“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл. Түүний манай сэтгүүлчтэй дэлгэсэн илэн далангүй ярилцлагыг уншигч авхай та таалан сонирхоно уу.
-Та тохирсон цагаасаа хоёр цаг илүү намайг хүлээлгэчихлээ?
-Түрүүнд нь товлосон уулзалтуудаа амжаад дуусгачихна гэж тооцсон ч болсонгүй.
-Түрүүн таны өрөөнөөс эмч гарч байсан. Ингэхэд таны бие зүгээр үү. Бид бас төрийн өндөрлөгүүдийнхээ эрүүл мэндийн талаар мэдэж байх  эрхтэй?
-Эмч нар байнга л үзэж байгаа. Албан тушаалын байдлаас тэгдэг юм болов уу даа. Би бол нэг их эмнэлэг домнолого болоод байдаггүй хүн л дээ. Гэхдээ энд байнгын эмчтэй, байнгын хяналтад байдаг юм байна. Эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнүүдийг энэ ажилд томилогдсоноос хойш хоёр ч удаа хийлээ.

 

-Гаднаасаа их эрүүл чийрэг хүн харагддаг. Ер нь бол эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй биз дээ?

-Асуудал болоод байх юм байхгүй дээ.

-Та ер нь өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Би угаасаа өдөрт нэлээн олон цаг ажиллаад хэвшчихсэн хүн л дээ. 10-12 цаг ажилладаг. Өглөө их эрт эхлээд, орой нэлээн оройтож буудаг. Яагаад гэвэл би удирдах ажил голдуу хийж ирсэн хүн л дээ. Тийм учраас өдөр амжуулаагүй зүйлсээ орой нөхөж хийгээд хэвшчихсэн. Өглөө хэвлэлүүдээ харж амжаагүй бол орой заавал уншиж байх жишээтэй. Тэгж байж санаа амардаг. Уг нь тааруу зуршил.

-Хэвлэлтэй та өөрийнхөө сонголтоор, хуучны дадлаараа харьцаж байна уу. Эсвэл танай ажилтнууд сайн мэдээг тийм үед нь, тааруу мэдээг ийм үед нь гэх мэт технологийн дагуу сонгож, сэтгэл зүйн байдалтай тань тохируулан ангилж оруулж ирж байна уу?

-Одоо бол манай нөхдүүдийн зүгээс тийм системтэй ажиллагаа алга байна. Шууд л захиалагдсан хэвлэлүүдийг өглөө авчраад л ширээн дээр тавьчихсан байдаг. Тэрнийг нь би ямар нэгэн байдлаар үзэж хардаг.

-Дэмбэрэл даргыг монголчууд сайн мэднэ. Гэхдээ мэднэ гэдэг маань харьцангуй ойлголт. Ёс зүйтэй, ноён нуруутай амьдарч ирсэн,монгол төрийн хатаагдсан болдын нэг гэж таныг олон нийт үнэлдэг юм шиг. Гэхдээ таны намтартай албаны загвараар л танилцсан. Өнөөдөр арай дэлгэрэнгүй ярилцмаар байна. Сар шинэ дөхөж байна. Эцэг эх, элгэн саднаа нэг дурсчихад гэмгүй шүү дээ?

-Миний амьдрал бол зүгээр л жирийн монгол хүний амьдрал юм. Манай аав Дамдин мал маллаж, жин тээж, тариа тарьж, бага зэрэг ан хийж, монголын эгэл жирийн малчин хүн юу хийж, яаж амьдардаг тэр жаягаар л амьдарч явсан хүн л дээ.

-Ховд аймгийн Манхандаа л амьдарч явсан хүн үү?

-Тийм ээ. Манхандаа л төрж өссөн,Манхандаа л нутаглаж, ажиллаж амьдарсан. Халх голын дайны үеэр цэрэгт татагдаад хоёр жил цэрэгт алба хаагаад буцаж ирсэн.Дайснууд худаг их хордуулж байсан үе таарч, хортой ус ууснаас болоод биеийнх нь эрүүл мэнд муудаж, дээрээс нь уушигны хатгаа тусч цэргээс халагдаж нутагтаа буцсан юм билээ. Ингээд аав маань нутагтаа амьдарсан. Жин л их тээж байсан хүн дээ.

-Жин тээх гэж монгол эрийн хатыг шалгасан өвөрмөц ажил байсан юм билээ. Бүх шалгуураар харж байж жингийн улсуудыг сонгодог байсан гэдэг?

-Өө, их нарийн ажил байсан. Манай аав биеэр нэг их том хүн биш. Гэхдээ хариуцлага даах чанар, ажлын арга, эв дүй сайтай, шалмаг, үнэнч хүн байсан болохоор хүмүүс энэ ажлыг даалгадаг байсан болов уу. Монголчууд чинь өртөө хийнэ гэж нэг ажил хийдэг байсан. Манай хөгшин аавынх нэлээд их адуутай, бусад мал хуйгаар ч бусдын дор орчихгүй айл байсан. Манайх  чамгүй адуутай. Ингээд хоёр айлын өртөөний алба хийх ёстой. Аав маань тэрийгээ залгуулчихаад буцаж яваад 1948 оны хавар цасан шуурганд дайруулж, тэрнээсээ болоод хууч нь сэдрээд нас барсан. Аавыгаа нас барахад би долоон настай үлдсэн. Би чинь доороо дүүтэй, дээрээ ахтай, бас эгчтэй. Эхээс дөрвүүлээ л дээ. Ээж маань ингээд ганцаараа биднийг өсгөх үүрэг хүлээж үлдсэн. 18 нас хүртлээ нэлээн хүнд амьдрал туулсан. Мал хуй байлаа ч амьдрал тэр чинээгээрээ сайн байдаг нийгэм бас биш байлаа шүү дээ. Ээж маань маш ажилсаг хүн байсандаа л биднийг тэжээсэн.

-Хэдтэйдээ сургуульд орж байв?

-Наймтайдаа Манхан сумын бага сургуульд анх орж байлаа. Манай эгч, дүү, ах гурав үндсэндээ дөрөв төгсөөд л цааш нь нэг их сургуулиар яваагүй л дээ. Амьдралын хүнд хүчрээс болсон байх. Харин намайг бол ээж маань чи сургууль соёлын мөр хөөнөө л гэдэг байсан. Аравдугаар анги төгстөлөө айлд сууж төгссөн.

