Тайландад

Тайландын нийслэлд уржигдар автобусны буудал дэлбэлж, арав гаруй хүний амийг хороов. Саяхан бас Засгийн газраа огцрохыг шаардаж “улаантнууд” хотын төвөө хэдэн сараар эзлэн сууж, эдийн засагтаа ноцтой хохирол учруулан тэмцсэн бөгөөд эцэст нь цус урсгасан байлдаан болж, тэднийг цэргийн хүчээр тарааж, олон арван хүнийг алж, олон зуугаар нь баривчлан хорилоо. Энэ бол зүгээр нэг улс төрийн тэмцэл биш, харин олон жилээр хуримтлагдсан нийгэм дэх орлогын зөрөөний зүй ёсны илрэл.
Тооноос чанарт шилжих хууль үйлчилж байгаа нь энэ. Арваад жилийн өмнө Тайландад манайд эдүгээ дөнгөж болж байгаа шиг орлогын мэдүүлгээ өгдөг хууль гарч, төрийн сайд нар анх удаа хувийн орлогын тайлангаа нийтэд зарлахад “дэлхийн хамгийн баян эхнэрүүдтэй кабинет” боллоо гэж “Бангкок пост” сонинд бичсэнийг уншиж билээ. Хамгийн “ядуу” сайдын эхнэр хувьдаа хоёр Бенз, гурван байшин, 4.0 сая долларын үлдэгдэлтэй данстай байсан. Тайландын төр, засгийн удирдлагаас бусад бараг бүх хүн өдөрт хоёр доллараас бага орлоготой ядуу байсан үе.
Тайландад улс төрийн намууд удирдлагатайгаа хэзээ ч хариуцлага тооцоогүй бөгөөд бүх насаараа төрийн ажил хийсэн хүнд тэр их орлого хаанаас гараад ирснийг ярилцахын оронд нуун дарагдуулж, хаацайлан, улс төрийн намын нэрээр хамгаалж байсан юм.
Удалгүй энэ улсад төр засгийн эрхэнд ямар ч үнээр, юу ч хамаагүй сонгогчдодоо амлан, эсвэл сонгуулийг луйвардах замаар гарч “хувааж аваад ноёл” гэдэг зарчим үйлчилдэг болсон бөгөөд сонгуулийн хооронд төрийн эрх барьсан хүмүүс намтайгаа хуйвалдан улсын хөрөнгө, газар, баялгийг завшиж ирсэн. Үр дүнд нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үр шимийг цөөхөн хүмүүс хүртэж, иргэдийн ихэнх нь олон жилийн турш ядуу хэвээрээ үлдэж, орлогын ялгаа улам бүр өссөөр ирсэн бөгөөд эдүгээ нийгмийн ялгарал дээд цэгтээ хүрч, хэзээ ч тэсрэхэд бэлэн бөмбөг шиг болжээ.

Монголд

Бид яг энэ замаар явж байгаа бөгөөд орлогын зөрөө бараг Тайландынхаас их болж байна. Өнөөдөр ч монголчуудын ихэнх нь өдөрт хоёр доллараас бага орлоготой байна. Бид нэгэнт харьцангуй хамгийн баян Их хурлын гишүүд, төр засгийн сайд, дарга нартай болжээ. Хээл хахууль, албан тушаал, ашиг орлогын тохиролцоо маш нарийн болж, төр засгийн удирдлагын орлого жилээс жилд арвижиж, түмэн олных нь жилээс жилд ширгэж байна. Иргэд, төр засгийн шийдвэр гаргагчид асар их “унацтай” гааль болон татварын байцаагч болох, төрийн хөрөнгөтэй аж ахуйн газарт орохын төлөө улангасан дайрах болжээ.
Төр засаг улам бүр данхайж, төсвийн хөрөнгө оруулалтыг тендер нэрээр хуйвалдан завших арга нь нарийсч байна. Улс төрийн намууд сонгомол утгаараа аль хэдийнэ алга болж, оронд нь зөвхөн хуйвалдагч нарын фракцууд үүрэг гүйцэтгэж байна. Тэд олон нийтийн удирдагын (public management) оронд хуйвалдааны институцууд бий болгож, төр засгийн дэгжин нэрээр халхлан зөвхөн далд эздийнхээ даалгаврыг гүйцэтгэж, нийтийн хөрөнгийг цөлмөсөөр ирлээ. Тэд ямар ч хорлон сүйтгэгчээс илүү ажиллаж, нийтийн хөрөнгийг хот хөдөөд ил, далд луйвардаж, цөлмөж байна.
Улс төрийн нам бүр дотроо хэн нь, хаанаас, яаж улс нийтийн өмч хөрөнгийг завшиж ирснийг сайн мэдэх боловч хэн нь ч түүнийгээ цэвэрлэх, арилгах тухай боддоггүй, харин яаж тэр аргыг нь булаан авах тухай л бодох болжээ. Монголын төрийг зөвшилцөн барьж байгаа хоёр намын аль нь ч үнэн зөвийг зарчим болгож, авлига авсан улс төрийн ажилтнуудтайгаа хариуцлага тооцсон удаа үгүй бөгөөд ярих гэж оролдсон нэг хоёр хурган даргаа албан тушаал өгч, амыг нь хамхисаар ирлээ. Энэ бол энэхүү намууд улс төрийн институцийн хувьд аль хэдийнэ алга болсныг харуулж байгаа бөгөөд харин намаа байгаа гэж эндүүрсээр буй жирийн хэдэн гишүүд нь л үлджээ.

