МБШТөв Гандантэгчэнлин хийдийн их шанзодбо А.Амаржаргалтай Бурхны шашин Монголын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, өнөөгийн хүмүүс хэрхэн эв зохицолтой зөв амьдрах талаар ярилцлаа.



-Ерэн оноос хойш Мон­голын нийгэмд асар том хөдөлгөөн үүссэн. Төв Гандантэгчэнлин хийд маань тэр хөдөлгөөн дунд яаж явж ирэв, хэрхэн тэсч гарав. Үүнийг асуудаг нь төв Ганданд хэдэн зуун жилийн түүхтэй маш их өв соёл, хөрөнгө тэр хэвээр хадгалагдаж үлдсэн гэж ойлгодог юм л даа?

-Монголчууд дөрвөн ули­рал­даа хэрхэн зохицон амьдардаг билээ. Яг түүн шиг л цаг үе бүхэнд зохицсон. Монголын Бурхан Шашинтны Төв (МБШТ) нь унаган суурин дээрээ Монголыг яг Мон­голоор нь авч үлдэн өнөөдөрт ир­сэн байгууллага юм. Хойч ирээдүйдээ үлгэрлэсэн, Мон­гол Улсын хувьд маш том дархлаа болсон ийм л газар орон.

-Энэ удаад ч биш, хэдэн зуун жил монголчуудад дархлаа болж ирсэн газар байлгүй дээ. Өнөөдрийн Монголын нийгмийн оюун санааг та хэрхэн харж бай­даг юм бол?

-Одоо Монголын нийгэмд гадна, дотно гэсэн хоёр зүйл байна. Гадна тал дахь хэлбэр рүүгээ нэлээд анхаарч ирлээ.

Дэлхий нийтээрээ ер нь тийм байна. Дотор талдаа бол бидэнд алдсан эндсэн зүйл их бий. Ардчилсан ний­гэм бидэнд авах гээхийн ухаанаар хандах асар олон зүйлийг авчирсан. Ерэн оноос хойш эрх чөлөөтэй, өөрийн эзэмшилтэй, материаллаг үнэт зүйлстэй болсон. Гадаад дотоод харилцаа чөлөөтэй боллоо.Гэвч жинхэнэ хүн байх, зөв зохистой зохицон орших дээрээ алдаа дутагдал байна. Түүний дотор монголчууд маань дотор талынхаа боловсрол дээр анхаарах цаг болчихож. Хэлтэй устай, технологижсон, дижитал эрин үе гэж ярьж байна. Дотор талын оюун санааны чадамжийг дүүрэн олох асуудал энэ бүгдээс огт өөр. Хууль эрх зүйгээс дутахгүй ёс заншлаар нийгмийн харилцааг зохицуулж ирсэн тэр их өвийг орхигдуулсан байна. Орхигдуулахдаа урд үеийнхээ бүх зүйлийг харлуулсан. Бидэнд уг байхгүйгээр үр байхгүй. Эх эцэггүйгээр бид байхгүй шүү дээ.

-Бурхны шашинд монголчууд нэг л итгэлгүй болчихоод байх шиг харагдах юм. Танд мэдрэгдэж байна уу?

-Анзааралгүй яахав. Өнөөдөр гэхэд 60-аас дээш насныхан маань “Бид яахав, үр хойч маань ирээдүйд яана вэ” гэсэн үг амнаас нь байнга гарч, итгэл алдарсан байдалтай амьдарцгааж байна. Сүүлийн үед бүр их ажиглагдах боллоо.

-Үүний шалтгаан нь юу вэ?

