Аливаа улс орон стратеги хөжлийн бодлогоо доод тал нь 50 жилээр тодорхойлдог юм байна. Ийм тогтвортой, ултай, урт настай хөгжлийн программыг хийхдээ нэн түрүүнд 50 жилийн турш ганхахгүй бөх бат хашаа болгож Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогоо боловсруулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, үндэсний хөгжлийн программ нь үндэсний стратеги хөгжлийн аюулгүй байдал гэдэг өгөгдөхүүнтэй салшгүй холбоотой учраас. Энэхүү суурь ойлголтын талаар хэсэг эрдэмтэдтэй ярилцаж байсан минь үе үе санагдаж, ойрноос бүр ч илүү бодогдох болов.

Ингэхэд үндэсний аюулгүй байдал болон стратеги хөгжлийн аюулгүй байдал гэдэг асуудлуудыг яаж тодорхойлох вэ, ямар хэмжигдэхүүн байх ёстой вэ,ямар ямар эрсдлээс ямар үр дагавар гарч ирж болзошгүй вэ, ирэх магадлалтай тэрхүү эрсдлүүдийн сөрөг үр дагвар нийгэмд маань хэр хэмжээний хор хохирол учруулах магадлалтай вэ. Гол нь энэ бүхнээс үсэрхийлсэн алдаанууд засч болох алдаа юу, засч болохгүй алдаа юу. Ингэхэд Үндэсний аюулгүй байдалд юуг засч болохгүй алдаа, юуг засч болдог алдаа гэж үздэг юм бэ. Энэ мэт бүх эрсдэл, алдааны өгөгдөхүүнүүдийг аливаа улс орнууд маш нарийн тодотгож авч үздэг юм байна.

Сэтгэлд хургаж хоцорсон энэхүү ярианууд уг нь уул уурхайн асуудлууд дээр шаналж яваа хэсэг хүмүүсийн өвдөлт дээр суурилсан эмзэглэлүүд байсан юм. Гэхдээ тэдний маань зовнил засч болохгүй, засахад хожим дэндүү их өртөг төлөх тийм алдаа руу чиглэж байсан нь өнөөдөр сэтгэлийг минь илүүтэй төнхөж байна.

Уул уурхай дээр суурилсан хөгжлийн бодлогыг тойрч бидний монголчууд дэндүү их ярьсан. Ярих тусам нэгдсэн ойлголцлоос холдож, сүүлдээ хамтарсан засгийн газрын дугуй ширээний ард эз дийлэн байж зарим төслөө хөдөлгөсөн нь үнэн. Тэгэхээс өөр аргагүй нөхцөл байдал шахаж, тэгэхээс өөр аргагүй цаг хугацаа түлхэж, тэгэхээс өөр аргагүй дотоодын үл ойлголцол сунжирч байсан болохоор тэр. Гэхдээ л Үндэсний аюулгүй байдлын бодлого зөв байхаас улс орны ирээдүй шалтгаалах нь гарцаагүй гэдэг дээр эрх мэдлийн тойрог дотор сууж байгаа хэсэг нь ч, эрх мэдлийн тойргийн гадна орилж байгаа хэсэг нь ч санал нэгдэж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Хамгийн нэгд,

Орчин үед Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюул занал нь дээд эрэмбийн технологийн хөгжил, дэлхийн геостратегийн ашиг сонирхол, геополитекийн тогтолцооноос хамаарч цоо шинэ өгөгдөхүүн, шинэ арга, шинэ тактик, шинэ хэрэгсэлтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байна. Энэ сэдвээр өнөөдөр дэлхийн улс орон болгон зовниж байна. Гэтэл бид яг ийм сэдвээрээ зовниж чадаж байна уу, үгүй юу. Энэ л өнөөдрийн асуулт болоод байна.

Тойрч, томруулалгүй товчлоод шууд хэлэхэд бид дэлхийн том гүрнүүдийн геостратегийн бай болчихоод байгаагаа умартчихаад ээлжит улс төрийн сонгууль угтсан дотоодын дажнаа тойроод л тэмцэлдэж байна шүү дээ. Ямар улс орон тэдгээр мангас гүрнүүдийн овоо хараанд өртдөг вэ. Асар их байгалийн баялаг илэрсэн, хүч дорой, хөгжил буурай улс орон л дэлийн том гүрнүүдийн Геостратегийн бай болдог шүү дээ. Шинээр үүссэн энэхүү эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдэрч, Үндэсний аюулгүй байдлын бодлогоо арай өөр өнцгөөс тодорхойлон харах, улс төрийн хүчнүүд нь энэ зүгт чиглэсэн анти программууд дээрээ төвлөрөх гарцаагүй шаардлага тулчихаад байхад бид юу руу хамаг анхаарлаа шидчихээд дотроо хэмлэлдэж байна вэ.

