ОХУ бол хуучин ЗХУ-ын арга барилтайгаар 2000 оныг золгосон. ЗХУ-ын үед хүчтэй байсан ч ирээдүйд насгүй арга барил нь тэдний амижлтыг хойш татаж, дэндүү тогтворгүй тоглолтыг үзүүлэх болсон. Арын нэг чөлөөт хамгаалагчтай хувилбар буюу манайд анхныхаараа орж ирсэн 3-1-3-3 хувилбар. Манайд урд довтолгооны бүсэд өөрчлөлт орж 3-1-4-2 болсон ч тоглох арга нь ерөнхийдөө хэвээрээ байгаа (өнгөрсөн жилээс зарим багууд арын дөрвөн хамгаалагч ашиглах болсон) энэ хувилбар 1990 он гарсан ч өөрчлөгдөөгүй нь Оросын тоглолтуудаас харагддаг. 1992 оны Европын аваргад Оросууд яг л энэ хувилбараа ашиглав. Дараагийн 1994, 1996 оны Дэлхий, Европын аварга Оросуудын хувьд нөгөө л улиг болсон хамгаалалт.


                                                                   Онопко
Тетрадзе                   Никифоров                                           Ковтун


Дээрх байрлал бол манайд хэрэглэдэг нэг цэвэрлэгчтэй хувилбар бөгөөд Оросуудын энэ хувилбар пост коммунист улсуудад бүгдэд нь хэрэглэгддэг байв. Болгар, Югослав, Румын бүгд үүнийг ашиглаж байсан ч, цагийн явцад өөрчлөлт орж, Болгар хамгийн сүүлд 1996 оны Еврод ашигласан бол Орост 2004 оны Европын аварга хүртэл оршин тогтнов. Манайд бол одоо болтол үргэлжилж буй энэ хувилбар өнгөрсөн жилээс бага зэргийн өөрчлөлтөнд орж байна.

Оросууд 2002 оны Дэлхийн аваргад оролцох эрхээ авахад Олег Романцев дасгалжууллаа. Түүнийг 1994-96 онуудад дасгалжуулаад болиход Борис Игнатьев, Анатолий Бышовец нар ажиллаад ч амжилт олоогүй бол, Романцев 2002 онд мөн л гавьсангүй. Амжилт олдоггүй шалтгаан нь адилхан. Олон дасгалжуулагч нэг арга барил. Таван дасгалжуулагч солигдоод бүгд Онопко, бүгд адилхан тоглогч, адилхан хувилбар. Гол сууриа өөрчлөөгүй байж, нэмэлт чимэглэлүүдийг солиод байсан хэрэг л дээ. Онопког тойруулсан тоглогчид өөрчлөгдөөд, тактик, тактикын гол хүн хэвэндээ. Эдгээр дасгалжуулагчид яг л нэг зүйл хэлж байсан нь “Бид авдараа уудлаад, уудлаад, өөр юм олдохгүй байна”. Үнэндээ тэдний хэн нь ч өөрчлөлт хийх аргаа олоогүй, мэдээгүй, хараагүй. Хамгаалалтаа өөрчилж мэдэхгүй байгаа хүмүүс хамгийн их шинэчлэгддэг довтолгоо тал дээр яах нь ойлгомжтой. 2002 оны Дэлхийн аваргад хамгаалалтын байрлал ийм байв.


                                                             Онопко
Соломатин                Никифоров                                        Ковтун
                                                            Смертин


Никифоров, Смертинтэй зэрэгцэж тоглох үед Онопко арын чөлөөт хамгаалагч болж, Никифоров, Онопкотой зэрэгцэх үед дөрвөлсөн гинж үүсэж байв. Гэхдээ эхний тохиолдол голдуу хэрэгжинэ. Амжилтанд хүрч байсан тохиолдол бий. 1988 он Европын аваргын мөнгөн медаль, Югославын 1992 оны Европын аваргад оролцох эрх авсан (Югослав Европын аваргын эрх авсан ч, иргэний дайны улмаас шилдэг 16-аас хасагдаж оронд нь хэсгийн хоёрдугаар байрт Дани орж Европын аварга болсон), Болгар 1994 оны Дэлхийн аваргын дөрөвдүгээр байранд орсыг дурьдаж болно. Болгарын алдарт хамгаалагч Трифон Иванов, яг Онопко шиг тоглож байлаа. Оросоос ялгаатай нь тэд гоол оруулдаг байсан бөгөөд амжилт нь өдрөөс өдөрт буурсан.



