Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсаас НҮБ-д  Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун гуайтай ярилцлаа

-Ковидын үеийн нөхцөл байдал, ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын харилцаанд ямар өөрчлөлт орох бол. Энэ талаар та ямар таамаглал дэвшүүлж байна вэ?

-Гадаад харилцаа нэлээд хумигдаж байна. Хумигдах гэдэг нь яриа хэлэлцээ явахгүй байна, харилцаа хязгаарлагдмал боллоо гэсэн үг биш шүү дээ. Олон улсын чанартай хурал зөвлөгөөн хийхэд бэрхшээлтэй болж онлайн хэлбэрээр хуралдах боллоо. Бид өнөөдөр техник технологи асар өндөр хөгжсөн цаг үед амьдарч байна. Тиймээс гадаад харилцааны ихэнх асуудлыг уулзахгүйгээр шийдэх боломжийг бүрэн хангаж чадаж байгаа ч нүүр тулж уулзана гэдэг онлайнхэлбэрээр хуралдахаас их өөр. Энэ талаасаа бага зэрэг хумигдмал, явцуу болж байгаа байж болзошгүй. Би төр, засгийн ажлаас холдоод арав гаруй жил болж байгаа учраас шинэ үеийн энэ хэлбэрийн харилцааг төдийлөн мэдэхгүй. Жишээ нь зангиагүй уулзалтын үеэр төр, засгийн тэргүүн нар хоорондоо ярихдаа заавал протокол хөтлөхгүйгээр, зарим нарийн ширийн асуудлаа энгийн ярианы хэлбэрээр шийддэг явдал цөөнгүй. Албан ёсны хэлэлцээ бол тусдаа. Заавал протоколтой, цаасан дээр бууж үлдэх учиртай. Онлайн хурлын үед энэ талаараа л бага зэрэг өөрчлөлт гарч болох юм. Миний бодлоор Ковидын өмнөх болон дараах үе гадаад харилцаанд төдийлөн томоор нөлөөлнө гэж бодохгүй байна.

-Хөрш орнуудын хувьд байгалийн хийн хоолой, “Нэг бүс, нэг зам” төсөл гэхчлэн харилцаанд чухал ач холбогдолтой, нэн шинэ нөхцөл байдал гэж хэлж болохоор төслүүд хэрэгжиж, үүнд Монгол Улс оролцох боллоо. Таны харж буйгаар хоёр хөрштэй хамтран хэрэгжүүлэх эдгээр томоохон төслүүд манай эдийн засаг, гадаад харилцаанд ямар гарц, боломжийг нээх вэ?

-Би олон удаа энэ сэдвээр ярьж байсан. Манай геополитикийн байдлын онцлогийг хүн бүр мэднэ. Бид хоёрхон хөрштэй, далайд гарцгүй оронд амьдарч байна. Хоёр хөрш маань хоёулаа дэлхийн том хүчирхэг гүрнүүдийн тоонд ордог. Аль, аль нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг таван орны хоёр нь юм. Үүгээрээ онцлогтой. Монгол Улс хоёр хөрштэй тэнцвэртэй, ойр дотно хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр манай эдийн засгийн харилцаа Хятад улстай хэт их хамааралтай байна. Нийт экспортын90-ээд хувь нь, гадаад худалдааны эргэлтийн70-аад хувь нь Хятадтай холбоотой байгаагаас тэнцвэргүй байдал үүсчихлээ. Гэтэл Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд энэ талаар тодорхой тусгасан. Энэ бол Монгол Улсын хууль юм. Энэ хуулийн заалт өнөөдөр Монгол Улсын гадаад бодлогод бодитойгоор хэрэгжихгүй байна. Тиймээс бид юуны түрүүнд ОХУ-тай харилцаагаа хөгжүүлж, эрчимжүүлж ажиллах нь эн тэргүүнд тавигдах асуудал мөн.

-Та гуравдагч хөршийн тухай сэдвээр маш сонирхолтой зүйлийг ярьдаг. Энэ удаад ч ямар шинэ байр суурьтай байгаа талаар сонирхохгүй өнгөрч болохгүй байх гэж бодож байна?