-Үүн дээр өөрсдөө ухаарах ёстой. Мэдлэг боловсрол, оюуны дархлаа муутайдаа гадныхны нөлөөнд автсан хэсэг байгаа. Гадны соёлыг дотооддоо даган дуурайж баясах зам руугаа орсон. Бүх салбарт гадна нөлөөлөл их орлоо доо. Үүн дотроо хамгийн ихээр алдаж байгаа зүйл бол уламжлалт ёс зүйн хэм хэмжээ. Хуучин уламжлалт философиудад бүх юмны суурь ухагдахуун нь ёс заншил, ёс зүй байх ёстой гэж үздэг. Амьдралаар шалгарсан, сайн нь л уламжлагддаг. Муу нь хаягдаж гээгддэг. Уламжилж ирсэн юм бүхэндээ энэ үзэл санаанаас хандах ёстой. Бүхний эхэнд зөв хүмүүжилтэй байх ёстой гэж дээдэс сургасан. Зөв хүмүүжилгүй л бол харанхуй газар хутга бариад явсантай ижил гэж айлддаг. Жишээ нь, гадны оронд өндөрболовсрол эзэмшсэн хэрнээ эх орноо тавьж туух хэмжээний ёс зүйтэй хүмүүс байна. Өнөөдөр Монгол орны хямрал гэдэг бол ёс зүйгүйн хямрал юм. Бусдаар өвөг дээдэс маань хангалттай газар нутаг, эрдэс баялаг, мал хуй бидэнд үлдээжээ. Үүнийг сайхан, зөв зүйтэй зохицуулах ёстой. Төв Гандан хийд бол уламжлалт байгууллага. Өмч хөрөнгийн хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч тэр, Монголын ард түмний нарийн нандин шүтээн, орон газар хэвээрээ байгаа. Яагаад ингэж хэлж байна гэхээр энэ дэнж дээрээс их олон мэргэд төрөн гарчээ.

-Гандангийн дэнж урьд ямар нэртэй газар байсан юм бэ?

-Далхын дэнж гэдэг байсан юм билээ. Гандан маань газрын цээж, төв, өндөрдүү газар. Тавдугаар Богд цагаан морьтой заларч газрын тэг татаж энэ дэнжийг авсан гэдэг. Хатуу хөтүү бүх цаг үед ямар нэг байдлаар зарим хэсэг нь бүтэн үлдсэн. Халх, баруун, зүүн монгол, Буриад, Тува... гээд бурхны шашинтай бүх газрын нарийн нандин өв энд цугласан. Учир нь Гандантэгчэнлин хийд 1944 онд эргэн сэргэх үед хэдэн зуун жилийн түүхтэй шүтээнүүдээс хэлмэгдлийн үеэс устаж үгүй болоогүй үлдсэн нандин шүтээнүүд ихэнх нь эргэж ирсэн юм билээ. Тухайлбал Үзэмчин, Баргын хурал, Хуучдын хурал, Хар Айргийн хурал, Балдан Засгийн хошууны хурал, Говь түшээ гүний хурал, Мэргэн вангийн хошууны хурал, Торгуудын хурал... гэхчлэн олон хурал бүгд ирж нийлсэн. Хэдийгээр бурхны шашин 1937-1944 оны хооронд тасалдсан харагддаг ч эдгээр ирж нийлсэн хурлууд нь тус тусын газар орондоо хурлаа огт таслахгүй байсан нь шашны үйл хэрэг огт тасалдаагүйг баталж байгаа юм. Эдгээр олон хурлууд ирнэ гэдэг нь олон зуун жилийн түүхтэй өв соёл, бурхан шүтээн, эд зүйлс ирсэн гэсэн үг. Ер нь Монголын ард түмний хамгийн нандин шүтээнүүд цугласан нандин газар мөн.

-Тэр олон хурлууд дөр­вөн зүг найман зовхисоос ирж нийлжээ. Тэгэхээр төв Ганданд олон зууны түүхтэй маш их зүйл хадгалагддаг гэж ойлгож явдаг маань батлагдаж байна?

-Яг тийм. Монголын ард түмнийг дааж явах ёстой нарийн нандин сахиус шүтээнүүд одоо хүртэл хадгалагдаж байна. Тийм болохоор мөргөлчдийн цуваа огт тасраагүй. Гадна дотны жуулчдын урсгалын дийлэнх нь Гандан шүтээнийг л зорьж байна. Эдгээр шүтээнүүдтэй хамт хурал номууд, ёс заншил, зан үйлийн зүйлүүд бас хадгалагдаж ирсэн. Энэ бүгд өвөг дээдсээс уламжлагдаж ирээд, одоо бид хойч үе рүүгээ уламжлуулан өвлүүлж байна даа.

