-Социализмыг шорон байсан хэмээн өнөөдөр хэлэхэд 25-аас доош насныхан бараг л үнэмшинэ. Ер саяхны мэт боловч ардчилсан либерал нийгэмд бүхэл бүтэн үе байжчихсон байна. Социализмыг эргэн санагалзах нь өнөөдрийн хямралын үр дүн л дээ. Угтаа шорон, за зөөлөн хэлбэл хуаран байсан нь үнэн, тэр шоронд хүмүүсийг өөрийгөө аз жаргалтай хэмээн төсөөлөх хэмжээнд хүртэл тархийг нь угааж байсан гэвэл...  Яагаад гэхээр өмчгүй, эрх чөлөөгүй, тийм учраас санаа зовох хайрлан хамгаалах юмгүй байсан. Санаа зовохгүй байсныгаа хүмүүс жаргалтай гэж дүгнэдэг гэх мэтээр ...яриад байвал яриад л байна.

-Эхлээд тэр нийгмийн чиг баримжаатай социалист нийгэмд амьдарч байсан, дараа нь энд “ардчилсан” Монголдоо болон Баруунд амьдарч, энэ амьдралуудыг харьцуулж чадах хүмүүсээс тэр үеийн социалист чиг баримжаатай нийгэм дэх амьдрал тань “шоронд” байсан уу гэдгийг, ер нь улс нийгмийн шорон гэж юу байж болохыг асуух хэрэгтэй л дээ. Би л лав өөрийгөө болон бусад бүх хүмүүсийг ийм “шоронгийн” хоригдлууд байсан гэж бодохгүй байна. Аливаа юм зүгээр нэг зурагтаар үзэж хараад, вэб сайт, сонин сэтгүүлээс уншихад биш харин бодит амьдрал дээр харьцуулж үзэж байж л зөв ойлгогддог жамтай. Жишээ нь, ТВ-ээр явж байгаа тансаг амьдралын ихэнх зураглалууд нь тайзны засал гэдгийг, манай бодит амьдрал кино хоёрын хооронд их зөрүүтэй гэдгийг хүн бүр харж ойлгож байгаа.

Хүмүүс үүнийг ойлгодог мөртлөө яагаад аливаа үзэл суртал, номлолын тухай ярихаараа үүнийг мартчихдаг, ойлгохыг хүсэхээ больчихдог нь гайхалтай. Шорон гэж ярьж байгаа тэр хүмүүс үнэгүй боловсрол эзэмшсэн, үнэгүй байр сууцанд орсон, эрүүл мэндээ үнэгүй хамгаалуулж байсан хүмүүс байгаа шүү дээ, яахаараа тэд үүнийгээ мартчихаад одоо залуу үеэ өнгө мөнгө-өрийн дөнгөнд хийгээд байгаа юм бэ? Үнэгүй гэдэг нь тэр хүнээс бол шууд мөнгө гараагүй гэсэн үг, ард түмэн дундаасаа нийлүүлсэн хөрөнгө мөнгөөрөө төрөөр дамжуулан бие биенийгээ харилцан дэмждэг тогтолцоо байсан, ингэхдээ шударга эрх тэгш байдал, гол нь тухайн хүний нийгмийн оролцоог нь зөв үнэлэхэд анхаарч байсан шүү. Алдаа завхралууд бол байсаан, харин гол зарчим нь хүний амин чухал үндсэн хэрэгцээг /хэрэглээг бус!/ харилцан хангахын төлөө үзэл санаа, тогтолцоо байсан. 

Бид энэ түүхийг ярихдаа манай улс Хүйтэн дайны нөхцөлд, социалист орнуудын нэгэн адил гадаад дотоод олон зүйл дээр шахалт, хавчилган дунд байсан гэдгийг мартаж болохгүй юм. Тэр үед, социалист нийгэмд жинсэн өмд хувцас ховор, лаазтай ундаа, цагаан бохь, Битлзийн пянз ховор учир сонин чамин байсан нь үнээн. Яг эдгээр хэрэглээний эд юмсыг өрнөдийнхөн “Хүйтэн дайны” суртал нэвтрүүлгийн хүчирхэг хэрэгсэл болгосон бөгөөд эцэстээ нийгмийн, ялангуяа залуу үеийн сэтгэл зүрхийг эзэмдсэн учир тэдэнд гаднаас нь тусалж байгаад тэдний гараар энэ нийгмийн байгууламжийг нураалгасан шүү дээ. Энэ бол социалист байсан орнуудад болсон үйл явдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн факт, түүхийн баримтууд юм.