-Би Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа,2003онд Гадаад хэргийн үзэл баримтлалд “Гуравдагч хөршийн тухай” хэсгийг ҮАБЗ-днэмж оруулж байсан. Тиймээс энэ сэдэв надад их ойр дотно байдаг. Төр, засгийн тэргүүнүүд гадаадын улс орнуудад айлчлал хийх үеэрээ гуравдагч хөршийн асуудлыг дандаа хөндөж ярьдаг байсан. Харамсалтай нь2003оноос хойш тээр хойно, бүр2011онд Гадаад харилцааны үзэл баримтлалын шинэ редакцийг бичиж гаргахад гуравдагч хөршийн тухай заалт орсон. Нэг ёсондоо манай улсын гадаад харилцааны бодлогод Орос, Хятад, гуравдагч хөрш гэсэн гурвалжин үүсээд энэ гурван талтай улс төр, эдийн засгийн харилцаа тэнцвэртэй харилцсанаар Монгол Улс үнэхээр тусгаар тогтносон, бие даасан, аль нэгэн улсаас хараат бус байх боломж бий болж байгаа хэрэг юм. Энэ талаар өнөөгийн засаг, төр маш муу ажиллаж байна гэж би дандаа шүүмжилдэг. Сүүлийн30жилийн байдлыг аваад үзье л дээ. Ямар тэнцвэргүй байдалд байна вэ. Энэ нь нэг ёсондоо бодлогогүй явж ирж байна гэсэн үг. Жишээ нь байгалийн хийн хоолойн асуудал яригдаж байна. Энэ бол сүүлийн30жил ярьж байгаа сэдэв. Тэр үед биднийг энэ асуудлыг тавихад тоож авч хэлэлцдэггүй байсан. Сүүлийн хоёр гуравхан жилийн дотор энэ боломж нээгдэж ирж байна. Энэ тал дээр би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг их хувь нэмэр орууллаа гэж үздэг. Үүнд түүний хувийн харилцаа ч эергээр нөлөөлсөн байх гэж бодож байна.

-Тухайлбал?

-ОХУ-ын Ерөнхийлөгч 2019 онд Монголд айлчлахдаа олон чухал баримтад гарын үсэг зурсан. Энэ айлчлалаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтай Будапештэд, Владивостокт гэхчлэн удаа дараа уулзаж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр хүний хувийн харилцаанд сайхан түүх үлдсэн байдаг. Энэ нь Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс Стратегийн түншлэлийн тухай анх удаа манай улс ОХУ-тай хугацаагүй гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол, Оросын харилцаа улс төрийн хувьд дээд цэгтээ хүрчихлээ гэж хэлж болно. Хамгийн гол нь энэ харилцааг бид эдийн засгийн агуулгаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь байгалийн хийн мега төслийг нэрлэж болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Орос, Хятад гурван улсыг тодорхой хэмжээнд уяж хамтад нь хөгжих боломжийг бий болгоно. Энд төрийн бодлого байх ёстой. Наанадаж2050он хүртэлх улс төр, эдийн засгийн бодлогоо төлөвлөх шаардлагатай.

-“Алсын хараа-2050” гээд гарсан байна билээ. Та түүнийг үзсэн үү?

-Түүнийгээ хэр зэрэг ул суурьтай, үндэслэлтэй боловсруулсныг би хэлж мэдэхгүй. Би гүйлгэж харсан. Гэхдээ гадаад харилцааны талаар ганц ч үг тэнд байхгүй. Ер нь Монгол Улс хөгжихийн тулд гадаад харилцаа хамгийн чухал. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулахгүй бол хөгжиж чадахгүй. Үүнийгээ бодлогоор хийхгүйгээс болоод нэг орны хараат болчихоод сууж байгаагаа харж байгаа биз дээ. Нэг орноос хараат болно гэдэг нь бид ерөөсөө улс төрийн талаар хараат болдог. Дээр дурдсан “тэнцвэрийн гурвалжинг” хадгалж чадсанаар бид хэнээс ч айхгүй бусадтай харилцах чадамжтай болно. Ийм алсын хараатай бодлого байх ёстой.

Энд нэг жишээг дурдъя. Владивосток руу төмөр зам тавьж В.Путин ерөнхийлөгч “Монголд тусгай боомт гаргаж өгье” гэдэг санал гаргасан. Манай зарим эдийн засагч “хол байна, эндээс3000км хол” гэж шүүмжилж байсан. Харин би тэдний эсрэг ярьж байв. Бид далайд гарцгүй орон гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрэв аль нэг хөрштэйгээ харилцаа муудсан тохиолдолд, эсвэл урд зүгт зам хаагдчихвал хойшоо л гарч таарна биз дээ. Илүү мөнгө хөрөнгө зараад ч болтугай амьдрахын тулд, хөгжихийн тулд500км биш3000км-ийн зайтай гарцаар ч бараа бүтээгдэхүүнээ зарах л шаардлагатай болно. Өнөө маргаашаа ярилгүй яахав. Гэхдээ алсын хараагаа хэзээ ч мартахгүй байх ёстой.