-Төв Гандантэгчэнлин хийд улсад татвар төлдөг үү. Ер нь ямар төсөв хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Гэсэр сүм ороод 800 орчим хүн Ганданд харьяалагдаж байна. Үүнээс 100 гаруй нь энгийн ажилтнууд байгаа. Үүнээс цалин зэд авч байгаа 500 орчим хүн бий. Гандан бол төсвийн байгууллага биш. Олон нийтийн статустай гэж хэлж болно. Татвар төл­нө. 7-8 төрлийн татвар төлдөг. Үл хөдлөх хөрөнгийн, газрын татвараас эхлээд хүн амын орлогын албан татвар гээд төсөвт олон зуун сая төгрөгийн татвар төлж байна. Номыг үнэлнэ гэж ч хаана байхав. Гэхдээ номын харамж энэ тэр байгаа. Ном өөрөө ямар зарчимд тулгуурладаг юм гэхээр бусдад хөнөөлгүй, үнэнээс гажихгүй явах ёстой гэж. Бусдын тусын тухайд л байх ёстой.

-Ер нь Гандантэгчэнлин хийдийн Монголын нийгэмд гүйцэтгэж ирсэн үүрэг роль юу юм бэ?

-Их л нааш нь татаж хэлье дээ. Манжийн үеийн 200 гаруй жил байна. Манж нь мөхчихөөд байхад Монгол нь байна. Ард түмнийхээ сүжиг бишрэлийн орон зайн дээр монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэн 1911 онд нэгдэн босч, хувьсгал хийсэн. Тусгаар тогтнолоо зарласан. Энэ бол бурхны шашны Монголын нийгэмд гүйцэтгэсэн нэг л том гавьяа. Ер нь бол 200 гаруй жил Монголын төрийн үүргийг шашин нь гүйцэтгэж ирсэн. Үүний ачийг их санаж буян хураах ёстой. Тэр хэцүү цаг үед бидний ард түмэн нэгдмэл нэг оюун санаан дээрээ байж өнөөдрийг бий болгосон юм. 1911 оны хувьсгалыг бол Богд лам болон Монголын шашны мяндагтангууд удирдаж хийсэн. Өнөөдрийн Монголыг их үнэ цэнээр авчирсныг соёлт хүн төрөлхтөн болон түүх мартах ёсгүй.

-Үүнтэй маргах хүн байхгүй байх аа. Бурхны шашныг хамгийн шинжлэх ухаанч шашин гэж баруунд үзэх болсон. Юугаар нь баталж тэгж яриад байгаа юм бол?

-Яривал ихийг ярина. Огт өөр шашинтай, эрдэмтэн Эйнштейний хэлсэн алдартай үг бий. “Шинжлэх ухаантай таарах нь бурхны шашин юм байна” гэж. Өөрийнхөө шашныг хэлж болно доо. Бурхны шашин бол ном дээрээ л тулгуурладаг.

-Харин Маркс “Шашин бол хар тамхи” гэж хэлсэн...?

