Гөрөөс, арслан, цөөвөр чоно гурав бусад үй түмэн амьтдын дунд өөр өөрийн зовлонгоо үүрэн амьдардаг. Гөрөөсөнд амьд үлдэхийн зовлон бий бол арслангийнх нүсэр биеэ доргиулан байж арайхийн нэг амьтан барих зовлон. Харин цөөвөр чоно бөгс рүү гээ алгадуулцан юм шиг байдлаасаа ичихийн зовлонг эдэлнэ. Худлаа худлаа тэр өлсөхийн тэсэхүйяа бэрх зовлонтой хэрнээ хэзээ үл цадахын тарчланг үүрч явдаг юм..

Тэр өглөө гөрөөс гэв гэмгүй өвс хазан нүдээ аньж таашаалтай нь аргагүй зажлаад зогсож байлаа. Ялаа малаа дүнгэнэсэн жирийн сайхан нарлаг өглөө байв. Гэтэл гэнэт чих нь загатнав. Тэр хойд хөлөө өргөн толгой руу гаа явуулж, толгойгоо ч эргүүлэн өмнөөс нь дөхүүлэх гэтэл арслан ард нь ирчихсэн өөрийг нь ширтэж байгааг олж хардаг байгаа. Тэр салтаа саамаа хаа хамаагүй амьтанд харуулчихсандаа үхтлээ ичиж огло харайн чавхдах гэтэл арслан агдасхийн дүүлж хөөрхий гөрөөсийг гурав ч харайлгалгүй алгадаж унагав.

-Арслан гуай, арай ч дээ!

-Яасан? !

-Та миний тархийг хөдөлгөчихлөө.

-Хаха идэхэд хөдөлсөн хөдлөөгүй ямар хамаа байна?

-Та намайг идхиймүү?

-Амаа хамхиа, идэж эхлэх гэж байна.

-Би насаараа шударга үнэн амьдарсан. Хэний ч амийг тасалж байгаагүй. Би ...би...ингээд үхэх ёсгүй (уйлав)

-Наадхыг чинь хэн шударга гэхэв дээ.

-Та зөндөө олон амьтны амьтаслаа биз дээ?

-Тэр чинь харин шударга ёс байхгүй юу даа. Идэхгүй бол би өөрийгөө яаж цатгалан байлгах болж байна? Ай? Наад ухаанд чинь юм орох нь уу маанаг минь?

- Орохгүй нь . Би зөвхөн өвс л иддэгийнхээ төлөө...

-Тэгвэл би чамаас өвснүүдийн хариуг авч байна. Одоо дуугай бол. Би хоолоо идмээр байна.

Гөрөөс өөрийн төрж өссөн налгархан талаа сүүлийн удаа хараад амь тавив. Арслан хонгоных нь зузаан махнаас том сайхан үмхэж авлаа. Шинэхэн тарган маханд мансууран тайван гэгч нь зажлахад духанд нь таатай сайхан бодлууд хөвөрнө: “Ай даа амьдрал яасан сайхан юм бэ, ийм сайхан үдийн хоол зооглож наранд биеэ ээн хэвтэх чинь чухам хорвоогийн жаргал юм даа. Баярлалаа бурхан минь...”.

Гэтэл гэнэт хөгийн өмхий үнэр ханх тавиад явчихав гэнэ. Тэгнээ тэр өөдгүй муу цөөврүүд айсуй. Гөрөөсний амтат сайхан махны үнэр тэднийг чухам тамлаж байгаа аж. Амиа алдаад ч хамаагүй арслангаас махыг нь булааж аваад залгихгүй бол өлсөж үхэх нь ээ.



Арслан махаа доороо хийн босч ирлээ. Цөөврүүд хэдийнээ түүнийг тойрон гангиналдаад эхлэв.

-Зайлцгаа муусайн новшнуудаа!

-Өлсөөд байна өлсөөд байна, өлсөж үхлээ бид нар.

-Өөрсдөө амьтан барьж ид.

-Чадахгүй ээ тэднүүс чинь хурдан, хүчтэй. Бид нар хүчрэхгүй. Наад махаа өгчих.

-Би өөрөө иднэ

-За шударга л ярьчий хөгшөөн. Наад махаа өгөөд холд.

-Адгийн луйварчингууд!

