Нийслэлийн намын хорооны дарга, нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-Хотын намын хорооны даргаар томилогдсоноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Ингэхэд Б.Мөнхбаатар гэдэг хүний МАХН-тай холбогдсон намтар хэдийнээс эхтэй, ямар түүхтэй болохыг бид сайн мэдэхгүй байна?

-Юун түрүүн „Үндэсний шуудан” сонины уншигчдад өнөөдрийн мэндийг хүргэе. Миний хувьд улс төрийн нам гэдэг зүйлийг хамгийн гол нь үзэл баримтлал л гэж ойлгодог. МАХН бол ерэн оноос эхлэн коммунист үзэл баримтлалаасаа татгалзаж, зүүн төвийн үзэл баримтлал бүхий социал демократ чиглэлийн нам болсон. Хүн улс төрийн нам сонгохдоо юун түрүүн өөрийгөө таниж авах шаардлагатай.Надад ч тэр шаардлага ирсэн. Миний үзэл баримтлал юу юм. Би өөрөө яг ямар чиглэлийн үзэлтэй хүн юм гэж. Зарим хүмүүс эдийн засгийг чухалчилсан, хувь хүнийг дээдэлсэн либерал үзэлтэй байдаг бол зарим нь нийгмийн талын зүүний үзэл баримтлалыг тээгч байх жишээтэй. Би хоёр дахь хэлбэрийнх нь хүмүүсийн л  нэг. Тухайн үед зүүний үзэл санааг тээгч улс төрийн хүчин гэвэл МАХН, МСДН хоёр л байсан. Тэгээд хувь хүнийхээ мөн чанар, үзэл баримтлалаа таниж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийсэн. Сонголт маань МАХН байсан. Үндсэн мэргэжил маань улс төр судлал. Би МУИС-ын улс төр судлалын анги төгссөн. Оюутан байхдаа „Залуус” гэж  бүлгэм байгуулж, түүгээрээ дамжуулан төрөл бүрийн хүмүүстэй уулзалт зохион байгуулдаг байлаа. Л.Түдэв гуай, тухайн үед модернизмын урсгалыг монголд нэвтрүүлэх талаар анхны үйл ажиллагаануудыг явуулж байсан, манай томоохон уран бүтээлчдийн нэг „Ногоон морь” нийгэмлэгийн тэргүүн Далхжав гуай зэрэг олон янзын хүмүүстэй уулзаж учирч, сэтгэлгээгээ хөгжүүлэх гэж хичээж явсан. Энэ бүлгэм дээрээ тулгуурлаж дараа нь Монголын ардчилсан оюутны холбоо гэж байгууллагыг хамгийн анх байгуулсан. Тухайн үеийн намын удирдлагууд их дэмжиж байсан. Н.Энхбаяр дарга байна, Л.Энэбиш дарга байна. Маш их дэмжсэн. Энэ дэмжлэгээр нь бид намын дэргэдэх албан ёсны анхны оюутны байгууллага болж ажиллаж байсан.

-Тэр үед танай нам залуучуудыг татах бодлого их явуулж байсан. Тэрний нэг жишээг та сая илэрхийллээ. Одоо танай нам руу залуучууд ер нь ханддаг юм уу?

-Тухайн үед МАХН үзэл баримтлалаа сонгохын төлөө асар их эрэл хайгуул хийж байсан. Коммунист үзэл баримтлалаас татгалзсан. Дараа нь төв үзэл гээд л явж үзсэн. Энэ эрэл нь зүүн төвийн нам болж төлөвших сонголт руу авчирсан. Энэ үзэл баримтлалыг дагаж нам дотор бодлогын асар том шинэчлэл явагдсан шүү дээ. Харамсалтай нь нийгэмд одоо ч МАХН-ыг коммунист нам гэж харах гээд байдаг тал байсаар байна. Гэтэл ерээд оны эхэн үеийн нийгмийн шилжилтээр бид Үндсэн хуулиа батлаад, бүхэл бүтэн улс төрийн дэглэмийг өөрчилсөн шүү дээ. Тоталитор дэглэм буюу нийгмийн амьдралыг бүхэлд нь хянадаг байсан  тогтолцооноос татгалзаад, ардчилсан тогтолцоо руу эргэлт буцалтгүй орсон. Маш том хаалга онгойсон. Тэр хаалгаар л орж ирсэн залуучуудын нэг нь би. Сая ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бид судалгаа хийсэн. Улаанбаатар хотын нийт сонгогчдын 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Өнөөдрийн 35-тай хүн гэдэг бол хуучин тогтолцооны сүүл хавьцаа шинэ тогтолцооны эхэн үеийг бүгдийг үзэж туулсан хүмүүс байгаа. 19 настай, хорин хэдэн настай залуус бол өмнөх үеийн нийгмийг мэдэхгүй. Ийм бүхэл бүтэн үе орж ирж байгаа цаг үед манай нам бас хуучны сэтгэлгээ, хуучны арга барил, үйл ажиллагаанаасаа тодорхой хэмжээнд татгалзаж, энэ ирж байгаа цаг үе рүүгээ харж ажиллах шаардлага зайлшгүй ирээд байна.Бидний амьдарч буй энэ нийгэм бол өрсөлдөөнт нийгэм. Мэдлэгт тулгуурласан, зах зээлд суурилсан ийм нийгэмд бид орчин үеийн хандлага, ардчиллын үнэт зүйлс, үнэлэмжийг мэдэрч байж л урагшаа явна. Мэдээж өмнөх үеийн түүх, өв соёл, хэл заншлаа хадгалж явах

