Монгол улс түүхэндээ байгаагүйгээр гэнэт баяжлаа. Сүүлийн найман жилд ДНБ 10 дахин өсчээ. Чингисийн үед ямар байсныг мэдэхгүй, гэхдээ л газар газраас дээрэмдэж ирсэн тэр их баялаг олон жилийн хоол болоогүй байх аа. Бидэнд одоо ганц хутга, сэлэм ч үлдээгүй. Баялаг хураадаггүй, олсноо үрээд дуусдаг нь угаасаа нүүдэлчдийн төрлөх зан даа. 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа бас л их тарчиг байсан. Оросоос 5 сая рубль гуйгаад арай гэж 3 саяыг зөвшөөрүүлэн зээлсэн авч түүнийг нь феодалууд тэр дор нь үрчих гээд байсан тул өнөө мөнгийг зөв зарцуулахын тулд араас нь Козин гэгчийг явуулж Сангийн яамны зөвлөх болгоод нярав хийлгэжээ. Мод огтлох зөвшөөрлийг “гоожин” гэж одоо болтол нэрлэдэг нь энэ оросын нэр сунжран нэр томъёо болсон хэрэг л дээ. 1921 оны хувьсгалын өртгийг Коминтерн гаргасан юм. Ренчиногоор дамжуулан 3 сая рубль өгсөн учраас мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулан манахаар мань буриад энд хэдэн жил даргалсан.

Социализм байгуулах явц бүхэлдээ зээлээр бүтсэн. 1934 онд улсын нийт төсөв 17 сая төгрөг байсан бололтой. Сталин Гэндэнтэй уулзахдаа нэмж мөнгө зээлье гэвэл лам нараа устга гэсэн шаардлага тавьж байв. 1956 онд Микоян Бээжингээс буцах замдаа Улаанбаатараар дайраад гарчээ. Нисэх буудалд түүнийг тоссон хоёр машинд манай дарга нар зочинтойгоо чихцэлдэн суугаад давхиж орж ирсэн гэдэг. Микояны санаа зовжээ. Маахуур толгойд гарч Улаанбаатарыг харсан чинь эсгий хот. Зөвлөлтийг дагаж бараг 40 жил зүтгэчихээд ийм гуйлгачин байж болохгүй гэж тэрээр буцаж очоод тайлбарласан байдаг. Ингээд тэр жилдээ 200 сая рубль зээлдүүлжээ. Энэ мөнгөөр овоо юм хийсэн л байх, гэхдээ л социализм байгуулах, нэгдэлжүүлэх энэтэрт л яваад дууссан даа. Харин Жоу Эньлайн өгсөн 190 сая рублийн буцалтгүй тусламжаар Энхтайвны гүүр, Их дэлгүүр, Улаанбаатар зочид будал, Найлайхын зам, Шилний үйлдвэр, 50 мянгат, Хархорины цахилгаан станц гээд нэлээд юм босгоод амжсан. Ер нь 1950-1965 онд Монгол нь Зөвлөлтөөс 750 сая рубль, Хятадаас 115 рублийн зээл авч амьдарсан юм. Үүнээс гадна нэлээд хэмжээний буцалтгүй тусламж бий.
