Орхон гол гэнэт савнаа­саа хальж мөрөн голын адагт амьдардаг олон айлын гол амьжиргаа бол­сон ногооны талбайг үйж орхижээ. Энэ тухай  гадаадад болдог үер усны аюулын хамт сонин хачин болгон цухас мэдээ­лээд өнгөрсөн юм. “Наймдугаар сарын дун­дуур үер бууж 45 айлын ногооны тал­байд ус оржээ” гэсэн. Ногоо ца­гаанд нь ус ороод харин ч зүгээр юм уу гэж бодо­хоор. Энд усархаг жилд байнга тохиолддог гол мөрөн эргээсээ халих үзэгдэл биш харин ч бүр ноцтой явдал болоод өнгөрч. Монгол­чуудын хамгийн бор зүр­хээрээ аж төрдөг, хамгийн ажилсаг давхарга болох ногооч­дын энэ хаваржин, зун­жин шоргоолж шиг зүт­гэсэн хөдөлмөрийг нь Орхон гол хамаад явчих­жээ. Тэд энэ өвөл, ирэх намар хүртэл яаж амьдарна аа.

Өгөөж баян намар цаг ирж мал таргалж, айраг исэн, тариа буудай халиу­ран ажил төрөл ундарч байгаа энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хушаат, Сант, Орхон сумдын малгүй иргэд юу хийхээ мэдэхгүй шанаагаа тулан сууцгааж байна. “Энэ намар анх удаа ажилгүй амарч байна” гэж хүчээр инээх нь гашуун.

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Төв Сэлэнгийн нутгаар айх­тар усархаг бороо оржээ. Ер нь наадмаас хойш байнга л бороо орж ойрд болоогүй сайхан зуныг үзэж байгаа. Гол, нуур цөөрөм эргэж сэргэн, томоохон гол мөрний усны түвшин хаа сайгүй өндөрссөн. Орхон гол ч мөн адил ус ихтэй зуссан. Хачирхалтай нь найм­дугаар сарын 17, 18-нд  урьд өмнө нь тохиолдож байгаагүй бөөн ус гэнэт Орхоны нэлээд өндөр эргийг даван садарч тариалангийн тал­бай руу орсон байна. Албан мэдээнд усны түвшин тэр өдрүүдэд 89 см нэмэгдсэн гэж тэмдэглэгдсэн атлаа газар дээрээ болохоор хоёр метрээс илүү өндөр эргээс давж хальсан байна. Орхон Сэлэнгийн бэлчир бол эртний уламжлалт тариалангийн нутаг. Тэгтлээ аюулд учруулдаггүй энэ тогтолцоо одоо­гийн дэлхийн цаг уурын өөрчлөл­төөс шалтгаалсан биз гэж  тайл­барлаж болно. Нутгийн хүмүүсийн яриагаар бол Орхон Туултай нийл­дэг бэлчир орчмоос уг үер эхэлсэн нь сэжигтэй. Тэр өдрүүдэд үүнээс том Сэлэнгэ мөрний хавьд ч мөн л бороошиж байсан атал аюулын түвшинд хүрээгүй. Туулын адаг юм уу Орхоны хаа нэгтээ томоохон боомт, далан ээлжит борооноор тэсэлгүй задарч голын усыг хэсэг­хэн хугацаанд эрс нэмчихсэн мэт санагдаад байгаа юм. Заамар дахь алтны уурхайнууд, драг энэ тэр гээд ус боож хаасан байгууламжууд юу байдаг билээ. Тэгээд тэр ус нь ногооны талбайд орж тогтоод буцаад гарахдаа хамаг төмсийг нь урсгаад явчихсан. Үлдсэн хэсэг нь үерийн дараа хоёр гуравхан хоногийн дотор ялзраад үхчихсэн. Хүмүүс ганц хоолны төмс ч авч чадаагүй. Уг гамшиг болсны дараа Сэлэнгэ аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын төлөөлөгчид газар дээр нь ирж акт тогтоосон. “Ийм явдал болсон нь тоогүй, тайван амгалан байцгаа” гээд л болоо.