-Та яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн бэ?

-Би 1941 оны дөрөвдүгээр сарын 15 нд төрсөн.

-Хаваржаанд төрсөн хүүхэд юм уу?

-Хаваржаанд. Ямаа самнаж байх үеэр төрсөн.

-Сурлага хэр байв?

-Сурлагын хувьд дундаж л хүүхэд байсан. Гэхдээ би дээд сургуулиа улаан дипломтой онц төгссөн. Оюутан ахуй цагт хичээл номондоо шамдаж, сургуул соёлоо амжилттай дүүргээд нутагтаа очиж ажиллана, ээж, ах дүү нараа тэжээж тэтгэнэ гэсэн хатуу бодолтой явдаг байсан үе. Манай Эдийн засгийн дээд сургууль ч их хатуу чанд сургууль байсан.

-Төгсөөд нутгийн зүг хүлгийн жолоо залав уу?

-Төгсөхөд хоёр ч газраас ажлын санал ирсэн. Нэгд,эрдэм шинжилгээний ажил хийж болох юм гэсэн санал байсан.Хоёрт, Худалдаа бэлтгэлийн яаманд ажиллах санал. Би ч хөдөө явна л гэсэн бодолтой байсан. Тэр үед ээж маань хөдөө. Манайх нэгдэлд орчихсон. Нэгдлийн мал маллаж байсан. Сумандаа эдийн засагчаар очиж, нэртэй төртэй ажиллаж амьдарна гэсэн мөрөөдөлтэй. (инээв) Ингэж зүтгэж байгаад хөдөө хувиарлагдсан.  

-Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газраас ажлын гараагаа эхэлсэн байсан. Ийм учиртай байж?

-Тийм. Миний хөдөө ажиллана гэсэн хүсэлтийг харж үзсэн.

-Аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга гэдэг чинь том албан тушаал биз дээ. Хэдэн настай дарга болж байгаа нь тэр вэ?

-Тэгэлгүй яахав. Би 22 настай байсан.

-Шууд даргын ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм байна?

-Тэгсэн.

-Ингэж эхэлснээс хойш та насан турш дарга явсан хүн юм биш үү?

-Бараг л тэгсэн болов уу. Дандаа л хүнтэй ажиллах ажил хийж ирсэн. Тэр үед худалдаа бэлтгэлийн газар бүх асуудлыг зангиддаг. Худалдаа үндсэндээ ноёлж байсан үе. Үйлдвэрлэл байхгүй. Аймгийн хүнсний комбинат гэсэн ганцхан үйлдвэртэй. Тийм болохоор аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газар бүх зүйл төвлөрдөг байсан. Хуучин бол манайх Хоршоодын холбоо гэж байж байгаад тэр үед Худалдаа бэлтгэлийн удирдах газар болоод байсан. Хуучны хоршоодын холбооны лут лут туршлагатай ажилтнуудтай ажилласан. Шударга, тооцоо бүртгэлийг асар нарийн хийдэг мундаг улсуудын дунд ирж ажилласан. Сургууль төгсөөд бичиг төлөвлөж чадахгүй шахам хүн ирж байсан. Онц сурчихсан. Бичиг төлөвлөхийг сураагүй. Ингээд л юм юмыг хийж сурах болж байгаа юм. Тэр үед чинь дарга цөөхөн. Тэдний нэгээр томилогдоод ирсэн байдаг. Хичээхээс өөр гарц үгүй. Ингээд л ажилласан даа.

-Тэр үеийн төрийн боловсон хүчний бодлого гэж айхтар зүйл байдаг байж. Хүнээ мартдаггүй, зольдоггүй. Хөдөө ажиллаж байсан таныг татаж орос руу ахин сургасан байдаг. Энэ шийдвэрийг та анх яаж хүлээж авч байв. Таны өнөө цагийн төрийн том хүн болох суурийг чухам энэ үеэс тавьсан болов уу?

-Би хөдөө найман жил ажилласан. Төв хорооны боловсон хүчний хэлтсийн дарга Ламзав гэж хүн манай аймагт нэг очсон юм аа. 1972 он байсан. Нэг өдөр аймгийн намын хорооны нэгдүгээр дарга дээр дуудаж байна гэсэн. Би ч яваад очлоо. Тэр хүнтэй уулзуулсан. Таныг төвд татаж авч ажиллуулъя гэж байна гэсэн. Өөр олон юм ч хэлээгүй.  Би тэгэхэд аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр дарга хийж байсан. Төвд татна гэдэг нь Эвлэлийн төв хороонд татна гэсэн үг. Эвлэлийн төв хороог нэлээн шинэчлэх ёстой болчихсон байсан үе ч байх. Ингээд шийдвэр гарч би Эвлэлийн төв хороонд очсон.

-Тэр үед та намын гишүүн байгаагүй биз дээ?

-Намын гишүүн байлгүй яахав. Би дээд сургууль төгсөхийнхөө урд жил намын орлогч гишүүн, төгсөх хавраа намын жинхэнэ гишүүн болсон. Тэр үед дээд сургуулийн оюутан хүн намын гишүүн болно гэдэг ховор тохиолдол байсан л даа. Эдийн засгийн дээд сургууль өөрөө их онцлог сургууль байсан. Энд тэндэхийн удирдах ажилтан голдуу, дандаа намын ажил хийж байсан улсууд сурч байсан. Тэгсэн тэр ахмад улсууд намайг оюутан байхад намд элсүүлсэн. Яагаад гэвэл би дөрвөн жил дараалан онц сурсан. Намын батлахыг би Улаанбаатар хотын намын хорооны дарга Алтангэрэл гуайгаас гардаж байсан. 22 настай. Очингуут намайг аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын намын үүрийн дарга болгосон. Миний МАХН-тай хувь заяагаа холбосон түүх, төрийн алба хашиж эхэлсэн түүх хоёр ингэж нэг жил эхэлсэн юм. Тэр мөчөөс хойш намын сонгуульт ажлыг орхиогүй.

-Хойшоо суралцахаасаа өмнө Эвлэлийн төв хороонд ажилласан юм байна ш дээ?

