Ардчилсан нам сонгуульд яллаа. Орон нутгийн сонгуульд бүр ч сайхан тавьлаа. Бие тавирч хөлс бурзайв. Эх орон маань одоо л “хүн шиг” удирдлагатай болох нь.  Ардчилал мандтугай! Энэ коммунистууд чинь экс болохоороо бүр баллаж тавьдаг улс байна. Сүүлийн хорин жилд ардчилсан болсон биш өнөө хэдийнхээ гарт улам лавтайгаар ардчилсан байдлаар ордог байх шүү. Ерэн оноос өмнөх ба хойших МАХН бол өөр ойлголт. Ерэн оноос өмнө нийгмийг удирдан чиглүүлнэ гээд Үндсэн хуулиндаа бичүүлчихсэн төржсөн аппарат байсан. Харин ерэн оноос хойш хонины арьс нөмөрсөн чоно болж өөрчлөгдсөн дөө. Нийгмийн хөгжлийн дэвшил урагшлал болгоныг улдан чангаагч, төрийн нэрээр улсаа тоногч, муу муухай болгоны үлгэр жишээ. Энэ нам байгаа цагт Монгол улс нар өөд харахгүй гэж боддог байлаа. Ардчилсан хүчин 1996 онд ганц удаа ялсан боловч энэ өвгөн чөтгөрийн дор бараг юу ч хийж чадаагүй. Сөнөх үйлтэй л юм байлгүй гэж бодож байсан. Гэтэл АН ахиад гараад ирлээ. Түрүүн орон нутгаар чөдөрлүүлж байсан бол одоо гар ч суларлаа. Одоо ч давшихаар шийдсэн Монгол улсаа, хөө хө хөө…!

Улс орны зам мөр юун түрүүн тухайн нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хуулиар хэмжигдэнэ. Хууль тогтоож байгаа улс нь манай талынхан… өөрөөр хэлбэл “хүнч” талынхан. Гэтэл үгүй юмаа. Хорин жил өлсгөлөн явсан гудамжны харчуулын өшөө хорслоо авдаг газар болдог байгаа. Алив нийгмийн тун цөөхөн хувь нь баялаг бүтээдэг, бусад нь тэр мөнгөн дээр нь ажилладаг. АНУ-ын нийт хүн амын ердөө таван хувь нь мөнгө хийдэг, үлдсэн ерэн таван хувь нь бараг л түүгээр нь тэжээлгэдэг. Баялагийг төр бүтээдэггүй, нийгмийн овсгоотой цөөн хувь нь бүтээдэг. Үүний хүчээр нийгмийн үлдсэн хэсэг нь дунд анги болдог. Дунд анги болж чадахгүй арчаагүй цөөнхийг төр нь “авч явдаг”. Ердийн үнэн энэ л байна. Баялаг бүтээдэг хэсгээ гол гаргачихаар нийгэм өөрөө ядуурдгийг зуун жилийн туршилт бүрнээ баталсан. Оросоос эхлээд Хятадаар дамжаад Камбож, өнөөгийн Хойд Солонгос хүртэл урт жагсаалт нэрлэж болно. 

Өнөөгийн хүчирхэг Солонгосыг үнэндээ солонгосын ард түмэн гэхээсээ Хюндай, Самсунг босгосон юм шүү дээ. Тиймээс ч тэднийгээ солонгосчууд хүндэтгэнэ гэж жигтэйхэн. Америкийг Карнеги, Рокфэллэр, Морган гурав босгож ХХ зуунд хүчирхэг орны статусаар оруулж ирсэн гэж ярьдаг юм билээ. Энэ буухиаг нь Фордоос Гэйтс хүртэл дамжуулан авч явжээ. Эднийгээ “самородок” гэж үздэг, нийгэмд хэдэн сая тутмаас нэг олддог үнэт эрдэнэ. Ийм эрдэнэ заавал доктор профессор байх алба ч үгүй, харин ч урлаг шинжлэх ухааны хөгжлийн цаад ивээн тэтгэгч нь байдаг. Хант гэхэд ердөө дөрөв төгссөн гар байсан шүү дээ.