Саяхан ажлаа авч байгаа Хөдөө аж ахуйн шинэ сайдыг яамны нөхөд дагуулан Сэлэнгээр давхилдсан даа. Тэд нөгөө л Мар­даан, өнөө л “Гацуурт”-ын Л.Чинбат дээрээ үзүүлэн болгон аваачиж түүхэндээ хамгийн их ургац авч байгаа, “Атрын гуравдугаар аян” гэдэг гайхамшигт үйлс бүтээсэн тухай ам уралдан ярьж, будаа тарьж байгаа баян компанийн боссуудад хураасан будааны тонн тутамд нь хэдэн мянга ч билээ төгрөг зүгээр өгдөг өглөгөө батал­гаажуулж авцгаасан. Энэ тухай өдөржин зурагтаар гарч, нүүр дүүрэн нийтлэлүүд сониноор гар­сан. Хүний хувь заяагаар тохуурхаж байгаа мэт Х.Баттулга сайдыг уг гамшиг болсон газарт очуулал­гүйгээр  хойгуур  урдуур нь  тойруу­лан тоос татуулан давхилдсан байгаа юм.

Тээр жил 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялаад байсан яг өдийд энэ хавьд бас нэг сонин үйл явдал болж билээ. Одоо энэ Орхон сумаас арваад кило­метр зайтай оршдог Хөтөл хотод холерь гэдэг урьд өмнө ер сонсож байгаагүй хачин халдварт өвчин гараад Д.Дорлигжаваар ахлуулсан ажлын хэсэг гараад нам дарж билээ.  Тэгвэл өнөөдөр мөн л түүх давтагдаж, хүний амь нас  хохироо­гүй ч түүнтэй төстэй таагүй нөхцөл энд үүслээ.

Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга “Манай нийт иргэдийн 60 орчим хувь нь сумын төв дээрээ суурин амьдардаг. Энэ нь мал аж ахуй биш газар тариалан тэр тусмаа төмс хүнсний ногоо амь­жир­гааны нь үндэс учраас хөдөө гардаггүй юм. Гэтэл өнгөрдөг үер бүх амьдралыг нь авч одлоо. Одоо хүмүүс хоолноосоо салаад зогсол­гүй бүгд асар их өрөнд уначихлаа” гэв. Өнгөрдөг хавар, ер нь жилийн жилд хувиараа газар тариалан эрхлэгчид “ХААН”, “Хадгаламж” банкнаас зээл авч шатахуун, ногоо­ны үр, техникийн сэлбэг хэрэгсэл авдаг юм байна л даа. Тэтгэмж, тэтгэвэр, халамж, аймаг хөгжүүлэх сан гэх мэт авч болох бүх л болом­жийг шавхан урьдчилгаа хийж тариалалтаа явуулдаг аж. Хушаат сумын 57 айлын 70 га төмс хүнсний ногооны талбай бүрмөсөн хэрэг­цээнээс гарсан тоо байна. Тэр далан га гэдэг гар ажиллагаатай ногооны талбайн хувьд их том газар гэнэ шүү. Гэхдээ энэ тоо бол урьдчилсан байдлаар. Цаана нь балраад байгаа айл тэдний ар гэр, оюутан сурагчдын төлбөр, бусад ах дүү танил талын тарьсан ургуул­сан талбай  гээд явж өгнө. Төмсөө газар дээр нь кг-ыг нь 300 төг­рөгөөр өгдөг гээд багцаалахад энэ сумын иргэдэд 355 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тоог аймгаас гаргаж өгчээ.

Сант сумын Засаг даргын орлогч Ю.Сарантуяа “Банкныхан, даатгалын компаниуд автомашин энэ тэр дээр хүчээр даатгалд хам­руулдаг атлаа ногоочдыг гуйгаад очиход тэгдэггүй. Одоо үерийн гамшиг болсныг сонсоод даат­галын компаниуд бүр ч зүглэхгүй нь тодорхой. Гамшигт нэрвэгдсэн иргэдийн асуудал маш хүнд байна. Сумаас дэмий л банкуудад хандаж зээлээ жаахан хойшлуулаач ээ гэж л сууна” гэв. Эднийх Ээвэн голын хөндийд тариалсан нь сайхан ургац аваад Орхоны хөвөөнд газар­тай нь бүгд “будаа”.