-(инээв) Юу нь ч хуучны юм сөхдөг юм. Марксын энэ үгийг түлхүү авдаг хүмүүс бий. Маркс бурхны шашинтай хүн байгаагүй. Өөр шашинтай хүн байсан. Өөрийнхөө шашныг ч хэлсэн байж болно. Өөрийнхөө философийг хэлсэн байж болно. Өөрсөнд маань халдаагүй үгийг өөртөө авчирч нааж болохгүй. Бурханы шашныг манай алтан ургийн хүмүүс үе залгамжлан шилж сонгон, залж авчирсан. Өөрийн болгож чадсан. Бусадтай харгалзан, шүтэн барилдлагатай амьдардаг гэдгийг л ойлгох ёстой шашин юм шүү дээ. Ингэж ойлгоно гэдэг нь “Би” гэсэн мунхаг сэтгэлээс гарч байж үнэнийг олно гэсэн үг. “Би”-дээ хүлээтэй байх нь хорвоогийн шавар балчигт байгаатай адил юм. Үүнээс гарах ёстой. Ингэж байж л улс маань оройн дээд болно. Бид бол оройн дээд явж ирсэн гэдгээ ойлгох ёстой. Их хаадын үед ч, тэдний үр хойчийн үед ч тийм байсан. Шалгарсан шилдэг философио өөрсдөө авчирч нутагшуулсан бидний дээдэс бол гайхамшигтай, ухаалаг, чадамжтай ард түмэн. Тэдний тэр дархлаат чадвар ийм их зүйлийг авчирч өгсөн ачийг санаж, буян хураахын тулд бид өнөөдөр хойд насаа бодох ёстой. Хойд нас гэдэг бол ирээдүйгээ л бодно гэсэн үг. Ингэж хичээх учиртай юм. Гадна талдаа хичнээн сайхан тунгалаг байгаад дотроо амгалантай байж чадахгүй байгаа нь хэцүү. Аль аль талыг зөв хослуулах ёстой. Ялангуяа бурхны шашинтай бидний хувьд байгаль дэлхий, сав шимийн ертөнцтэй шүтэн барилдлагатайг ойлгох ёстой. Энэ цаг үед хөдөлшгүй орон болсон байгаль дэлхийд гэнэтийн үзэгдлүүд мэдрэгдэж давтамжууд ихэсдэг боллоо. Энэ бүхэн хаанаас эхтэй вэ гэхээр үйлийн үрээс л эхтэй.

-Ямар үйлийн үрээс болж байна гэж?

-Бидний үйлээс л болж байгаа. Энэ замба тив дээр байгаа долоохон тэрбум хүн өөрсдөө үүнийг эвгүйтүүлж байна. Гэтэл бидэнд ингэж болохгүй шүү гэж хэлсэн бэлэн ном сургаалууд маш их бий. Бүр гайхамшигтай, бид өөрсдийгөө мастер гэж хэлмээр. “Бүх хүнийг бурхан болох авьяастай” гэж бурхан багш айлдсан. Сүүлийн үед хүний хөгжил гэж их ярьж байна. Энэ нь дотроо хүн байх, олоход бэрх, эвдрэхдээ амархан, шүтээн болсон нарийн нандин биеийнхээ шимийг авч, чадамжийг гаргах тухай л яриа юм. Энэ тухай онцгой айлдсан Богд ламын сургаал бий. Үүнийг нэлээн түлхүү сайн анхаарах ёстой. Ингээд найрсаад сайхан явчих юм бол бид эв зохицолдоо орж, тэгш агуулах сэтгэлтэй, тэгш дүүрэн харьцаж, ажиллаж амьдрах болно. “Би” гэх том хүлгэндээ хүлэгдэж, би гэдэгтээ шунаж, тэр рүүгээ явж байгаад улс орноо тавиад туучихгүй байхыг л нэгдүгээрт анхаарах цаг болж дээ.

-Ийм цаг үед оюун санааны удирдагч, эхлэл нь МБШТөв байх ёстой гэж зарим судлаачид үздэг юм билээ. Гандангийн дэнжээс л онцгой гэрэлтмээр байна гэж. Гэтэл хотын төв дэх ганц гэр хороолол хэвээрээ л байх юм?

-Гандантэгчэнлин хий­дийн энэ дэнж газар бол 58 га газар. Манай улс бас ч тийм харанхуй биш шүү дээ. Тусгай хамгаалттай газар байгаа юм. Гэтэл үүнийг хэн ч биш болгоод, улс төрийн зорилгоор гэдэг юм уу, нэг сонгуульд хэрэгтэй гэж үзсэн үү, хувьчилчихсан. Дээр нь энэ дэнжид чинь хүмүүс зуу зуун жил амьдарсан болохоор бохир юм байлгүй яахав. Ялангуяа хотын төвд байгаа А зэрэглэлийн газрыг ийм байлгана гэдэг болохгүй л дээ. Гэлээ гээд өнөөдөр өөрсөндөө буй давуу байдлаа ашиглаад монголчуудыг дааж ирсэн олон зуун жилийн түүхтэй нарийн нандин шүтээн сахиус оршин буй, адис жанлав оршсон Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын газар оронд халдаж болмооргүй байгаа юм. Тийм санаархалтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тийм хүмүүсийн нас намбыг бодоход хойдох урдахаа боддог болчихсон, үр хойчийнхоо ирээдүйд санаа зовнидог насан дээрээ оччихсон л хүмүүс байгаа. Тийм болохоор Гандангийнхаа дэнжийн газар оронд учиртай, ухаалаг хандаарай гэж хэлэх байна. Гандан хийдийг зөв талаас нь зөв сэтгэлээр, зөв сэтгэхүйгээр, мөн чанар талаас нь харвал гэрэлтэж байгаа.