Тэв тэгш ядуу нийгмээс бид шалдан гуяа ганзгалсаар  ХХ зууны төгсгөлд хорвоотой танилцахаар орж ирлээ. Өнгөрсөн 20 жилд бид юм юм үзсээр арай гэж нэг юм цэгцрэх хандлага руугаа орж ирж байна. Эхэндээ ганзагын наймаачид, зээлийн баячууд, хулхи жавьжлагчид гээд сайхан гаруудтай учрахаараа нэг болсон. Дараа нь авилга залгасан даа. Авилга төрийн хэмжээнд бараг л албан ёсны бизнес болсон. Гэсэн ч өссөөн. Дэвжсээн. Өлөн гэдэс зарж чаддаг нь улсдаа Билл Гэйтс байлаа. Дараа нь ноолуур, тэгээд алт, удалгүй уул уурхай, холбоо, банк, барилга гээд богино хугацаанд дээшээ гараад ирсэн. Мянгат малчин гээд орой дээрээ залдаг үлгэр жишээ байв. Одоо хар даа, бараг ядуу нь мянгахан малтай. Цаана чинь 15 мянган малтай хүн гараад ирж. Ноолуур бол өнөөдөр дунд гарыхны биенес шүү дээ. Монголын ноолуурын нийт бизнес нь холбооны салбарын 30 хувьд ч хүрэхгүй байна. Манай нийгмийн нийт үйлдвэрлэлийн 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Үлдсэн 20 хувийг үйлдвэрлэж байгаа төрийн бизнесийн өртөг зарлага нь энэ 80 хувийнхаасаа давна шүү дээ.

Ардчилсан нам төрийн эрх авуутаа нийгмийн баялагийг бүтээгч хэсэг рүүгээ дайрч эхэллээ. Хураана, боймлоно, нураана, хөөнө тууна, зайлуулна гэсэн гол уриатай юмаа даа? Банкинд их мөнгө хадгалуулсан улс бол нийгмийн паразит, зүгээр сууж байгаад их мөнгө хүү нэрээр гудардаг гэнээ. Ингээд тэднийг татвараар дарж алахаар шийдэв. Үнэндээ бол банк эдэн шиг тэнэг биш болохоор хадгалуулагчид зүгээр мөнгө өгөөд байдаггүй, инфляци тэглэх нөхөн олговор өгдөг юм шүү дээ. Манай инфляци банкны хүүгээс давчихаад байгаа. Хадгаламж эзэмшигчид ч эдэн шиг маанаг биш болохоор татвар авах гэж байгаа бол яаж ийгээд л бултуулж таарна. Банкууд гол хадгалуулагчдаа алдвал улс мөнгөгүй болно. Дэлхийн аль ч банкыг шалгаад үзэхэд нийт хадгаламжийн дэндүү дийлэнх нь дэндүү цөөн хүнд хамаардаг. Нийгмийн баялаг бүтээгч өнөө цөөнх шүү дээ.

УИХ шинээр байгуулагдмагцаа архи тамхины татварыг нэмдэг. Эд ч үүнээс ажлаа эхэллээ. Аминдаа нийгмийг архи тамхигүй болгочиж байгаа юм биз дээ, чааваас. Үүнээс болоод инфляци дороо суга өслөө. Ерээд оны эхээр бид цөмөөрөө өвгөнт найрка уудаг байсан. Одоо худалдаалагдаж буй архины 80 орчим хувь нь хяналтанд орсон. Онцгой татвараа төлдөг, ариун цэвэр эрүүл ахуй хүнсний аюулгүй байдал нь баталгаатай болсон. Үнийн гэнэтийн өсөлт хууль бус найрканы зах зээл дахин сэргэх зам мөрийг чөлөөлөв. Монголд дэндүү олон проблем байна. Утаа, нийгмийн тэгш бус хуваарилалт, байгаль орчин, шүүх, төрийн хүнд суртал, авилга гээд тоолж баршгүй. Харин Монголын төр тамхитай л тэмцэж байгаа.