Орхон сумын ХАА-н тасгийн дарга Ж.Тэшигбаяр “Манай есөн аж ахуйн нэгж тэдний ар гэр, мөн 33 өрх айлын 85 га талбай үерт явсан. Ойролцоогоор 1000 тонн төмс алдчихаад байна. Оронд нь тэр тооны чанаргүй ногоо урд хөршөөс орж ирнэ гэсэн үг” гэлээ. Сант сумын ногоочин Р.Хуягбаа­тарын гэр орноор орсон юм. Үүднээсээ эхлээд харваас ажилсаг нь мэдрэгдэнэ. Сайхан том дүнзэн байшинтай, жижиг пад пад трак­тортой, түүний дагалдах хэрэгсэл, агрегатууд, хүрз шуудай, өвөл ногоо хадгалах томоо зоорь гээд байхгүй юм байхгүй. Тахиа дон­годож, гахай хуухирч байна. Харин мал алга. Хавар банкнаас 15 сая төгрөг хүүтэй зээлээд таван га газарт төмс, хоёр га-д лууван, арван сот-д бусад ногоо тариад хаваржин зунжин шумууланд бариу­лан зэрлэгээ зулгаацгаажээ. Хүмүүс наадмаар морь бөх үзэж байхад тэд талбай дээрээ тун завгүй байсан гэдэг. Орхоноос 500 метр зайтай авсан газар руугаа мотороор ус соруулан усалж сайхан ч ургасан гэнэ. Үнэндээ бид өөрсдийнхөө арчаагүйгээс ургац алдсан бол хэнд ч гомдол тавь­даггүй. Ийм байгалийн даваг­даш­гүй хүчин зүйлийн өмнө ямар ч арга байхгүй юм билээ. Одоо яах вэ гээд бодоод байхад өчнөөн асуудал босч ирж байна. Асар их зээл маань төлж дийлэхгүй өр болон хувирсан. Хэрэв дахиад ногоо тарих гэвэл дахиад зээл авна. Тэрнээс гадна энэ өвөл өөрс­дөө идэх хүнсгүй болчихсон юм байна ш дээ. Давын өмнө Улаан­баатар хот руу хүйтрэхээс өмнө орж ажилгүйчүүдийн тоог нэмж гай болцгоох байх даа. Хэрэв банк өрөө нэхвэл бүх үл хөдлөх хөрөн­гөө өгөөд орох орон ч үгүй болц­гоох байх. Тэднийд ийн ярилцаж суугаад гарахдаа “За…” гээд цааш хэлэх үг олдохгүй гацчихлаа. Ямар “Арвин ургац хураагаарай” гэж тавлалтай биш, “Их баярлалаа” гэлтэй биш. Тэгээд “Та нар шиг сайхан ажилсаг улсыг байтугай арчаагүй зарим малчинд зуд боло­ход төр засаг бүлтийтэл нь тусал­даг юм билээ. Одоо улс баян байна. Ардчилсан шинэ засаг гараад ирсэн. Юундаа алзах вэ. Аягүй бол банкны чинь өрийг хүчин­гүй болгоно. Харж л байгаа­рай” гэсэн урмын үг хайрлаад мордов.