   
Дараахан нь Орос, Хятад хоёр муудалцан хүйтэн дайны сүүдэр Монголд туслаа. Зөвлөлтийн 100 мянга орчим цэргийг Монголд байрлуулах болов. Шанд нь 1971 оноос таван жил тутамд 3 тэрбум шилжих рублийн зээл авч байхаар болов. Энэ нь хуралдсаар 1990 он гэхэд 10 тэрбум рублийн өртэй болжээ. Энэ мөнгө орчин үеийн Монгол орныг босгож ирсэн нь үнээн. Үүгээр соёлын асар их том хувьсгал хийж боловсрол, шинжлэх ухаан, хүн эмнэлэгийн төвшин эрс дээшлэн өнөөгийн эрэмбэд хүрсэн юм. Гэхдээ л ерөнхий дүнгээрээ мөн ч найгүй үрсэн дээ. Эрдэнэт, Монросцвет гэх мэтийн даацтай үйлдвэрлэлд нийт зээлийн ердөө 7 хувийг зарцуулсан байх юм. 60 гаруй хувийг нь нүүдлийн мал аж ахуйг тордоход өгчээ. Өөрөө өсөөд үрэгдээд явдаг хагас зэрлэг мал аж ахуйд хашаа саравч, худаг, мал эмнэлэг, бригадын төв, хадлан, өвс тэжээл, тэжээлийн үйлдвэр гээд үрэн таран хийж өгчээ. Гэтэл малын тоо хэзээ ч 24 саяыг давж байсангүй. Таван жил болгонд л малын тоог 25 сая хүргэхийн төлөө, 9 сая төл бойжуулахын төлөө гэж лоозогнон урилах авч нэг ч удаа ийм амжилт гаргаж байсангүй. Харьцуулахад энэ жил 15 сая төл бойжуулж малын тоо 50 саяд хүрлээ.
   
1970-1990 оны хооронд манай хөрөнгө оруулалтын болон улсын төсвийн 70 хувь нь зээлэн дээр тогтдог байсан юм. Үүний тод илрэл нь 1990 онд коммунизм унахад ил харагдсан. Ганц оронтой харилцаатай, түүнээсээ зээл авч амьдардаг орон тэжээгчээ алдангуут ямар хөгийн болдгийг цөмөөрөө харсан байх. Монгол орон өөрийн жинхэнэ бодит хөрсөн дээр буусан даа. Өргөн хэрэглээний бараа үгүй болж, тэжээлээр ажилладаг аж үйлдвэр бүрэн уналтад орж, экспорт таг зогссоноос импорт оруулах мөнгөгүйн гачланд унав. Зөвлөлт гүрэн таран систем өөрөө задарснаас болж Монгол улс тэжээгчээ алдав. Зөвхөн малын буянгаар л энэ хүнд үеийг давсан. Мал үгүй байсан бол өлсгөлөн гарцаагүй нүүрлэх байсан юм.


   
Дараа нь бид хандивлагч гэсэн шинэ тэжээгчтэй болов. 1990-2000 онд зөвхөн Япон гэхэд тэрбум гаруй долларын тусламж хандивлажээ. ОУВС-ийн оролцоотойгоор Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас асар их мөнгө олон жилийн хугацаатайгаар зээлж авснаас гадна буцалтгүй тусламж ихээр хүртсэн. Ер нь ДНБ-ий 40 орчим хувийг гадны зээл тусламжаар бүрдүүлж байлаа. Энэ байдал бараг 15 жил үргэлжилсэн юм. Дотоодод үйлдвэрлэж гадагш нь зарж чадаж байсан бүтээгдэхүүн гэвэл Эрдэнэтээс гарах зэсийн баяжмал, ямааны ноолуур, тэгээд цаана нь жонш, алт зэрэг бага зэргийн байгалын ашигт малтмал байв. Най болоход тэр үед зэсийн үнэ шалан дээр унаж ердөө 1300 доллар болсон нь өртгөө нөхөж дийлэхгүй байв. Харьцуулахад одоо зэсийн үнэ бараг 10 мянган доллар л доо. 2000 он хүртэл ДНБ-ий хэмжээ ганц тэрбум доллар хүрдэггүй байлаа. Үүний бараг хагас нь зээл тусламж шүү дээ.  