Гэхдээ тэрхэн түүхэн зурвас үед монголчууд бид түүхэндээ хүн ам нь бүрэн бичиг үсэгт тайлагдаж, нийгэм нь бүхэлдээ эрүүлжиж, орчин үеийн инженер техникчидтэй, багш эмч нартай, боловсролтой сэхээтнүүдтэй, дадлагажсан ажилчидтай, хүн амын тоо нь 4-5 дахин өссөн, дундаж наслалт нь бараг 2 дахин өссөн байсан, орчин үеийн хот суурингууд боссон, хөнгөн аж үйлдвэрлэлийн цогцолборууд, нэгдэл САА-нууд, төмөр зам, харилцаа холбоо гэх мэт маш олон зүйлүүдийг хийж бүтээсэн, бүтээхэд оролцсон, ер нь хүний төлөө нийгмийн хамгийн гол суурь бүтцүүдээ богино хугацаанд байгуулсаныг мартаж болохгүй юм шүү.



-Хэрэв либерал индивидуализмаар биш өөрөөр хэлбэл “Би ямар болсон бэ? гэдгээр биш бид ямар болсон бэ?” гэж нийгмийн талаас нь харвал гарцаагүй тийм. Энэ бол үндэсний хувьд маш том дэвшил байсан...

-Тэр үеийн удирдлагуудад сайн ч амжилт их бий, бас алдаа ч багагүй бий гэж үздэг. Өнгөрсөн түүхээ үгүйсгэж нулимвал яадгийг бид мэдэж байгаа. Социалист нийгэмд асуултууд бол байсаан, харин дотоод суурь тогтолцооны гажигууд бол харьцангуй бага харин нөөц бололцоо хүчтэй хязгаарлагдсан байсан.

Энэ бүхнийгээ бид гаднын “эелдэг” заавраар нураан бусниулж өгч гадаадын хэрэглээний эд зүйлсээр, мөнгөтэй бол худалдан авах боломжоор нь “арилжиж сольсон” шүү дээ. Одоо бид гадаадын жинсээ өмсөж, гадаадын лаазтай ундаагаа ууж, гадаадын бохио зажилж, гадаадын дуу хөгжим дөжиртлөө сонсож, гадаадад виз гарвал зорчиж, гадаадын бүх л зүйлийг эдлэж хэрэглэж идэж ууж, гадаадаар “хүмүүжиж заалгаж боловсорч” байна. Гэхдээ хүлээгээрэй, “Хэрэглэгчийн дон” туссан улс үндэстэн болсон бид бүхэн ядаж энэ хэвээр цаашид тусгаар оршин тогтнож байж чадах уу, ийм боломж байгаа юу. Одоо бидний олонх, нийгэм маань бүхэлдээ хэрэглээний хүрээнээс нь л халивал олон зүйлийн учрыг мэдэхгүй, залуу үеийн маань эрүүл мэнд, мэдлэг боловсролтой сул дорой, улам л хийх бүтээх чадавхгүй, ийм хүсэлгүй мөрөөдөлгүй болсоор байна. Улс орон маань гадна талаас бүрэн хараат болсон байгаа. Үүнийг тэгвэл юу гэж нэрлэдэг юм бэ?

Хувийн өмч хөрөнгө л хүнийг эрх чөлөөтэй болгодог гэж гадныхан номлодог, үүнийх нь учрыг нь одоо болтол ойлгохгүй байгаа даган баясдаг хүмүүс бас байдаг. Тэгвэл ард түмний өмчийг хувьчлал нэрээр луйвардан залилж заримыг нь нураан сүйтгэхийн оронд одоо ардчилсан, эрх чөлөөтэй болсон юм бол яг зэрэгцүүлээд бүтээгээд босгоод чөлөөт зах зээл дээрээ өрсөлдөөд гараад ирэхгүй яасан юм бэ? Энд л гол заль нь байгааг, үүнийг л би хоосон догмуудад итгээд байна аа гэж хэлээд байгаа хэрэг. Би ч бас нэг үе ингэж бодож явсан, сургаар итгэх бус харин суралцаж ялангуяа эдийн засгийн мөнгө-санхүүгийн цаад далд механизмуудыг өөрөө судалж үзээд энд олон зүйлүүд нь яг эсрэгээрээ болохыг ойлгосон хэрэг. Эдийн засгийг судалж ойлгоход өмнөх инженерийн боловсрол, сэтгэлгээний логик зарчмууд, шалгуурууд нь их хэрэг болсон гэж бодож бахархаж явдаг.