Энэ хавийн таван сумыг хариуцсан цаг уурын станц Орхон суманд төвлөрдөг юм байна. Тэнд очиж сонин сонсъё, яагаад хур бороо оров, үер усыг урьдчилан зарлаж болоогүй юм уу эсвэл өөр учир шалтгаан байна уу гээд очтол нэг эмэгтэй станц дээрээ юм тэм­дэглэн зогсож байв. Тэрээр ихэд сандран “Би юу ч хэлж мэдэхгүй. Хоёр цагийн мэдээгээ өгөх гээд зав алга” гэх юм. Тэгснээ манай дарга Оюун… хэн гэнэв нэг хүн бий. Тэднийх тэр хаалга гээд заав. Дарга нь ажлын цагаар гэртээ хариад хаалгаа дотроос нь түгжиж, утсаа таслаад таг бүгчихэв. Хүүхэд гүйлгэж хаалгыг нь нүдээд ч гарч ирсэнгүй. Дэмий л ажилтнаас нь ганц нэг юм асуухаар энийг тэр мэднэ, тэр асуудал миний хариуц­даг юм биш гээд давхийнэ. “Тэгвэл үдээс хойш цаг агаар  яах шинжтэй байна?” гээдэхсэн чинь “Хот руугаа бороо орохгүй байх аа. Төвөөс мэдээ ирээгүй” гэв. Харваас ойлгомж­той битүү үүлшсэн намрын тэнгэр Орхон сумаас хөдлөв үү үгүй юу асгарч бүр зүсэрдэг байна шүү. Орон нутагт байгаа манай төрийн албан хаагчдын ажлаа хийж бай­гаа царай, ажлын хариуцлагын сонгодог дүр төрх яг ийм л бол­чихоод байгаа юм. Уг нь хамгийн чухал энэ хэдхэн хоногийн байд­лыг зогсоо зайгүй тариаланчдад мэдээлэх ёстой юу, үгүй юу?

Нэрээ Тоорил гээд байгаа юм уу Төөрүүл  ч юм уу тийм нэгэн малчинтай уулзав. Увс аймгийн Тэсэн сумаас уржнан Сэлэнгэд нүүж ирсэн аж. Өнөө зун Увс нут­гийн Сэлэнгэ дэх зөвлөлийнхэн санаачилга гаргаж Зүүнхараа хавьд тусдаа наадмаа хийсэн гэнэ. Морь, бөх нь өндөр байтай уг наадамд зөвхөн Увсчууд оролцсон юм байх. Сэлэнгийнхэн энд нүүж ирэхэд их дургүйцдэг. Бэлчээр өвс сайхан нутаг байна. Нутгаасаа малаа тууж ирсэн. Буцаж нутаг гүйхгүй тогтож байна. Одоо эдний аймаг сумын удирдлага малтай иргэн авахгүй гээд байгаа. Бид болохоор “За тэгвэл малын оронд ажил олж өг” гээд амыг нь тагла­чихдаг гэв. Эднийх баруун тийшээ нүүж явсан юм. Танайх буцаж яваа юм уу гэхэд “Үгүй ээ. Эртхэн шиг өрсөж намаржаандаа буух гэж явна. Тариа ногооных нь ажил дуусчихсан гэж сонслоо. Одоо ч хүн малын жаргадаг цаг шүү дээ. Энэ зун хониныхоо ноосыг зарсан гээд килограмм тутамд нь 2000 төгрөг төр засгаас зүгээр өгөхөөр болсон. Ноднин бас тэгснийг нь мэдээгүй өнгөрөөсөн. Шинэ нутагт буугаад хуримтай. Хотоос ах дүү нар ирцгээнэ” гэж байна.

