Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнөхөн баривчлан саатуулагдсан Ашигт малтмалын газрын /АМГ/дарга асан Д.Батхуягт шүүхээс 6,6 жилийн ял оноожээ.  Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин 192 лицензийг бусдад олгосон хэргээр анх шалгаж эхэлсэн. Харин мөрдөн байцаалтын явцад хууль бусаар олгогдсон лицензийн тоо 109 болж, үүнээс 107-г нь цуцалсан билээ.

Д.Батхуягийг баривчлан саатуулах үед тэр УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, Хөвсгөлийн тойрогт сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлээд байлаа. Түүгээр ч барахгүй сонгуульд нэр дэвшихийн тулд АМГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, тухайн үеийн МАН-ын дарга Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхийн ажлыг хүлээж аваад байв.

Түүний хувьд улс төрд хожуу орж ирэхээсээ өмнө нь бизнес нь нэлээд амжилттай явж, Хөвсгөлдөө л нэр хүндтэй “Тэс” группийг бий болгож, хэн нэгний халаасанд гар дүрээд байхааргүй ажил амьдралтай явсан хүн. Ингээд бодохоор улс төр гэдэг зүйл, тэр тусмаа цагаа олоогүй эрх мэдэл, зохиогүй албан тушаал хүнийг хэн болгодог ч юм бэ дээ...

АМГ-ын даргад холбогдох энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн явдал нь өмнө нь зөвхөн сургуулийн хичээлийн эрхлэгч, замын цагдаа, татварын байцаагчийн л авлигатай тэмцдэг байсан Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхны хувьд чамлахааргүй амжилт. Гэвч шүүхээс түүнд өгсөн 6,6 жилийн ялыг олон нийтийн зүгээс “хөнгөдсөн” гэж хэмээн шүүмжилж байгаа. Ялангуяа түүний хууль бусаар бусдад шилжүүлсэн 109 лицензийн зөвхөн нэг болох найзынхаа компанид шилжүүлсэн нүүрсний ордын зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаагаас үзвэл түүний улсад учруулсан хохирол хийгээд оноосон ялын хооронд хэр хол зөрүү байгааг харж болно. Түүнтэй хамтарч энэ хэргийг үйлдсэн Л.Даваацогтыг чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг жирийн дэглэмтэй хорих ангид таван жил хорихоор яллаж, нийтэд нь 35 сая төгрөгийг албадан гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна.

Тиймээс олон нийтийн “10 сая төгрөгийн хохиролтой жирийн иргэнд 10 жил өгдөг мөртлөө 10 тэрбум төгрөгийн хохиролтой төрийн өндөр албан тушаалтнуудад яагаад зургаан жилийн ял өгдөг юм бэ, Монголын шүүх шударга бус байна” хэмээн буруутгаж буй. Энэ хэргээс өмнө ч гэсэн энэ шүүмжлэл байсаар ирсэн. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан Ц.Чимэдцэрэн дөрвөн жил суугаад  наранд гарсан. Долоон тэрбумын хохиролтой Н.Энхбаярын ялыг Дээд шүүх 2,6 жил болгон бууруулсан. Харин энэ удаа Д.Батхуяг...

Тэгэхээр нэг, хоёрхон хохирогчтой халаасны хулгай, жижиг залилангийн хэрэгт өгч байгаа ялын хэмжээ, төрийн нэр барьж нийтийн өмчөөс хулгайлсан дарга нарт өгч байгаа ялын хэмжээ хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэрэв шударга ёс гэж байдаг бол 10 сая төгрөгийн хэрэгтэй хүнд 10 жил өгсөн шүүх 10 тэрбумын хэрэгт 1000 жил биш юм гэхэд хорих ялын дээд хэмжээгээр 25-30 жилийн гяндан өгч болно оо доо.