Айл гэр бүлүүдэд амины өмч бол өмнөх нийгмийн үед ямар нэг хэмжээнд байсаан. Харин хувийн өмч бол байгаагүй. Хувийн өмч гэдэг бол хүний амины хэрэгцээнээс илүү их, голдуу нэмүү ашиг олох зорилготой хөрөнгө-актив юм. Зөвхөн ийм актив хөрөнгө эзэмшиж байгаа гэдэг энэ факт нь өөрөө эргээд бүтээсэн нэмүү өртгийн дийлэнхийг өмчлөн авах эрхийг олгож байгаа гэсэн үг юм. Үүнийг цааш нь ухаж судлаад үзвэл бүх зүйл ойлгогдоно доо. Ер нь капитализм гэдэг үгийн язгуур утга болсон капитал буюу хөрөнгө, мөнгө активын учрыг, түүний цаад далд механизмуудыг, мөн чанарыг судалж үзэхээс нааш, ямар нэг хэмжээнд ухаарахаас өмнө “ойлгож байгаагаараа” хамаагүй ярих нь их гэнэн хэрэг юм.

-Өнөөдөр социализм, капитализм гэж ярихаа болиод байгаа юм биш үү? Монголд ч нам нь баруун зүүн байхгүй, онол үзэл санаа байхгүй, ер нь яг юу байна аа, бидний толгойд?

-Хүмүүс өөр нэг, цоо шинэ үзэл санаа гарч ирэх юм шиг ойлгоод хүлээгээд байгаа юм шиг байдаг. Хамгийн энгийн хэлбэл олонхийн сайн сайхны төлөө юу, эсвэл цөөнхийн ноёрхлын төлөө юу гэдэгт асуудлын гол гогцоо нь байгаа юм. Тиймээс өөр нэг цоо шинэ үзэл санаа гарч ирэх нь юу л бол, харин үнэмлэхүй цөөнхийн санхүүгийн бүрэн ноёрхлын төлөөх одоогийн нэгэнт бүрдсэн энэ тогтолцоог яаж том үймээн самуунгүй, дайн дажингүй өөрчлөн хувьсгах вэ гэдэг асуудал байгаа юм. Бидэнд номлоод байгаа барууны либерал ардчиллын үзэл суртал нь яг үнэн хэрэг дээрээ хаа холын монголчууд биднийг шударга эрх тэгш, хүний эрхийг дээдэлсэн, авилгалгүй байлгах гээд чин сэтгэл тавиад хэрэг үү, аль эсвэл энэ нь ердөө өөр юмны шалтаг, өөр зорилгын халхавч төдий зүйл үү гэдгийг манай хүмүүс сайн ухаж ойлгох хэрэгтэй дээ. “Ажиглаж байдаг нь олж хардаг, чагнаж байдаг нь олж сонсдог” гэж үг бий. Мэдээж хэрэг, үүнд үзсэн сонссон “зэрэглээнүүд”, заалгасан догмууд биш харин шалгаж болох бодит тоон мэдээлэл, өөрийн олж авсан мэдлэг боловсрол их чухал үүрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд бол 2,7 сая, цөөн хүн амтай, эрс тэс цаг уурын нөхцөлд эмзэг амьжиргаатай, эдийн засгийн чадавхи сул, явцуу бүтэцтэй болсон байгаа гэх мэт маш олон гарааны суурь нөхцөлтэй Монголын хувьд барууны үзэл суртал, цаад зорилго нь таарахгүй, ер нь Баруун шиг мөнгө санхүүгийн боломж, цэрэг улстөрийн хүч чадал байхгүй юм. Учир иймд бид хүн амаа аль болох өсгөх, чанаржуулах, жижиг үндэстний эдийн засгийн тэлэлт, чадавхиа бий болгож бэхжүүлэхийн тулд юуны өмнө хүний төлөө, нийгмийн төлөө чиг баримжаатай улстөр, эдийн засаг нийгмийн тогтолцоо зайлшгүй гэж үздэг. Энэ бол социализм, капитализм гэж цэвэр үзэл суртлын талаасаа бус бодит нөхцөл нөөц боломжууд, цэвэр прагматик тооцоо судалгааны талаасаа ийм юм.

-Өнөөдөр дэлхий нийтэд либерализм нуран унасан тухай ярьцгаах болов. Яг л нэгэн цагт “перестройка” коммунизм нураалаа гэдэг байсан шиг “Оккупай” либерализмын үндсийг мэрж байх шиг. Гэтэл өнөөдөр зарим хүмүүс “Либерализмын эсрэг дайн зарласан байна”, либерализмаа хамгаалья гэсэн юм ч яриад байна. Ингэхэд тэд яг юуг хамгаалах гэж байгаа юм бол?