2002 оны эхний тоглолтонд Тунисыг 2-0-ээр хожиход өөрсдийн хувилбараа болж байна гэж байсан ч илүү чадварлаг Япон, Бельгийн эсрэг амжилт олсонгүй. Чадвар муутай багуудад амжилт олох болсон энэ тактикын хүчээр, хоёр гоол бүтээсэн Сычёв биш Никифоров тоглолтын шилдэг болж байв. Зөвхөн үр дүнгээ хараад болж байна гэж шийдсэн эхний тоглолт, шалтгаанаа олоогүйн балаг нь сүүлийн тоглолтуудад харагдав. Хуучин тоглогч, хуучин тактик нь дэндүү ойлгомжтой байж, илүү чадвартай багууд тэдний хамгаалалт сэтийг цохиж, бутаргаж байлаа. Та бүхэн дээд лигт, сонирхогчдын тэмцээнд тоглодог бол яг л танай тоглодог цэвэрлэгчтэй хувилбар. Энэ хувилбарыг арын дөрвөлсөн гинж ядах юмгүй сайн гүйцэтгэдэг болж, заавал арын тоглогчгүй, хоёр төвийн хамгаалагч тухайн нөхцөл байдалд тохируулан алин ч хийдэг болсон. Харин 18 настай залуу Сычёв бүх гоолд оролцож өөр өнгө оруулсан ч, тэр өнгийг олж хараагүй нь 2004 оны Ярцевийн багаас харагдав. Онопко байхгүй ч, тактик хуулчихсан юм шиг адил. Хэрвээ Онопко зодог тайлаагүй бол авах байсан гэж бодмоор. Үүнээс харахад 30-40 жил шинэчлэл багатай өссөн хүмүүс шинэ юм хийх, бүр олж харах ямар ч чадваргүй болдог байж болох юм (Оросууд спортын бүх төрөлд давамгайлдаг байсан бол жил ирэх тусам чанараа, байраа алдаж байна). Өмнөх юм аа сайн мэддэг байж болно, харин шинэ юм мэдэхгүй бол хуучнаа сонгоно шүү дээ. 2002 оны гоолууд бүгд Сычёвыг талбайд байхад орж байсан нь нэгийг үгүйлнэ. Тэрээр талбайд байхаас гадна бүх гоолд шууд утгаар оролцож гурван дамжуулалт, нэг гоолтой дуусгасан.

2004 оны шигшээд Онопкогийн байранд Шаронов тоглосон боловч эхний тоглолтондоо улаан авч, Бугаев оролсон.


                                                                              Шаронов
Евсеев                         Смертин                                                         Сенников
                                                                            Алдонин

Гусев                              Лоськов                                                       Измайлов
                                                                             Аленичев

                                                          Булыкин


Онопког байхгүй болгочихвол болчих юм шиг хуучин хувилбар сонгогдсон. Ярцев аминдаа тоглогчдоо тоглолт бүрт өөрчилж байсан ч амжилт ололгүй хэсгийн сүүлийн Грек дээр 4-4-2 хувилбар сонгосон нь амжилт оллоо. Үр дүнгээр Орос хожиж, тоглолтын хувьд ч илүү байв. “Азаар” хоёр шартай Смертин тоглохгүй болж (хоёр шар аваагүй бол Ярцев яах байсан бол?), Алдониныг суулгаж хоёр төвийн хамгаалагч Шаронов, Бугаевтай гинжин хамгаалалт үүсгэсэн нь хожилд хүргэжээ. Оросууд том тэмцээнд ашигласан сүүлийн энэ хувилбар дуусгавар болж байх үед Грек төстэй харьцангуй сайжруулсан хувилбар ашиглаж аварга болсон. Арын хамгаалалт төстэй боловч хагас хамгаалалт, довтолгооны байрлал эрс өөр. Үүнийг Грекийн шигшээ дээр тайлбарлах учраас үлдээе. Дээр нь Оросын гол тоглогч Мостовой Испанид хожигдсоны дараа “Угаасаа бид Испанийг хожихгүй байсан” гэж хэлээд бэлтгэлийн баазаасаа хөөгдөж багийн уур амьсгал ямар байгааг харуулсан юм.

Евро дуусаад Юри Сёмин Дэлхийн аваргын урьдчилсанд Португал, Словакын ард үлдсэний дараа Оросын хөлбөмбөгийн холбоо хөдөлгөөнд орж, Виталий Мутко ерөнхийлөгч болов. Түүний хийсэн гол ажил Орос дасгалжуулагчид дэлхийд өрсөлдөх болоогүйг мэдэж, Австралиас Гүүс Хиддинкийн хугацаа дууссаны дараа өндөр цалин, сайн нөхцөл санал болгон авчирав.
   