-Гурван жил ажилласан. Нэг өдөр төв хорооны боловсон хүчний хэлтсээс дуудсан. Лувсанноров гэж хүн намайг дуудаж байна гэсэн. Би очсон. Жадамбаа гэж хүнтэй уулз гэж байна. Уулзлаа. Гадаадад сургуульд явуулах асуудалтай холбоотой хаврын шалгалт болох гэж байна. Коммунист намын дээд сургуульд таныг суралцуулах нь зүйтэй гэж бодож байгаа гэлээ. Би хариуд нь дотоодын дээд сургуулийн л орос хэлний мэдлэгтэй. Түүнээс өөрөөр орос хүмүүстэй хамтран ажиллаж, орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх бололцоотой орчинд ажил алба хашч байсангүй ээ гэж хэлсэн. Орос хэлний их нарийн шалгалт авдаг байсан байхгүй юу. Тэр яах вэ, бид ойлгож байгаа. Хамгийн гол нь сурч чадах уу, үгүй юу гэдэгтэй асуудлын гол нь байгаа болохоос шалгалтандаа биш ээ гэсэн хариу хэлж байна. Коммунист намын дээд сургуульд суралцах бололцоо ингэж надад олдсон. Тэр үед боловсон хүчнийг шилж сонгоход за яахав ар өврийн хаалга гарч байсан гэж үзэхэд 90 хувь илүү нь шударга зарчмын дагуу ханддаг байсан. Таны түрүүний хэлдэг үнэн л дээ.Боловсон хүчнийхээ асуудалд тун нухацтай, хянуур, нарийн ханддаг байсан.

-Тухайн үеийн төрийн томчуудтай харьцаж явсан ямархуу намтрууд танд байдаг вэ?

-Би төв хороонд 12 жил ажилласан. Төв хороонд зохион байгуулагч, төв хорооны зохион байгуулагч нарын ахлагчаар ажиллаж байсан. Тийм болохоор тэр үеийн улс төрийн товчооны гишүүд, төв хорооны хэлтсийн эрхлэгч нар гээд төв хорооны талын хүмүүсийн талаар тэнд 12 жил болсон хүний хувьд мэднэ л дээ. Төв хорооны дарга нартай бараг бүгдтэй нь хамт хөдөө орон нутгаар томилолтоор явж ажиллаж байж. Хөдөө орон нутагт очиж ажиллахдаа зохион байгуулагчийг нь авч явна. Аймгийн намын хорооны хурлууд хийх, бага, бүгд хурлуудад бүгдэд нь явна. Олон дарга нарын хэлэх үгийг бэлтгэлцэж, хамтран ажиллаж байлаа. Манай хэлтсийн дарга нар гэхэд Балхаажав дарга хамгийн сүүлд ажиллаж байсан даа. Тэр хүний ажлын арга барил гэхэд бүхэл бүтэн школ байдаг. Жинхэнэ намын ажилтан хүн. Учир зүггүй загнаад, толгой түрүүгүй зандчаад байхгүй. Уур унтуугаа үзүүлэхгүй. Тэгсэн мөрлөө хүнээр юмыг нь хийлгүүлдэг. Бичгийн асар өндөр чадвартай ийм хүн.

-Одоо ч гэсэн номоо бичээд л явж байгаа?

-Тэгэлгүй яахав. Аливаа муу юмыг шүүрч аваад яриад байхгүй. Дандаа гэрэл гэгээтэй талаас нь, ирээдүй рүү хандсан талаас нь хөндөж ярьж хэлдэг. Ийм хүн манай хэлтсийг хамгийн сүүлд толгойлж байсан. Дээд талд нь төв хорооны нарийн бичгийн дарга С.Жалан-Аажав гэж хүн байсан. Намайг эвлэлийн төв хороонд байхад гадаадад сургахаар шийдсэн явдал тэр даргын шугамаар шийдэгдсэн гэж би бодож явдаг юм.

-Бал даргатай уулзаж байв уу?

-Уулзалгүй яахав. Зөндөө уулзаж байсан. Яагаад гэвэл нэг намын үүрт 12 жил болохгүй юу. Төв хорооны нэг ноймрын намын үүр гэж байсан юм аа. Нэг ноймрын намын үүр гэж бүр анхнаасаа тэгж явж ирсэн уламжлалтай. Намын байгууллагын хэлтсийн ажилтнуудаас бүрддэг намын үүр. Тэр намын үүртээ Цэдэнбал дарга бүртгэлтэй байдаг байсан. Хуралд бол хааяа нэг ирнэ. Ажлын ачаалал ихтэй байдаг байсан нь ойлгомжтой. Тэрнээс гадна хөдөө явах, симнари өгөх ажил төрлийн зөндөө асуудлаар харьцаж байсан.

-Ж.Батмөнх даргатай ч гэсэн бишгүй харьцаж байсан биз?

-Намайг Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар дэвшүүлж явуулсан хүн шүү дээ.

-Таны их улс төрд хөл тавьсан намтар Завхан аймагт очсон энэ томилолтоор тань эхэлсэн байх, тийм үү. Харин та өөрөө юу гэж үздэг юм. Ардчилсан хувьсгалыг жишээ нь тэнд угтаж байв уу?

-1989 оны 12- сард намайг энэ ажилд томилсон. Би явахгүй тэгэсгээд байгаад л байсан юм. Яагаад гэвэл Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Содномжамц гэж хүн байж байгаад нас барчихгүй юу. Хөөрхий тэр хүний оронд намайг томилсон. Тэгээд яахав, монголчуудын нэг зан үйл байдаг даа. Талийгаачийн 49 хоногийг өнгөртөл тэр хүнтэй холбоотой янз бүрийн асуудлыг нэг их хөнддөггүй. Тэртээ тэргүй Завхан аймгийн намын хороо бол том байгууллага. Доод талд нь туршлагатай хүмүүс байсан. Тэгж бодоод дарга нар намайг томилчихоод  нэг их шахахгүй байгаад байсан. Намсрай дарга төв хорооны нарийн бичгийн дарга болчихоод байж байсан үе. Нэг өдөр Намсрай дарга намайг дуудаад “Чи яагаад Завхан аймаг руугаа явахгүй байна. Аймгийн намын хорооны бүгд хурал хуралдах гэж байна. Ер нь байдал бол жаахан хүнд байгаа шүү” гэж хэлсэн. 12 сар гэдэг чинь манай оронд ерөнхийдөө үйл явдлууд эхэлчихсэн байсан үе л дээ. Зохиолчдын байгууллагын хурал мурал гээд. Ингээд би явсан. Ж.Батмөнх даргыг төв хорооны дарга байхад томилогдсон.