-Либерал үзлийн гол төвд барууны нийгмийнх шиг дундаж ангийг бий болгож бэхжүүлэх, дундаж ангид баримжаалсан, чухамдаа тэд л энэ үзэл санааг голлон тээж авч явах ёстой гэж номлодог. Гэвч 1980-аад оны дундаас энэ тансаг хэрэглээтэй чинээлэг дундаж ангийг цэвэр улстөрийн үзэл суртлын зорилгоор Барууны нийгэмд “зээлээр” бүтээж социалист орнуудад харуулж биднийг хошгируулж байсан юм шүү дээ.

-Манайх ч социализмын шилэн витрин шахуу байсан.

-Барууны орнуудад нөгөө “Хүйтэн дайны” үед суртал нэвтрүүлгийн хүчирхэг зэвсэг болгон ашиглаж байсан дундаж анги, ер нь хүмүүсийнх нь ихэнх нь хөлс хүчээрээ олсноос илүү их эд юмсыг зээлээр авч хэрэглэж баян тансаг амьдарч байсан эрин үе дуусч байна. Одоо барууны дундаж ангийг ингэж ашиглаж байх ийм хэрэгцээ нэгэнт байхгүй болсоон, тэгээд ч бас зээлээр цаашид хэрэглэх нь өр-зээлийн талаасаа математикын хувьд боломжгүй болчихоод байгаа юм.

Дундаж анги тэнд түүхэн үүргээ гүйцэтгэсээн, социализмыг нураан бүх дэлхий дахинг маш цөөнх капиталын эздийн гарт хийхэд “шилний цаадах чихэр” нь болж харагдаж байсан юм шүү. Тэдний эдийн засаг, амьдралын түвшин одоо хурдацтай унаж зөвхөн мөнгө хэвлэж зээлээр цутган торгоон барьж байгааг бид харж байна, энэ хямрал нь тэд бидэн шиг зөвхөн олсон хэмжээгээрээ эдлэж хэрэглэх буюу энгийн эрүүл ухааны тэр байх ёстой түвшиндээ хүртлээ үргэлжлэх байх. Энэ нь өнөөгийн гажиг загвартай болгосон дэлхийн эдийн засгийг бүүр ч их хэмжээгээр унагана, ингэхээр тэнд ч хүний төлөө нийгмийн социалист уур амьсгал, чиг баримжааг улам их сонирхохоос өөр аргагүй болгож байгаа. Энэ бол юуны өмнө ер нь хүний нийгэм өөрөө амьд тэсч үлдэх асуудал юм.

Заавал гаднаас дохио зангаа хардаг манай либералчдад Фрэнсис Фукаямагийн “Түүхийн ирээдүй” гэж нийтлэл саяхан гарсан гэдгийг эртхэн дуулгая. Өмнө нь либерализмаас өөр юм байхгүй – нэг үгээр “Түүхийн төгсгөл” ирсэн гэж баталж байсан бол харин одоо түүхийн ирээдүй ямар байх бол гэсэн асуудлууд хурцаар тавигдаж байна. Энэ нь тэнд ч түүхийн луужин “чиглэл”-ээ өөрчилснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Сүүлийн үед Збигнев Бзежинскийн сонинд өгч байгаа ярилцлага, нийтлэлүүдэд үг ярианы өнгө нь ихээхэн өөр болж ирж байгаа нь шууд ажиглагдаж байгаа. Харин манай “гэнэн” либералчид яг юу хамгаалах гээд байгаа юм гэж үү, тэдэнд юуны өмнө энэ үзэл суртлаар бамбай хийж эндээ сандал ширээ, эрх ямба, олж авсан хөрөнгөө хамгаалж үлдэх нь чухал бололтой.
 
Тэд өнгөрсөн 4 жил сонгууль, санал тоолох асуудлаас өөр бараг юу ч тодорхой ярьсангүй, уул уурхайг гаднынханд авч өгөх оролдлогоос өөр том асуудлаар юм хийсэнгүй. Либералчид одоо эрх барьж байгаа хоёр намыг МАНАН-г хоёуланг нь толгойлдог болчихоод байна. Ийм байхад сонгууль хийгээд ч яах билээ дээ. Харин улс орныхоо амь амьдралыг “томруулаад” ойроос нэг хараасай даа. Ард түмэн чинь төөрөлдсөн, цөхөрсөн, туйлдсан байгаа шүү. Бид талцахаа больж нэг эх оронтой, нэг хувь заяатай гэдгээ ойлгох цаг ирээд байна.

-Нэгэн цагт Берлиний ханыг нурахад дэлхий нийтээр баярлаж байсан, одоо ч нурсных нь баярыг тэмдэглэж байна. Гэтэл Хятад үзэл суртлын хана хэрмээ нураагаагүй. Нураагаагүй нь хөгжөөд, хожоод байна уу даа. Хятадаас гадна Вьетнам ч байна.