Бас нэгд,

Засахад дэндүү их үнэ төлөх, засахын тулд дэндүү их цаг хугацаа авах алдааны нэг бол дотоодын хямрал. Дотоодын тогтворгүй байдал бидний хувьд үндсэндээ 20 гаруй жил үргэлжилж байна. Дэлхийн улс орнууд бодлогоо 50, түүнээс дээш жилээр тодорхойлдог бол манайх 5 ч биш сонгуулийн дөрөв дөрвөн жилийн хугацааны нэг намын мөрийн хөтөлбөр төдийхнөөр авч үзэж байдаг. Тэгээд болоогүй тэрийгээ ч хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлдэггүй учраас нийгэм нь хэрүүл тэмцэл, үл итгэлцэл, үл ойлголцлоос ангижирдаггүй. Ийм тогтсон зан суртахуунтай улс орны иргэд уужирч өгдөггүй, байнга л уухирч байдаг болдог ч байж мэднэ.

Үнэндээ жижиг орны иргэд бие биенээ хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна. Энэ ингэж болоод байхад би яагаад...гэсэн өрөвдөлтэй тачаал дээр л өнөөгийн монголын зан суртахуун хөгжиж байна. Бүх салбарт адилхан. Аан, энэ ингэж дуугарч байвал би ингэнэ гээд л ойрхон, дэндүү өчүүхэн атаагаар хажуугаар шалбааг үсчүүлээд  давхичихна. Илүүгээ зөвшөөрч, нэгсэж чаддаггүй. Тийм болохоор бүгд солгой зөвгүй олон өнгөөр дуулж байдаг. Энэ муу яахаараа төрийн ордонд концертоо тавьдаг юм, би тавинаа гээд л толгойгоо чихчихнэ. Тэр яагаад шагнуулаад би болдоггүй юм гээд л гүйчихнэ. Энэ яагаад дутаж гачихгүй, мөнгөтэй бол мөнгөтэй, олонтой бол олонтой амьдарч болоод би тарчиг ядуу, мөнхийн үгээгүй амьдраад байдаг юм.Ерөөсөө энэнтэй үзнээ гээд л тачаадчихдаг. Өөрөө болохоор бусдад өчүүхэн төдий гар сунгаж, буянтай байж, өгөөмөр байж, ухаалаг байж, уужим байж, гэрэл гэгээтэй явж  үзээгүй. Тийм болохоор доторх бохир вирус нь л төлжөөд яваад байдаг. Тийм вируст идэгдчихсэн болохоор бусдаас шууд дээрэмдэх аргыг сонгодог. Дээрэм тонуул, заль мэх хийхээс сийхгүй болтол дотуураа догширдог. Дотроо тийм аймаар бохир тээсэн нөхдүүд үргэлж сэтгэл ханамжгүй байдаг. Үргэлж тэлчилж явдаг. Өнөөдрийн тэмцэгчдийн дийлэнх нь ердөө л ийм суурьтай тачаадагчид. Өөрийнхөө аваад төрчихсөн багтаамж, байгалийн өгөгдөл, авъяас билэг, мэдлэг чадвараа чамлаж, илүүтэйгээ жишиж ичиж, ухарч мэддэггүй аймшигтай муухай соёл л биднийг баллаж байна. Тийм болохоор бүгд л гишүүн болох мөрөөдөлтэй, бүгд л сайд болох санаархалтай, бүгд л эрх мэдлийг идэж ууж болдог хэрэгсэл гэж хардаг. Эрх мэдэлд хүрсэн нь ч тэгж  харуулдаг байх. Гэхдээ л ийм юманд тэмүүлэх өвчин нийгэмшсэн нь илүү хорон.  

Үнэхээр жижиг ард түмэн хэмжээгээ мэддэггүй юм байна. Эрх мэдэлд зүтгэсэн нь ч улам л сунаад зүтгээд байдаг, эд баялагт хүрсэн нь ч улам л хүүдийлээд дайраад байдаг. Хэм хэмжээ гэх ойлголтыг мэдэрдэг соёлтой нийгэм бол ийм үзэгдэлд автахгүй.