-Гандангийн дэнжийн 800 орчим айлын газрыг нэгэн олны танил улс төрч тэр жил сонгуульд нэр дэвшихдээ хүчээр хувьчлаад өгчихсөнийг мэднэ л дээ. Уг нь улсад, тусгай хамгаалалтад байх ёстой газар. Энэ нь өнөөдөр ямар их хор хохирол, зардал чирэгдэл болж байгааг харж байна. Гэхдээ энэ тухай та бид хоёр ярилцах нь хэн нэгнийг нэр цохон шүүмжлэхэд хүргэнэ. Ярилцлагын маань агаарт ямар бол. Нэгэнт ийм болгочихсон газарт одоо ямар гарц шийдэл байна вэ?

-Ганданг тойрсон 800 орчим айлууд манай ажилчин албан хаагчид биш. Монголын ард түмэн л байгаа. Таны ярьж байгаа үнэн л дээ. Хувьчлаад өгчихсөн. Одоо орчинд нь хөгжил дэвшлийг нь аятайхан болгох тал дээр нэлээд анхаармаар байгаа юм.

-Гандангийн дэнжийг тэр чигээр нь маш гоё цэцэрлэгжүүлмээр л санагддаг юм. Үүнтэй санал нийлдэг хүмүүс ч цөөнгүй байдаг?

-Одоо энэ хавь нь Улаанбаатар хотын цөм болчихлоо. Гадаад дотоодын олон мянган жуулчдын ганц сонирхдог газар нь. Нүүр царайг нь өөрчлөхгүй бол болохгүй. Үүний нэг дорвитой санаачилга нь наад цэцэрлэгжүүлэх чинь. Сүжиг бишрэлийн орон болсон энэ газарт хүн болгон санаа тавьж хөрөнгө оруулмаар байгаа юм. Улаанбаатар хот тэргүүтэй төр засгийн байгууллагууд, томоохон хувийн хэвшлүүд, ТББ-ууд хамтраад сайхан төсөл хэрэгжүүлж, наад зах нь сайхан цэцэрлэгжүүлье. Манайхыг тойроод л бүх шугам сүлжээ, дэд бүтцүүд явдаг. Төсөл хэрэгжүүлэхдээ уламжлалыг хадгалж, соёлжуулах ёстой. Аяндаа орчин нь соёлжоод ирвэл хүмүүс нь ч гэсэн дагана. 58 га газрыг хувьчилж өгөөгүй байсан бол их зүйл хийж болох байна. Бид өнгөрсөн хугацаанд сургалтандаа их анхаарч ирлээ. Одоо л аж ахуйн шинжтэй ажилдаа шамдангуй орж байна.

-Гандан хийдийн зүгээс гадны улсад газар авсан гэж дуулдсан, үнэн үү?

-Энэтхэгийн Бодгаяа гэж бурхны гэгээрсэн газар. Манай төр засгаас ч баталгаа гаргаж өгсөн. Тэндээ газар аваад монгол сүмээ барьчихсан. Манайхаас очиж сурч байна, ажиллаж байна. Энэ далимд хэлэхэд Гандангаас гадаадад 600-700 хүнийг сургаж бай­на. Ингэж сургаж байгаа байгууллага, яам тамгын газар байхгүй. Жинхэнэ монгол ёс заншлаараа Гандан байгааг ард иргэд зөв ойлгох учиртай. Үүгээрээ бахархах учиртай шүү. Гандангийн өмч хөрөнгө, өв соёл, уламжлал, дэг сургууль, тэр бүү хэл газар шороо нь хүртэл та нарынх, Монголын ард түмнийх. Тийм болохоор өөрийнхөө юм руу хялайж хардаг, нулимдаг байдлаа жаахан хазаарлаасай гэж боддог. Ялангуяа энэ сошиал ертөнцөд юм мэдэхгүйн харгайгаар нүгэл хураах юм байна шүү дээ.

