Удахгүй хэдхэн хоногийн дараа эрх баригч МАХН-ын ээлжит их хурал болох гэж байна. Бэлтгэл ажил бүрэн гэж үзэхүйц хэмжээнд хангагдсаныг удирдлагууд нь аль эрт мэдэгдсэн. Тэгэхээр одоо  Соёлын төв өргөөнөө хөшгөө нээх л үлдсэн гэсэн үг. Ах нам энэ удаа нэрээ солино, басхүү үзэл баримтлал, түүнийхээ томъёололд хөнгөхөн “гар хүрнэ” гэж байгаа. Үүнээс нь болж удирдах зөвлөлийнх нь гадна талд бөөн аман “жагсаал” өрнөж байна. Намын экс дарга Н.Энхбаяр тэрхүү хөдөлгөөнийг тэргүүлж байгаа болохоор энэ айлд жижиг биш түгшүүр нүүрлэсэн гэсэн үг.

МАХН-ын сүүлийн хориод жил хуралдсан бүх их хурлуудаар  дарга нар нь солигдож байсан түүхтэй байх юм. Хамгийн ойрхноос жишээлэхэд л  XXII их хурал  Н.Багабандыг, XXIV их хурал Н.Энхбаярыг, XXV их хурал М.Энхболдыг  буулгасан. Харин XXVI их хурал нь  яах бол.

Нэг хэсэг нь зөвхөн бага хурлын статустай Сү.Батболдыг албан ёсоор өрсөлдөөнд орж намын даргын тамгыг жинхэнэ ёсоор нь авсан шиг аваагүй гэх шалтгаанаар баалж байна. Үнэн үг үнэртэй байдаг. Тэгэхээр энэ их хурлаар наадамд түрүүлээгүй байж арслан болчихсон гэх нэр хочноосоо салах хэрэгтэй болжээ.

Гишүүдийн зарим нь түүнийг намын даргад тохирохгүй нөхөр байна, намаа салгая гэж ярьцгааж байна. Хэдийгээр их хурлын төлөөлөгчдийг хүчээр “хийчихсэн” ч нэг савалгаа үүсчихвэл тогтооход хэцүүгээр эргэж мэднэ.  Нөгөө талаас намын даргад дотроо зүтгэж байгаа хүн үе дотор нь, хажуу хавирганд нь байхгүй гэх аргагүй.

Их хурлын өмнөх ая дан нэг иймэрхүү, агаар сэлт нь  тийм ч таатай бишээр үлээж байна.  Ноёдын үхэл чуулганд гэж нэг эвгүй үг  бий сэн.  Энэ жишгээр явчихвал яах бол.

Ингэхэд Их хурал хуралдуулах санаачилга хаанаас гарав гэсэн нэг асуултыг хэн ч тавьж үзэхгүй байх шиг. Нээрээ энэ сонирхол хаанаас, ямар сэдлээр гарсан байж болох вэ.

Нэгд, Сү.Батболдын санаачлага байж болно. Учир нь өнөөдрийн байдлаар тэр  зөвхөн бага хурлаас сонгогдсон дарга. Намын дүрмээр бол намын дарга Их хурлаас сонгогдох ёстой. Тийм учраас энийгээ баталгаажуулах гэсэн нэг тооцоо байж болох юм.

Хоёрт, хэн нэгний зөвлөмж ч юм уу, эсвэл шахалтаар хийж байгаа. Мэдээж зөвлөмжийг хэт амбицдаа хөтлөгдсөн, өөрийг нь тойрон хүрээлж байгаа залуучуудаас ирүүлнэ. Харин шахалтын тухай ойлголт бол С.Баяр, У.Хүрэлсүх хоёроос л ирж болох юм. Байдал тааламжтайгаар эргэвэл аль аль нь намын даргын тамгыг авахаас татгалзах нь эргэлзээтэй. Учир нь энэ бол их улс төр. Энэ тоглоомонд хүн чанар, ёс жудаг гэх мэт ойлголтууд хойгуур эрэмбэлэгддэг . Нэг нь ийм юманд ач холбогдол өгөн хойшоо суун сандлаа налж байхад нөгөөхөд нь ухрах эрхгүй түрлэг түрж байх магадлал бас бий шүү дээ.

Дараагийн асуулт Их хурлаас юу хүлээж байна вэ гэсэн асуулт юм.