-Ж.Батмөнх даргыг ардчилсан шинэ үе их өндрөөр үнэлдэг. Харин гэр бүлийнх нь хүн нам руу нь хандсан нулимстай үг унагадаг. Төрд зүтгэж явсан зүтгэлтнүүдийн хувь заяаны эргүүлгээс үүдээд үлдсэн улсууд нь нам, төрд гомдолтой үлдсэн байх тохиолдол олон гардаг. Энэ талаар танд ямархуу бодол явдаг бол?

-Дариймаа гуайн талаар асууж байна уу.

-Тэгж ойлгож болно?

-Нэг их гомдоод байгаагүй болов уу. Яагаад гэвэл Ж.Батмөнх даргын үнэлэмжийн асуудал түүхэнд ямраар үлдсэнийг бүгд мэднэ. Цаг үеийн ээдрээ нугачаатай, нийгмийн хугарлын үе тохиосон тэр цагт нам төрийн байр суурийг их зөв тактикаар авч гарсан гэдэгтэй санал нэг байдаг. Бид ч гэсэн улс төрийн товчоог өөрчлөгдөх ёстой, өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр тэр үед санал гаргаж л байсан. Харин төв хорооны бүгд хурал хуралдах ёстой байсан. Гэтэл бүгд хурал биднийг дуудаж хуралдахгүйгээр улс төрийн товчоо огцорсон тал бий. Тэр үед бол намын ажилтнууд бид, тэр дундаа төв хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Яагаад гэвэл намын дүрэм ёсоор үнэхээр л байдал хүндрээд байгаа юм бол төв хорооны гишүүдийг дуудаад, байдлыг танилцуулаад дараагийн алхмаа хийх ёстой байсан. Тэр бололцоо нь байхад зүгээр хаячихлаа гэж хүмүүс их шүүмжилж байсан юм шүү дээ. Тактикийн хувьд тайван замын маш зөв шийдлүүдийг Ж.Батмөнх дарга сонгож авсан байдаг. Тэр нь зөв болсон. Хувь төрийн зүтгэлтний тухайд үнэлэмж гайгүй байгаа тохиолдолд Дариймаа гуай нэг их гомдохгүй байх. Зүгээр өөрийнх нь дараагийн амьдралын хувьд нэлээн хүндэрч байна гэсэн асуудал тавиад, УИХ-аар манай Д.Арвин  гишүүн санаачлаад, бид ярьж байгаад тэтгэлэг олгох арга хэмжээ авсан юм шүү дээ.    

-Уучлаарай, ёстой мэдээгүй юм байна?

-Гаргасаан. Бид зориуд ийм шийдвэр гаргаж байсан.

-Завханд цагаан морин жил хэр оволзож байсан бэ. Мөрөнд өрнөж байсан үйл явдлуудын дэргэд харьцангуй тайван өнгөрч байв уу?

-Давалгаа, савалгаа гарч байсаан. Мөрөнд өлсгөлөн зарлачихсан байсан. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бас өлсгөлөн зарлачихсан байсан. Тэр үед Ц.Элбэгдорж Завханд очиж, намын хорооны даргатай нь уулзана гээд надтай уулзаж байлаа. Бид тэр үед бас муугүй ажиллаж байсан л даа. Өлсгөлөн цуглаан болоод эхлэхэд сөрж бол ажиллаагүй.

-Яагаад сөрж ажиллаагүй юм?

-Угаасаа намын ажилтнууд өөрчлөн байгуулалтын ажлыг хийх ёстой. Төв хорооны бүрэлдэхүүн, улс төрийн товчоонд өөрчлөлт орох ёстой, нийгмийн энэ өөрчлөлтүүд гарцаагүй явагдах ёстой гэсэн тийм байр суурь намын ажилтнууд дунд давамгайлж байсан юм ш дээ. Тэр үед намын Үнэн сонин, намын дээд сургуулийнхан, төв хорооны ажилтнууд нам аж ахуйн зааг ялгааг гаргах хэрэгтэй, аж ахуйн ажлаар дэндүү оролдож байна, улс төрийн ажил орхигдож байна, аймгийн намын хорооны нэгдүгээр дарга нар гэхэд дандаа мал аж ахуйн ажлыг шүүрч авч хийдэг, Хөдөө аж ахуйн удирдах газар , аймгийн дарга нар нь энэ ажлаа хийх ёстой гээд л өргөн шүүмжлэл явж байсан. Улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн хөрс суурь нэгэнт ингээд бүрэлдчихсэн байсан учраас бид улаан цайм эсэргүүцэх байр суурийг угаасаа баримталж байгаагүй.

-Завханаас бага хурлын гишүүн болоод оржээ. Ер нь таны шинэ үеийн улс төрийн замнал Завхан аймагтай салшгүй холбоотой байх?

-Долоон сард нэг том сонгууль явагдсан юм ш дээ. Олон нам, төрийн бус байгууллагын оролцоо бүхий хамгийн анхны, хамгийн ардчилсан сонгууль тэр болсон.1990 оны долдугаар сар. Хуучин бол нам нэг л хүн нэр дэвшүүлээд сонгууль явуулдаг байсан бол өрсөлдөгч нартай нэр дэвшиж сонгууль явсан анхны тохиолдол энэ болсон. Би тэр сонгуулиар Ардын Их Хурлын депутат болсон юм. Энэ үеэс улсын бага хурал байнгын ажиллагаанд шилжсэн. 1992 онд Үндсэн хууль батлах үед би Завхан аймгаас депутатынхаа хувьд ирж оролцож байсан. Өөрийн тань хэлдэг үнэн л дээ. Миний улс төрийн амьдрал Завханаас эхлэлтэй. Намын ажил, төр засгийн ажлуудын гараа Ховдоос эхлэлтэй. Нэг үе намайг Завханы Дэмбэрэл ч гэдэг байсан. Хүмүүс андуураад, энэ ер нь Завханы хүн юм байна гэж боддог байсан байх аа.

-Тэр үед нутгархалт харин байгаагүй юм биш үү. Хүнийг ажиллаж амьдарч ирсэн нутгаар нь овоглож хүлээж авдаг. Элдэв нутгийн үзэл байхгүй?

-Үнэн.   