-“Энэ онд багтааж 20 орны Элчин сайдыг томилно” гэж Гадаад харилцааны сайд мэдэгдэж байсан. Зарим орны Элчин сайдыг томилох асуудал нэлээд хугацаанд гацлаа. Хэдийгээр гадаад харилцааны ажил үргэлжилж буй ч энэ бол тийм ч сайн зүйл биш байх, энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Мэдээж маш муу хэрэг. Ерөөсөө Элчин сайдаа томилохгүй сууж байна гэдэг хамгийн зохисгүй зүйл. Үүнийг гадаад орон “Монголчууд дотооддоо энэ асуудлаа шийдэж чадахгүй байна, хөөрхий” гэж бодохгүй. “Манай орныг Монгол Улс анхаарахгүй байна. Манай оронд ач холбогдол өгөхгүй байна. Хоёр орны харилцааг хөгжүүлье гэж бодохгүй байгаа учраас түр хамаарагчдаа суулгаж байна” гэж л дүгнэнэ шүү дээ. Нэг түүх дурдахад би2000онд Гадаад хэргийн сайд болчихоод Унгар, Польш, Чех зэрэг орны сайд нартай уулзаж “Та нар төвдөө хэл. Элчин сайд нараа томил. Бид харилцаагаа ийм байдлаар хөгжүүлж чадахгүй” гээд хүсэлт тавьж байсан. Дараа нь бүгд Элчин сайдаа томилж ирүүлсэн. Ингэж Элчин сайдуудтай нь уулзсанаар хувийн харилцаа сайхан өрнөж, тэр нь улсын харилцаанд нөлөөлдөг. Энэ нь цаагуураа Гадаад хэргийн сайдын ажил, асуудал биш ээ, Монголын Засгийн газар манай улсад ач холбогдол өгч байна гэсэн мессеж болдог юм.Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрыг төлөөлсөн Элчин сайдтай уулзлаа, ийм асуудлыг тавьж байна үүнийг шийдэж өгөөч гээд өөрийн орны Засгийн газартай харилцаж ажиллаж, асуудлуудыг шийддэг байхгүй юу. Тиймээс Элчин сайдуудын томилгооны асуудал маш чухал гэдгийг танай сониноор дамжуулж дахин хэлье. Энэ талаар манайхан дэндүү хариуцлагагүй, бүдүүлэг, соёлгүй хандлага гаргаж байна. Дээр нь томилж байгаа Элчин сайдуудыг нь бас харах хэрэгтэй.

-Яаж харах ёстой вэ? Мэргэжлийн дипломатч гээд л явуулаад байгаа шүү дээ?

-Тэгж яриад байгаа. Тийм юм байдаггүй юм. Дэлхий ертөнцийн дипломатын түүх гэж байдаг юм. Түүнийгээ хараарай даа гэж хэлье. Зөвхөн мэргэжлийн дипломатч илгээгээд байдаггүй, манайхан л тэгж ярьдаг болчихсон. Дипломат ажлыг мундаг зохиолч, улстөрчид ч хийдэг. Би ганц жишээ хэлье. АНУ тухайн үедээ дэд Ерөнхийлөгч асанаа Японд Элчин сайдаар томилсон. Энэ бол Америк гэдэг том гүрэн Япон улсад хэр том ач холбогдол өгч байгаагаа харуулж байгаа биз? Ингэснээр тухайн Элчин сайд өөрийн албан тушаалын түвшний хүнтэй асуудлыг ярьж шийддэгээрээ давуу талтай. Нөгөөтэйгүүр хүн60нас хүрээд л үхчихдэггүй юм шүү дээ. Энэ бол зарчмын хувьд буруу. Санаа бодол саруул, гадаад харилцааны талаар өрнөж буй үйл явдлуудыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадвар, туршлага, хамгийн гол нь мэдрэмж, мэдээллийн архив болдог нас энэ үед эхэлдэг. Энэ бол өнөөдөр ажиллаж байгаа бүх яаманд хамаатай үг юм шүү. Гадаад харилцааны яам ч мөн адилхан. Өнөөдөр олигтой бэлтгэгдсэн Элчин сайд байна уу, үгүй юу гэмээр болчихоод байна шүү дээ. Яамны ажилтнуудын10-15хувь нь ахмадууд байх ёстой. Цаасан дээр буугаагүй мэдээллүүд тэр хүмүүсийн уураг тархинд бий шүү. Харин60-65хувь нь залуучууд байж гол ажлыг нугалдаг байх хэрэгтэй. Үлдсэн30хувь нь дунд насныхан байх ёстой. Тэгвэл яамдын ажил залгамж чанараа алдахгүй, шинээр цэнэглэгдэж явах болно. Нас өндөр болсон ч дипломат үүргээ маш сайн биелүүлж, Элчин сайдаар суугааоронтойгоо хоёр орны харилцааг сайн хөгжүүлсэн олон хүнийг нэрлэж болно. Үүнд Б.Даш-Ендон гуай, Б.Батхишиг нарыг хэлж болно. Тэр ч байтугай мэргэжлийн дипломатуудаас хавьгүй дээр ажиллаад ирсэн гэж би хэлнэ.