Үнэн хэрэгтээ намын үзэл баримтлал, нэрний тухай асуудлууд бол өнгөлөн далдалт. Иргэн Дорж, Дулмаа хоёр хоногийн хоол, талхаа л харна уу гэхээс  Ху намын нэр ямар байх нь падлийгүй асуудал. Гол хүлээж байгаа юм нь бодлого, үйл ажиллагаа, үр дүн. Энэ хүлээлтийг  нийтийнх гэж харж болно. Энийг хэн хийх юм гэх асуулт тэгэхээр жам ёсоор гарч ирнэ.  Мэдээж  хүн хийж таарна. Хүн нь хэн юм. Хүн нь намын дарга. Намын дарга бол Ерөнхий сайд. Энэ бол бичигдээгүй хууль. Тэгэхээр намын Их Хурлын хүлээлт бол Намын дарга юм. Намын дарга…

Намын даргад ямар шаардлага тавигдах вэ. Юу хүлээж болох вэ

Нэгд,2012 оны сонгуулийн үр дүнг л хүлээнэ. XXV дугаар их хурлаар сонгогдсон С.Баярын нүүрээр 2008 оны сонгуульд МАХН ялсантай өнөөдөр хэн  ч маргахгүй. Тэгэхээр 2012 онд ямар даргатай сонгуульд орохоо л энэ намынхан шийдэх гэж байна.

Харин одоогийн Сү.Батболдыг  Их Хурал “жинхэлбэл”  2012 оны сонгуулийн өнгийг тодорхойлж чадах уу. Энэ асуулт өнөөдөр тус намын луглагаруудыг шарлааж байна. Ер нь намын даргаар ажиллаж байсан улсууд ямар шалтгааны улмаас буудаг вэ. Гол нь нэр хүнд нь унаж, түүн дээр нь дөрөөлж шалтаг шалтгаан хайж байгаад л сольчихдог уламжлал давтагддаг.  Энэ бол жам. Гэхдээ арай өөрөөр ч задалж харж болно. Бүх том доргилтын дараа наанаа өнгөн тэмцэл, цаанаа учир шалтгааны зангилаа нь агуулагдаж байдаг шүү дээ. Жишээлбэл, Б.Даш-ёндон даргад бол эрх мэдэл дутсан санагддаг. Тэр ямар ч Ерөнхий сайдын сэнтийгүй дан дээлтэй намын толгойд ажиллаж байсан. Намын дарга нь Ерөнхий сайд хавсран байж сүр хүчийг олдгийг сүүлийн жишээнүүдээс  бид мэднэ шүү дээ.

Н.Багабанд бол буугаад ниссэн шувуу юм. Намын даргын сэнтий түүний хувьд түр суусан суудал, суугаад боссон дамжлага байлаа. Гишүүн болж орж ирээд л Ерөнхийлөгчид  дэвшчихсэнийг нь бүгд санаж байгаа байх. Энэ үүднээсээ түүнд ажиллаад, үзээд алдах бололцоо олдоогүй. 

Н.Энхбаярт бол итгэл дутсан. Тэр хэнд ч итгээгүй. Намын хамт олондоо ч, хамт зүтгэсэн нөхөддөө ч, найзууддаа ч. Ямар сайндаа  түүний үед нам дотор “Энэ маань эхнэр, жолооч хоёртоо эрхбиш итгэдэг байгаа даа” гэх хэлц үг гарч байхав.
М.Энхболдод хурд дутсан. Хурд бол улс төрд маш чухал хэмжүүр билээ. 
С.Баярт ерөөсөө боломж  олдоогүй гэж үзэж болно. Аль ч талын боломж түүнд ирж өгөөгүй шиг харагддаг. Эрүүл мэндийн зовлонтой шахаа дайрч, дөнгөж хоёр жил л намын толгойд зогссон хүн шүү дээ.

Өнөөдрийн МАХН-ын нөхцөл байдал ямар байна вэ

Яг өнөөдрийн намын удирдлага хавиар бол уул уурхай , санхүү, бизнесийн сонирхол дээр зангидагдсан, харилцаа, хэлний боловсролоор дэмжүүлсэн явцуу хүрээний тулга тойрсон улс төр л явагдаж байгаа. Мэдээж гадагшаа өчнөөн гоё шинэ шинэ томъёололтой. Ийм л хүрээнд ороод ирэхээрээ хүн орчноо мэдрэхээ байж, баримжаагаа алддаг.  Энэхүү төрх байдал дээр нь зөвхөн мөнгөний хөшүүргээр хэмжигдсэн хэвлэл мэдээллийн пиар ажиллаж байгаа юм. Бас дээрээс нь УИХ-ын гишүүн болгон орж ирж хүслээ шивнэдэг бодит байдал нэрмэж байгаа. Энэ бол даруухан хэлэхэд дарамт юм.

Сү.Батболдыг болж өгвөл бүгдэд туслах гэж хичээж байгаа гэж ярьдаг. Түүнийг  ганцхан Н.Энхбаярын хүмүүст болон шадар сайдын багт л алга тэнийхгүй байгаа гэж зарим нь дүгнэж байгаа. Энэ ч бас тодорхой учир шалтгаан дээр дөрөөлөгдөж байгаа биз. 