-УИХ-д тэр мөчөөс хойш таван удаа сонгогдож ажиллалаа. Цөөнх ч байлаа. Олонх ч байлаа. Энэ удаа бол та парламентын даргаар ажиллаж байна. Энэ удаагийн УИХ бусдаасаа ямар ялгаатай вэ?

-УИХ бол цаг үеийн л бүтээгдэхүүн юм даа. УИХ-ын гишүүнийг тэр цаг үе, тэр цаг үеийн ард түмэн сонгож гаргаж ирдэг. 1992-96 оны үеийн парламент бол Үндсэн хууль батлагдсаны дараа үнэхээр хуулийг батлах хуулийн асуудлаар өөрөөр хэлбэл, асуудлаар олонх цөөнх болж ажиллаж байсан парламент. Энэ УИХ-ын даргаар Н.Багабанди ажиллаж байсан. Тэгэхэд би олонхийн намын бүлгийн даргын ажлыг хийж байсан. Манай бүлэг 70 гишүүнтэй. Тэр үеийн парламентад ажил хэргийн шинж давамгайлж байсан

байсан. Бид 160 хууль гаргасан. 1992 онд Үндсэн хууль батлагдмагц Үндсэн хуулийн хавсралтын хуулиар заагдсан олон хууль зайлшгүй гаргах шаардлага гарч ирсэн онцгой үе байсан л даа. Энэ парламент бол жинхэнэ хууль баталдаг парламент байжээ.1996-2000-ны парламент бол…

-Цөөнх болсон үе?

-1996 оноос эхлээд нэлээн улс төржилт явагдаж эхэлсэн л дээ. Бид 25 суудалтай, олонх 50 суудалтай.  Энэ парламент харамсалтай нь олон нийтэд сайн үнэлэгдэж чадаагүй л дээ.

-Хэд хэдэн засгийн газар огцорсон. Их ч бужигнасан. Цөөнх ч мөчөөгүй өгөхгүй ажилласан л даа?

-Тийм л нэг үе өнгөрсөн. (инээв) Тэрний дараагийн парламентууд ерөнхийдөө нөгөө л улс төржих байдлын хаялагуудтай парламентууд байсан. Өнөөгийн парламентад залуу хүмүүс нэлээд хувьтай орж ирсэн. Шинэ гишүүд олон байна. Нийгмийн шаардлага яаж тавигдана тэр хэмжээгээр парламент ажиллаж байгаа.

-Мэргэжлийн бус парламент, хуульчгүй парламент гэх зэрэг дүгнэлтүүд ирж байх шиг байна?

-Суурь хуулиудыг хийж байх үед бол парламентад хуульчид их чухал байсан. Одоогийн парламентад харин сайн эдийн засагчид, сайн санхүүчид л чухал. Яагаад гэвэл нийгмийн амьдрал өөрөө шаардаж байна. Эдийн засаг, санхүүгийн бодлогууд дээр ниймийн бүх анхаарал төвлөрч байна. Улс орны эдийн засгийг яаж авч явах вэ гэдэг асуудал өөрөө нийгмийн шаардлага болоод буй энэ үеийг бас тооцохгүйгээр янз бүрийн дүгнэлт өгөөд байж болохгүй л дээ.

-Та л анх удаа ингэж тайлбарлаж байна. Хууль тогтоох дээд байгууллага хуульчгүй болчихлоо л гэх нэг яриа яваад байгаа?

-Энэ бол өрөөсгөл дүгнэлт л дээ.

-Хууль санаачлах тэр ажлаа танай гишүүд хэр хийж байна гэж та үздэг вэ. Жишээ нь Сайхансамбуу гишүүн би чадахгүй юм чинь та бичээд өгөөч, би гарах төлбөр зардлыг нь даая гэж хуульч С.Нарангэрэлд ханджээ. Нийгэм бол янз янзаар л хүлээж авч байна. Нэг хэсэг нь эд нар чинь хуулиа бичиж чадахгүй юм бол яах гэж тэнд сууж байгаа юм бэ. Бид хэнийг сонгоод явуулчихаа вэ гэж байгаа?

-Хууль санаачилна гэдэг өөрөө нэлээн чадвар шаардах ажил шүү дээ. Залуу орж ирж байгаа хүмүүст бол хуулийг манай тамгын газрын хуульчид нэлээн туслаж өгөх ёстой юм л даа. Тэрнээс биш хэн нэг хүн орж  ирчихээд маргааш нь хууль санаачилна гэхэд нэгдүгээрт технологийн талыг мэдэхгүй.  Ямар  үзэл баримтлалаар явах ёстой гэдгээ ойлгохгүй. Тэгээд тэр хуулийн томъёоллуудыг оноож хийнэ гэдэг бол орж ирээд маргааш нь хийгээд явчих ажил биш. Хуульч хүн ч тийм амар гаргаж ирж чадахгүй. Тийм учраас хууль санаачлах явц бол УИХ-ын гишүүд, тамгын газрын хэдэн хуульчидтайгаа махаа идэж хийдэг ажил. Тэр дунд хуульч гишүүдийн хүч нэлээн чухал л даа. С.Нарангэрэл надад эрүүгийн  байцаан шийтгэх хуулийнхаа төслийг танилцуулсан л даа. Тэгэхээр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийг зүгээр мөнгө өгөөд хийлгэж байгаа гэж би бол нэг их ойлгохгүй байна. С.Нарангэрэл тэртэй тэргүй ерөнхий юмаа гаргаад бидэнд танилцуулаад явж байгаа юм чинь. Зүгээр тэрийг хэвлэх, нийтлэх, олон нийтэд таниулах тийм ажлууд дээр нь туслаж байгаа болов уу гэж бодож байна. С.Нарангэрэл чинь миний хуулийн зөвлөх шүү дээ.

-Тийм үү. Парламент бол өөрийн авиртай л даа. Өөрийн амбицтай. Хэдийгээр ганц нэг шавь нь чуулганы танхимд сууж байгаа ч гэсэн шууд гадны экспертийн төслийг оруулж ирээд, ярс хийтэл батлачих нь юу л бол?

-Тэр хуулийн төслөө нийтэд  өөрөө танилцуулах байх аа. Хоёрт, үнэхээр тийм амар батлагдаад гарна гэдэг хэцүү л дээ.

-Энэ яригдаад байгаа хууль тань өмнөх парламентын үед батлагдсан хууль шүү дээ. Энэ төсөл дээр ажилласан хуульчид өөрсдөө мундаг хууль л гэдэг. Гэтэл яг амьдрал дээр монголын нийгмийг барааншуулахад, шууд утгаараа шоронжуулахад том түлхэц өгсөн, хар хууль гэж яригддаг?