-Одоо Элчин сайдаар болон Элчин зөвлөхөөр томилогдохоор яригдаж байгаа болон томилогдсон хүмүүсийн дунд шаардлага шалгуур хангахгүй буюу ёс суртахууны болон хууль хяналтын байгууллагын зөрчил гаргасан хүн ч цөөнгүй байна. Энэ нь хүлээн авагч оронд ямар сэтгэгдэл төрүүлэх бол, хүлээж авахгүй удаадаг явдал олон оронд давтагдвал манай улсын гадаад харилцааны нэр хүндэд сөрөг нөлөөтэй байх гэж бодож байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Тийм томилгоо бий. Тэр үнэн. Цэвэр манай талын хариуцлагатай холбоотой асуудал. Элчин сайд, Элчин зөвлөх томилж байгаа орон зөв дүгнэлт гаргах ёстой. Хүлээн авагч оронд эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий гэдэг талаасаа бодох ёстой. Элчин сайдын агреманыг авахдаа тухайн орноос ямар хүнийг Элчин сайдаар авах хүсэлтэй байгаагааЭСЯ-аараа дамжуулан илэрхийлдэг. Бүр тогтсон заншлаар бол нөгөө тал хоёр долоо хоногийн хугацаанднааштай хариу өгөхгүй бол тухайн Засгийн газар нь тэр хүнийг Элчин сайдаар хүлээн авахаас дургүйцэж байгаа юм байна гэж дүгнээд өөр хүний нэрийг дэвшүүлдэг. Энэ бол дээр үеийн тогтсон журам. Тухайн Засгийн газар тэр хүнд дургүй байна гэдгээ амаар ч, бичгээр ч хэлдэггүй. Нарийн учрыг нь ойлгож байгаа биз дээ, гоё ёс зүйтэй байгаа биз? Жишээ нь ГХЯ буруу хүнээ нэр дэвшүүлчихвэл, цаад тал хариу өгөхгүй бол манайхан заримдаа бүдүүлэг зан гаргаж ч магадгүй.

-Яаж? Намайг хүлээж авах үгүйгээ хэлээч гээд үү?

-Гэхдээ би тодорхой хэлэхгүйл дээ. Ер нь бол асууж, шахаж, шаардаж болдоггүй байхгүй юу. Энэ бол дэлхийд тогтсон журам. Бичигдээгүй хуулийг зөрчиж болохгүй. Манайхаас Элчингээр очсон нөхөр хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад агреман өгөхгүй байна гэж шахсаар байгаад томилогдчихсон жишээ бий. Нэрийг нь хэлмээргүй байна. Хэн билээ гэж та нар бодоод ч хэрэггүй. Тэртэй тэргүй тэр хүний нэрийг олж мэдэж чадахгүй.

-Варшавын прокурорын газраас ирүүлсэн гэх 69 дипломатчийн нэр нэлээд удаан яригдлаа. Зарим нь дахиад дипломат албанд томилогдсон. Энэ нэрсийн жагсаалтад та хэр ач холбогдол өгдөг вэ. Томилгоо хийхэд шалтаг, үндэслэл болох уу?

-Тийм ээ. Би үүнийг хуулийн байгууллагын асуудал гэж үздэг. Хэдийгээр цаад тал энэ жагсаалтыг гаргаж манайд асуудал тавьсан ч заавал69-үүлээ буруутан байх албагүй. Монгол Улс өөрөө, манай хуулийн байгууллага69дипломатчийн асуудлыг нарийвчлан судлаад, улмаар Польшийн Засгийн газартай холбогдож тогтоох хэрэгтэй. Тэдэн дундаас эргэлзээтэй, нотлогдохгүй байгаа асуудлыг зөвөөр шийдэж, цагаатгах хүнээ цагаатгаж, нэр төрийг нь цэвэрлэх хэрэгтэй. Тэртэй тэргүй үнэн бодитоор байгаа юмыг яаж ч хамгаалах аргагүй. Зохих хуулийнх нь дагуу арга хэмжээ авах, дахин төрд хэзээ ч ажиллуулахгүй байх ёстой. Хоёр гурван жилээр ажиллуулахгүй байна гэдэг бол тоглоом шахуу юм шүү дээ. Төрийн албаар тоглож болдоггүй юм. Ялангуяа гадаад харилцааны салбарт гишгүүлэх байх ёстой. Яагаад гэвэл бусад улс оронд тэднийг хэдийнэ судалчихсан, мэдэж л байгаа шүү дээ. Биднээс илүү хөгжилтэй, илүү архивтай. Гэтэл бид архиваа шатаалгачихаад сууж байгаа биз дээ. Тиймээс Элчин сайдаар хэнийг явуулах вэ гэдэгтээ засаг төр, тэр тусмаа ГХЯ том үүрэг хариуцлага хүлээж анхааралтай хандах шаардлагатай. Ер нь гадаад яамыг “Гадагшаа харсан Засгийн газар” гэдэг юм. Тиймээс ч манайд л тийм биш болохоос бусад оронд гадаад яамыг бусад яамаас “толгой дээгүүр” яам гэдэг. Бусад оронд бол Гадаад харилцааны сайд нь яг нарийн яривал Ерөнхий сайдын дараа ордог рангтай байдаг. Намайг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан болохоор ингэж хэлэхэд шүүмжлэх хүн гарч мэднэ. Гэхдээ бусад орныхыг хараарай. Тэр байтугай НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нь Засгийн газрын гишүүн байдаг юм шүү. Тэгэхээр АНУ Гадаад харилцааны салбарт ямар өндөр ач холбогдол өгдөг нь харагдаж байгаа биз. Би НҮБ-д28жил, бараг тасралтгүй ажиллаж бүх хурал цуглаанд нь оролцож ажилласан.