ёстой.

-Коммунист үзэл баримтлалаа аль эрт сольсон, халсан. Тэгсэн хэрнээ л биднийг коммунист гээд байна гэх гомдол та нарын бүгдийн л амнаас унадаг. Тийм юм бол ядаж нэрээ яагаад сольчихож чаддаггүй юм бэ?

-Хувь хүнийхээ бодлыг хэлэхэд би манай нам нэрээ солих ёстой л гэж боддог.

-Наадах чинь гэхдээ хотын намын хорооны даргын л үг биз дээ?

-Би хотын намын хорооны даргын үүднээс биш хувь гишүүний үүднээс өөрт явдаг бодлоо хэлж байна шүү дээ. Тийм болохоор хариултынхаа эхэнд зориуд тодотгож хэлж байна. Тухайлбал, МАХН гэдэг нэрийг англиар орчуулахад хувьсгал гэдэг үг яг үндсэн утгаараа гараад л ирдэг. Үүнийг дэлхий дахинд хүлээж авахдаа өө, одоо хэрнээ коммунист үзэл баримтлалтай нам юм уу л гэж  хүлээж авдаг. Тийм хандлага тохиолддог. Манай нам үзэл баримтлалын хувьд зүүн төвийн нам учраас дэлхийн бусад соц интерний намуудтай холбоотой ажилладаг. Цаашид бид гадна дотно танигдахдаа хуучны үзэл тээсэн нэр томъёоноос салах нь л чухал.Нөхцөл байдал тэртээ тэргүй шаардаад байна шүү дээ. Үүнийг манай гишүүд сайн тойрч ярих, шийдвэрээ гаргах хэрэгтэй.

-Өөрийг тань хотын намын хорооны даргаар гэнэт томилогдоход би жишээ нь багагүй гашуун үгтэй нийтлэлээр төнхөж угтсан. Дүүлж яваа дүү хэний хэн бэ гээд л...

-Тэгсэн. Би уншсан. Мэдээж улс төрд шинэ гарч ирж байгаа хүмүүсийг нийгэм янз янзаар л харж хүлээж авдаг. Тэрний л нэг илрэл байсан байх. Аяндаа хүмүүс таниж мэдрэнэ. Энэ хүн хэн бэ гэдгийг.

-Их гэнэтийн, их анхаарал татсан ч томилгоо болсон. Тийм учраас таны тухай хүмүүс илүү их мэдээлэл авахыг хүсч байгаа байх. Улс төр судлалаар их сургууль төгссөн Б.Мөнхбаатар тэгээд хаанаас ажлын гараагаа эхэлсэн юм бэ?

-Оюутан байхаасаа үйл амьдралаа намтай холбосон тухайгаа би танд ярьлаа. Сургуулиа төгсөөд би нийслэлийн намын хороонд ажилласан. Тэр үедээ намын удирлагуудын анхааралд өртсөн юм болов уу. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч даргаар томилогдож очсон. Тэндээ ажиллаж байгаад БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилласан. Миний төрд ажилласан хөдөлмөрийн маань гараа их гэгээлэг салбараас эхэлсэнд би хувьдаа дотроо их бэлэгшээж явдаг. БСШУЯ гэдэг бол монголын бүх оюун санааны ертөнцийн гал голомт болсон газар. Тэнд олон сайхан залуучуудтай, олон сайхан хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж явсан. Их ч туршлага олж авсан.

-Өө, та чинь тэгвэл бүр залуудаа л дарга болсон хүн юм байна?