Хиддинк ирснээр Оросын хөлбөмбөг алтан үе шигээ сэргэж эхлэв. Нөөц сайтай улс аргаа олж зовох юмгүй дээшиллээ. Арга нь чадварлаг мэргэжилтний гачигдал. 2008 оны Еврогийн урьдчилсанд Английг талбайдаа хожиж улмаар үхлийн хэсгээс Хорватыг дагаж, хөлбөмбөгийн эх орныг гэрт нь үлдээжээ. Хиддинк Оросын клубуудын бэлтгэлийг нууцаар үзэн тоглогчид сонгож байв. Спартакын сэлгээний тоглогч Торбинскийг гэнэт шигшээд дуудсан нь нэг жишээ. Учир нь Оросын дасгалжуулагчид хуучинсаг, сайн залуусаас илүү туршлагатай тоглогчиддоо итгэл хүлээлгэн талбайд гаргадагийг тааварлаж байсан учраас бэлтгэл дээр залуусыг нь харахаас өөр арга байсангүй. 2008 онд Торбинский Нидерландын хаалганд ялалтын гоол оруулж хагас шигшээ хүргэж байсныг хөлбөмбөг сонирхогчид санаж байгаа байх. Хиддинк Оросын шигшээг өндөр амжилтанд хүргэж Аршавинаас эхэлсэн Европын баруун зүгт чиглэх тоглогчдын тоо өссөн. Смертин шиг Чэлсид Абрамовичийн бэлэгдлийн чанартай очихоос илүү өөрсдийн чадвараараа Арсэнал, Тоттэнхэм, Эвэртон болон Германы лиг рүү тоглогчид импортлогдов. Дараа нь 2010 оны Дэлхийн аваргад орж чадсангүй. Хэсгээр хоёроор гарч Словентэй нэмэлт тоглолт хийх болов. Эхний тоглолтонд 2-1-ээр талбайдаа хожиж, 3 хоногийн дараа болох хариу тоглолтын өмнө Оросууд дасгалжуудагчдаасаа нууцаар шоудаж Акинфеев, Билялетдинов нар үлдсэн гэдэг. Тоглолтын хувьд илүүрхсэн Оросууд Дэлхий аварга явах нь ойлгомжтой гэж бодсон уу хариу тоглолтыг ойшоосонгүй. Уг нь Англи, Герман гээд томоохон лигт тоглодог төлөөлөгчидтэй боловч “Орос зан”-г барьж дийлсэнгүй. Хөлбөмбөг шинжлэх ухаан болчихсон ямар хоол хүнс, уух зүйл чухал гэдгийг муухан эмчээс сайн мэддэг мэргэжлийн хөлбөмбөгчид шүү дээ. Словенд 1-0-ээр хожигдоход Кержаков унасан хаалгач руу өшиглөж хоёрдугаар үе эхлэхэд суусан нь бүр ч нэмээс болжээ. Орос Өмнөд Африк явж чадсангүй. Оросууд Хиддинкт биш сахилгагүй тоглогчидоо бурууг тохов. Хиддинк гэрээ нь дуусч Зенитийн Нидерланд дасгалжуулагч Дик Адвокаат ирлээ. Адвокаат Хиддинкийн амжилтыг цааш үргэлжлүүлж Евро 2012-д оролцох эрх авсан юм. Гүүсийн бэлдсэн сайн хөрсөн дээр Адвокаат ирсэн бөгөөд өмнө нь БНСУ-д яг ингэсэн юм.
    
Энэ Европын аваргаар сул хэсэгт орсон нь хэсгээс гарах боломжыг олгож буй. Тэд сүүлийн 20 жилийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.

Магадлалтай гараа


                                                      Акинфеев

Анюков                 В.Березуцкий                     Игнашевич             Жирков

                                                      Денисов

                           Зырянов                                   Широков

Загоев                                                                                          Аршавин
 