-Тамхины наймаа, сүүлдээ хар тамхины наймааны талаар сүүлийн хоёр жилд тасралтгүй ярилаа. Ерөнхий сайд асан С.Баяр гуай нэгэнтээ “Намайг ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байхад үнэхээр хэцүү нөхцөл байдалд ороод тамхины наймааг зөвшөөрөх үе гарч байсан” гэж хэлсэн удаатай. Тэр үед та ажиллаж байсан. Энэ тухай дурсаж ярьж болох уу?

-Магадгүй1990-ээд оны эхэн үед манайх санхүү муутай, тусламж бараг байхгүй, дэлгүүрт давс, гоймонгоос өөр бараагүй байх үед ийм явдал байсан гэж тайлбарласан нь тэр байх л даа. Би мэдэхгүй байна. Гэхдээ энэ нь гадаад харилцаан дээр очоод “Тамхины наймаа хийе” гэсэн үг биш шүү дээ.Монгол Улсын нэр хүнд чухал уу, аяга цай хоолны асуудал илүү чухал уу гэдгээ л бодох хэрэгтэй шүү дээ. Том том хүмүүс гадагшаа явж ирээд “Монголын нэр хүнд өслөө” гээд худлаа яриад байдаг. Тэр чинь худлаа шүү дээ. Би үүнийг үндэслэлийг нь гаргах ч үгүйгээр худлаа гэж хэлж чадна.

-Таныг сайдаар ажиллаж байхад тэгж тамхинд явуулах асуудал байсан юм уу?

-Намайг байхад долоон хүн ийм асуудалд орооцолдоод баригдсан. Би шууд ажлаас нь хөөчихсөн. Тэр үед ийм хэрэг байгаагүй болохоор би гэнэдсэн байхыг үгүйсгэхгүй. Хүний мууг үзээд яах вэ гээд зарлаагүй. Гадаад харилцааны салбараас шууд хөөгөөд гаргасан. Тэдний зарим нь буцаад Гадаад харилцааны яаманд томилогдож орсон гэж ч бас сонссон. Тэгэхээр төр засаг ямар байна? Доройтолд орсон, дампуурсан гэж би үүнийг л хэлээд байгаа юм. Дээрээ ямар байна вэ, дороо тийм л байдаг юм шүү дээ. Би үүнд хамгийн гол буруутнууд нь дээрээ байгаа л гэж бодож явдаг. Тиймээс би тамхины наймааны асуудалд орооцолдсон хүмүүсийг ажлаас халаад зосгохгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үздэг.

-Уг нь та бид хоёр утаат тамхины талаар яриад байгаа юм. Гэтэл нөхцөл байдал түүнээс илүү хүндэрч70кг героин зөөсөн хэрэгт дипломат ажилтнууд холбогдож ял эдэлж байна. Та тэр Сосорбарамын Эрдэнэбаярыг сайн танина. Д.Цогтбаатар сайдын төдийгүй таны ч жолоочоор ажиллаж, өнөөх69дипломатчийн жагсаалтад багтсан байдаг. Энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний ч жолоочоор ажиллаж байсан шүү дээ. Нэг зүйлийг би анхааруулдаг. Би өөрөө хэдэн жил гадаад оронд Элчин сайдаар ажиллачихсан хүн. Зориуд хэлье. Тухайн оронд суугаа Элчин сайдын мэдэлгүйгээр жолооч нь хаашаа ч явдаггүй юм. Тэр байтугай бүр гадаад улс орон руу шүү. Дотооддоо хаашаа явахаа Элчин сайддаа, эсвэл дараагийн албан тушаалтанд хэлж байж явдаг байтал яаж зөвшөөрөлгүйгээр гадаад орон руу явсан байх вэ? Удаан хугацаагаар явна гэж бүр байдаггүй юм. Чиний яриад байгааг би буруутгах гэж байна. Тэр С.Эрдэнэбаяр жолооч тухайн орныхоо Элчин сайдад мэдэгдэхгүйгээр Герман руу явна гэж байх уу?