Бас жижиг ард түмэн нэг нэгнийхээ уналтад дуртай байдаг юм байна. Нэг нэгнийхээ ялалтад хорсдог шигээ. Бид нэг нэгнийхээ зовлонд элгээ эмтэлхээ больсон юм байна. Бусдыгаа зовоход дотроо таашааж байдаг маягийн үзэшгүй муухай үнэр одоо яг үнэртэж байна. Харж байгаа биз дээ. 7 сарын 1-ний хэрэг явдлын эргэн тойрныг.

Ахиад нэгд,

Жижиг ард түмэн нэг нэгнийгээ шүүж, дүүжлүүрт аваачих асар дуртай байдаг юм байна. Цөөхүүлээгээ мэддэггүй болохоор. Цөөхүүлээ болохоор олуулаа болохыг мөрөөддөггүй. Уг нь цөөхүүлээ улс олуулааг мөрөөсдөг нь орчлонгийн жам. Ганцаараа хүн багтай болохыг санагалздаг нь хорвоогийн ёс. Гэтэл бидний яг дотоод тамир нэдэр дээрээ эсрэгээр юм гээч. Энэ нь эрт дээр үеийн идэш хоолны төлөөх тэмцэл дээр суурилсан нүүдэлчдийн соёлтой маань холбоотой байх. Зөвхөн хар толгойгоо, цаашлаад л өрх гэрээ бодож хөдөлдөг. Арай цаашилбал отог омгоо гэдэг. Бидний засахад хэцүү хамгийн том алдаа яг үнэндээ сэтгэлгээний энэ бүгшмэл байдал болоод байна.

Бид бараг нэгдэж чадахгүй улс юм байна. Монгол орны амьдралыг ил далд хэлбэрээр 20 гаруй жил ханьсаж, хагаралдан байж авч явсан хоёр том улс төрийн хүчин маань хамтарч ажиллах гэж үзээд дөнгөж данган 3,5 жил болоод л салж бутарч байна. Дөнгөж ганц сарын өмнө алтан мөнгөн гудсан дээр нэг хөнжилд хэвтэж байсан улс өнөөдөр яаж байнаа. Саллаа гээд гараад явсан нь ч эргэж нөгөөдүүлээ самраад л. Дөнгөж өчигдөрхөн ял болоод гавъяагаа яг адилхан хувааж үүрнээ гэж байсан улсууд “Бүх юм энэ новшнуудаас болсон шүү” гэж чарлаж гүйгээд л, ямар ч монгол хүний дургүй хүрмээр залхам уур амьсгалыг бүрэлдүүлж байна. Сүүлдээ монголын түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлт өдөр болох мөнөөх “7 сарын 1”-ийг өрсөлдөгчөө намнах бөмбөг болгон өлмийд нь булж, түүнийхээ хөлд улс орноо аягүй бол иргэний дайны байдал руу ч түлхэж болзошгүй аюулын ирмэгт авчраад байна. Уг нь бидний зовох юм өөр зүйлд байх ёстой байхад бид өнөөдрийн зовлонгоо өөрсдөө тарьж, түүнийгээ тойрон зарим нь бүжиглэж, зарим нь уйлж зогсоно. Ийм эсрэг тэсрэг уур амьсгалтай нийгмийн сэтгэл зүй л иргэний дайны хөрс суурь болдог гэдгийг учир мэдэх хүмүүс түгшин шивнэлдэж буйг сэхээрэх сөгөө харин даан ч алга. 

Дахиад нэгд,

Жижиг ард түмэн хувийн, ойрхон зуурын өш хонзонгоо мартаж чаддаггүй юм байна. Ийм хүмүүс том эрх ашгаа бодох билгийн мэлмий дутмаг байдаг. Одоо хар л даа. Нэг хэсэг нь цагдаагийн талд юм шиг. Нөгөө хэсэг нь эсрэг юм шиг нийгмээ шууд хуваагаад хаячихлаа. Тухайн үед төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн удирдах ажилтнуудыг шүүхийн тавцанд аваачсан эл явдлыг шууд утгаар нь улс төр гэж хүмүүс харцгааж байна. Нэг талаас үнэхээр ч тэгж харагдаж байна. Учир нь тэр өд­рийн үйл явдалд зөвхөн цагдаа буруутай байсан юм шиг тайлбар хавтгай явуулж байгаагаас үүдэж иргэд тэгж харахад хүрээд байна. Тушаал өгсөн нь ч, тушаал гүй­цэтгэсэн нь ч яг таг нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчид нь хавтаст хэрэгтэйгээ хангалттай танилцаж амжаагүй байхад энэ хэргийн эцсийн хариуцагчийг зөвхөн цагдаагийн дарга нарыг болгож үлдээх нь хэтэрхий шударга бус явдал гэж нийгмийн дийлэнх хэсэг үзэж байгаа.