-Монголын нийгэмд муу хэлүүлээгүй газар ч алга л даа. Ингэхэд Гандан дотор сүндэрлэх энэ том барилга одоо ямар зориулалттай, хэн захиалан бариулж байгаа, юунд ашиглагдах бүтээн байгуулалт вэ?

-Энэ бол Батцагаан нэртэй цогчин дугана байгаа юм. Цогцолбор юм даа. Засаг төрийнхөн юу бодож энэ байшинг төсөвлөсөн гэхээр их хэлмэгдүүлэлтийн үед хамгийн хүнд цохилтыг Монголын бурхны шашин авсан. Байгууллагынхаа хувьд бараг бүх сүм хийдээ устгуулсан. Хэлмэгдэж буу­дуулсан хүмүүсийн ихэнх нь лам нар. Дээр нь ард түмнийхээ сүсэг бишрэлийг ч бодсон биз дээ, төр засгаас “Бид барьж өгнө өө” л гэсэн. Намууд бүгдээрээ үүн дээр зөвшилцсөн байх гэж боддог. Монголын бурхны шашинд 1930-аад он хар дарсан зүүд шүү дээ, бурхан минь. Дуганыг захиалагч байгууллага нь БСШУСЯ юм.

-Энэ том дугана дотор чинь тэгээд юу байх юм. Боловсролын яамны зарим байгууллага орох юм уу?

-Яамнаас орохгүй. Гэхдээ бас лам нар орж суугаад тансаглах юм биш. Олон зуун жил хадгалагдсан ном судраас эхлээд асар их өв байна. Тэр бүгдийг гаргаж ирж эхний удаад музей хэлбэрээр тавина. Цагаан сар тэргүүнтэй хурлуудын үеэр бүх хурлууд нийлээд хурна гэхээр багтахгүй. Сүсэгтэн олон түмэн ч багтахгүй. Тэгэхээр хурлын том заал байх юм. Дотоодын төдийгүй гадаадын хурал номын ажил их болсон. Өндөр дээд зочин төлөөлөгчид их ирж ном хурдаг болсон гээд зориулагдана. Байнгын хурал номын ажилтай олон түмний сүсэг бишрэлийн эрэлт хэрэгцээг хангах газар юм. Монголын хувьд өөрийнхөө хэмжээнд нэлээн том, дориун бүтээл барьж байгаа нь энэ юм. Ирэх зургадугаар сард нээлтээ хийчих хүсэл эрмэлзэлтэй байгаа. Гэхдээ улсаас шалтгаалах зүйл байна.

-Та түрүүн сургалтандаа их анхаарч ирлээ гэж байсан. Өнгөрсөн жил УИХ-ын нэр бүхий гишүүд, тухайлбал Д.Сумъяабазар нарын улстөрчид шашны сургуульд бага насны хүүхэд сургахгүй. Эхлээд ерөнхий боловсролын сургуульд суурь боловсрол эзэмшүүлнэ. Ер нь лам болгоход нас заана гэх утгатай хуулийн төсөл санаачилж байсан. Таны бодол ямар байна?