-Тэр үед Ерөнхий консул нь ажлаа дараагийн хүндээ хүлээлгэж өгч ирсэн байсан. Тэгэхээр Элчин сайд Р.Болдоос зөвшөөрөл авах ёстой байсан юм уу?

-Тэр ажлыг нь хүлээж авсан хүн буюу албан тушаалаараа хоёр дахь хүн нь дэд консул нь зөвшөөрөл өгөх ёстой шүү дээ.

-Дэд консул нь бас уг хэрэгт холбогдоод, баригдаад ял авсан шүү дээ?

-Ерөнхий консулын газар чинь яг нарийн яривал Элчин сайдын мэдэлд байдаг боловч биеэ даасан үйл ажиллагаа явуулдаг. Чи өмөөрөх хэрэггүй, нэг нь Стамбулд, нөгөө нь Анкарад байдаг нь үнэн. Гэхдээ Элчин сайдын л мэдэл дор л байна шүү дээ. Ерөнхий консулыг явчихаароронд нь хэн ч хариуцаж үлдсэн ямарваа асуудал гарахад Элчин сайдтайгаа л зөвлөлдөнө шүү дээ. Элчин сайд зөвлөгөө өгөхгүй шүү дээ, үүрэг даалгавар өгнө. Тэнд зөвлөгөө гэж байдаггүй. Элчин сайдын хэлсэн үг бол хууль. Тэгэхээр тухайн үед Р.Болд Элчин сайдтайгаа тэд хэрхэн холбоотой ажиллаж байсныг бид мэдэхгүй. Нэг л юмыг дахин дахин хэлж байгаа. “Жолооч хүн Элчин сайд юмуу Ерөнхий консулыг орлож үлдсэн албан тушаалтанд хэлэхгүйгээр гадаад оронд явна гэж байдаггүй юм”. Үүнийг л би хэлээд байдаг. Элчин сайдаас зөвшөөрөл авч амралтаа эдлээд, шатахуун, зардлаа өөрөөсөө гаргаад явсан бол өөр хэрэг. Гэхдээ бүх явсан, суусан мөр нь тодорхой байх ёстой. Элчин сайд өөрөө амралтаар, эсвэл эмчилгээнд өөр оронд очих шаардлагатай бол заавал Гадаад харилцааны сайдаас зөвшөөрөл авдаг юм. Энэ ч бас өнөөдөр манайд алдагдчихаад байгаа дэг журам. Зарим Элчин сайд өөрсдийгөө их том хүн гэж боддог ч юм уу, дүрэм журмаа мэддэггүй юм уу, хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог болсон байна билээ.

-Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар энэ талаар хэр зөв ажиллаж, ямар арга хэмжээ авсан гэж та боддог вэ. Яагаад Элчин сайд Р.Болдыг эгүүлэн татсангүй вэ?

-Сайн ажилласан гэж би бодож байна. Яагаад гэвэл нэлээд ажил хийсэн тухай хэвлэлээс уншсан. Тэр байтугай автомашинууддааGPSтавьсан гэсэн. Би байсан бол бүр ичмээр юм болж. Гэхдээ би түүнийг ойлгож байна. Бүр аргаа ядаад л ийм арга хэмжээ авсан байж таарна гэж бодоод ойлгож дэмжиж байна. Нөхцөл байдал тэгтлээ хүндэрчээ. Бүр амьдарч байгаа орон сууцанд нь GPS тавихаар болчихсон юм биш үү? Тэрэндээ тултал доройтож, шившиг болж байна. Үүний буруутан нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчтэй л холбоотой. Тэд л томилж байна. Засгийн газар Гадаад яамаа бүрдүүлж байгаагийн хувьд Гадаад харилцааны сайдынхаа ажлыг дүгнэж байх ёстой шүү дээ. Нэг жишээ дурьдахад би Гадаад хэргийн сайдаар томилогдож очоод удаагүй байхдаа яамныхнаас шалгалт авсан. Нийт48хүн шалгалт өгөхөд 37 нь унасан гээд бод доо. Тэр үед миний зөвхөн яамныхандаа хандаж тавьсан илтгэл “нууцаар” сонинд нийтлэгдчихсэн байсан. Манайхан л “алдагдуулсан” биз. Тэднийг өрөвдөөд би ажлаас хөөгөөгүй, “Өнөөдрийн байгаа байдал чинь ийм байна. Гадаад яамны хаалга нээлттэй байгаа шүү. Сайн дураараа гараад явах хүнийг би зогсоохгүй. Үлдээч гэж гуйхгүй” гэж хэлсэн. Хэн ч гараагүй. Тухайн үед би хүний амьдрал гэдэг талаас нь бодоод, улам сайн суралцах байх гэж найдаад үлдээсэн. Гэхдээ ажил бол амаргүй байсан. Харин одоогийн Гадаад яамтай харьцуулбал хавьгүй илүү хүчтэй байсан.