-Ямар нэг зөв үзэл санаа бол нийгмийн дэвшлийн гол хөдөлгүүр байдаг. Энэ санаа нь тухайн ард түмний түүхийн тухайн шатанд хүсч эрмэлзэж байгаа туйлын санаа нь байдаг. Харин энд эрх баригчдынх нь барьж байгаа улс үндэстнийхээ энэ санааг дээдэлсэн чиг баримжаа нь шийдвэрлэх чухал үүрэгтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй дээ. Энэ хоёрыг болж өгвөл ойрхон давхцуулахад нэг тийм дэвшил, хөгжлийн резонанс үүсэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь бодит нөөц боломжинд нь тулгуурласан байх нь ойлгомжтой. Харийн үзэл сурталд тулгуурласан, тэдний зарчмуудад хүлэгдсэн, тэдний үнэлгээнд нийцүүлсэн үндэстний эрх ашиг гэж байх боломжгүй гэдгийг манайхан ойлгох нь чухал юм даа. Учир нь тэдний бусад улс орнуудад тулгаад зүтгүүлээд байгаа үзэл суртал нь яг л тэдний ашиг сонирхлыг энэ улс оронд зүтгүүлэх бэхжүүлж авах, энэ улс орны байгалийн болон хүн амынх нь нөөц боломжийг цөлмөн ашиглахад чиглэсэн байдаг, хэрэв үгүй байсансан бол энэ үзэл суртлыг ийм их хөрөнгө хүч гарган улайран зүтгүүлэхгүй хэрэг байхгүй л дээ.

Азид Баруунаас нөлөөлөх их амаргүй байдаг, учир нь тэнд олон зуун жилийн уламжлалт амьдралын хэвшил, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлүүдээ хамгаалж арчилж байдаг. Ер нь эдгээр орнууд бол их прагматик бодлоготой, бас өмнөх зуунуудад Барууныхны өдөөсөн дайнууд, колоничлолыг амссан нь гаднын нөлөөнд их болгоомжтой хянуур хандахад их нөлөөлсөн байдаг. Тэд Барууны орнуудтай харилцан ашигтай гэрээ хэлцэлүүд, худалдаа хийж чаддаг. Үүнд өөрийн эрх баригчдаа өөртөө дотроо боловсруулан зохих шалгуураар шат дамжуулан гаргаж ирдэг тэдний өвөрмөц уламжлалт төрийн бодлого, систем нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм байна билээ. Манайд бол ардчилсан сонгуулиар, хэнийг ч хамаагүй.!?

-Гэтэл хойд Солонгосыг юу гэх вэ? Өөрийнхөөрөө хөгжинө гэдэг ч бас тэр бүр зөв байхгүй байх тохиолдол байна шүү дээ. Магадгүй Хятадууд тэнд яг барууныхны Монголд гүйцэтгэдэг үүргийг гүйцэтгээд байна уу? Энд их бага улсын харилцааны асуудал л байх шиг ...

-Манайхан өөрийнхөөрөө хөгжинө гэдгийг буруу ойлгоод, ойлгуулаад байх шиг санагддаг. Энд юуны өмнө өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэж шийдэж байх гэдэг суверен /тусгаар тогтносон/ улсын тэр суурь зарчмыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хөгжлийн үзэл баримтлал, өөрийн ард түмний туйлын хүсэл эрмэлзлэл, өөрийн улс үндэстний хэтийн зорилго, ойрын зорилтод тулгуурлан бодлого, үйл ажиллагаа явуулахыг хэлээд байгаа хэрэг. Үүнд мэдээж хэрэг, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах бас л орж байгаа шүү дээ. Түүнээс биш энэ өөрийнхөөрөө хөгжих ёстой гэдгийг ярихаар гуйвуулаад л өмнөөс нь Хойд Солонгосоор “хадны мангаа” хийж айлгаж байгаа нь бохир манипуляцийн арга хэрэглэж байгаа нь тэр шүү дээ.