Нефть импортлогчид хүний адаг болох нь илэрлээ. Нурууг нь хугалж зоосны нүхээр махыг нь огтлоход ч багадам гэмт хэрэгтнүүд. Харин тэд энэ бизнесээ төрд даатгачих юмсан гэж ярих юм билээ. Төр мэдэж квот хувиарлах юм бол борлуулах хадгалах гэх зовлонгүй шууд авчраад л улсад бэлэн мөнгөөр зарчихана. Гоё юм болно доо, төрөөс төрөх тэрбумтан дажгүй нэмэгдэнэ. Уг нь монопольтой тэмцэнэ гэдэг нь үндэслэлгүй үнэ буулгахтай тэмцдэг юм билээ л дээ. Үнэ буулган дэмпинг хийж зах зээлийг дагнан эзэмшихээс сэргийлдэг аж, эрүүл газар бол. Өрсөлдөөнийг нь харин улам дэмжиж, өрсөлдөөний хүчээр хэрэглэгч хождог. Үүний том жишээ бол дэлхийд хамгийн хямдын нэгд тооцогдох гар утасны монгол тариф байна. Үнэгүй үйлчлэнэ гэж дайраад байсан Жи Мобайлын жишээг санаж байна уу? Шанд нь гар утасны тоо нийт хүн амаасаа  бараг давах гэж байна. Гэтэл ганц гайгүй яваа холбооны бизнес рүү архиран дайрлаа. Үнийг секундээр нь тооц гэж зарлигдав. Хаана ийм нарийн хэмжүүр байдаг юм бол? Секундээс цаана доли гэж нэгж бий шүү дээ. Утасны компаниудыг секунд доли хэмждэг нэмэлт хөрөнгө оруулалт хийж ядраах гэсэн л санаа л даа. Барьцаа авсан бол хүүг нь ард түмэнд өгч бай! Утасны компани банк хоёр нэгдлээ л дээ. Буруу үрүүлтэй машин хорих гэнэ. Төр зөвшөөрсөн учраас оруулж ирсэн юм байгаа биз дээ. Хилээр дахиж оруулахгүй л гэвэл болоо биш үү?

Шинэчлэлийн гээд өөрсөддөө цол гуншин өгчихсөн энэ засгийн үед ард түмэн хямд гурил идэж засаг төрдөө баярлан догдолж байх ёстой юм байна. Гурилын компаниудад бодвол бондын мөнгө бололтой зээл олгоод хариуд нь гурилыг зах зээлийн үнээс хямдаар барьж байх үүрэг даалгавар өгөв. Өрсөлдөөн байхгүй болгож байгаа хэрэг. Ингээд л гурилын үнэ нэмэгдвэл хөрөнгийг нь хураана. Зөрүүд эзнийг нь амьтан болгож ардын дайснаар тодруулна. Энэ бол ердөө эхлэл. Цааш энэ нь шүдэнз, зүү хүртэл үргэлжлэнэ. Одоо юу ч гэсэн Ерөнхий сайдын нэрэмжит үнэгүй шахам нүүрс ажиллагаа их моодонд байгаа. Нам засагтаа баяраллаа, Засгийн газартаа гялайлаа. Түм наслаг, түм наслаг дараа заавал ахиж сонгоно оо!