-Түүхэнд манай дипломатч 70кг байтугай 70гр ч героины хэрэг зөөж баригдаж байгаагүй болохоор улсын нэр хүндийн төлөө удаа дараа бичээд байгааг минь та зөвөөр ойлгоорой. Миний авсан баттай эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Р.Болдыг эгүүлэн татах чиглэлийг Гадаад харилцааны сайдад өгсөн гэдэг. Харин өнөөдрийг хүртэл Элчин сайд Р.Болд эх орондоо ирээгүй эсвэл түүнийг дуудаагүй байна. Та хоёрын ажил алба хашсан дараалал тун ойр явдаг, ер нь түүнтэй хэр ойр дотно нөхөрлөдөг вэ?

-Яг ч манай гадаад яамны хүн биш л дээ. Судлаач байх. АНУ-д Элчин сайдаар нэлээд сайн ажиллаад ирсэн. Хэл ус сайтай, мэдлэг чадвартай, сайн дипломатч гэж би дүгнэдэг.

-Хариуцлага хүлээх чадварын хувьд?

-Стамбулд байгаа Ерөнхий консулын газар чинь хэдийгээр Анкарад байгаа ЭСЯ-нд харьяалагддаг боловч тусдаа байгууллага. Тэнд юу болж байгааг Элчин сайд мэдэхгүй. Тэгэхээр Ерөнхий консул ажлаа өгснөөс хойш болсон хэрэг учраас Дэд консул л хаашаа явах гэж байгаагаа, юу болоод байгаагаа Элчин сайдад мэдээлэх, зөвшөөрөл авах ёстой шүү дээ.

-Дэд консул чинь өөрөө энэ хэрэгт холбогдсон шүүгдэж байна шүү дээ?

-Ямар ч логикоор бодоход өөрөө нууцаар тийм ажил хийж байгаа хүн чинь юу боллоо гэж би Герман руу явчихаад ирье гэж хэлэх юм бэ? Нарийн яривал түр хамаараад үлдсэн тэр хоёрдугаар хүн Герман руу яваад ирье гэдгээ л Элчин сайдаар зөвшөөрүүлэх ёстой байсан. Гэтэл тэр зөвшөөрлийг аваагүй. Би үүнд 99 хувийн итгэлтэй байна. Та нар гэхдээ Р.Болд Элчин сайдаас асуух хэрэгтэй. Аль ч улсад нэг хүний алдаа дутагдлаас болоод сайд нь унадаг тохиолдол байдаг.

-Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар та бид ярилаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны томилогдсоноосоо хойш хийж байгаа ажил байдлыг мэргэжлийн туршлагатай хүний хувьд та ажиглаж байгаа байх. Ямар сэтгэгдэлтэй байгаагаа хуваалцаж болох уу?

-Надад өөрт тогтсон энэ хүний тухай ойлголт бий. Гэхдээ сайдаар томилогдоод удаагүй байна. Энэ хүний тухай би одоохондоо ярих нь тун зохимжгүй. Хэзээ нэгэн цагт хэлж магадгүй.

-Элчин сайдаар томилогдохоор яригдсан хүмүүс “гацчихаад” байна. Энэ нь өөрөө хэр сөрөг үр дагавартай вэ?