   
Үндсэндээ 2005 оноос ДНБ-ээ өөрснөө даадаг боллоо. Түүхэндээ анх удаа хүнээс гуйхааргүй болж буй хэрэг. Тэгтлээ гэнэт ихээр хөдөлмөрлөөд унасан хэрэг үү гэвэл үгүй. Ердөө л байгалийн баялаг. Монголд байхгүй баялаг алга. Урьд нь мэддэггүй байж. 1990 онд 700 кг алт олзворлодон байсан бол одоо лав 30 тонн гарсан байхаа. 68-р тогтоол гэгч марзан юмнаас болоод хулгай нууврын замаар орсон болохоор яс тоог хэлэх статистик алга. Дэлхийн хамгийн томын нэг болох зэсийн орд нээгдэж удахгүй ашиглалтад орох гэж байна. Монголын давхрагын хийн нөөц Хятадынхаас даруй 500 дахин их болох нь тогтоогдлоо. Монголд буй одоо нээгдчихээд байгаа коксжих нүүрсийг өнөөгийн хүчин чадлаар гадагш зөөхөд даруй хоёроос гурван мянган жил шаардагдана. Ураны нөөцөөр дэлхийн хамгийн баяны нэг болж болох ирээдүй харагдана. Төмрийн асар их нөөцтэй юм байна. Цаана нь гантиг, алт, жонш, молбедин гээд их олон жоор бий. Одоо таамаглаж байгаа нийт нөөцийн үнийг өнөөгийн ханшаар барагцаалахад даруй ихнаяд доллар давах юм байна гэсэн таамаг тооцоо бий. Үүнийг гурав хүрэхгүй сая хүнд хуваагаад үзэхэд Сэрүүн бүсийн шинэ Кувейт гарч ирэх нь л дээ. 2010 оноос Монголыг ОУВС-аас албан ёсоор ядуу орны жагсаалтаас хассан. Дахиж хөнгөлөлттэй зээл, хандив, буцалтгүй тусламж ирэхгүй гэсэн үг. Нэг хүнд ноогдох ДНБ- ий хэмжээ дөрвөн мянгад дөхөж буй ба таамаг тооцоогоор гурваас таван жилийн дараа 10 мянгад хүрэх юм байна. Энэ тоо 2000 онд ердөө 450 доллар байсан юм шүү дээ. Тэгэхэд улсын төсөв 280 сая доллар байсан бол энэ оны төсвийг дөрөв гаруй тэрбум доллароор баталсан.
   
За яахав баяжих ч баяжлаа, үүнийгээ бид юунд зарцуулж байна вэ? Дөрвөн оноос эхлээд хүүхдийн мөнгө гэж цацаж эхэллээ. Мөн хуримын 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга гээд явж өгсөн дөө. Дагаад хуримын тоо урьдахаас дөрөв дахин өссөн. Жилдээ амжаад долоо гэрэлсэн өвгөн ч гарч ирсэн. Сонгуулиар буй болгосон амьгүй албатууд амилж хоорондоо гэрлэн хүүхэд цувуулж гарах нь тэр. Ийнхүү дунд шатныхны авилгын гувшуур сүлжээ буй боллоо.
   
Ажилгүйчүүдэд тэтгэмж өгч эхэллээ. Монголын түүхэнд анх удаа. Гэтэл өнгөрсөн оны хүн амын тооллогоос үзэхэд 200 мянган иргэн ерөөс ажил хийх сонирхолгүй юм байна. Энэ нь хөдөлмөрийн нөөцийн бараг арвантаван хувь шүү дээ. Улаанбаатар хотын хүн амын 13 хувь нь оюутан нэртэй. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд тасархай түрүүлдэг. Энэ тоо 1990 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн. Бүгдэд нь нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгосон төдийгүй сургалтын төлбөрийг нь улс дааж эхэллээ. Энэ жил дунд сургууль төгсөж буй хүүхдүүд 100 хувь дээд сургуульд элсэхээр болжээ. Бас нэг том тэтгэмжийн газар. Хүн болгон дипломтой болох нь. Сургуулийн хүүхдийг үдийн хоолоор үнэгүй хангаж эхэллээ. Ингэдэг баян орон дэлхийд цөөн байхаа. Цэцэрлэг ясли үнэгүй болсон. Социализмын үед төлдөг л байсан юм даа.