-26 настайгаасаа л удирдах алба хашсан. Залуу хүний хувьд аль болох өөрийгөө хөгжүүлэх гэж, надад өгсөн итгэл найдварыг нь талаар болгохгүйн төлөө л зүтгэж ажилласан. Одоо ч өөрийнхөө энэ дотоод зарчмыг алдахгүй явдаг. Дараа нь 2004-2006 хооронд би гадагшаа явж суралцсан. Зүүн Лондонгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр. Мастераа хамгаалж ирээд харамсалтай нь эргээд яамандаа ажиллах бололцоо гараагүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажилласан. Хот гэдэг бол үнэхээр том айл. Хотод би ажилд нухлуулж  сурч байна. Хотын өдөр тутмын амьдралын ачааллаас гадна хотын цаад ирээдүй, хөгжлийн асуудлууд нь өнөөдөр хоолой дээр тавьсан хутга шиг болчихоод байна. Хууль эрх зүйн орчны хувьд хот хүнд байна. Хөрөнгө санхүүгийн хувьд хот хэцүү байна. Төлөвлөлтийн хувьд асар том анхаарлын тэмдэг зогсч байна. Хот бол үндсэндээ хагас цэргийн зохион байгуулалттай ажиллаж байдаг газар. Өдөр тутам гал асч байдаг. Өнөөдөр бид өдөр тумын амьдралтайгаа ноцолдохоос гадна цаашдаа яах вэ гэдэг асуудал руу бүх бодлого чиглэгдэх шаардлага тулчихаад байна. Дараа нь би Баянзүрх дүүргийн засаг даргаар томилогдож ажилласан. Дүүрэгт ажилласнаар өөртөө тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан.

-Дүүргийн засаг дарга болсноор үндсэндээ том улс төрийн анхааралд шууд орж ирсэн байх?

-Тэгсэн. Дүүргийн засаг дарга болоод, дүүргийн намын дарга болсон. Энэ томилгоо улс төрийн хүрээнийхний анхааралд намайг шууд оруулж  ирсэн л дээ. Дүүргийн амьдрал мөн тэр чигээрээ хүмүүсийн халуун тогооны амьдрал байдаг. Өдөр тутмын эрчилсэн амьдрал. Би өдрийн ажлаа өглөөгүүр их эрт эхлүүлээд сурчихсан. Ажилдаа их эрт ирдэг. Өглөө эрт ажиллах сайхан байдаг. Сүүлдээ манай дүүргийн хөгшчүүд намайг хэдэд ажилдаа ирдгийг андахаа байчихсан. Долоо өнгөрөөгөөд хүрч ирэхэд тав зургаан хөгшчүүд хүлээгээд сууж байх жишээтэй. Тэгээд л нөгөө хэдийгээ дагуулаад л өрөөндөө орно доо. Иргэдийнхээ зовлон жаргалыг сонсохгүй дүүргийн засаг дарга гэж байж болохгүй. Бүгдийнх нь дундуур л явсан. Шийдэхийгээ шийдэж өгч, хүчрэхгүйгээ арга замыг нь судалж ажиллахаас өөр арга байхгүй. Дараа нь 2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдлоо. Хариуцсан салбар өөрөө асар том. Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлдэг. Хамгийн хүнд салбар. Хариуцлагаа үүрээд л явж байна. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийслэлийн намын байгууллагыг удирдаж байсан Т.Билэгт дарга маань өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар, намын удирдах дээд байгууллага болон хотын намын хороо шийдвэр гаргаж намын хорооны даргаар намайг сонголоо.

Намын хорооны тэргүүлэгч гишүүнээр би 25 настайгаасаа эхлээд гурван удаа сонгогдож ажилласан. 80 жилийн түүхтэй намын хороо шүү дээ. Хуучнаар хотын намын хорооны товчооны гишүүн гэдэг бол асар том албан тушаал. Нийслэлийн намын хороотой би хаа ч явсан байнга холбоотой ажиллаж ирсэн. Ахмад, дунд, залуу үеийн бүх төлөөллүүдийг нь тодорхой төвшинд мэднэ гэж хэлж болно.

-Яагаад тэгээд гэнэт л гараад ирсэн харагдсан юм бол ?

-Тухайн үеийн нөхцөл байдал гэнэт тэгж хувираад л асуудал өрнөсөн.

-Та нам дотроо яг хүлээн зөвшөөрөгдсөн гишүүн нь мөн үү. Танай дээд үеийн ах нар бол жаахан ууртай л байна билээ?

-Асуудлыг ойлгоно. Хүн бүгд өөр өөрийн өнцгөөс бодно. Байж болох л зүйл шүү дээ.

-Юун „пацаан” гараад ирэв гэсэн үгс шувуу шиг л нисч байсан?