-Энэ чинь “гацах” ёсгүй алба шүү дээ. Үнэхээр төр засгийн алдаа гэдгийг би шулуухан хэлье. Элчин сайдаар томилогдох гэж байгаа хүмүүсийн тухайд ч би үг хэлэхгүй. Би тэднийг эвгүй байдалдоруулмааргүй байна. Харин нэг зүйлийг хэлье. Энэтхэгт томилогдох гэж байгаа Ч.Бүрэнбаярын тухайд л саналаа хэлмээр байна. МАН-ын бүлэг дээр насны хувьд ахмад гэж гоочилж байгаа талаар хэвлэлээс уншсан. Үүнийг бол утгагүй тайлбар гэж үзэж байгаагаа шулуухан хэлье. Энэ хүнийг би Монголдоо ирж ажиллаж амьдаръя гэсэн бүх эрмэлзлийг нь мэдэрдэг. Энэтхэг улсыг энэ хүн шиг мэддэг хүн Монголд байхгүй. Түүнтэй би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байхдаа хамтарч ажилладаг байсан. Маш ажилласаг, англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн. Монгол Улсын эдийн засагт Энэтхэгтэй харилцах харилцаа хэчнээн чухал байгаа билээ. Энэ харилцааг л Монголд ашигтайгаар эргүүлж чадаж байвал тэр хүний нутгийн аялгаар ярьдаг байх нь ямар хамаатай гэж. Өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүсээс хэд дахин “толгой дээгүүр”, өргөн хүрээнд сэтгэдэг, ажилладаг өндөр чадвартай хүн юм шүү. Түүнтэй харьцуулшгүй “золбин юмнууд” энд тэнд томилогдоод явж байгаа шүү, тэднийгээ л цэгнээрэй гэж хэлье. Би түүнийг Элчин сайдаар заавал томилох ёстой гэж боддог.

-Сүүлийн асуулт. Монгол Улс гадаад харилцааны хувьд Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалтай байх эсэх талаарх маргаан тасраагүй байна. Харин та үүний эсрэг байр суурьтай байдаг. Өнгөрсөн зун Засгийн газраас Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалыг цуцлах тухай тогтоол гарсан. Одоо та энэ тухай үзэл бодлоо хуваалцаж болох уу?

-Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хамгийн хатуу шүүмжилсэн хүн нь би байна. Жишээ нь Швейцарь улс Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалын тухай хууль гаргаагүй. Хуульгүй улс. Гэтэл Ц.Элбэгдорж хууль батлуулах гээд гүйж явсан. Ийм мангар юм байж болохгүй шүү дээ. Тухайн үед Байнгын хорооны хурлаар орох гэж байхад нь би утасдаж хэлж байсан. Хэрвээ энэ асуудал хэлэлцэгдэх юм бол заавал намайг уриарай, би очиж үгээ хэлнэ гэж хэлж байлаа. Гэхдээ тэр хурал нь болоогүй. Би МАН-ын гишүүн боловч намчирхдаг хүн биш. АН илүү буруу юм хийж байгаа учраас би АН-ыг илүү шүүмжилдэг. ШХАБ-ын талаар би олон удаа ярьсан. ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой. Би бүр “ёстой” гээд хэлчихье. Энэ талаар би бичиж гаргана. Яагаад гэвэл сүүлийн үеддахиад буруу яриад эхэллээ. Зарим хүнийг шүүмжлэх гээд би “шүдээ билүүдээд” сууж байгаа. Юм уншдаггүй зарим нь ШХАБ-ыг Хятадын байгууллага мэтээр яриад байх юм.Ийм замбараагүй юм ярьж болохгүй шүү дээ, уучлаарай. ШХАБ бол Олон Улсын Байгууллага. Зарим нь НҮБ-аас бусад нь байгууллага биш мэтээр, тэр ч байтугай БРИКС-ийг хүртэл шүүмжлэх гээд байгаа нь харагдаж байна. Олон туйлт дэлхий ертөнц болчихлоо гэж яриад байгаагийн нэг илрэл нь болчихоод байна шүү дээ. Зайлшгүйболох ёстой зүйл. Дэлхий ертөнцийн зүй тогтлын дагуу бодлого нь ийм болчихоод байхад бид сөрөх аргагүй. Том улс орнууд хоорондоо өрсөлдөж байна. Өнөөдөр дэлхий дахинд юу болж байна вэ. Яагаад хоёр дахь “хүйтэн дайн”-ы тухай яриад эхлэв. Энэ тухай Монголд ярьж байгаа ганц ч хүн алга. Цөмийн дайн бидэнд ямар хамаатай юм бэ гэсэн байдалтай байна. Төвийг сахьсан үзэл баримтлал яагаад буруу вэ гэдгийн тухайд нэг зүйлийг чамд нэмж хэлье. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Монголд ирэхдээ “Монгол Улс Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалтай боллоо гэж яриад байх юм. Энэ зөв үү” гэсэн асуултад хариулахдаа “Юм болгон дээр туйлширч болохгүй шүү дээ” гэж шулуухан хэлсэн. Л.Эрдэнэчулууныг сонсдоггүй юм аа гэхэд Жон Керриг сонсож болно оо доо. Ер нь төвийг сахина гэдэг чинь яг нарийн яривал өнөөгийн ертөнцөд хамгийн зохимжгүй үзэл баримтлал шүү гэдгийг төгсгөлд нь хэлье.

-Ярилцсанд баярлалаа.