   
Сонгуулийн амлалтаа биелүүлж байна гээд хүн болгонд эхлээд 70 мянга, дараа нь 120 мянган төгрөг тараалаа. Хавтгайдаа шүү дээ. Дараа нь сар болгон 21 мянгыг тараав. Дараа нь сая саяар нь түгээж эхэллээ. Бөөн хоолны хэрүүл. Мэдээллийн хэрэгслэлээр бэлэн мөнгөнд оочирлох хүмүүсийн харуулан ард түмэн хэрхэн ядуурч гуйлгачин болсны сонгодог жишээ гэж дүгнэх аж. Дэлхийн хамгийн баян оронд ч бэлэн мөнгө тараагаад үз дээ, оочирлож л таарна шүү дээ.
   
Цалин тэтгэвэр тэтгэмжийг ч ёстой нэг баян хүн шиг хиншүү ханхалтал нэмж гарлаа. Пүл цал хийтэл нэг дор 50-70 хувиар нэмнэ. Америк, Японыг бодвол манай цалин бага байна л гэнэ. Үгүй тэгээд, тэнд чинь хүмүүс нь хөдөлмөрлөж зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнээ гадагш нь борлуулж чадаад байгаа шүү дээ. Гуйрамчин л мөнгө баялагийн үнэ цэнийг ойлгодоггүй, тиймдээ олдсон дээр нь нэг мөсөн гудраад дуусдаг. Нэг үгэндээ баялаг бүтээдэггүй, маргаашаа боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Ингэж мөнгөжсөнөөс хоосон чигээрээ явж баялагийг аажимдаа хөдөлмөрөөр буй болгон үнэ цэнийн тухай ойлголттой болсон нь хамаагүй дээр. Асгаж цутган байж үрэн таран хийсний хохирол юу вэ?

  1. Зах зээлд буй бараа үйлчилгээний нийт үнэ тухайн валютын тоотой харгалзаж байх ёстой. Өөрөөр хэлбэл нэгж цаасан мөнгөний тоо тухай бараа үйлчилгээний үнийг тодорхойлно. Зах зээлд хэт их цаасан мөнгө тарахаар нэгж бараа үйлчилгээнд харгалзах мөнгөний тоо ихсэж таарна. Үүнийг инфляци гэдэг. Цалин тэтгэвэр нэмэх, хорин нэгэн мянгыг тараахаар далимдуулаад барааны үнээ өсгөөд байгаа юм биш, ерөөсөө л цаасан мөнгө  ихдээд ирэхээр үнэ өсөх нь ердийн хууль. Үүнийг ойлгоход заавал сүрхий эдийн засагч байх шаардлагагүй, эрүүл саруул бол үйлдвэрчний Гамбаагийн хэртэй бичиг үсэг хальт гадарладаг байхад хангалттай.
  2. Нүүдэлчин малчид малаа өсгөх төрлөхийн зөн сонирхолтой байдаг. Энэ бол олон мянган жилээр уламжилж ирсэн соёл нь. Тиймдээ ч мал хувьчлагдангуут адууны тоо гэхэд л хүн амын тоогоо хэдийнээ давсан. Адууны аж ахуйн ашиг бага, гэхдээ л хөндий дүүрэн адуутай байх нь бахархал. Бэлэн мөнгө тараагаад эхлэхээр малчид ахуйн наад захын хэрэгцээгээ тэндээс хангачих бололцоотой болж малаа эргэлтэнд оруулахаас татгалзаж эхлэнэ. Өвөл мал нядалгаагаар, наадмаар мал таргалаад ирэхээр махны үнэ унадаг. Гэвч будаа гурил, хувцас хунарын мөнгөтэй болоод ирэнгүүт малаа зарах хүн олдохоо болиод эхлэв. Малын тоо 50 сая хүрээд байдаг, гэтэл махны үнэ сүүлийн хоёр жилд гурав дахин өсчихлөө. Махны үнэ ингэж тэнгэрт хадахаар малчдын сэтгэл зүйд олон малынхаа махны гарцыг кг-аар үржүүлэн сэтгэл цадаж, улам л олон болгох, аль болох зарж үрэхгүй байх сонирхол нэмэгдэнэ.