-Манай сургалт хариуцсан хүн бол Да лам л даа. Гэхдээ хувийн бодлоо хэлье. Уламжлалт сургалт, уламжлалт гэрийн хүмүүжил... гээд тулж ажилласан үнэхээр онцгой сургалт байдаг. Тэгэхээр аль алиныг нь хослуулах л ёстой. Жишээ нь, Мамба дацангууд бол тухайн цаг үедээ Монголын нийгэмд эмнэлгийнхээ үүргийг онцгой сайн гүйцэтгэж ирсэн юм. Дүйнхэр, зурхайн дацан гэхэд тоо бодлого, одон орон судлал үзэх. Ингэж орлож ирсэн байна. Ерөнхий боловсролын сургалтыг сайн явуулах нь зүйн хэрэг. Энэ сургалт дотроо байгальтай яаж харьцдаг, зөв хүмүүждэг гэхчлэн үйлийн үр харгалздаг ийм сургалтыг тодорхой хэмжээгээр философийнх нь хувьд ч, ёс зүйнх нь хувьд шингээж өгмөөр байгаа юм. Насны хувьд бол багаасаа сурах нь сайн. Орчин үеийн боловсрол зайлшгүй чухал. Тийм учраас Шашны их сургууль тавдугаар анги хүртэл ерөнхий боловсролоо үзээд тавдугаар ангиас нь хойш шашны боловсролоо бага багаар нь ахиулан үзэж байгаа. Гэхдээ яах аргагүй авьяастай хүүхэд ирвэл багаас нь монгол бичиг гэхчлэн хослуулан үзээд явах нь нээлттэй. Мөн гадна дотны хэл соёлыг манай сургуульд судалж байгаа.

-Тухайлбал, Шашны дээд сургуульд англи хэл үздэг үү?

-Үзэлгүй яахав. Бүр уламжлалаараа манай сургууль чинь гадны хэл үзэж байж номоо ойлгодог сургууль. Гаднаа шар дээл­тэй лам л харагдана байх. Дотоод ертөнц, оюун санаа, цээж тогтоолтын хувьд гайхалтай хүмүүс байсан, одоо ч тийм байгаа. Суурь лам боловсролтой хүмүүс өнгөрсөн бүх цаг үед Монголын төрийн толгойд олноор байсан. Ер нь бол Монголыг авч явсан даа. Бүр сүүлд Улс төрийн товчоонд хүртэл Моломжамц гуай, Цэдэнбал дарга гээд олон томчууд анх хийдийн сургалтаар явж, тэнд ном үзэж эхэлсэн хүмүүс байдаг юм. 1911, 1921 оны хувьсгалын удирдагчдын оройд нь лам хүмүүс байсныг түүхээс бид мэднэ. Да лам Цэрэнчимэдээс эхлээд явна. Өнөөдөр Ганданд гадна дотны боловсролтой хүмүүс байна. Гадна талдаа хүнд мэдэгдээд байдаггүй. Аливаа эрдэм боловсролын дээд эрэмбэд гараад ирэхээрээ ямар ч хүн эргээд бурхны шашныг заавал судалж эхэлдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл үнэн зүйлд тулгуурласан байдаг.

-Дэлхийн II дайны үед Монгол Улсын төсөвт Гандантэгчэнлин хийд хамгийн их татвар төвлөрүүлдэг байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг юм билээ?

-Үнэний талтай. 1944-1946 оны хооронд хэлмэгдлийн хар шуурганаас дөнгөж үүдээ нээсэн Гандан хамгийн их татвар төлж, нийт орлогынхоо 50 орчим хувийг улсдаа өгч байсан юм билээ. Х.Чойбалсан гуайгаас эхлээд манайхыг сайшаан магтаж байсан баримтууд бий.Тухайн үеийн шинэ засгийн эдийн засаг болон улс орны оршин тогтнох бааз суурь нь жасын хөрөнгө ажилчид нь ядуу ангийн лам нар байсан. Аль ч нийгэмд бурхны шашин нөмөр нөөлөг болж ирсэн. Өнөөдөр монголчууд номгүй, шашингүй, сэтгэлгүй байвал баларлаа гэсэн үг. Хамгийн том дайсан энд л байгаа. Хамгийн том дайсан бидний дотор талд байж байна. Хамгийн том аюул бидний буруу сэтгэлгээ, буруу хандлага юм. Өнөөдөр монголчууд бид маш их ууртай байна. Их шуналтай байна. Энэ бол үнэхээрийн эмгэнэл. Үүн дээр монгол хүн бүр тогтож бодох ёстой.