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль өөрөө бүхэл бүтэн ном. Бүгдийг нь унших боломж бага. Ийм тохиолдолд буруу зөвийг нь хэлнэ гэдэг УИХ-ын гишүүдийн хувьд ч боломж муутай. Манайд бол хууль тогтооход хуульч гишүүд цөөдөөд байна гэдэг одоо анзаарагдаж л байна. Тийм учраас УИХ-ын тамгын газрын даргыг гэхэд манай толгой хуульчдын нэг гэж үздэг хүнийг л тавьж байх жишээтэй. Дээр нь байнгын хороодын ажлын албадыг  хуульчдаар бэхжүүлж өгсөн. Ялангуяа хууль зүйн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо  байх ёстой. Гадаадын парламентуудын дэргэд судалгааны том институцууд ажиллаж байдаг. Тэр нь хуулийн боловсруулалт дээр онцгой хүч тавьж ажилладаг. Манайх бол маш их дутагдалтай ажилладаг. Шууд толгойгоо дааж зүтгэдэг. Хүчилж ард нь гардаг. Энэ мэтээр ярих зүйл их байна. Энэ удаагийн парламентыг хуульчгүй юм байна гэх нэг хэрэг. Ард түмний сонголтоор л гарч ирдэг бүтэц юм чинь нэг ч хуульчгүй, дан инженерүүд, эсвэл дан эдийн засагчид гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Тийм болохоор байнгын хороод, тамгын газрын хуульчид нь энийг барьж байдаг толгой хуульчид байх ёстой болж байгаа биз. Энэ систем рүү л оруулах гэж зүтгэж байна.  

-Таны ажил хэргийн амжилт дандаа өсч ирсэн. Энэ тогтвортой удаан замналаараа та төрийн хүний ёс суртахуунлаг нэгэн том галбирыг бүтээлээ. Сүүлийн үеийн хүмүүс бол бүх замыг товчлохыг хүсдэг болсон. Албан тушаалын замнал нь шууд цахилгаан шатаар л явчихдаг хүмүүс газар авсан. Энэ бүхэн төрийн сүр хүчийг үнэгүйдүүлээд хаячихлаа. Энэ тухайд танд ямар бодол явдаг бол?

-Миний явж ирсэн бүх л замнал өөрийн хүслийг төрд тулгах арга замаар нэг ч удаа яваагүй. Тэгж явж байсан удаа надад үнэхээр байгаагүй. Төрийн санал болгосон ажил албыг л ёс төртэй хашч ирсэн. Анхаасаа тэгж төлөвшсөн. Тэр төлөвшлөөрөө л явж ирсэн. Нэг ч удаа “хөөш, би яамны сайд болно шүү, та нар болиорой” гэж элдэв авир үзүүлж явж үзээгүй. Миний олж авсан хүмүүжил тэр юм даа. Дээр нь аав ээжээс заяасан удам судрынхны нэг ноён нуруу байх юм биз. Ер нь ёс зүйн талаас нь аваад үзэхээр албан тушаал хөөцөлдөх, албан ажил эрхлэх гэсэн хоёр том ойлголт байна. Энэ бол шинжлэх ухааны ойлголт. Албан тушаал хөөцөлдөх гэдэг бол тодорхой зорилго тавиад өөрийгөө бүхний дээр гаргах, өөрөө илүү сайн хүн болж харагдах, өөрөө тэр албан тушаалыг авснаараа эдийн засгийн томоохон хувь хүртэх, тэр хамт олныхоо дотор би сайн хүн гэдгээ харуулахын тулд ажилладаг хүмүүсийг албан тушаал хөөцөлдөх буюу ёс зүйн талаараа нөгөө хар талд бичигддэг зүйл. Харин албан ажил эрхлэх гэдэг бол нийгэм төрдөө зохих ёсоор ажиллачих юмсан гэсэн, өөрөөр хэлбэл зарчмын дагуух замналаар явагсад. Цалингаа авчихаад оногдсон ажлаа хийсэн шиг хийгээд амар тайван явдаг. Энэ хоёр ойлголтыг манай нийгэм ихээхэн ялгаж салгаж хүлээж авах шаардлагатай. Ялгааг нь ярьж хэлж өгдөггүй учраас залуучууд энэ ойлголтуудыг хольж хутгаад, андуурч төөрөлдөөд, албан тушаал хөөцөлдөх нь байх ёстой зүйл юм байна гээд ойлгочихсон нь их анзаарагддаг. Овсгоотой, самбаатай явбал албан тушаалд хүрчихдэг юм байна гэсэн буруу үлгэр л тэдний өмнө байгаад байна. Овсгоо самбаагаар хүрсэн албан тушаал ямар амархан нурж ойчдог гэдгийг тэдэнд ойлгуулж байх хэрэгтэй. Өөрсдөд нь хэрэгтэй. Би бол албан тушаал эрхлэх ёстой гэсэн ухагдахуунаар нь амьдарч ирсэн хүн.

-Албан тушаалд адган тэмүүлнэ гэдэг өөрөө сэтгэлийн асар том шунал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ерөөсөө л сэтгэлийн шунал. Яараад л байна л даа. Бушуухан л том, нэртэй төртэй хүн болох, үеийнхнээсээ тасрах бодол юм биз дээ. Залуучуудыг ийм зүйлд сургадаг их буруу. Дороос нь л ажлаа хийгээд явахад аяндаа л зөв амьдрал, зөв жишиг рүү алхана шүү дээ.   

-Энэ үзэгдэл цаагуураа төрийн нуруунд их халтай. Төрд хүний нурууг сайн шинжиж авах ёстой юм шиг санагддаг юм. Таныг ийм төрлийн хүмүүсийн сонирхол хэр зовоож байна. ангид байж чадаж байна уу?

-Хүмүүс албан тушаалын талаар ярьж байнаа. Ярих нь ч нэг талаар байх асуудал байх. Сайн ажилчихъя гэсэн улсуудын сонирхол ч бас хамт л явж байгаа шүү дээ. Албан тушаал хөөцөлдөх гэсэн утгаар биш албан тушаал эрхлэх бодлоор хандаж байгаа болов уу гэж бас хүлээж авдаг. Яг өөрийнхөө хэмжүүрээр хүлээж авдаг. Тодорхой шалгуураар явж байгаа хүмүүсийг дэмждэг.