Энэ нь улс үндэстэн өөрийн үзэл баримтлалаар явах ёстой гэдгийг далдуур үгүйсгэж энэ хүслийг нь зориуд бусад орнуудтай сөргөлдүүлэн тавьж гарцгүй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь өөр бусад гүрнүүдийн нөлөөг тулгаж тэдний дохио зангаагаар явах ёстой гэдгийг зүтгүүлж байгаа хэрэг шүү дээ. Иймд юуны өмнө тусгаар тогтносон улсын хувьд өөрийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан гаргах, харин хэрэгжүүлэх асуудлуудыг тусад нь авч үзэх хэрэгтэй болсон гэж боддог болсон. Үүний дараа нь тэр тогтсон үзэл баримтлалаа хэрэгжүүлэх арга замуудыг хайх ёстой гэж бодож байна. Энэ бол мэдээж хэрэг, амаргүй зам, гэхдээ хэрэв хөгжье гэж бодож байгаа бол гаднын элдэв нөлөөгүйгээр юуны өмнө орчин үеийн санхүү, эдийн засгийн тогтолцоог судалж, зөв ойлгож, тэгээд өөрөө бие даан сэтгэн боддог байх, арга замаа хайх, хүч бололцоогоо дайчлахад анхаарах хэрэгтэй байх. Эрх баригчид маань аливаа асуудалд хялбарыг дэндүү хайдаг, тэр нь одоогийн энэ ядуу зүдүү, сул дорой байдлыг бий болгоод байгаа юм. Хөгжие гэвэл улс орныг дор хаяж нэг хэсэгтээ инженер, технологууд ер нь технократуудын давамгайлсан баг авч явдаг, хүн ард нь өндөр ухамсартай бас өндөр сахилга баттай, хөдөлмөрч, эх оронч байх явдал бол бичигдээгүй хууль байдаг. Сингапур, Тайвань, Вьетнам гэх мэт улсуудад ийм, харин манайд бол бүх зүйл “ардчилсан” буюу яг эсрэгээрээ байгаа!

Манай орны хувьд бол Хойд Солонгос шиг нэг талаасаа Баруунд хавчигдсан нөгөө талаасаа нэг хүний хатуу засаглал мэдээж тохирохгүй, байх ч хэрэггүй юм. Ийм учраас дахин хэлэхэд бид сэтгэл хөдлөлөөр бус, эхлээд судалж мэдэх, дараа нь эрүүл ухаанаар тайван эргэцүүлэн бодох, тэгээд шийдвэрээ зөв гаргах, эцэст нь шийдвэртэй хөдлөх хэрэгтэй болоод байна даа. Ийм улстөрийн хүсэл эрмэлзлэл одоо хаана байна вэ?

-1990-ээд онд дэлхий нийтийг хамарсан энэ их давалгаан, түрлэгээс монгол орон ангид байх боломжгүй байсан, тэр ч бүү хэл тэр үед хэн яахыгаа ч мэдэхгүй байсан. Гэхдээ тэр үед дэлхий нийтээр либерализмыг талархаж байсан байх. Таны яриад буй “Эдийн засгийн алуурчдын” тухай дэлхий нийт дөнгөж саяханаас л зах зухаас нь гадарлаж эхэллээ биш үү?

-Энд нэг зүйлээс эхэлж ярих хэрэгтэй байх. Ер нь колоничлол бол XV зууны эхэн үеэс европын эзэнт гүрнүүд далайд алсын аялал хийж чаддаг болсон тэр үеэс анх үүссэн. Тэр цагаас алс холын бусад улс орнуудаас байгалийн нөөц баялагийг нь цөлмөн зөөвөрлөх, хүн ардыг нь Европт, дараа нь Америк тивд аваачдаг боолын худалдаа эхэлсэн түүхтэй. Ер нь их сонирхолтой, сургамжтай түүх байдаг юм байна билээ.

Орчин үед энэ байдал нь шал өөр арга хэрэгслүүдээр нэвтрэх болсон. Юуны өмнө улс орнуудад үзэл санаагаа кино, дуу хөгжим, мода-оор тарааж аажмаар эрх баригчдад нь зөвшөөрүүлдэг болсон, дараа нь үүн дээрээ дөрөөлөөд дотоодод нь нэвтэрдэг, эцэст нь энэ улс орноос баялаг нь гадаад уруу урсах бүх үүдийг нь нээдэг. Товчхондоо бол, эдийн засгийг “алах” гэдэг нь байгалийн баялагийн орлого, хүн ардынх нь бүтээж байгаа баялагийн дийлэнх нь гадагшаагаа мөнгө-санхүүгийн элдэв зальт механизмууд, олон улсын гэх элдвийн гэрээнүүдийн нөхцлөөр хилийн чанд уруу байнга урсан одож байх, бас хүн хүч, ажиллах боловсон хүчнийг нь гадагш нь татан авч хямдхан хөлсөөр ажиллуулдаг байдлыг бий болгохыг хэлдэг.

Үүнийгээ мөнхийн болгохын тулд эрх баригчдыг нь хахуулиар эрхшээлдээ улам лав оруулж энэ улс оронд асар том, ашиггүй нөхцөлтэй гадаад дотоод зээлүүд шахах, гэрээ хэлцэлүүд хийлгэх, элдэв төсөл тусламж нэрээр үнэндээ бол өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр шахаж, ингэснээр гол нь асар их гадаад өрийн дөнгөнд унагадаг.

