-фельетон-

Сая тэр ухаалаг иргэний үнэмлэх гэж хэсэг айлгаад ашгүй намжлаа. Улс төрчид сонгууль будлиулахад садаа болно гээд ухаалаг үнэмлэхний замд хөндөлдсөн биш би гэдэг амьтан хөндлөнгөөс завшлаа.

Иргэдээ хоёр хуваагаад, ухаалаг хэсэгт нь “үүнийг үзүүлэгч тэр бол ухаалаг иргэн мөн”  гэсэн үнэмлэх өгөх юм байна гэж ойлгоод, хэд хоног зангиа зүүх нь зүүсэн юм. Олон хүнтэй газар тувт шанаагаа тулж бодлогшроод л.  

Боловсролтойхон хүн бол “Родений баримал энд юугаа хийж яваа бол” гэж гайхмаар. Автобусанд шанаагаа тулаад суух юмуу, зогсох бол болоод байгаа юм. Харин шанаагаа тулаад алхах, гүйх л хэцүү юм билээ. Ойр тойрныхон маань “шүд нь л өвдөөгүй юм бол мань хүн юм бодох нь бодоод байна” гэж итгээд эхэлтэл байдал өөрчлөгдлөө.

Тэгсэн нь иргэний үнэмлэх нь өөрөө ухаалаг болоод явчихыг мэдүүтээ дотор палхийсэн шүү. Над мэтийн ухаан муутай амьтан бол дорхноо ухаантай үнэмлэхнийхээ гарт орно гэсэн үг. Хүнтэй наймаа хийчихээд, маргааш нь “За өвгөөн ёстой уучлаарай. Иргэний үнэмлэх маань уурлаад, тэнэг мангараар минь дуудаад цурам хийлгэсэнгүй хонолоо. Хөгшнийхээ мөнгийг эргүүлээд өгчих” гээд унжийж суух хэрэг гарна.

Ганц би ч биш, олон эрчүүл хэцүүднэ. Авгайчуул нөхөртөө уурлахаараа “чамд болоогүй, иргэний үнэмлэхийг чинь л харин овоо юмуу гэж бодсон” гэж ирээд доош чихнэ.

Бэр гуйсан улс “Зээ, наанаа нандин чиптэй, цаанаа чамин софттой....500 гега-ийн санах ойтой иргэний  цахим үнэмлэх танайд байна. 2 гега-ийн РАМ-тай ухаалаг иргэний үнэмлэх манайд байна. Энэ хоёрыг нийлүүлбэл Ай7 үйлдлийн системтэй гэр бүлийн үнэмлэх болж, олон олон төрсний гэрчилгээ дагуулах ерөөл..” гэхчлэн уянгалуулах бололтой.

Хүн амын тооллогын  маягтын “ам бүл” гэсэн хэсэгт “Хоёр ухаалаг иргэний үнэмлэх, дөрвөн төрсний гэрчилгээ” гэхчлэн бичигдэх болж байна.

Сонгуульд саналаа өгөхдөө ухаалаг иргэний үнэмлэхээ аваад очиж таарна. Уг би таньдаг ч юмуу, таван цаас алган дээр тавьсан хэн нэгийг дэмжих саналтай байна. Гэтэл иргэний үнэмлэх маань “Чи ухаангүй гэдгээ мэдэх үү. Сонгууль бол ухаантны ажил. Чи нүүрээ толинд хардаа. Наад тэнэг царай дээр нь ухаантай гэсэн бичиг байтугаа, ухаантайн шинж гэмээр ганц үрчлээ ч алга. Харин миний дээр “Ухаалаг иргэний үнэмлэх” гээд биччихсэн байгаа. Үсэглээд ч боловч унших гээд үз дээ. Ийм учраас, сонгууль бол миний ажил. Алив намайг тэр хоног руу хийгээдэх, саналаа өгөх минь ” гээд загнаад эхэлнэ.

Ингэхээр нэр дэвшигчид надтай биш миний “ухаалаг иргэний үнэмлэхтэй” ажиллаж эхэлнэ. Сонгуулийн үеэр “Маргааш хорооны хурлын танхимд иргэний үнэмлэхүүдээ цуглуулна уу” гэсэн зар тарна .Мэдээж тэнд нэр дэвшигч өөрөө биш ухаалаг иргэний үнэмлэх нь ирсэн байж таарна. Ингээд зогсохгүй сар бүр өгдөг “21.000”-ыг маань иргэний үнэмлэх авах нь байна. Авах нь яахав авдаг байж. Авчихаад өгөхгүй бол хэцүү еэ.

Иргэний үнэмлэх ухаантай болоход сайн тал бол бас байгаа юм. Жишээлэхэд жолооны шалгалт өглөө гэхэд тестийг нь ухаалаг үнэмлэхээрээ бөглүүлнэ. Төрийн албаны шалгалтыг ч бас мань хүнээр даалгана. Эхнэр, нөхөр хоёр муудалцлаа гэхэд “За, хоёр иргэний үнэмлэх маань учир зүйгээ олоод болоод байхад чи бид хоёр ч бас юучив дээ” гээд аргалж болж байна. Ингэхэд, иргэний ухаалаг үнэмлэхнүүд маань эзгүй хойгуур хоёр тийшээ болчихвол бас яадаг билээ?

Хуучин балрын ёсоор бол гэр бүл бологсод жил мэнгэ таарах эсэхээ асууж зурхайч дээр очдог байж. Одоо бол иргэний үнэмлэхнээсээ асуух болж байна. Хоёр иргэний үнэмлэх л хоорондоо таарахгүй бол бие биедээ  сэтгэлтэй байгаад нэмэргүй болох нь. Иргэний үнэмлэх нь хориод суулгаагүй хосуудын тухай “хорийн үнэгүй  даунлоод хараад хормойгоо тосдог иргэний үнэмлэх үү дээ хө” гэсэн шүү үгтэй  “Сентерра охин” гэдэг ардын гунигт дуу төрөх нь зайлгүй. 

Хэрвээ Шекспир байсансан болжгэм, нэг нь Мак-ийн софтвейртэй, нөгөө нь Майкрософтийн үйлдлийн системтэй иргэний үнэмлэхнээсээ болоод гэрлэж чадалгүй амиа алдсан залуусын уярам түүхээс сэдэвлэсэн “Мкнтошёо, Интелетта хоёр” хэмээх элэг эмтрэм трагеди бичих нь гарцаагүй.

Энэ бүхэн багадсан аятай, санал өгдөг машин хийсэн юм ярилаа. Сонгогчдийг яваад очихоор “Чи хэнийг дэмжих вэ” гэж асуугаад саналыг нь дамжуулах юмуу, ерөөсөө бидний өмнөөс санал өгөх юм уу, сайн ойлгосонгүй. Тэрийгээ дагуулаад хүссэн хэмжээний санал тоолоод гаргаад өгдөг бас нэг юм тавих бололтой. Ухаандаа, манай нэр дэвшигчийг дэмжсэн 1500 санал хэрэгтэй байна гэхэд хэвлээд өгөх болтой юм аа.

Эргэн тойрон ухаалаг юмс... Ухаалаг гар утас аль хэдийнэ гарчихсан. Ухаалаг барилга, ухаалаг машин...Ингэхэд бидэнд ухаан ер нь хэрэг байна уу.