-Нийслэлийн намын байгууллага өөрөө манай намын их том бүтэц. Энэ утгаараа нийслэлийн намын хорооны дарга бол том албан тушаал. Өмнө нь энэ байгууллагыг дандаа хариуцлагатай, том дарга нар удирдаж байсан. Өнөөдөр залуу хүн гарч ирсэн учраас хүмүүс янз янзаар хүлээж авч байхыг би үгүйсгэхгүй ээ. Тэдний өөрсдийнх нь эрх.Би намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ намын  ард түмэндээ амласан бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө зорьж ажиллана. Хотын намын байгууллагын өмнөө тавьсан улс төрийн зорилтыг биелүүлэхийн төлөө өөрийгөө дайчлан ажиллана. Аливаа дүгнэлт цаг хугацааны шалгуураар л баталгааждаг. Тийм учраас би залуу хүний хувьд эрч хүчтэй л ажиллана гэж бодож байна.

-Энэ албан тушаалд томилогдсон үе тань улс төрийн нөхцөл байдлын хувьд их эмзэг үе таарлаа. Танай нам ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Гадуур хотын намын хороо хөдлөөгүй, нэр дэвшигчийнхээ төлөө ажиллаагүй, бараг бодлогоор унагасан гэх хардлага явж байна. Мэдээж ийм том ялагдлын дараа энэ мэт зүйлс хөндөгдөх нь зүйн хэрэг байх л даа?

-Тийм ээ, бид ялагдал хүлээсэн. Тэр дундаа нийслэл хотод олонхийн саналыг авч чадаагүй. Мэдээж энэ үйл явдлын дараа олон талаас нь үнэлэлт дүгнэлт хийгдсэн. Одоо ч үргэлжилж байгаа. Ахиад бид нухацтай, олон талаас нь авч үзэх ёстой. Хотын намын хороог буруутгаж байгаа хүмүүсийг би ойлгож байна. Нэг талаас яах аргагүй хотод бид ялагдал хүлээсэн учраас. Нөгөө талаас бас бид өдөржин шөнөжин л ажилласан. Тийм учраас олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчид урьд өмнө нь сонгуулийн үеэр яаж ажилладаг байв. Сая бол төрийн албан хаагчид хуулийн дагуу улс төрийн харъяаллаасаа татгалзсан. Тэгэхээр төргүйгээр цаашид нам яаж ажиллах вэ. Энэ тал дээр бид бодлого боловсруулж ажиллах ёстой. Бид арга барил, сэтгэлгээгээ өөрчлөх ёстой.

-Тун удахгүй дараагийн том өрсөлдөөн явагдах гэж байна. Тэр бол чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль. Танай нам нэр дэвшигчээ тодруулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Чингэлтэйн нөхөн сонгууль яах аргагүй олон сонирхлын дунд явагднаа. Намуудын нэр дэвшигчид хуулийн дагуу товлогдсон хугацаанд тодрох ёстой. Энэ жамаараа явах байх. Нам болгон өөрийн дүрмийн дагуу ажиллана. Манай намын хувьд бол энэ асуудлыг намын бага хурлаар эцэслэн шийдэх учиртай. Нэр дэвшигч байж болох, магадлалтай хүмүүсээ тойрч намууд дотроо ярьж байгаа байх.

-Экс ерөнхийлөгчийг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг ажиглагчдын дунд явж байна. Ийм зүйл байгаа юм уу?

-Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр л явж байгаа таамаглалуудын төвшний мэдээлэлтэй байна. Яг албан ёсны илэрхийлчих байр суурь одоогоор алга байна.

-Бас таныг дэвшинэ гэсэн таамаг байгаа?

-Миний хувьд нэр дэвшинэ гэсэн ямар нэгэн санаа алга. Намын байгууллагаа удирдаад энэ сонгуульд орно, хариуцлагатай ажиллана гэдгээс өөр зорилго байхгүй байна.

-Н.Энхбаяр гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа гэсэн үү. Сэргээвэл танай хорооны гишүүн болно биз дээ?

-Одоогоор ямар нэгэн хүсэлтээ илэрхийлээгүй байгаа.   

-Таны гарал яг хаанахын хүн бэ. Говь-Алтайнх, Төв аймгийнх гэсэн хоёр өөр мэдээлэл байна?