-Үнэн байх, Монголчуд 70 коммунизмын 70 жилд тавьсан өртэйгөөтэнцэх өрийг өнгөрсөн 5 жилд тавьсан байна, ялгаатай нь коммунизмын үед овоохон хурааж хуримтлуулсан юмтай үлдсэн, дараа нь түүнийг нь таны хэлдгээр гаднаас мөнгө зээлээд устгачихсан, одоо бол Оюутолгойг, дараа нь Таван толгойг төлбөрт өгөх нь л дээ...

-Тэгээд энэ асар их өрийнхөө хүүнд нь бүх баялаг, бүх нөөц бололцоог нь гадагш нь байнга сорж байдаг болгодог. Зээл тусламжаар бараа бүтээгдэхүүн өгөхдөө өөрсөддөө хангалттай үнээр шахсан байдаг тул үндсэн өрийг нь авах хэрэггүй байдаг, харин ч хүүгээ төлж дийлэхгүй болох тэр түвшинд хүртэл өрийг нь дандаа нэмэгдүүлж байх сонирхолтой байдаг. Энэ тухай, миний орчуулж гаргасан 7 номд олон аргуудыг нь олон талаас нь тайлбарласан байгаа. Иймээс бид л саяхнаас дуулж уншиж ойлгож эхэлж байгаа хэрэг юм. Гэхдээ өнөөгийн “ардчилсан” монголчуудын дийлэнх нь ер нь номыг дуустал нь унших, хамгийн гол нь ойлгох хүсэлгүй болчихсон юм шиг, тэгээд ч зарим нь бол бүүр “хүчрэхгүй, дийлэхгүй” болчихсон байгаа юм шиг санагдах болсон, гэхдээ би ингэж буруу ойлгосон байгаасай гэж хүсч байна. Ер нь унших хэрэгтэй л дээ.

-1924-1939 оны хядлагыг “Их хэлмэгдүүлэлт” гэдэг. Харин 1990 оноос хойш нийгмийн их үймээн, ороо бусгаа шилжилтэд 37 мянга биш 370 мянган хүн жинхэнэ утгаараа хэлмэгдэж, ядуурал туйлдаа хүрч, хүн сүрэг болж хувирч байгааг бид харж байна. Жинхэнэ хэлмэгдүүлэлт чинь энэ биш үү гэж асуумаар санагдах юм?

 -Тийм ээ, манай ард түмэн одоо гаднаас “зөвлөсөн”, эрх баригчдын “итгэсэн” неолиберал бодлогын золиос болж хэлмэгдэж байна. Одоогийн энэ хавтгай ядуурал, тархины угаалга төөрөгдөл, чимээгүй мөхөл бол манайдаа цоо шинэ нийгмийн үзэгдэл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн үзэл суртал, бодлого, үйл ажиллагааны үр шууд дагаврууд шүү дээ.

Харин 1937 онд оргилдоо хүрсэн их хэлмэгдүүлэлт гэдэг чинь манай либералчдын гол “хадны мангаануудын” нэг шүү дээ. Мэдээж хэрэг, энэ хэмлэгдүүлэлт бол монголын ард түмний түүхэнд коммунистуудын үлдээсэн нэг том хар мөр, хувь хүмүүс гэр бүлүүдийн хувьд эмгэнэл юм. Тэгвэл энэ алуурчдыг, мөн зохион байгуулсан цаад захиалагчдыг нь Түүх мартаагүй байгаа шүү. Түүхэн үнэнг маш их гуйвуулсан байдаг, одоо ч гуйвуулж түмэн олны нүдийг алгаараа хаах гэж оролдоцгоож байгаа. Ийм худал юмыг заавал нэг сэдлээр, голдуу мөнгөөр захиалгаар бичүүлэн тарааж байдаг. Ер нь “Ялсан нь түүхийг өөртөө тааруулж бичдэг” гэдэг үг байдаг.

Бид түүхийнхээ жинхэнэ үнэнийг мэдэх эрхтэй. Ер нь 1917 оны Октябрийн хувьсгалыг ямар хүчин бэлтгэж санхүүжүүлж хийлгэсэн, хэн Орост бас манайд 1924-1939 онд өрнөсөн, хядлагыг ямар зорилгоор зохион байгуулсан гэх мэт олон асуудлын хариултыг бид сайн мэдэхгүй байна. Учир нь коммунист түүхэн сурах бичгүүдэд энэ тухай маш бүдэг бадаг, эсвэл түүхэн шалтгааны улмаас бичдэггүй байжээ.

-Баруун зүүний нугалаа болсон л гэхээс өөр зүйл байдаггүй, тэр ч байтугай сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлгийн талаар дурддаг ч үгүй.