                                                   Павлюченко


Хэрвээ Акинфеев гэмтлээс ирэхгүй бол Анжигийн Габулов хаалган дээр зогсоно. Ар тал суларна. Сайн хамгаалагч гарч ирдэггүй Оросод Игнашевич гарч ирсэн нь хамгаалалтыг найдвартай болгож буй. Анюков, Жирков гэсэн довтолгоонд тун чиг идэвхитэй жигүүрүүд байгаа нь сайшаалтай. Хамгаалахаас илүү довтолгоонд жигүүрийн тоглогчийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Анюков урагш хурдтай гүйж дамжуулалтаар хангадаг бол Жирков илүү олон талт тоглолт үзүүлдэг. Төвийн хагас хамгаалалт чадвар өндөртэй. Дээр нь үргэлж хамт тоглодог Зенитийн хослол, Европын тавцанд гялалзаж байгаа. Денисовыг магтахгүй байхын аргагүй. Хамгаалалтын урд талд гайхалтай тоглож байгаа нь Семакын 2008 оны мундаг тоглолттой адил. Илүү хурдтай, зоригтой. Адвокаат урьдчилсанд түүнийг сонгож байгаа нь Денисов туршлагатай, тоглолт унших нь сайжирч болно, харин Семак хурдтай, зоригтой тоглож сурахгүй гэдэг шалтгаан байж болох юм. Зырянов, Широков хамгаалалт, довтолгоонд сайн оролцож, ямарч хувилбарт дасан зохицон хувьсах чадвартай. Ямарч хувилбар тактикт шилжсэн тэд хүссэнээрээ тоглодог. Широков 2008 онд Испанитай хийсэн эхний тоглолтонд төвийн хамгаалалтанд Колодинтой тоглож байсан учраас хамгаалалтыг сайн хийдэг. Сүүлийн хэдхэн жилд гоол оруулах тал дээр сайн байгаа бол Зырянов бол Оросын Лампард. Довтолгоо тал дээр Оросын гол авьяас харагдаж байгаа. Аршавин, Загоев хоёр анхны байрлал жигүүрт боловч голдуу төв руу орж тоглодог. Довтолгооны гурвал дээр арын хоёр хагас хамгаалагч алсын цохилтыг сайн гүйцэтгэдэг. Оросын хувьд голдуу дундаж байдаг л довтлогчидтой байсан бол одоо Павлюченко, Погребняк, Кержаков гурваас сонголт хийхэд урамтай байна. Аршавин хоёр дахь довтлогч болж Загоев үндсэн довтолгооны хагас дээрээ тоглох хувилбарч байж болно. Оросын довтолгооны үед голчлон шилждэг хувилбар.

                              
                         В.Березуцкий                                     Игнашевич
                                                        Денисов

                    Широков                                                    Зырянов
Анюков   
                                                                                                        Жирков             
                                       Загоев               
                                                             Аршавин

                                         Павлюченко              


Широков, Зырянов хоёр бөмбөгний ард байрлаж, нэг нь урагш орж тоглоход нөгөөх нь голруу шилжиж Денисов хоёр хамгаалагчтай зэрэгцэж тоглоно. Зарим тохиолдолд хоюул урагш тоглож довтолгоонд хүний давуу байдлыг төвд үүсгэж, Денисов төвийн хамгаалалтын урд тоглодог. Жигүүрийн хамгаалагчдаас Анюков гоцлон тоглолтыг бага хийж хагас хамгаалагч, довтлогчдын гаргаж өгсөн бөмбөгийг дамжуулалт болгодог бол Жирков араас хуурч орох, нэгийн эсрэг нэг тоглох Анюковыг бодвол төвруу орж тоглох нь элбэг. Түүнийг урагш төв руу чиглэж тоглоход Зырянов заримдаа Игнашевич зүүнд орж ирдэг. Игнашевич тоглолтоос шалтгаалж урагш бөмбөг тууж орох тохиолдол гардаг. Загоев, Аршавин нар жигүүр, төв аль ч талбайд чөлөөтэй тоглолт хийдэг. Оросын зүүн жигүүр довтолгоонд илүү чадвартай бөгөөд Павлюш зүүнд тоглох үе ч бий. Загоев төвийн найруулагчийг Аршавинаас илүү хийж байгаа. Орос найдвартай тоглолт үзүүлж байгаа нь дээд түвшиний баг хэдийнээ болсныг харуулж байна. Сайн тактик, ганц хоёр тоглогчийнхоо хүчээр явдаг биш багийн чадвар нь дээрх зүйлүүд дээр нэмэгдсэн. Одоо бол Орос ямарч багийн хувьд хүчтэй өрсөлдөгч. Сэлгээний тоглогчид нь гараанаасаа дутахгүй тоглолтыг үзүүлж чадна. Семшов хагас хамгаалалтанд гараанд тоглохгүй гэх баталгаа үгүй. Денисов сууж Семшов, Широков, Зырянов төв тоглоход довтолгоонд олон хувилбарыг үүсгэдэг. Малафеев, Алексей Березуцкий, Торбинский, Быстров, Семак гэсэн хууччуул сэлгээнд бий. Оросын залуусын ирээдүй тун чиг гэрэлтэй байгаа. Загоев хэдийнээ од болж Манчэстэр Юнайтэд гэх мэт томчуудын анхаарлыг татсан бол 21 нас хүртэлх шигшээ нь Европын аваргын урьдчилсан тоглолтонд дөрөв тоглож, дөрөв хожсон амжилт үзүүлж байна. Португалын залуусыг 2-1-ээр хожсон юм. Артем Зюба гэж том биетэй шинэ довтлогч гарч байгаа ч Павлюченко, Погребняк, Кержаков, Аршавин гэсэн дөрвөн довтлогч Еврод ирэх болов уу. Марат Измайлов гэж Португалын Спортингийн хагас хамгаалагч байгаа ч, шигшээд 2006 оноос хойш дуудсангүй. Оросын шилдэг залуу тоглогч болж, гудамжаар явсан хүмүүсээс энэ хүнийг таних уу гээд нэвтрүүлэг явж байхад бүгд таньдаг болчихсон од байв. 19 наснаасаа шигшээд тоглох болсон Измайлов маш хүнд гэмтэж шигшээ байтугай Локомотивд гараанд гарахаа больж Португалд очсон. Тэнд сайн тоглож байгаа ч түүнийг мартсан бололтой.