Өш хонзонгийн тухай яагаад хөндсөнөө тодруулъя. Өнөөдөр муусайн цагдаагийн дарга нарыг алаад өг гэж бахиралдаж байгаа хүмүүсээс бараг төрөлхийн гэмээр нөгөө л муухай монгол үнэр ханхлаад байгаа явдал энэ талаас нь харахгүй байхын аргагүй нүхийг улам тодосгож байна. Яагаад гэвэл тэдний мөрөн дээр генерал, хурандаагийн гялбам мөрдэс гялалзаж амьдарсан болохоор байгалийнхаа жамаар өчнөөн хорсогчдыг үржүүлсэн байж таарна. Тэдний гараар шалгагдаж, шийтгэгдэж, цагтаа хорсож явсан хэсэг өнөөдөр улам илүү бачимаар бахирч байгаа.

Цагдаагийн толгойд хурц, аюултай, хэт хөдөлгөөнтэй хүн гарч ирэх хожмоо багагүй уршигтай үр дагавар дагуулдаг гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн түүх нотолдог. Энэ үүднээсээ Ч.Амарболд бусдыгаа бодвол хувийн дайсан ихтэй нөхөр бололтой. Түүнд дургүй хүмүүс хаа сайгүй. Цагдаад ч, улс төрд ч. Тэд хувийн хорслоо энэ хэрэг рүү багагүй шургуулж байгаа нь ил харагдаж байна. 

Иргэд сонгуулийн дүнг будлиантууллаа гэж цуглаж эсэргүүцэл илэрхийлснээр энэ хэрэг явдал үүдсэн гэж улс төрийн зарим хэсэг тайлбарладаг. Тийм атал бу­дилсан эсэхийг нь хэн ч шалган тог­тоогоогүй. Тэрийг тогтоогоогүй атал өнөөдөр буруутанг “олоод” яллаж байна. Сон­гуулийн дүнг будилуулсан гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахиад санал хураалт явуулж ч болно. Үүнээс бид хулчийхгүй гэж тухайн үед ялсан намын дарга С.Баяр мэдэгдэж л байсан. Тэгвэл тэр гомдсон хэсэг яагаад шахаж байгаад дахиж санал хураалгаагүй юм бэ. Үнэн хэрэг дээрээ үймээн самуунд оролцсон, галдан шатаасан, чулуу мод зөөсөн, архидан согтуурсан этгээдүүдийн дийлэнх нь сонгуульд оролцож саналаа өгөөгүй байсныг тэдний арван хуруу баталдаг шүү дээ. Тэгэхээр үймээнийг зөвхөн нэг хүчин зүйлээс болсон гэж дүгнэх өрөөсгөл. 

Тэр аймаар хүчирхийлэл, дээрэм тонуул, гал утаан дунд дөрвөн иргэн бууны суманд, нэг иргэн угаартаж амиа алдсан. Тэр дөрвөн хүний хоёр нь манай цагдаад байхгүй шахам ур чадвартай мэргэн буучийн суманд ижил үйлдлээр  буудагдсан. Хаанаас, юу ч орж ирээд ийм байдалд хүрсэн байж болно. Энэнийг гадаад хийгээд дотоод талаас нь шинжин нягтлахгүйгээр зөвхөн цагдаагийн дарга нар дээр талцсан хэрүүл төвлөрөөд байх юм бол иргэний дайны ч байдал руу татагдан орж мэдэх нь. 7 сарын 1-ний энэ хэрэг явдал дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй бол улс орон тэмцэл, зөрчилдөөний байдалд л шилжинэ. Болж буй явдлыг зөвхөн цагдаагийн ар гэрийнхний эсэргүүцэл мэтээр зарим нь дэндүү бага харж байна. Цагдаа өөрөө ажил хаявал яах юм. Цагдаад төрдөө, ард иргэддээ асуулт тавих эрх ядахдаа бий шүү дээ. Цаашдаа бид ямар үедээ тушаал үг дуугүй биелүүл гэж дарамтлаад, ямар үедээ яллаад байх юм. Энэ бол энгийн сонсогдовч ардаа асар том асуултын тэмдэгтэй сэдэв.  