Гэвч үүний төлөө шүүхийг буруутгах боломжгүй юм. Яагаад гэвэл шүүх хуулинд ямар ял заасан байна, тэр хэмжээгээр нь л өгч байгаа. Өөрөөр хэлбэл, манайд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар төрийн өмч шамшигдуулсан, хулгайлсан, бусдад зувчуулсан, бүлэглэн дээрэмдсэн бүх хэргийг хавтгайд нь “албан тушаалын хэрэг”/яагаад гэвэл энэ хэргийг эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд л үйлддэг учраас/ хэмээн зүйлчилж, ердөө 5-10 жилийн ял заадаг. Хэдий хэмжээний хохиролтой, хэр олон хүн оролцсон бэ гэдгийг ч огтоос хэрэгсдэггүй. Тэр ч байтугай энэ төрлийн гэмт хэргийг хэрвээ Эрүүгийн хуулиас зувчуулаад Захиргааны хариуцлагын тухай хууль руу оруулчихвал “албан тушаалдаа хайхрамжгүй хандсан” гээд хэдэн сарын баривчилгаа юм уу, торгуулийн ялтай мулталж болно. Аль хуулиар шийтгүүлэхийг тухайн албан тушаалтны аз, од, танил тал, ар хамгаалалт шийддэг гэж байгаа.

Тиймээс шүүхийн хувьд одоохондоо эдгээр гэмт хэрэгтнүүдэд ядахдаа л ял өгч байгаад нь талархахаас өөр аргагүй. Өмнө нь олон хүн ийм хэргийн төлөө албан тушаалаасаа зайлуулагдсан төдийгөөр хариуцлага хүлээдэг байсан юм.

Дээр нь нэмж хэлэхэд одоо манайд үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар ялыг хүндрүүлэх нөхцлийг зөвхөн давтан гэмт хэрэг дээр авч үздэг. 10 мянган төгрөг ч бай хоёр дахиа хулгай хийсэн бол “давтан гэмт хэрэг, өмнө нь ял шийтгүүлж байсан рецетив гэмт хэрэгтэн” хэмээн үзэж ялыг нь хоёр дахин нэмэгдүүлдэг. Гэтэл олон улсын шүүхийн практикт бол “Нэг хэрэгт нэг л удаа яллах” хуультай. Харин “давтан гэмт хэрэг үйлдсэн” гэдэг үндэслэлээр ял хүдрүүлнэ гэдэг нь хүнийг давхар яллаж буй хэрэг юм.

Нөгөө талаас манай хуулинд олон үйлдэлтэй гэмт хэрэгтэнд хөнгөнийг нь хүндэд багтаах журмаар нэг л ял өгдөг нь “нэг гэмт хэрэгт нэг ял” гэсэн зарчмыг үгүйсгэж, гэмт хэрэгтэнд ял завших боломжийг олгодог. Н.Энхбаярыт тулгасан дөрвөн хэрэг, Д.Батхуягийн “хулгайлсан” 109 лицензэд ял хөнгөдөх болсон шалтгаан энэ. Хэрвээ Н.Энхбаярын үйлдсэн хэрэг бүрт тус тусад нь, Д.Батхуягийн лиценз шилжүүлсэн тушаал болгонд тус тусад нь ял өгдөг бол тэдний үүрэх ял 20 жилээс наашгүй. Хууль, шүүхийн систем хамгийн өндөр хөгжсөн АНУ, Германд 70 хүрсэн гэмт хэрэгтэнд 100, 200 жилийн ял өгдөг. Ямар ч тохиолдолд ялын бодлого шударга байх нь чухал учраас тэр.

Тэгэхээр одоо манайд үйлчилж байгаа Эрүүгийн хууль тогтоомж хэнийг яллаж, хэнийг хаацайлахад зориулагдсан бэ? Эрх мэдэл, албан тушаалд ойр хэсэгт нь ашигтай, эгэл ардуудад халтай гарсны шалтгаан юу вэ? гэдгийг хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсээс биш, харин хууль зохиосон нөхдөөс асуух ёстой болж байна. “Ардын нуруу бөхийж, авлигачид зоолох” болсон шалтгаан ч бас энэ.
Тийм учраас л Эрүүгийн хуулийг өөрчилье, дээр доор гэж ялгалгүй үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулдаг байя, ялын давхардлыг арилгая, ял завшихыг зогсооё гээд байгаа юм. Тэгсний дараа харин ял хөнгөдсөн, хүндэдсэн тухай биш, шүүх шударга ажиллаж байна уу, үгүй юу гэдэг тухай ярьж болно.

2012.02.04