  3. Манай орны ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэлшил бүрдүүлдэг. Иргэд хөдөлмөрлөлгүйгээр амь зуухуйц мөнгө олоод эхлэхээр хувийн хэвшлийнхэн цалин тэтгэмжээ үндэслэлгүйгээр нэмэхээс өөр аргагүй болно. Ингэнгүүт бараа бүтээгдэхүүний өртөг өсөж түүнээ дагаад үнээ нэмэхээс өөр аргагүй болно. Олон аж ахуйн нэгж өртгийн өсөлтөөс болж дампуурахаас өөр аргагүй болно. Ингэсээр ч байгаа.
  4. Нийтээр гэнэт мөнгөжсөнөөс болоод хүмүүс илүү үнэтэй тансаг хэрэглээ рүү зүтгэнэ. Ингэхээр хувиараа аж ахуй эрхэлж буй жижиг үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс унана. Энэ нь дөнгөж буй болж урагшлах гэж ядаж буй амиа аргацаасан жижиг аж ахуйнуудад асар хүнд цохилт болж байна.
  5. Уул уурхай, мэдээлэл зүй гэсэн нарийн мэргэжлийн ажиллагсадын цалин хэт өсөөд эхлэхээр ажил олгогч нар илүү хямд гадны ажиллах хүчнийг сонирхохоос өөр аргагүй болно. Дөнгөж сургууль төгссөн геологийн мэргэжилтэн мянган долларын цалин голж байхад, Индонезийн туршлагатай геологич 800 долларын цалингаар баяртай ирж ажиллаж байна. Хөдөлмөрийн байраа булаалгах явдал улам ихсэж байна. Ялангуяа биеийн хүчний хөдөлмөрт. Тэр дундаа барилга, зам тээврийн салбарт.
  6. Зүгээр олсон мөнгийг “зүгээр” л үрдэг. Энэ нь ерөөс хүмүүний мөн чанар байх. Бэлэнгээр тараасан мөнгө амь зуулганд гэхээсээ тансаглал руу илүүтэй хөвнө. Мэдээж өөр өөрийнхөө хэмжээнд. Үүний ердийн жишээг архины худалдаанаас харж болно. Архины үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зэрэглэлийн хувьд гурав хуваадаг. Хэдэн жилийн өмнө нийт худалдаалагдаж буй архины 80 хувийг доод зэрэглэлийн хямд архи эзэлдэг байсан бол одоо дээд зэрэглэлийн үнэтэй архины борлуулалт доод зэрэглэлтэйгээ тэнцээд иржээ. Ийм байдал бусад бараа үйлчилгээнд ч тод харагдаж байна. 1990 оноос өмнө гурил борлуулалтын 80 хувийг “2-р гурил” гэх бор гурил эзэлдэг байсан бол одоо 90 хувийг нь үнэтэй дээд гурилын борлуулалт эзэлж байна.
