Өнгөрөгч долоо хоногт ЭТТ компани 1072 хувьцааны ноогдол ашгийг тараасан. Үүний дараа зарим нэг эх оронч иргэдийн зүгээс “Ноогдол ашиг нэрээр үр ашиггүй тарааж байхаар үр дүнтэй зүйлд хөрөнгө оруулъя” энэ тэр гэсэн байна лээ. Өмнө нь “Иргэдэд хуваарилах ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна аа” гэхэд “Яахаараа эзнээс нь асуудаггүй юм” хэмээн маргаж байсан иргэд энэ удаа ноогдол ашгаас сайн дураараа татгалзаж үзэв. “Нохой чихийг нь огтолсонд хүнд янаг” гэдэг болж байгаа нь тэр.

Харин Ерөнхий сайд “ЭТТ-н 34 хувийг 3,5 сая иргэндээ эзэмшүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн бүх хүүхдэд 1072 хувьцаа өгнө” гэдгээ зарлаад байгаа. Оны өмнө Засгийн газрын шийдвэр гарсан, одоо УИХ-аар хууль батлагдахыг хүлээж байна. 

Мөн өмнө хувьцаагаа Засгийн газарт зарсан, эсвэл сургалтын төлбөр болон ЭМД-д төлсөн иргэдийг нэг удаа нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж авахыг зөвшөөрсөн. 2028 оныг дуустал таван жилийн хугацаа тавьсан. Тэр хүртэл иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа ямар нэг байдлаар эргэлтэнд орохгүй, одоогийн хэвээрээ байна аа гэсэн үг. 

Гэхдээ УИХ-аар батлагдах тэр хуульд нь дутагдаж байгаа, Засгийн газар огт ярихгүй, амаа тас зуусан нэг зүйл бол хувьцаа эзэмшигчид буюу иргэдийн өмчлөх эрхийн асуудал.

2012 онд ЭТТ-н 1072 хувьцааг иргэдэд хуваарилахад Монгол Улсын хүн ам 2,8 сая байж. Одоо 2,5 сая хувьцаа эзэмшигч байгаа гэж байна. Хасагдсан 300 мянган хувьцаа эзэмшигчийн 70 мянга гаруй нь 1072 хувьцаагаа сая төгрөгөөр Засгийн газарт зарсан ахмадууд /2012 он/ болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн оюутнууд байна. Огт хувьцаагүй үлдсэн гэсэн үг.

Одоо ЭТТ-н хувьцааг эзэмшиж байгаа 2,500 сая иргэнээс 1 сая 80 мянга гаруй нь 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1 сая 420 мянган иргэн хувьцаанынхаа тодорхой хэсгийг 100-300 мянган төгрөгөөр Засгийн газарт буцаан худалдсан /2016 он/ байна.

2012 онд 2,8 сая иргэнд 1072ш хувьцаа эзэмшүүлснээс 2,5 сая хувьцаа эзэмшигч үлдсэн. Үүнээс 70 мянга нь хувьцаагаа бүрэн зарсан гээд тооцохоор үлдсэн 230 мянга нь нас барсан гэсэн үг. Эдгээр иргэдийн хувьцааг одоо дахин гаргаж шинээр  төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. /1072 ш хувьцаагаа бүтнээр нь зарсан 70 мянга болон хэсэглэж зарсан 1сая 420 мянган иргэний хувьцаа 2028 он хүртэл хадгалагдахаар болоод байгаа/

Тэгэхээр хувьцаа гэдэг бол өмчийн нэг хэлбэр. Өмчийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчид өөрт нь бий. Одоо байгаа хуулиар иргэд хувьцаагаа дийлэнх хувьцааг эзэмшигч буюу төрд өөрт нь нэрлэсэн үнээр зарах эрхтэй. Өөр этгээдэд зарах эрхгүй байгаа. Гэхдээ иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулж, дахин хуваарилдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдаж буй хэрэг. Тиймээс ядаж үр хүүхэддээ өмчлүүлдэг, бэлэглэдэг эрхийг нь иргэддээ өгье. Ийм ч эрхгүй байгаа тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.

inews.mn