-Энэ тухай Барууны болон Оросын эрдэмтэд, судлаачдын судалгааны ном бүтээлүүд нилээд байдаг, бүүр түүхэн хроник-баримтат кинонууд ч их гарсан, энэ бол тусдаа нилээд том сэдэв юм. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж бичсэн судалгааны бүтээлүүд, баримт кино, хроникуудыг судалж үзвэл большевикууд, тэр дундаа троцкистууд голлон 1917 оны Октябрийн хувьсгал, иргэний дайн, дараа нь 1937 он дуусталхи бүх өлсгөлөн, хэлмэгдлийг зохион байгуулж гардан явуулсан байдаг. Харин тэднийг гаднаас нь санхүүжүүлж байсан, тэд ч эргээд санхүүжүүлэгчиддээ “зээлээ” хэд нугалан төлж байсан байна. Энэ тухай “Оросын хувьсгалд Уолл Стриитийн нөлөө” зэрэг судалгааны ном, бүтээлүүдэд бий. Харин 1924 оноос эхэлсэн дотоод тэмцэлд троицкистуудыг дарж авсны дараа 1939 оноос, ялангуяа дэлхийн II дайнаас хойш сталинчууд шинэ социализмыг эхлүүлсэн байдаг.

Маш товчхон хэлэхэд, коммунист интернационалууд, дараа нь Германд Орост гарсан хувьсгалууд, дэлхийн I ба II дайнд дахиад л Герман ЗХУ-ыг мөргөлдүүлсэн, эдийн засгийн томоохон хямралуудыг, бүх түүхэн хэлмэгдүүлэлт хядлагыг нөхцөлдүүлсэн, эцэст нь одоогийн энэ даяарчилсан либерал ардчиллыг “нэг л хүчин санаачилж” санхүүгийн маш хүчтэй дэмжлэгээр зохион байгуулж тэлж өргөжүүлж далдаас удирдаж ирсэн байдаг. Чухам ямар хүмүүс зохион байгуулж далдаас санхүүжүүлж удирдаж ирснийг, тэднийг юу ийм зүйл хийхэд түлхэв гэдгийг ойлгох ёстой.

“Хэнд ямар зорилго сэдэл байв, гол нь хэн ямар асуудлаа шийдэж энэ бүхнээс яаж дандаа хожиж улам томорч байв?” гэсэн асуултыг тавиад түүхийг судлах юм бол ер нь мөнгө санхүүгийн хязгааргүй бололцоотой, хамгийн том амбиц сэдэлтэй, хамгийн далд байдаг хүчин болох “дэлхийн санхүүгийн интернационал” энд гол үүргийг гүйцэтгэсэн нь ойлгомжтой байдаг. Эндээс харах юм бол коммунизм, өнөөгийн ардчилсан неолиберализм хоёр нэг л “зохиогчтой” гэсэн үг юм. Энэ хоёр үзэл суртал цаанаа мөн чанараараа бол хоёулаа хүмүүсийг өмчөөс нь бүрэн салгах, мөн бүрэн эрхшээлдээ оруулахад чиглэсэн байгааг хэрэв сайн ажиглавал олж харж болно.

Хүмүүс өөрсдөө судлаад шалгаад үзэх хэрэгтэй дээ, интернэтэд энэ тухай мэдээллүүд нилээд бий. “Хэнгэрэгийн дохиурууд” үүнийгээ халхавчлахын тулд зориуд “Хуйвалдааны онол” гэсэн үг хэллэг тарааж бас мэдээллийг саармагжуулахын тулд илт худлаа ном зохиолууд нилээд бичүүлсэн байдаг шүү. Ер нь түүхэн үнэнг судлах гэдэг нь өнөөдрөө ойлгож маргаашаа харах гэсэн оролдлого юм, учир нь “Аливаа шинэ юм бол мартагдсан хуучин юм” гэдэг үг энд их таарах юм шиг. Судлах гэдэг бол бухал өвснөөс зүү эрэх шиг ажил гэдэг. Энэ бол сургаар, эчнээ итгэж, зарим “зориудын суутнуудыг” нь сохроор шүтдэг, аливаа зүйлийг хялбаршуулж ойлгох гэдэг байдлаасаа гарахгүй бол горьгүй болжээ гэсэн үг юм. Түүх бол амьдрал өөрөө болохоор дандаа дардан бус, адармаатай байх нь элбэг байдаг. Тэгэхээр түүхийн үнэнийг эрж хайж судалж сургамжуудыг нь зөв ойлгож байж л өнөөгийн байдлаа ойлгож маргаашаа бид “харах” боломжтой болно гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.