  7. Архидан согтуурах явдал эрс өслөө. Нэг хүнд 40 литр архи ноогдож байна хэмээн зурагтаар хэдэн сэтгүүлч Ламбаа сайдын өмнө дөчийн битон тавьж өвчигнөөд байсан. Тэр ч арай худлаа. Согтууруулах ундааг дээш нь 100 градус болгон тооцоод хэмждэг олон улсын аргачлал бий. Үүгээр тооцохоор Канад, Орос, Скандинавын орнуудад хүнд 10-12 литр спирт ноогддог. Ази хүмүүст спирт задалдаг алкохолдигидогенеза фермент бага байдаг учир архинд илүүтэй хорддог. Ажилгүй, ажил хийх сонирхолгүй нийгмийн эмзэг давхрага бэлэн олдсон мөнгөөр архидах нь улам ихсэв. Хэрэв ажигласан бол 21 мянгын оочирт ихэнх нь шартсан хүмүүс зогсож байдаг. Дөрвөн архичин 21 мянгаараа гуялахад бүтэн сар бүгдээрээ согтуу явдаг гэнэ. Үүнийг дагаад бараг үгүй болж байсан найрканы бизнес сэргэжээ. Найруулсан хортой архиа дэлгүүрт шахах шаардлагагүй, оочирлож байгаа шартагсад бол бэлэн мөнгөтэй бэлэн үйлчлүүлэгчид.
  8. Авилгын тоо хэмжээ, хамрах хүрээ эрс өсөв. Төрд алба хашиж буй 160 орчим мянган хүн бий. Бараг бүгдийг нь хэр хэрдээ таарсан их бага авилгачин гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Авилга гэдэг нь зөвхөн төртэй холбоотой ойлголт. Төрийн нэрээр өөртөө ашиг унагаж буй процесс болгон авилга. Энэ их халамж араасаа ямар их авилга, шамшигдуулал дагуулж байна гэж санана. Хороо хорин, баг сумнаас эхлээд сайд гишүүд хүртэл бүхэл бүтэн сүлжээ үүссэн. Огт байхгүй хүн, үхсэн хүн мөн цаашилбал давхардуулал, хуурамч баримт бүрдүүлэлт гээд явж өгнө дөө. Төр ард түмнээ хэдий их харж үзнэ, төрд ажиллагсад төдий их хожино. Гадаадын хөндлөнгийн байгууллагын судалгаанаас үзэхэд Халамжийн нийт хэмжээний 70 хувь нь эзнээ олохгүй авилгаар алга болж халамж хүртэх ёстой иргэдийн 60 хувь нь юу ч олж авч чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан шүү.
  9. Халамж нэрээр төрийн үндсэн функц маш их алдагдаж байна. Нэг харсан чинь Монгол улс 77 Сангийн яамтай болжээ. Нэгдсэн төсвөөс бүрдсэн баялаг нэг хаалгаар гардаг. Хаана ч тийм. Хааш нь хэдийг гаргахыг хууль тогтоох байгууллага шийддэг. Гэтэл гишүүн болгон өөртөө мөнгө авч түүнээ өөрөө захиран зарцуулдаг шинэ нээлт ихэд амжилт олов. Энэ 1912 оны эхний хагас жилд гэхэд гишүүн болгон 3 тэрбум төгрөг авсан. Өнөө шудрагаараа хатсан гишүүдийн хэн нь ч юу ч дуугаралгүй тас нуудаг байгаа. Ганц жишээ гэхэд л Архангайд энэ их мөнгийг жалгын атмануудад хүүгүй зээл нэрээр тараачихсан. Сонгогчидоо худалдаж авч буй царай нь. Зарим гишүүдэд үрэх юм олдохоо болиод багт соёлын төв барьж эхэлсэн дээ. Улс маань улам баяжиж байна, мөнгөний тоо хойтонгоос тус бүр 10 тэрбум болох байлгүй. 2000 оноос өмнө 50 тэрбум төгрөг жилийн нийт цалин тэтгэвэрт хүрдэг байсан юм даа.