Монголын баячууд дотроо хоёр ангилагдана. Татвараа өгөөд ил тодоор бизнес хийгчид бол бүтээн байгуулагчид. Улс орныг эд л чирч авч явдаг. Зөвхөн MCS компани гэхэд улсын төсөвт жилд 250 тэрбум төгрөг өгч байна. Үүгээр бид хооллож хувцаслаж байгаа. Үүгээр төрийн түшээд цалинжиж, гадаад дотоодгүй хэсэн хөөс сахартал жавьждаж яваа. Нөгөө хэсэг нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Эд бол нийгмийн дайсан, гэмт хэрэгтнүүд, есөн эрүү тулгамаар адаг шаарууд. Төрийн том төлөөлөгч нэгний гэрийг саяхан хулгайч ухжээ. Сэйфийг нь онгойлгож чадахгүй болохоор дамжлаад аваад явчиж. Хээр аваачиж онгойлгох гэж байгаад баригдсан байна. Төрийн төлөөлөгчид ирж “албан ёсоор” онгойлготол дотроос нь 30 сая юань, таван сая доллар бэлнээр гарч ирж дээ. Албаныхан эзэнд нь буцаагаад л өгчиж. Таг чиг, энэ тухай. Ингээд л болоо. Баялаг бүтээгчид рүү биш баялаг хулгайлагч нар руу л сүгсэлзвэл уг нь зүгээрсэн. Бас нэг нөхрийн гэрийн хажуух гараашнаас 17 сая доллар бэлнээр олжээ. Бас л таг чиг. Гишүүдийн нүдэн дор болоод байгаа хэрэг шүү дээ. Энэ хулгайч нар арчаа муутайдаа бэлнээр нь хадгалж байж. Үүнээс дээгүүр сүйхээтэй нь хулгайн бараагаа гадаадад үл хөдлөх хөрөнгө болгон хувиргаж байна. Нийтийн баялагийг хамгаалах л чухал. Олон жил өлсгөлөн явж жагсаал цуглаанд туйлдан ядарсан бол өш хонзонгоо баялаг бүтээгчдээс биш хулгайч дээрэмчдээс авах ёстой бус уу? Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөөд байх хэрэг байна уу?

Сүгсэлзүүрүүдийн дараагийн бай нь бидний хамгийн үнэт зүйл болох эрх чөлөө болж таарч байна. Монголын 2,7 сая иргэдийн бүх мэдээллийг ил болгохоор дайрав. Гэрийн хаяг, регистрийн болон паспортын дугаар, гэр бүлийн байдал гэх мэт. Ил тодын тухай ярихдаа хаана ч төрөөс л ийм юм шаарддаг. Төр бол нийт ард түмэнд хамаатай учраас ил тод, сохор зоос ч юунд зарцуулснаа тайлагнадаг байхыг шаарддаг. Ард түмэн төрийг шилэн хаалганы цаана илээр үйл ажиллагаагаа явуул гэж шаардахаар урдаас нь тэгвэл чи бандаашаа тайлаад шалдлаад ир гэсэнтэй утга нэг бус уу? Иргэд хувийн нууцтай байх эрхтэй төдийгүй энэ эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн юм шүү дээ. Монголын ард түмэн тэртээ 23 жилийн өмнө сонгож авсан үндсэн зарчмыг энэ засаг “шинэчлэлийн” болгох гээд байнаа даа, аан?

Таалагдаагүй зурагтуудаа хааж эхэллээ. Хөөрхий улаан хацарт зурагтаа боймлуулчихсан, дараагийн баахан нь тэнсэн аваад хүлээж байгаа. Телевиз бол хортой хүнс биш, төрийн оролцоо зөвшөөрөл энэтэр хэрэгтэй л юм байхдаа. Үндсэн хуулийн эсрэг, нийгмийн тогтворгүй байдал дайн зэргийг нийтэд сурталчилахыг тэртээ тэргүй хуулиар хориглосон байгаа. Улаанбаатарт гэхэд тавь гаруй суваг монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг. Зах зээлийн утгаараа тааруу хэрэг боловч мөн л зах зээлийн өрсөлдөөний журмаар аяндаа хэвэндээ орно. Зурагтын удирдлагын гар хэрэглэгчидэд өөрт нь бий. Тэр гаран дээр “skip” гэсэн товчлуур бий. Тэрийг дараад л дургүй хүргэсэн сувгийг өөрийн зурагтаас эгнэгт хөөн зайлуулж болно. Нийгмийн сэтгэл зүйг хянах гэж байгаа бол хаагаад л устгаад л байж болно л доо.