-Ийм цаг үед, ийм болчихсон хүмүүс яах ёстой вэ?

-Өөр рүүгээ харах ёстой. Өглөө бүр өөр рүүгээ өнгийж сайн хар. Нийгмийн оюун санаа дотроосоо өвчилчихсөн байна. Хэрэгжүүлэх хууль ёс бүгд байна. Ганцхан зөв явах замыг буруу тийш нь залдаг монгол хүний нисванис буруу сэтгэл л хэцүү байна. Энийгээ л бид нар засна. Түмэн олонгүйгээр төр засаг гэж байхгүй. Түмэн олон өөрсдөө биеэ зас. Бид өөрсдөө сонгосон. Үүлэн чөлөөний наран дээр бид гайхалтай хурдан тэгширч авъя. Ингэхийн тулд бүгдийг муулдаг, бүгдийг хараар хардгаа зас. Хараар үзэх тусам үйлийн үр эргээд өөр дээр хараар ирдэг. Хүн рүү уурлахад хариуд нь уур л ирнэ. Уурыг ээж аав, багш нарын хэн ч зааж өгөөгүй. Номын дагуу явах ёстой. Ном нь үнэн нотолгоонд тулгуурласан байх ёстой. Ном бол засах гэсэн утгатай. Номын толинд өөрсдийгөө харах хэрэгтэй.

-Эргэн тойронд уур­лахаас өөр аргагүй асуудлууд их байна шүү дээ?

-Бусдын тусын тухайд бүгдийг бодох юм бол уур гарахгүй. Гараад ирсэн уурыг тэвчил хүлцлээр эмчилнэ. Өөртөө үл шингэх зүйлийг биедээ битгий авчирч наа. Хоол идсэн ч хэтрүүлж идээд үл шингэх болж өвчний эхлэл болдог шүү дээ. Бүх зүйл дээр өөрт үл шингэх зүйлийг анхаар. Өөрөөсөө давсан уур хилэнг бадрааж эд эсээ шатаан, даралтаа ихэсгэж, зүрхээ ачаалах хэрэггүй. Монголчууд бол ухаалаг ард түмэн гэж боддог. Гадна талыг бол яах аргагүй төрийн хуулиар зохицуулна. Хүний дотор талыг яах аргагүй шашнаар гэгээрүүлж, жолоодож авч явна. Энэ хоёрыг л зөв хослуулна. Хүн бол урт настай амьтан биш юм. Богино орчлонд буян хураах ёстой. Буян хураах гэдэг нь нүгэл хийхгүй л гэсэн үг. Нүгэл хийхгүй байна гэдэг шударга явахыг хэлнэ. Шударга явахын тулд үйлийн үрээ л харгалзаж чадвал тэгээд л зөв амьдрал болно доо.

-Сүүлд нь ганцхан юм асууя. Монголын ард түмэн ухаалаг, чадамжтай л гэж олон хүн ярих юм. Гэтэл энэ олон жилд ганц Нобелийн шагналтан Монголоос төрсөнгүй?

-Нобелийн шагналтан төрнө л дөө. Гадныхныг бүх талаар даган дуурайдгаа больчихвол төрнө. Олон улс дахь шинжлэх ухааны ололтуудыг авалгүй яахав. Үүн дээр чадамжаа нэмэх хэрэгтэй. Органик зүйлүүд, байгаль дээрх хамгийн шимтэй зүйлсийг монгол хүн авч чаддаг. Үүнийг хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл болгох хэрэгтэй. Үүн дээр нээлт хийх ёстой. Монгол маань жаахан дор орчихсон, колони сэтгэхүйтэй олон жил явчихсан учраас дийлэнх нь юм үзээгүй, хурдхан шиг баяжаад авъя гэсэн сэтгэхүйтэй байна. Одоо болж бүтэж байгаа хүмүүс нь жаахан бүтээлтэй болох юм руугаа тултал ажиллаж, тэвчээр гаргах юм бол дэлхий бидэнд сайнаар хандана. Бусдын уурыг бага хүргэж, өөр хоорондоо эв зүйгээ олж амьдарцгаая гэж залбирах байна даа.