-Манай аав ээж хоёр хоёулаа Говь-Алтай аймгийн хуучнаар Наран сумын улсууд. Одооныхоор бол Халиун сумын хүмүүс. Хоёулаа оюутан болж хотод орж ирсэн. Аав маань сургуулиа төгсөөд Нийтийн аж ахуй,үйлчилгээний яаманд, ээж халдвартын эмнэлэгт ажилласан. Би айлын бага л даа. Намайг жаахан байхад аав Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуйн газрын даргаар томилогдож явсан. Тэр үед төрийн алба хаагчид томилолтоор л ажилладаг байсан. Яв гэсэн газар нь явна. Хөвсгөл аймагт таван жил ажиллаад Дундговь аймгийн нийтийн аж ахуйн газрын даргаар томилогдсон. Тэндээ ажиллаж байгаад Төв аймагт ахин томилогдож ирсэн. Нэг хотоос гарвал эргэж орж ирэхэд хэцүү үе байлаа шүү дээ. Тэгээд би арван жилээ Төв аймагт төгссөн юм. Яах аргагүй аав ээжийн гарлаа дагавал Говь-Алтайн л хүн болох байх.

-Т.Билэгт даргын хүн юм уу?

-Миний аавыг Билэгт биш Бэгзжав гэдэг л дээ.

-Хөгжилтэй хариулт байна. Тэгвэл М.Энхболд даргын л хүн юм байна даа?

-Манай улс төрд байгаа нэг сонин хандлагын нэг наадах чинь юм шиг санагддаг. Тэрний хүн энэний хүн гэж нэг нэгийгээ харах гэдэг. Хэлдэг. Энгийн утгаараа бол хүн дугуй дугуйгаараа л нэгдэж нийлдэг шүү дээ. Улс төрийн хүрээнд бол үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ нэгддэг. Улс төрийн үзэл санааг тээгч гэдгээрээ би дээд үеийнхээ улстөрчдийг бүгдийг нь хүндэтгэж явдаг. Бүгд өөр өөрийн өвөрмөц арга барилтай, хүчтэй улсууд.

-Гэхдээ л намд байгаа өнөөгийн хамгийн хүчтэй фракц болох хотын бүлгийн нэг гишүүн?

-Хотод ажиллаж, алба хашч байгаа гэдгээрээ юу. (инээв)

-За, за орхиё. Таныг гаднаасаа их буурьтай харагддаг ч насаар бол бага гэж хэлдэг. Эмэгтэй хүн шиг насаа нуухгүй юм байгаа биз дээ?

-Юуг нь нуух вэ дээ. Би 1975 оны тавдугаар сард төрсөн хүн. Одоо 34 настай. Хоёр хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн надаас нэг дүү. Нэрийг нь Нарантуяа гэдэг. Бид хоёр арван жилд байхаас үерхэж яваад гэрлэсэн улсууд байгаа юм. Товчхондоо ийм.

-Дунд сургуулийн үерхэл юм уу?

-Тийм. Манай доод ангийн охин байсан. Үерхэж явсаар сургуулиа төгсөж, их сургуульд элссэн. Харьцангуй эрт гэрлэсэн байх. Хориодхон настай хоёр хүн аав ээж болчихоод амьдрах гэж зүтгэсэн.

-Таны хувийн бизнес гэж юу байна?

-Би бизнесийн хүн биш.Тийм төрлийн хүн бол яавч биш юм билээ. Хүн өөрийн чадах, чадахгүй юмыг сайн мэддэг байх ёстой. Тэрийгээ их эрт таньчих хэрэгтэй гэж би үздэг.

-Тэгээд эдийн засгийн эрх чөлөөгөө яаж бий болгосон байхав?

-Амьдралын тогтвортой явцаар гэж хэлж болох юм. Би олон жил тогтвортой улс төрд явж байж өөрийн дүр төрхийг бий болгосон. Үе шаттайгаар, нягт нямбай туулж явж өнөөдөрт ирсэн.

-Бидний яриа дуусч байна. Таны мастер хамгаалсан сэдвийг сонирхож болох уу?

-Миний дипломын ажил эмэгтэйчүүд бизнесийн топ ертөнцөд удирдлагад гарч ирэхэд тулгарч байгаа бэрхшээл буюу „Glass ceiling” гэдэг сэдэв. Өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд нас хүйс, арьс өнгөний үзлээр нь ялгаварлавал тухайн компани оршин тогтнох, өсөх дэвжих боломжоо алдана гэсэн үг. Энэ сэдвээр би тантай хэдэн ч цагаар ярилцаж болно. Маш сонирхолтой сэдэв. Судалгааны ажил хийж яваад санамсаргүйгээр энэ сэдэв рүү орчихсон юм.

-Эрэгтэй хүн атлаа сонин л сэдэв барьж авч?

-Сонин сэдэв үнэхээр мөн.