Сайтууд руу дайрч эхэллээ. Өнөө ил тод болгосон гэрийн хаяг гэр бүлийн байдал гадаад паспортын дугаараа тавьж байгаад сэтгэгдэл бичих гэнэ. Цаад шалтгааныг нь мэдэх үү? Өндөр дээд нэгэн эрхэмийн эхнэрийн тухай үнэхээр ч сэжиг хүрэм баахан сэтгэгдэл ноднин нэгэн сайтад бичигдсэн юм. Гомдож зайлуул, хариуг нь ийм мангар аргаар авч байгаа юм. Өдгөө жагсаал цуглаанд яагаад олон хүн ирэхээ больчихсон юм бэ? Ард олны бухимдлыг хүлээж авдаг зурагтын олон үйлчилгээ байна. Тийш нь утасдаж баахан харааж ерөөгөөд л тайвширчиж байгаа хэрэг. Нийгэмд илүүдэл хийгээ гаргадаг нүх сүв заавал хэрэгтэй. Сэтгэгдэл бол тийм нүхний нэг. Сэтгэцийн өвчтэй сэтгэгдэлчин цөөнгүй бий. Нүхийг нь бөглөчихвөл нэг л өдөр хутга шөвөг бариад босоод ирнэ. Доромжлол гүтгэлгийн хариуцлагыг редакц хүлээх болохоос төрд ямар хамаа байнаа. Нөгөөтэйгүүр хэвлэлийн эрх чөлөө нэрэн дор хөлсөөр ажиллаж байгаа сэтгүүлч нэртэй нэгэнд хамаг эрх мэдлийг олгох тухай ярих боллоо. Янз бүрийн үзэл бодолтой мэдээллийн хэрэгслэлүүд зэрэгцэн оршихийг хэвлэлийн эрх чөлөө гэдэг болохоос хүний хөрөнгөн дээр дураар туучиж сүгсэлзэхийг хэлдэггүй байхаа.

Монголын төр эрхэм дээд удирдагч байсан хүмүүсээ гэнэт хайрлан энхрийллээ. Мал төрийн хамгаалалтанд байдаг болохоор. Дээгүүр алба хашиж байсан хүмүүсийн тархи маш үнэтэй учраас төрийн хамгаалалтанд авч гадаадын империалистуудаас тусгаарлах гэнэ. Сайхан жишээ байна гэнэ, тухайлбал Бямбасүрэн гуай 80 мянган төгрөгний тэтгэвэр аваад жаргаж байна гэнэ. Гэтэл Багабанди гадаадын компанид ажиллаад сард 20 сая төгрөг авч байна. Эднийгээ хайрлаж эх орныхоо бүтээн байгуулалтад зүтгүүлье. Хууль гараад байгаа цаад жинхэнэ шалтгаан уул нь Багабандийн 20 сая төгрөг л дөө. Гадаад эхнэр нөхрийг ч хөөн гаргах тухай ч буурьтай хэлэлцэж эхэллээ. Иргэний үндсэн эрх рүү халдсан энэ явдал дөнгөж эхлэл нь. Өнөөдөр Багабандиас эхэлж байгаа бол маргааш чам руу орно. Нацизмын үед гарсан нэг алдартай ишлэл бий шүү “Нацистууд жүүд нарыг баривчиллаа, би жүүд биш болохоор дугарсангүй. Дараа нь тэд коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш болохоор дугарсангүй. Харин дараа нь гэмгүй намайг баривчилахад дугарах хүн олдсонгүй”.

Францын парламент 577 гишүүнтэй. Хууль өргөн барих эрх гишүүн бүрт байдаггүй. Заавал арван хувь буюу 58 гишүүн нийлж байж хууль өргөн барих эрх үүсдэг. Энэ нь бие даасан нэр алдарт дуртай сүгсэлзсэн юмнуудаас сэргийлэх сайн механизм.

Ийнхүү хэт зүүний коммунист угшилтай МАХН-ан МАН-ыг Монгол оронд эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл, хүний үндсэн эрхийг авчирсан Ардчилсан нам зүүн талаар нь гүйцэж түрүүллээ. Дараагийн зорилтод Хойд Солонгосыг зүүн талаар нь гүйцээд авбал ч учир бий дээ.

2013.1.19