэлдээв? Аан...» гээд л загнаад зандчаад байлаа. Би яахав. Хэргийн эзэн хий дэмий л бүлтэлзэж бөндчөөд, хийх юм байх газраа олж ядаад л байсан санагдана.
Би багадаа сонгинотой хоол идэж чаддаггүй хүүхэд байсан юм. Би нэг жижигхэн хөөрхөн бумбагар модон аягатай байлаа. Оройд тэр аягаараа нэг сонгиногүй гурилтай хоол иддэг байсан. Айлын эгч хоолондоо сонгино хийхээс өмнө надад нэг аяга сонгиногүй гурилтай хоол тасдаж хийж өгдөг байсан юм. Энэ удаад эгч тэгсэнгүй.
Надад сонгинотой хоол аягалаад өгсөн. Би идэх гээд чадахгүй байлаа. Идэхгүй байж бас болохгүй. Хоол голсон энэ тэр гээд сүйд болох гээд байдаг. Дэмий л идэж байгаа дүр эсгээд, мах гурилыг нь түүж ялгаад идээд сууж байв.
Эгч намайг хэсэг харж сууснаа... ухасхийн босож ирээд, миний идэж байсан аягатай хоолыг шүүрч аваад угаадастай хувин руу цацаж орхив.
Тэгээд тэр эгч.
«Хоол идэх дургүй байвал боль чи! Хоосон хоно.» энэ тэр гээд бас дахиад загнаж гарлаа.
Айлын ах дуугүй л суугаад байв. Тэр ах зуухны хажууд хоолоо идэх аядаад дуугүй суугаад байсан.
Би яах билээ. Айл хэсэж амь зууж яваа арван настай бяцхан хүү шүү дээ. Би тэрүүхэндээ чимээгүйхэн мэгшин уйлав. Доошоо тонгойгоод сэмхэн уйлж суулаа.
Эгчийн уур улам бүүр ихсээд.
Босч ирээд.
«Үхсэндээ чи уйлаав? Муу ёрын хог. Новш! Гар зайл чи!» гээд. Намайг хоёр гурав нудраад авлаа.
Энэ удаад айлын ах тэссэнгүй. Аягатай хоолоо үүдэнд байдаг түлээний савруу явуулж орхив. Паад! Хийгээд л...
Үүдээр нэг хоол. Аяганы хагархай. Бөөн факт!!! Гайтай тэр нэг шингэн зуурсан гурилнаас болсон явдал. Энэ нэг явдлаас болоод эгч гэртээ буцав. Ах бид хоёр гэртээ үлдлээ.
Тэр хоёр залуу хүмүүс байсан юм. Хүүхэдгүй айл байсан. Тэгээд дараа нь би хичээлээ тараад, айлын ахын ажил дээр очдог болов. Ах яваад ирж бай гэсэн юм. Айлын ах бид хоёр гуанзанд хооллодог болсон. Ах миний идэх дуртай хуушуур авч өгнө. Дажгүй сайхан байлаа.
Айлын ахын машинд суугаад л... Бас болоогүй ээ, гуанзанд орж хоёулаа хуушуур иднэ.
Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Долоо хоногийн дараа айлын ах эгч хоёр сайдаад, эгч гэртээ эргээд ирсэн. Тэгээд би ээж дүү нар дээрээ гэртээ буцаж ирсэн юм. Гэртээ сайхан байсаан. Хоосон ч гэлээ гэртээ, сайхан ээжтэйгээ дүү нартайгаа хамтдаа айх ичих юмгүй дураараа аз жаргалтай сайхан байлаа.
Тэгэхэд миний ээж цэцэрлэгт угаагч хийдэг байсан юм. Ээжийн цалин нь нэг сард 240 төгрөг байсан. Зургаан хүүхэдтэй долоон ам бүлд яагаад ч хүрэлцэхгүй. Нэг хүн нэг хоногт 1 төгрөгөөр амьдарна гэсэн үг. Одооны ханшаар бол 1000 төгрөг. Яаж ч чармайгаад нэг хүн 1000 төгрөгөөр нэг хонохгүй шүү дээ. Тэгээд ээж минь арга ядахдаа биднийг айл айлд суулгадаг байсан юм билээ. Ээж маань бидэнд «Ажил хийж айлд байна гэдэг бол нэг их хэцүү юм биш шүү дээ. Үүнээс ч илүү их хэцүү юм энэ орчлонд олон бий шүү!» гэж аргадаж хэлж сургадаг байсан юм.