Сант сумын ногоог газар дээр нь бөөндөж авдаг “Барс” захын ченж гээд нэг нөхөр байдаг юм байна. Тэрбээр энэ жил уг суманд ирж асар том талбай түрээслэн заримыг нь худалдаж аван өөрөө төмс тарьчихжээ. Тарьсан төмс нь үерийн газраас хол тул хохирол амсаагүй. Ченж одоо төмс худал­даж авахаа зогсоосон тул иргэд тус тусдаа өөрсдийн унаагаар хот явах болж байгаа аж. Сэлэнгийн ногоо талбай дээрээс эцсийн хэрэглэгч дээр очиж хоол болтлоо 6-9 гар дамждаг гэнэ шүү. “Нэгэн тариачин таван генерал тэжээсэн нь” гэдэг үлгэр шиг ногоочноосоо цөөнгүй “ченжүүд” ногоогоор дагнаж амьдарц­гаана. Мэдээж тэр тоолонд зохиомол үнэ бий болж ашиг уна­гасаар дотоодын ногооны эцсийн үнэ “үйлдвэрээс гарснаас” хамаа­гүй өндөр үнэтэй болж хувирдаг. Тэгж дамлаж зарсаар байгаад иргэдийг бүр дасгаж орхисон. Энэ зальхай шат дамжлагыг цөөлөх гээд “Сэлэнгийн ногоон өдрүүд” гэхчилэн шоу маягийн арга хэмжээ явуулдаг болоод байгаа. “Скай” худалдааны төв, “Ялалтын талбай” энэ тэр дээр. Тэнд ногоочид ургац хураалтаа орхин орхин бөөнөөрөө ирцгээж ченжүүдийн бах тавыг хангадаг.  Яагаад гэвэл хаа байсан Ховдоос хүртэл ногоочид ийшээ зорин нэг цаг үед цөмөөрөө цуг­ларан ургацын далайгаар хахац­гаана. “Бидэнгүйгээр ногоо чинь аль хэр үнэд хүрч байна даа, хэ хэ” гэцгээдэг. Намрын ажлаа орхиод олон зуун километр өөрийн унаа­гаараа давхин хэдэн шуудай бай­цаа ачаад ирсэн чинь хотод өдийд  юу л байна ногоо. Бүр ёоз ёозоо­роо. Энэ нь ногоочдыг зориуд цөхрөөх гэсэн хорон ажиллагаа ч юм шиг. Яахав хотын бидэнд хямд ногоо нэг хэсэгтээ идээд сайхан л даа. Мөн энэ үеэр далимдуулж урд хөршөөс хямдхан ногоо оруулж ирээд хольж зарсан явдал ноднин гарсан юмдаг. Хэн ч хятад ногоо авчраад зарж байна гэж хар авдаггүй юм билээ.

Хот орох замдаа “Урьхан” зоогийн газарт ороод хоол аваад сууж байлаа. Тавагтай хоолнуудын орц порцын тал нь төмс байцаа зэргээс бүрджээ. Мах гурил хоёрын нийлбэр ногооноос хэтрэхгүй. Эцсийн эцэст бид яг юу идэж байна вэ. Тэр их уудам бэлчээрээр дүүрэн яваа мал сүрэг, зах нь харагдахгүй улаан буудайн тариалан чухам юунд зориулагдсан юм бол. Яагаад тавагтай хоолонд бэлчээрт байгаа шигээ, талбайд ургуулсан шигээ мах гурил хоёр ихэнх хувийг эзэл­дэггүй юм бол. Нуль мах байвал зохих “Нарийн махан хуурга” гэхэд л гурван хэсэг бондгороос бүрдэнэ. Буудайн гурил ч байхгүй, оронд нь хоолны халбагаар тогшсон цагаан будаа, хажууд нь хачиртай ногоо. Бас нухсан төмс. Тийм байдаг биз дээ. Хүмүүс ногоог ийм л түлхүү иддэг болсон болохоор гуанз­ныхан тийм хоол хийсэн байж таараа. Тэгвэл бид ногоочдоо малчид, тариачдаас дээр биш юм аа гэхэд адилтган үзэж харж хан­даж яагаад болдоггүй юм. Монгол хөрсөн дэх ногооны аж ахуйг есөн дамжлага бүхий ченжийн гарт атгуулж дампууруулж орхиод оронд нь гахай, тахиа тэжээх зориу­лалтаар тариалдаг Хятадын хамгийн муу хортой ногоог ямар ч хяналтгүйгээр вагон вагоноор нь оруулж ирж байна. Тэрний үр дүнд нийт иргэдийн цөөнгүй нь ходоод гэдэсний эдгэршгүй өвчинд нэрвэгдсэн юм. 

Орхон гол үерлэсэн шалтгаа­ныг олж тогтоомоор байна. Онцгой байдлын зүгээс ирсэн албан тайл­барт “Үер усны байдал нэмэгдэж болзошгүй талаар хэдэнтээ сануулсан” гэсэн байв. Эдгээр ногоочид ямар гол дээр зугаалж явсан улс биш. Хүний амь нас хохироогүй болохоор тэдний зүгээс хамаатай юу байхав. Гэхдээ л хошин шог шиг инээдтэй санаг­даад байх юм. Төр засгийн зүгээс хандаж байгаа хариу энэнээс өөр байхгүй. Нэг иймэрхүү янзтай нутгаар нэг биш хоёр ч өнжөөд ирэв.