-фельетон-

Улс орон хоцрогдонгуй байх тэр цагт зөвхөн хүн тавьдаг газар л хий үзэгдэлтэй байсан гэдэг юм. Одоо сонгууль дөхөхөөр л хий үзэгдэл бүтээн байгуулалт маягтай өрнөх боллоо. За, байхгүй иргэд саналаа өгөх ч аль эртийн явдал. Байгаа эсэх нь тодорхойгүй сая төгрөгийг хүн бүрт тарааж эхлээд байна. Араас нь хийгээгүй ажлын цалин, хүрээгүй насны тэтгэвэр, тусаагүй өвчний эмчилгээ...гээд цуварч өгөх юм байхаа. Нөгөө нөхөд чинь сүүлдээ энэ насны бүх хэрэгцээг амлаж дуусчихаад “Диваажинд төрөх эрхийн бичиг” гардуулж явааг бодохул, хорвоо ч цагаа тулахаар багтаамж муутай эд дэг ээ.

Учрыг нь олчих санаатай хүн амьтнаас асуух гээд гарахаар тооны хүрдээ  талд нь ортол цээжилж амжаагүй бололтой хэдэн нөхөд “Би бодохдоо: 4х4 хэд билээ” гээд бодоод суучих юм.  Ирэх сараас эхлэн урдаас мэлийтэл харснаа  “Би боддоггүй ээ. Харин Чи Чодохдоо...” гэсэн хачин асуулт тавих юм гэсэн...Базарваань гэж.

Бид хоёр ертөнцөд зэрэг амьдарч байгаа юм байна. Нэг нь бодит ертөнц, өглөө сэрэхэд бахь байдгаараа л байдаг энэ ертөнц. Нөгөө нь улс төрчдийн бидэнд төсөөлүүлдэг амлалтын ертөнц. Улс төрийн төсөөллийн ертөнц үнэхээр жаргалтай, юм юмтай. Дээр үед “Коммунизмд орохоор чадлынхээ хэрээр хийгээд хүсснийхээ хэрээр авна” гэж итгүүлдэг байсан нь энэний дэргэд юу ч биш. Мянга мянган мөрийн хөтөлбөрийг эвлүүлэн бүтээсэн энэ кибер ертөнцөд “чадлын хэрээр хүсч, хүсч хүчрэхийн хэрээр авна” гэж байгаа.

Анх төрсөн ертөнц маань бараг хэвээрээ боловч “хөтөлбөрийн ертөнц” хөгжиж байгаа гэж жигтэйхэн. Тийм болохоор бид илүү сайхныг амласан, амлалтаа ой тойнд буутал гоё төсөөлүүлж чадсаныг нь сонгодог болоод байна. Яг цагаа тулахаар хүсэх гэдэг чинь бас амаргүй ажил аж. Хүний хүсч байгааг өөрийнхээ нэхэж байгаатай харьцуулахад ямагт гологдоод байх юм. Үүнийг анзаарсан улс төрчид маань улам бүр төсөөлшгүй, санаанд ерөөсөө орж байгаагүй, орохын ч эцэсгүй зүйлсийг мөрийн хөтөлбөртөө дүрслэх болов.

Тэд төсөөлүүлэх, бид төсөөлж авах үүрэгтэй  учраас өмнөх сонгуулиар дүрслэн ярьсан зүйлийг нь санахгүй бол сонгогчид л буруутай болоод байна. Үнэхээр ч хүний ярьсан юмыг мартчихаад бурууг өөрөөсөө зайлуулах гэвэл шударга бус аа. Манай сонгууль ийм бөлгөө.

Бид бодит хорвоо хэцүүдээд ирвэл “ямар ганцхан хорвоотой биш. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн амлалтын хорвоо байж л байгаа юм чинь” гэж тайтгардаг. Талх авах мөнгө хүрэхгүй тохиолдолд “Үхсэн ганц талхтай ч яалаа, талхгүй ч яалаа. Дарга нарын маань төсөөлүүлж өгсөн “засгаас үнэгүй авах гурван өрөө байр, сар бүр авах монгол хүн болсны нөхөн төлбөрийн сая төгрөг хэвтэж л байгаа юм чинь” гээд бодоход дотор онгойж байгаа юм чинь. Нам, улс төр хоёр ийм л өгөөжтэй.

Би та нарт ярилуу яалаа, багадаа эгэл хүн, намын гишүүн хүн хоёр хэрэлдэхийг харснаа. Бүр социализмын үед шүү дээ. Тэр үед чинь саяхан Ши хуа болсон Ху хуа нам дангаараа байсан цаг. Хухуа гэдэг нь хуучин “Хуучин ху нам” буюу МАН, Шихуа нь “шинэ Ху нам”  буюу МАХН гэсэн товчлол юм гэсээн, хүн хэлсэн.

Уул нь өөрнөө “Ши хуй” гэж товчилдог юм гэсэн. Хуй гэдэг бол нэгдүгээрт  буу, хутга , сэлэм зэргийн агуулах гэрний нэр юм. Бас хүчтэй эргэлдсэн салхины ч нэр аж. Цаад утгаараа МАН бол эртний түүхтэй хуучин бууны хугархай төдийгүй маш эрч хүчтэй нам гэсэн санаагаар өөрсдийгээ Ху Хуй гэж товчилдог гэсэн.