Тэгэхээр юуны өмнө 7 сарын 1-ний сэдэв дээр хариуцагч, хохирогч, холбогдогч бүх талууд зөвшилцөх шаардлага тулгарчээ. Ийм зөвшилцлийг сонгууль дөхсөн, нөхцөл байдал төвөгтэй болсон энэ үед хойшлуулшгүй даруй хийх хэрэгтэй байна. Улс орны дотоод таагүй уур амьсгал улс төрийн сонгууль дөхөх тусам ширүүсдэг. Хэрэв ойлголцол, зөвшилцлийг хийхгүйгээр сонгууль явуулбал улс орноо тооцоолшгүй аюултай нөхцөл байдал руу ч түлхэж мэдэхээр уур амьсгал бүрэлдэж байна шүү дээ. 

Эцэст нь,


XX зууны сүүлчээр хүйтэн дайн дуусавар болсноор дэлхийн том гүрнүүдийн гадаад бодлого өөрчлөгдөөд 20 гаруй жил болж байна. Гэхдээ энэ нь улс гүрнүүдийн хоорондын эрх мэдэл, нөлөөллийн төлөөх тэмцэл дууссан гэсэн үг биш юм. Ердөө илүү далд, илүү ухаалагжиж, илүү харгис хэлбэр болох геостратеги хэлбэр лүү  шилжсэн. Дэлхийн улс түмэн доторхоо гол гол суурь ойлголтууд дээрээ төвхнүүлчихээд гадагшаа хараа бэлчээж, гадагшаа хүч сорьсон том тоглолтууд дээр өндөр өртөгтэй бооцоо тавиад сууж байхад бид мөн л дотоодын дажинтайгаа үймрэлдэж суугаа маань гутамшигай байна.  Зүгээр нэг дажин биш зүгээ яаран олохгүй бол яаж ч эргэж мэдэх дажинтай байцгааж байгаа маань түгшүүртэй байна.

Хэдэн жил хөрсөн дороо байгаа хар алтыг тойрч улс төржсөн. Хар алт маань уг нь улс орны аюулгүй байдлын баталгаа болохуйц баялаг. Гэтэл хар алтаа хараал тустал нь хэрэлдлээ.

Нүүрсний хэрэглээ 2020 он гэхэд 6 865,7 сая тоннд хүрч дэлхийн эрчим хүчинд эзлэх хэмжээ 40 хувь давна гэсэн тооцоог олон улсын судлаачид хийж байгаа нь хар алтны хойноос элдэх “дайн”-ыг улам хөөргөж байна. Энэхүү даяарчлагдсан сонирхол нэг талаас хөрөнгө оруулах гэсэн наанаа гоё нэртэй, цаанаа ердөө л аргалж хямдхан “авах” гэсэн супер гүрнүүдийн геостратегийн бодлого тээж байгаа. Энэ дунд тоглох дүрмэн дээрээ ч бид нэгдмэл байр суурьт хүрээгүй гэдгийг саяын засгаас гарч явсан яваагүй сайд нарын тэнгэр газар шиг зөрүүтэй мэдэгдлүүд нотоллоо.

Гэтэл Монгол улсын нүүрсний нөөц бүрэн батлагдаагүй дүнгээр 150 орчим миллиард тонн. Энэ тоог бүр цаашдаа нэмэгдэх магадлалтай гэж үздэг гээч. Дэлхийн том гүрнүүдийн харааг булааж буй бидний гол шалтгаан энэ. Гэтэл яаж бид ийм тархай бутархай, нэгдмэл бус,үргэлжийн үл ойлголцолтой байж улсынхаа Үндэсний эрх ашгийг дэлхийн энэ том гүрнүүдийн геостратегийн сонирхолтой зөв уялдуулсан бодлого хэрэгжүүлэх юм бэ. Тиймээс өнөөгийн улс төрийн хүчнүүдийн хойч үеийнхээ өмнө хүлээсэн түүхэн хариуцлага гэж байгаа бол энэ зүг рүүгээ хараач ээ, дотоодын хямралаа зохицуулаач ээ гэж л чангаар хашгирмаар байна.