  10. Нийгмийн баялагийг үрэн таран хийх явдал хэрээс хэтэрлээ. Ганцхан эрүүл мэндийн салбарыг л харъя л даа. Хэдэн жилийн өмнө баг хороонд хүртэл эхо аппарат тараасан. Гэтэл энэ багажийг ажиллуулахад ядахнаа тог хэрэгтэй баймаар юм.  Эхо уншиж зөв оношлох мэргэжилтэн аймгийн төвүүдэд ч цөөн. 2 сая хүнд нэгээр тооцдог томографийн асар үнэтэй төхөөрөмж манайд 4-5 байна. Зөв уншиж оношилдог мэргэжилтэн хэд байгаа бол? Саалиа зэхэхээр саваа зэх гэдэгсэн. 2000 онд эрүүл мэндэд төсвөөс өгдөг мөнгө 40 тэрбум байсан бол одоо бараг 500 тэрбум болжээ. Эрүүл мэндийн салбар өөдөлсөн үү? 
  11. Хөдөлмөр эрхлэх сонирхол иргэдийн дунд эрс буурлаа. Монголд өнөөдөр ажлын байрнаас их юм алга. Зарлагдаж буй 10 ажлын байр тутмын наймд нь хүн олдохгүй байна. Гэтэл цаана нь 200 мянган хүн ажил хийх сонирхолгүй гэж бүртгэгджээ. Үүн дээр мөн ажил хийх сонирхолгүй, оюутан нэрээр амиа хоохойлж тэжээлгэн яваа лавтай 100 мянган халамжлуулагчдыг нэмбэл юу болох вэ? Солонгос руу боолын гэрээгээр явдаг л гэдэг. Үнэндээ одоо тийш явах сонирхолтон эрс багассан. Цалингийн хэмжээ ч тийм их зөрөөтэй байхаа больсон. Хүмүүс хэт бэлэнчлээд ирэхээр шинэ юм бодож олох, арга чарга хайх идэвхи нь ч буурдаг бололтой. Ер нь болж л байвал болгоод л байдаг хойрго зан бол нүүдэлчдийн ерөнхий ариншингийн нэг дээ. Гэтэл өдгөө нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй хүн ердөө 15 хувь эзлэх болсон шүү дээ.
  12. Нийгмээрээ ёс суртахууны уналтанд орж байна. Энэ л хамгийн хорлонтой эд дээ. Зүгээр сууж халамжлуулан амь тээгээд байхаар хүн улам залхуу хойрго, улам ухаан тэнэг, улам хомхой сувьдаг болдог бололтой. Улс даяараа улс төрчид. Улс даяараа эх орончид. Улс даяараа иргэний хөдөлгөөнчид. Улс даяараа үндсэрхэг үзэлтнүүд. Гэхдээ үнэн чанартаа тийм биш юм билээ. Дүр үзүүлэн хөдлөлгүй сууж байгаад илүү их баялаг хүртэх гэсэн сувьдаг шуналаас энэ их яриасаг эрчим хүч гардаг юм билээ. Үнэн хэрэгтээ юугаа ч юугаар ч зарахад бэлэн хүний оронцогийн дүр төрх цаанаас нь цухалзана.  

За яршиг, арвангурав болгоод яахав. Уг нь энэ тэнэг бодлогын урхагийг тоочвол 76 ч хүргэж болно л доо.  Урьд би Оросын зохиолч А. Беляевын “Талх” гээд нэг тууж уншиж байсан юм. Эрдэмтэд өөрөө ургаж хөөн хязгааргүй томордог талх бүтээжээ. Үүнээ өрөвдөлтэй ядуу загасчны тосгоныхонд сайн санан буян болж өгсөн байна. Загасчид бэлэн талх идсээр байгаад загасаа барихаа больж. Ер нь юу ч хийхээ болиод хэвтээд л, бэлэн талхаа идээд л, таргалаад л, унтаад л. Талх нь ургаад л. Загасчид жаргаад л. Гэвч жаргал удаан үргэлжилсэнгүй. Ажил хийхгүй бүдүүрч хэвтсэн тосгоныхон тэр чигээрээ орондоо үхээд дуусчээ. Сөнөсний дараа зогсолтгүй ургадаг талх тосгоныг тэр чигээр нь даран үзэгдэх мөргүй болгосон гэнэ.

2012.7.23