Баруунд Анюков, Загоев, Широков, зүүнд Жирков, Аршавин, Зырянов гэсэн гурвалжин үүсдэг. Гурвалжингаас ромбо руу шилжинэ. Оросууд талбайн турш ромбо үүсгэхийг зорьдог. Гэвч зарим тохиолдолд тоглогчдын ур чадвар буюу техник, бөмбөгтэй эргэлт, бөмбөггүй гүйлт, хувийн санаачлага дутагддаг. Хөлбөмбөгт гурвалжин үүсгээд дараа нь ромбо болгох нь чухал бөгөөд Барсэлона үүний хамгийн сайн хийдэг. Заалны хөлбөмбөгийн энэ арга барил шууд бууж ромбо хэлбэрийг талбайн бүхий л хэсэгт үүсгэж тогловол ашигтай.

Жишээ болговол:
                                        
                                                  Пикэ
                   Пуйол                                                 Абидал
                                                 Бүскэтс
     Алвэс                     Шави                       Кэйта            Иниеста

                  Пэдро                       Мэсси

          
Дээрх зургаар бүхий л хэлбэрт ромбо болж байгааг харж байна. Мэсси Кэйта, Иниеста нарын урд тоглох үед ч ромбо үүснэ. Пикэ хоёр тийш жоохон хөдлөж, Бүскэтс арагш хэд алхаад өөр ромбо үүсч болно гээд олон арга байж болно. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох боловч үндсэн сэдвээсээ хазайх болж байна.

Оросууд хэсгээсээ гарч шөвгийн наймд ахиад Нидерландтай тогловол ашигтай байж магадгүй. Адвокаат хоёр ч удаа шигшээгээ дасгалжуулж 2004 оны Еврод хагас шигшээ хүргэсэн. Роббэнийг шигшээ багийн хувьд гаргаж ирсэн хүн юм. Тэгэхээр өөрийн шигшээгээ сайн мэдэх нь гарцаагүй.

Бидний хувьд өөрсдийн шигшээ баг маань тийм ч сайн биш учраас олон улсын дэвжээнд Оросыг дэмжсээр ирсэн. Дэмждэггүй ч гэсэн мэдээллийг нь сонсохыг хүсдэг. Манай хөлбөмбөгт орж ирсэн (бүхий л спортод) бүх зүйл хойноос боловч ОХУ, Зөвлөлт арга барил, системээс салсаныг хөлбөмбөгийн шигшээ нь тодхон харуулж байна. Орчин үеийн, шинэчлэлтэй Оросын хөлбөмбөг урьдчилсан сугалаанд нэгдүгээр потын баг болж, шигшээ сугалаанд хоёрдугаар потын баг болж, дотоод лиг нь Европын хэмжээний лиг болж байна. Ганц, хоёр баг Европ тоглодог байсан үе өнгөрч Зенит, ЦСКА, Спартак М, Локомотив М, Анжи, Динамо М, Рубин багууд тэнцүүхэн үзэх болж зөвхөн нийслэлийн баг ноёлдог үе өнгөрчээ. Алс Дорнод Владивостокын Луч-Энергия Премьер лигт гурван жил тоглосон нь саяхан. Орост хөлбөмбөг хөгжиж байна.