Харин зарим хүн судлаач болохоор  “Ху хуа” гэвэл дээр. Хуа гэдэг бол Янлинхуар, Тоохуар гэхчлэнгийн ардын дууны хүүхнүүдийн нэр. МАН нь “Хуа”-тай болсноор уянгалаг яруу дуудагдах төдийгүй бусдаасаа илүү жендерлэг харагдуулж байна гэх юм билээ.  Бас ноу-хау гэдэгтэй ч ойролцоо сонсогдож байгаа тал бий. Олон сайхан эмэгтэй сайд даргыг эгнээнээсээ төрүүлж  бас сонгуульд нэр дэвшүүлж байгаа энэ нам бол “Ху”-гаар зогсохгүй “Хуа” нам мөнөөсөө мөн гэж юм мэддэг улс ярих боллоо. Эл өгүүллийг бичигчийн хувьд бол, эрдэмтдийн талыг баримталж МАН-ыг “хуалж” байгаа болно. Хэвлэлийн мэдээнд “Хухуа намын намын хурал хуваариас хоцорч эхэллээ”,  “Шихуа намын хуралдсныг хэмээн Шинхуа агентлаг уламжиллаа” гээд явбал бараг шүлэг шиг сонсголонтой болж байна.

Одоо түрүүнд орхисон эгэл хүн намын гишүүн хоёрын хэрүүл рүүгээ орно оо. ХуХуа нам хуйтай сэлэм шиг гозолзож, хуй салхи шиг хуйлруулж байсан 1970-аад оны үесэн. Тракторын жолооч сургуулийн багш хоёр муудалцсан юм. Хүүхнээс болсон санагдана. Энэ хүүхнүүд үү, эр хүнийг намтай намгүй ялгалгүй алийг нь алдуулдаг айхавтар улс шүү, базарваань гэж. Тракторчин нь  Хухуамэн буюу намын гишүүн байсан. Багш хархүү нь хуй, диплом хоёроос өөр барих юмгүй шалдан амьтан. Хуй гэж хутгаа гээгээд хоосон гэр зүүчихсэн гэсэн санаа шүү дээ. Тэр үед намд боловсролгүй улсыг голлон авдаг байсан. Сэхээтнүүдээс болгоомжлоно гэж жигтэйхэн. Мэдэх  хүнээс асуугаарай. Боловсролтой байж тэрийгээ нуугаад намд элсээд баригдвал болгож тавьдаг байсан цаг.  Сэхээтний төөрөгдөл гэж гэж дуулсан уу?  1964 онд хэсэг сэхээтэн төөрснийг. Янз янзаар нь ярьдаг юм. Их сургуулийн хэдэн багш  боловсролтойгоо нууж намд элсээд тэр нь илэрч шившиг болсон гэдэг ч бил үү? Элсэхдээ үнэхээр боловсролгүй байсан боловч нууцаар бие даан  боловсрол эзэмшиж булайгаа хутгасан ч билүү? Намын түүхэнд бол төл бойжуулахаар явсан хэсэг профессор цасан шуурганд төөрөөд намын жанжин шугамаас гажсан мэтээр өгүүлдэг санагдана.

Ингэхэд хоёр хүний хэрүүл ярих гээд мөн их хадуурч байна аа. Бодсноосоо өөрийг яриад, ярьснаасаа өөрийг хийдэг улс төрчдөөс болоод энэ. Сав л хийвэл ярьж байгаагаасаа өөр юм бичих гээд байдаг болчихсон...

Тэр үед ийм юм болсон. Тракторч нь “Чи намайг зодвол шорон явна. Сэхээтэн хүн байж ажилчин ангийг дээрэлхсэн хэмээн бүр чангалж гяндан явуулна. Харин би чамайг зодвол яах ч үгүй. Би намын гишүүн хүн, сайндаа л намаас сануулга аваад үлдэнэ. Пролетари хүн юмны учрыг олоогүй гээд давхар өршөөнө. (Хүн зодох нь зөв буруу эсэхийг мэдэхгүй тул хэргийг хөнгөрүүлнэ гэсэн санаа) Яасан ч байсан би зөвдөнө” гээд даналзаад байсан. Яаж ч бодсон түүний зөв байсан ба багш хархүү бараг номхон зогсож байгаад нармайгаа нээлгээд үлдсэн. Харин хүүхнээ бол нам бус нь авсан. Золоор, намын гишүүн нь эхлээд хүүхнийг авна гэсэн заалт байгаагүй нь бурхан байсаар байсны гэрч гэлтэй...нам аа гэж, хуйтай бол хуйтай эд байлаа даа...   

Ийм л паянтай намууд биднийг хоёр ертөнцөд зэрэг амьдардаг болгож өгсөн юм. Сүүлдээ аль ертөнц нь жинхэнэ гэдгийг ялгахаа байгаад байна. Эхнэртээ толгой түрүүгүй загнуулаад хөөгдсөн анд маань “Үхсэн баас, манай нэр дэвшигчийн төсөөлүүлсэн амьдралд Зайсангийн хотхонд байртай, 18-тай охин байж л байгаа юм чинь. Энэ мууд царайд алдахгүй” гээд явсан. Одоо болтол эргэж ирэхгүй байгааг бодоход намуудын мөрийн хөтөлбөр дотор л амьдраад болоод байгаа хэрэг.