-Та ер нь хүн хэр сайн таньдаг вэ?

-Би хүнийг тодорхой хэмжүүрээр л авч үздэг болохоор тэр болгон над дээр давхиж орж ирж, санасандаа хүрээд байх нь боломжгүй. Сая бид УИХ-ын мэдлийн хүрээнд хэдэн албан тушаалуудад хүмүүсийг томилсон л доо. Жишээлбэл, Тамгын газрын даргаа тавихдаа монголын толгой гэж байгаа хуульчдаас сонгосон. Туршлага, зангараг бүх талаас сонжсон. Тэгээд Ц.Шаравдоржийг тавьлаа.

-Хэн ч маргашгүй томилгоо байсан?

-Үндэсний аудитын газар дээр мөн л олон санал байсан. Бас нэлээн л бодож байж сонголоо. Аудит өөрөө онцгой салбар. Улс төржүүлээд байвал  уг салбар өөрөө нурна шүү дээ.

-Ч.Раднаа ноён нуруутай, туршлагатай хүн л дээ?

-Бүх талаас нь л харж байж тавьж байгаа юм шүү дээ. Ямар нэгэн захиалгаар биш.

-Таныг бас нутгархаж байна гэсэн шүүмжлэл тойрохгүй байгаа. Ховдын бүлэглэл гаарч байна гэх яриа улс төрийн хүрээнд их байгааг сонсч байгаа байх?

-Би парламентад 1992 оноос хойш ажиллалаа. Янз бүрийн л хүмүүстэй ажилласан. Харж байхад манай аймаг бол ер нь нутгархдаггүй аймаг. Ховдын бүлэглэл, Говь-Алтайн бүлэглэл эд нар гээд ярьж бичдэг. Энэ бол сонин хэвлэлийнхний л ажил. Нутгархдаг байсан бол би жишээ нь мөн ч олон хүнийг ар өврөөсөө чирэх, хөөцөлдөх байсан байх. Гэвч тэгж явсангүй. Сая Д.Пүрэвдоржийг ажилд тавьсан асуудлтай холбогдуулж ийм яриа үүсгэж болох талтай юм гэж би бодож байна. Гэхдээ бол алтернатив хувилбаруудын сонголтуудтай нэлээн ярьж байж шийдсэн шүү дээ. хоёр төрлийн том зүйлийг бодож байж энэ сонголтыг хийсэн. Монголбанкны ерөнхийлөгч ер нь ямар хүн байх ёстой вэ гэж. Энэ бол зүгээр нэг арилжааны банкны захирал тавьж байгаа асуудал биш. Зүгээр нэг банкир биш юм аа. Тийм банкируудыг бид тавьж байсан уу гэвэл тавьж байсан.

-Жишээ нь, М.Энхсайхан Монголбанкинд маш зохимжгүй томилгоо хийлээ. Мэргэжлийн бус удирдлагатай боллоо гэж дүгнэсэн байна лээ?

-Аль Энхсайхан.

-М.Энхсайхан?

-Аан, тэр яахав дээ. Монголбанк гэдэг бол арилжааны банк биш гэж би хэллээ. Монголбанк гэдэг бол арилжаа хийгээд мөнгө олохоосоо илүү Монголын хөгжлийн асуудлыг санхүү талаас нь, мөнгөний бодлого талаас нь шийддэг газар. Тэр утгаар нь асуудлыг авч үзэх ёстой. Энэ айлыг зүгээр нэг арилжааны мөнгө олох хэрэгсэл болгож ажиллаж байсан улсууд бий. Энэ тухай би сайн мэднэ. Тэр талаараа бол харин улсын хэмжээнд эдийн засаг, санхүү,төсвийн мөнгөний бодлого авч явах хэмжээний хүнийг л би олохыг хичээсэн. Хоёр ч хүний асуудал тавиад Д.Пүрэвдоржийг гаргаж тавьсан. Яахав ээ, тэр янз бүрийн юм боддог, хэлдэг улсуудад өөрсдөд нь л тэр бодол нь зөв байхгүй юу.       

-Сүүлийн үед харж байхад монгол төр бас төрд зүтгэгч нартаа жаахан хатуу хандаж байгаа тал ажиглагдаж байна. Янз бүрийн гэнэтийн дайрлага, давалгаа ороод ирэхэд далимдуулаад цаг үеийн шахалтаар тэднийг хамаа намаагүй зольдог. СЕХ-ны дарга Д.Баттулга гэхэд хүнд дарамтад байж байгаад буулаа. Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх байна. Хэдийгээр бид бүгдээрээ дайрцгааж байсан ч нөгөө талдаа тэр хүмүүсийн зовлон нь бол ил тод мэдрэгдэж байсан. Жишээ нь, А.Батсүхийн явуулж байсан бодлогуудын үр дүн одоо цухалзаж эхэлж байх шиг. Гэтэл…?

-Төрд алба хаана гэдэг өөрөө маш олон зүйлээ хязгаарлуулахыг хэлдэг. Хамгийн энгийн түшмэд хүртэл хувийн бизнес эрхлэх эрх чөлөө зэргээ зольж байж албаа хашдаг. Төрийн алба бол ер нь хүнд ажил шүү дээ. Тэр дундаа улс төрийн албан хаагчид хамгийн хүнд замыг туулдаг. Тэр хүндийг нь мэдэрч байж энэ улс төрийн тогоонд манай залуучууд шилжих ёстой юм. Тэр хүн хэн байх нь хамаагүй. Сайн хүн байх нь хамаагүй. СЕХ-ны асуудал дээр жишээ нь дарга, нарийн бичгийн дарга нар хоёр тийшээ харж суучихаад байлаа шүү дээ. Ажил яаж явах юм. Ерөөсөө явсангүй шүү дээ. Өөрийн чинь нэрлэсэн улсууд бол төрийн өндөр албан тушаалтнууд. Төрийн өндөр албан тушаал хашна гэдэг юун дайрлага. Золиоссонд л явах ёстой л юм шүү дээ. Яахав хувь заяа олдвол залруулах явдал тохиолддог. Саяын залуус яагаад ийм зүйлд өртөв гэж асуух байх. Залуудаад л байна даа. Гэхдээ энэ хоёр залууг монгол төр орхихгүй ээ. Монгол хүний нэг зан байна. Ажил алба хашаад явж байхад нь наадах чинь болохгүй байнаа л гээд байдаг. Аваад хаяхаар ёо ёо ямар чанга унагадаг юм бэ, арай зөөлөн байх байж уу гээд эргээд хайрлаж эхэлдэг. Энэ бол монголын нийтийн зан.