-Хүүе! Юүгнүү? Луйварчин гэцнүү чи? Яанаа биднийг луйварчин гэнээ хихихихи. Сонсов уу хахаха... Бурхан биднийг арслангийн барьсан амьтныг булааж идэж бай гэсэн юм. Энэ л шударга ёсыг бид нэг насаараа сахиж ирсэн улс.

Цөөврүүд арсланг тал талаас маажиж малтсаар байгаад зайлуулж чадлаа. Цөөврүүд шударга ёсны золиос болсон хөөрхий гөрөөсөн дээр язганалдан өөрсдийн шударга ёсыг тогтоож эхлэв.

-Дараа тааралдуул ална даа та нарыг!

Тэр эргэж харан ингэж нэг архирчаад гунигтайгаар холдлоо. Арааны шүлс асгарам амттай сайхан махнаасаа ганцхан үмхээд л алдах ч гэж дээ. Ямар сайхан мах байваа. Ходоод нь хонхолзсон арслан хорвоог зүхэв.

“Үхсэн баас! Нохой долоо! Иийй..... ёстой ёстой...үхсэн баас!” Түүнд хэлэх хараал ч олдохоо болих нь энэ. Тэгээд бурхантай ярилцлаа.

-Хөөе! Би ганц гөрөөс барьлаа. Гэтэл тэр цөөврүүд яажаагаан?

Бурхан наг наг хөхрөв.

-Хэхэ чи өөрөө тэр гөрөөсийг яажаагаан?

-Чи өөрөө намайг тэрийг барьж ид гэж ам дүүрэн соёо, шүд, том савар өгөө биз дээ?

-Тэгэнгүүтээ би цөөврүүдийг чиний махыг булаа гэж олуулаа болгоцон юм даа

-Өө заза. Чи бол тээ.... жинкэн лалрын....

Яг энэ үед гөрөөсний сүнс тэдэн дээр ирэв. Арслан түүн рүү тоомжиргүй хараад, “хм, сүнсэндээ махтай болж төрөхөд яадын чи!” гэж загналаа. Гөрөөс бурхан руу нулимстай нүдээр харна.

-Бурхан минь, та намайг сахлаг өвстэй, тэнэгэр сайхан нутагт амьдын жаргал эдлэж яв гэж төрүүлчихээд ганцхан жил амьдруулж байгаамуу?

-Чамд би уг нь хурдан хөл өгсөн дөө.

-Тэгсэн ч гэсэн арслан гуай намайг гэнэдүүлчлээ.

Арслан хөмсөг зангидан хашгирав:

-Үхсэн баас! Тэглээ гээд яадын! Одоо муусайн цөөврүүд жаргалаа эдлэж байна. Шударга ёс хаа байна?

Гөрөөс ч гэсэн дуу нийлүүллээ. Тэд бурхан руу харан шударга ёсыг нэхэж эхэллээ. Бурхан гэдсээ тэврээд эвхрэн унав.

 -За боль боль инээдмийн өврийн дэвтэрүүд минь, ёооё элэг элэг! Монголд байгаа юм шиг санагдчихлаа, түй түй түй!

Бурхан арай гэж амьсгаа аваад үргэлжлүүлэн ийн өгүүлэв.

-Шударга ёс гэдэг чинь мод юмуу, чулуу шиг зүйл байдаггүй юм. Тэр бол зүгээр л үг. Хэнд юу таалагдаж байна, тэр л түүний шударга ёс. Яг л та нар муусайн шиг. Одоо хэл! Та нарт шударга ёс хангалттай байна уу?

-За байнаа байна.

-Амьтан гэдэг ийм л хөөрхөн шд. Харин хүмүүс л лалрын даа. Тийм ч болохоор нь би хууль журам зохиож хүртэл өглөө шүү дээ. Гэтэл өөр өөрсдийн шунал тачаалаа шударга ёс гэж нэрлэн гонгинож, хурал хуй хийдэг нь элэг авчих гээд байна. “Шударга иргэн” гэсэн үг сонсохоор би бүр элгээр явчих вий дээ гэж санаа зовнидог юм шүү. За одоо яв яв та нар. Би завгүй байна.

Арслан ахиж нэг гөрөөс барихаар шийдэн эргэж, харин гөрөөсний сүнс дээшээ хөөрөн алга боллоо.

Жич: Энэ бичлэгийг төдийгүй бүхий л бичсэн зүйлсээ би “амьтан ярьдаггүй юм малаа!” гэж загнадаг хүмүүст ч адилхан зориулдаг нь миний шударга ёс билээ.