Нэг дээврийн дор

“Монголын Ардчилсан Хувьсгалт Нам” аль хэдийнэ бий болж хөрөнгө мөнгөө тодорхой аж ахуйн нэгжээр дамжуулан нэгтгэж, дараачийн сонгуулийг яаж худалдан авахаа төлөвлөж байна. Улстөрчид ардчилсан сонгуулийн хорин жилийн ойг тэмдэглэж, олон намтай болсны баяр хэмээн өнгөрсөн долоо хоногт баяр наадам багадсан мэт баахан хөөрцөглөв. Ардчилсан сонгууль эхлүүлсэн нь үнэн боловч түүнийг бүрэн алга болгож дампууруулсан нь бас үнэн.
Сүүлчийн сонгуулийг баахан луйвардаж, онцгой байдал зарлаж, таван хүн буудан алсан тухайгаа ойн өдрөө аль ч намын удирдлага, тэдний байгуулсан Их хурал, Засгийн газар ярихгүй тэмдэглэв. Өнөөдөр төр засгийн ажилтнуудыг авьяас чадвараар нь биш, аль даргад ойр дотно байгаагаар нь, эсвэл хуйвалдах, зусардан бялдуулчлах чадвараар ихэвчлэн сонгож ирсэн учир төрийн институц үндсэн үүргээ гүйцэтгэхийн оронд эздээ болон өөрсдийгөө баяжуулахын тулд сүүлийн үед өөрсдийгөө хамгаалах, зөвтгөхийн төлөө ажиллах болжээ.
Энэ зөрчлийн хамгийн төвлөрсөн илэрхийлэл бол АТГ-ын дарга, орлогчийг солихын төлөөх хоёр намын шоу. Энэ бол албан тушаал, хээл хахуулийн тохиролцооны томоохон зангилаа учир харилцан “тагнуулчдаа солилцох” аргаар шийдэхээс өөр гарцгүй.
Энэ бол хэзээ ч дуусахгүй тэмцэл. Сонгууль хүртэл үргэлжлэх олон сери кино. Хоёр том нам бие биенээ улс төрийн том суудлуудаасаа гадна томоохон мөнгө хариуцдаг төрийн өмчийн бүх компаниудын удирдлагын албан тушаал, газар, ашигт малтмалын лиценз, архи, тамхи, шатахуунтай холбоотой тусгай эрх, гэмт хэргийн шүүх, мөрдөх хэргээр ээлж дараалан, алхам алхмаар барьцаалсаар ирсэн бөгөөд хоёр том наймаалж шиг хөл бүрээрээ сүлжилдэн орооцолдсоор өнөөгийн хугарлын цэг дээрээ ирээд байна.
Энэ хэрэг эхлээд Их хурал доторх хагархайг нь задалж, дараа нь хамтарсан Засгийн газрыг тарааж, дараачийн сонгууль хүртэл үргэлжлэх бөгөөд хувь хүмүүсийн хувийн ашиг сонирхлоор холбогдсон фракцуудын ширүүн тэмцлийг өрнүүлнэ. Аль нэг хувь хүнтэй хариуцлага тооцож золиос болгох жүжиг өрнөх боловч энэ бол улс төрийн системийн хямрал учир гарц нь системийг тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай. Зөвхөн бид үүнд бэлэн биш байгаад л хэргийн учир оршино.