-Тийм шүү. Зөвшөөрч байна?

-Үнэн шүү дээ. Бидний араншин байхгүй юу.

-Захчин гэж ер нь ямар үндэстэн юм бэ?

-Захчин гэдэг бол манай зүүн гарын хаант улсын урд талаар харуулын алба хийж байсан омгийнхон байгаа юм. Нэг үгээр хэлбэл хил дээр эх орноо хамгаалж байсан “хилчин” отгийнхон. Ялангуяа манжийн ноёрхлын үед зүүн гарын хаант улс өөрийн тусгаар тогтнолыг хамгаалахын тулд томоохон харуулуудын бүтцийг гаргаж тавьж байсан түүхтэй. Тэнгэр уул хүртэл. Захчингууд Ховд аймгийн төвөөс эхлээд тэр Тэнгэр уул хүртэл газраар нутагладаг.

-Ургийн овог тань захчин гэж явдаг уу?

-Үгүй. Бөөр гэж явдаг.

-Бөөр өө. Уулын нэр юм уу?

-Биш ээ. Хүний нэр.

-Өвөг эцгийн тань уу?

-Бүр тэрний цаад үеийн.

-Та ер нь хэдэн үеэ мэддэг вэ?

-Би есөн үеэ л мэддэг хүн гэж өөрийгөө үздэг юм даа.

-Таны хэл одоо болтол нутгийн аялгатай байдаг. Тэгээд л энэ сэдвийн яриа руу орсон юм?

-Манай нутгийнхан нэлээн аялгатай л даа. Одоо харин төв халх хэлнийхээ аялганд нэлээн орж байгаа. Дээр сургуульд ирж байхад маань казах уу гэж асуудаг байлаа шүү дээ. Одоо нэлээн өөр болчихоод байгаа нь энэ юм. (инээв) Их сургуульд овоо засагдаж байсан. Эргэж нутагтаа очиж ажиллаад хуучин хэвэндээ орчихсон.

-Дэмбэрэл даргыг элдэв эдийн засгийн сэрдлэгэд өртөж байхыг ер нь үзээгүй. Энэ талаар нэр цэвэр хүн гэж яригддаг. Энгийн нэг асуулт тавъя. Та бол манай төрийн өндөрлөг албан тушаалын нэгийг хашч байгаа хүн. Ингэхэд хэдэн костьюмтай вэ. Төрөөс ямархуу төвшний хангамж эдлүүлж байна вэ?

-Костьюм бол гурав дөрвөн ширхэг юм байгаа. Нэг нь одоо энэ өмсөөд сууж байгаа маань. Иймэрхүү л маягийн костьюмууд өмсдөг. Нэг их үнэтэй биш.  

-Та бөгж зүүдэггүй юм уу?

-Үгүй дээ. Бараг л зүүдэггүй. Гоёонд их муу хүн шүү дээ.

-Таны анхны гадаад айлчлалын сурвалжлагыг телевизээр үзсэн. Та гэргийгээ танилцуулахгүй юу. Урлагийн хүн гэж сонссон. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Гурван хүүтэй. Нэг охинтой. Хүүхдүүд маань яахав овоо боловсрол эзэмшсээн. Нэг л хүүхэд маань бие жаахан тааруу гээд шальтай өндөр боловсрол эзэмшиж чадаагүй. Бусад нь бол гайгүй. Нэг нь Гаалийн газарт ажилдаг. Нэг нь Байгаль орчны яаманд ажиллаж байна. охин маань докторантурт сурч байгаа. Гэргий маань жүжигчин мэргэжилтэй, урлагийн ажилтан хүн байгаа юм. Соёл урлагийн байгууллага, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан. Одоо ч шүлэг бичээд л, дууны ая зохиогоод л байна.

-Нутгийн хоёр юм уу?

-Нутгийн. Ховд аймгийн Дарви сумынх.

-Хэдэн жил хамт амьдарч байна?

-1966 оноос хойш өнөөдрийг хүртэл дөч гаруй жил хамт амьдарч яваа хоёр доо.

-Таныг эхнэрээ сольсон гээд л бичээд байсан. Худлаа юу?

-Сонгууль болгоны урд тал дээр нэг тийм юм бичдэг. Би чинь одоо гурав дөрвөн удаа л эхнэрээсээ салаад залуу авгай авчихсан хүн болж хувирсан. Манай чөлөөт хэвлэлүүдээр л нэг тийм юм бичээд байдаг юм. Сонгуулийн урд тал дээр эхэлж бичигдээд л сонгуулийн үед манай аймагт зарладаг жишигтэй. Нөгөө улс төр хийж байгаа ганц арга нь юм шиг байгаа юм.

-Танай аймаг бүр илүү мэддэг болохоор авч хэлэлцэхгүй биз дээ?

-Бүгд мэддэг болохоор тоохгүй. Сая сүүлийн сонгуулиар тэгээд бичээд байхаар нь эхнэрээ авч очсон л доо. (инээв) Өрсөлдөгч нарын зүгээс бие биенээ унагахын тулд янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж ирэх ёстой болдог. Тэрний л нэг гэж ойлгодог.

-Та гэхдээ тиймэрхүү зүйлүүдэд хэр ханддаг вэ. Дургүй тань хүрдэг үү?

-Давраад байхаар нь сая би нэг газрыг шүүхэд өгчихсөн л байж байгаа ш дээ.

-Битгий гомдоорой, та гаднаасаа жаахан ууртай харагддаг. Бас гунигтай ч харагддаг?

-Хүмүүс надаас нэлээн эмээдэг болов уу. Яагаад гэвэл би гаднаасаа ууртай байдалтай харагддаг байх.

-Тэр нь ч дээр байх, тийм үү. Хүмүүс орж ирээд элдэв дэмий юм яриад байхгүй?

-Мэдэхгүй юм даа. Анхнаасаа л би тийм төрхтэй хүн шүү дээ. Аймагт ажиллаж байхад ч гаднаас ууртай дарга шиг байнаа гээд буцдаг байсан.