С.Баярыг Ерөнхий сайд байхад УИХ-ын гишүүдээс юм хүсч орж ирдэг л байсан гэдэг. Харин тэр урдаас нь “Би таныг нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгож өглөө. Одоо би та нарын хүсэлтээр хэдэн муусайн сайд нараа дарамталж чадахгүй. Одоо зүгээр ард олныхоо төлөө ажилла л даа” гэж хэлээд гаргадаг байсан тухай домог яригддаг. Мэдээж түүн шиг байх боломж байхгүй л дээ.
Дээр нь одоогийн Засгийн газар дотроо гурав дөрвөн зиндаатай гэж байгаа. Засгийн газрын тэргүүний хамгийн ойрын хүнийг нь, бүр нэг ноймрын хүнийг нь Д.Зоригтыг гэж ярьдаг. Хоёрдугаар хүрээ нь Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар хоёр. Гуравдугаар тойрогт нь шадар сайд, Т.Бадамжунай, С.Баярцогт,  Женко нар орно. Бас ч дажгүй тойрог . Үлдсэн нь дөрөвдүгээр тойргийнхон. Ц.Нямдорж, Т.Ганди  …гээд зогч байгаа байх.

Дараагийн нөхцөл байдалд юу харагдаж байна вэ.


Энд нэг л сүүдэр томорч харагдаж буйг анзаарах хэрэгтэй. Тэр бол өдрөөс өдөрт нэмэгдэж буй гомдогсод. Гомдогсдын тоо улам ихээр  нэмэгдэж байгаа. Шууд утгаар нь хэлэхэд одоогийн удирдлагуудад дургүй улсуудын тоо өндөрсч байна.
1.Н.Энхбаярынхны дэндүү гэмээр их гомдол.
2.Намын их хуралд төлөөлөгчөөр сонгогдож чадаагүй хүмүүсийн зуулт. (Төлөөлөгчдийг хүчээр хийчихсэн учраас аргагүй)
3.Намын дэргэдэх оюутан, залуучууд, эмэгтэйчүүд гэсэн гурван том байгууллага дээр үзээд ялагдсан нөхдүүдийн амбиц. Намын дарга нэгийг нь л нэрлэнэ. Бусад нь мэдээж гомдогсдын эгнээ рүү марш.
4.Өнөөгийн их хурал дотор байгаа гомдогсод. Нэг хэсгийг нь намын удирдах зөвлөлд оруулна. 44 хүн бүгд орж чадахгүй. Үсрээд 10 нь орно. 33 нь гомдогсдын эгнээ рүү алхана. Ядаж байхад нэрээ хайрцаглачихсан. Тэр 15  хүнийх нь нэр аль хэдийн задарчихсан тууж яваа.
5.Засгийн газар дотор нь гомдогсод гарч  ирч байгаа явдал. Мэдээж нам дотор бүр их. Энэ бол маш том дайсагналын үүд.
6.Шинэ бага хурлын гишүүдийн нэрс тодорчихсон явдал. 2012 оны сонгуульд ямар тоглогчдыг оруулж ирэх вэ гэдэг дээр том зодоон болж байгаа. Энэ том зодоонд тасалбараа авч чадаагүй нөхдүүд дайсны эгнээ рүү марш. Энэ бол Батболдын дээр хуралдаж буй бараан үүл юм. 

Яагаад 2012 оны сонгууль чухал гэж

Энэ үеийг “Үе солигдох агшин” гэж ажиглагчид үзэж байгаа. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнгээр улс төрийн дахин хувиарлалт явагдана. Ялбал 60 оныхон эзэн сууна. Ялагдвал 60 оныхны өмнө азгүйтлийн адармаатай урт зам сунайна. Энэ л  тэдний цээжнийх нь цаадах цохилтыг  түргэсгэж байгаа юм . Тэгэхээр одоогийн сонгогдох дарга 2012 оны сонгуулийг авч гарахаас гадна бүхэл бүтэн үеийнхний хариуцлагыг нуруун дээрээ үүрэх үйлийн үртэй дарга байх юм. Энэ үеийн хариуцлагыг хэнд үүрүүлэх вэ гэдэг асуудал бол зөвхөн 60-аад оныхны шийдэх явдал. Ах нарынхаа эвийг яаж олох юм. Дүү нараа яаж аргалах юм… Ингэж  байж энэ гурван үеийн алтан зангилгаан дунд тэсч, намын бамбарыг гартаа баттай атган хүрээлүүлж чадах хүн намын дарга байх ёстой. Ийм төвшинд ажиллаж чадах дарга хэн бэ. С.Батболд уу, М.Энхболд уу, эсвэл У.Хүрэлсүх үү…

үргэлжлэл дараагийн дугаарт