-нэг гаруй сэдэвт фельетон-

Луу жил гарахын өмнөхөн шадар сайд маань хэсэг иргэнийхээ хойт дүрийг хүлээн авч уулзсан байна. Сайд иргэдийнхээ хойт дүртэй уулзаж буй  нь сайн. Гэхдээ иргэдийнхээ одоогийн дүрүүдийг хэрхэвч мартаж болохгүйг сануулах  юун.

Харин Барууны хэвлэлүүд монголын шадар сайдыг далд ертөнцтэй холбогддог увьдастай,  олон жилийн өмнө нас барсан баахан улсын сүнсийг үе үе өрөөндөө хүлээж авч хууч хөөрдөг мэтээр мэдээлжээ. Гадаадынхны шашнаар бол хойт төрөл гэж байдаггүй бөгөөд хүн үхэхээрээ нэг бол тамд унадаг эсбөгөөс диваажинд очдог, үгүй бол сүнс хэвээрээ яваад байдаг ч юм уу.  Шашин ном таарахгүй улсыг яалтай билээ. Зээл тусламжийг нь бишгүй  хүртэж байж “буруу номтон” энэ тэрээр нь дуудаад  байлтай биш. Барууны шар хэвлэлүүд манай төрийн ордныг хий үзэгдэлтэй болсон аятай шуугихаас өмнө үнэн учрыг ойлгуулсан гадаад сурталчилгаа хийх хэрэгтэй байна. Энэ ажилд төр улсаа төлөөлөн суугаа элчин, консулууд их зүйл хийх боломжтой. Монголд зорчих виз хүсэх өргөдөлд энэ асуудлыг тусгах хэрэгтэй юм.

Жишээ нь:

        1. Овог, нэр

        2. Хэний хойд дүр болох

        3. Төрсөн газар

        4. Өмнөх гурван дүрийн нэр

        5. Аялалын зорилго

        6. Өмнөх төрөлдөө виз авч байсан эсэх

        7. Аялах хугацаа

        8. XIII зуунд хаана байсан..гм гм.


Зөвхөн хутагт хувилгаад гэгээдийнхээ хойт дүрийг тодруулж байгаа нь сайшаалтай боловч бас өрөөсгөл санагдана. Сая сая жирийн сүсэгтнүүд хойт дүргүй үлдэж байгаа нь ардчилалд үнэхээр харш бөгөөд нөхөд лам хуврагууд ба төрөөс “эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын “тулд уу?  эс тулд уу” хэмээн асуумаар бодогдоно.

Жирийн хүмүүсийнхийг байг гэхэд төрийн томчуудын хойт дүрийг тодруулахаас ажлаа эхлүүштэй. Тэднийхээ хойт дүрийг тодруулах асуудлыг орхигдуулснаас болоод үр хүүхэд, эхнэр зэргээр нь орлуулан албан тушаалыг нь өвлүүлэн түр аргацаах байдалтай явж ирсэн. Өнгөн дээрээ болоод байгаа мэт харагдавч тэрхүү “орлогч” нар өөрснөө хэний хойт дүр болохыг бид мэдэхгүй өнгөрдгөөс дүр завших явдал гарахыг үгүйсгэхгүй. Одоо энэ асуудалд цэг тавих нэгэнт болжээ. Төрийн түшээдийг тэнгэрт хальсны дараагаар товлогдсон хүүхдүүдэд  бурхан болоочийн мөрийн хөтөлбөрийг нь уншиж өгөөд “энэ минийх” гэснийг нь аваачаад суулгачихад хэцүү юм огт үгүй. Энэ тухай заалтыг сонгуулийн шинэ хуулинд суулгавал илүү бурханлиг болохсон.



Хүний хойт төрлийг ялгаварлан гадуурхалгүй тодруулж байх нь олон талын ач холбогдолтой. Жишээлэхэд томоохон хулгайчийн хойт дүрийг тодруулчихвал эргэн тойрных нь хүмүүс сонор амьдрана. Цаанадаж цагдаагийнхны эрлийн хүрээ хумигдана. Этгээдийн урьд төрөлдөө хийсэн хэргийг нөхөн хүлээлгэх болсноор эзэн холбогдогчгүй хэргийн тоо буурна.

Одоо сайн талаас нь ярья. Алдар цол одон медалийг нь хойт төрөлд нь өвлүүлэх боломж бүрдэнэ. Үйлдвэрчний Ганбаад бүр хэлье гэж бодогдчихлоо. Өндөр настны тэтгэврийг хойт төрөлд нь үргэлжлүүлэн олгохын төлөө тэмцэх цаг болсон. Хүүхдүүд урьд төрлийн бичиг баримтаа бүрдүүлээд, хороон даргаараа цохуулаад ирэхэд л болчих ажил. Мянга мянган хүүхдийн цэцэрлэг сургууль, дээд боловсролын төлбөр эндээс гараад ирнэ.

Ном ёсоор бол бид өмнөх хязгааргүй төрлүүддээ хэн ч байсан байж болно. Монголчууд нохойгоо оршуулахдаа сүүлийг таслан ёсолдог ба дараа төрөлдөө хүн болно гэж ярьдаг. Үнэхээр ч бидний дунд  сайн нохой байсан шинжийн улс бишгүй. Явж явж дараа төрөлдөө маш сайн нохой болж мэдэхээр нь ч буй. Ингээд бодохоор нохойг хайрлахгүй байхын аргагүй. Яг ийм агуулгаар морь, тэмээ, саалийн үнээнээс эхлээд хамаг амьтныг хайрлаж болно. Энэ бол экологийн ногоон чиг хандлагатай намуудын барьж авах ажил гарцаагүй мөн.

Хүний урьд өмнөх төрлийг мэдүүлэхийн ач холбогдол цаглашгүй. Жишээлэхэд та алтны магнат Мянгаагаас ч юмуу, тэрбумтан Билл Гейтсээс хэдэн цаасны авлагатай хүний хойт дүр байхыг хэн үгүйсгэх юм бэ? Цаадах дээрээ явж очоод “Авлагыг нэг их олон төрөл дамжуулж дэмий ш дээ. Өнөө хэдийгээ авчихдаг юм бил үү” гэсээр очно шүү дээ. 

Хойт дүрийг зөвхөн хүнээр хязгаарлах аргагүй. Аргагүй юу байхав, бүр тулгамдсан асуудал болоод байна. Хуучин МАХН-ын хойт дүрийг  гэхэд л МАН, МАХН хоёр булаалдаж байна. МАХН өөрөө 1929 онд монголын газар шороон дээр хойт дүр тодруулах ажлыг үүрд цаазлан хорьсон юм шүү дээ. Гэтэл өөрөө хоёрын хоёр хойд дүртэй болоод толгой эргүүлж байна. Энэ асуудлыг сонгуулийн өмнө цэгцэлчихмээр юм. Хэцүү юм байхгүй ш дээ. Тэр жил Хамбын овооноос гарсан лам нарын ясыг харуулаад  аль нь “би тэгээгүй” гэхнэв, тэр нь л жинхэнэ хойт дүр болж таарна шүү дээ. Урьд дүр нь хэзээ ч буруугаа хүлээдэггүй нөхөр байсан юм.

Мөн сонгогчдийн хойд дүрүүд урьд дүрийнхаа саналыг давхардуулан өгч болох эсэх асуудлыг ч сонгуулийн хуулинд суулгах цаг ирсэн.

Хойт дүр сайхаан. Манай иргэд “одоогийн дүр”, “хойд дүр” гэсэн хоёрын хоёр дүртэй болсноор улс орны амьдрал илүү театарлаг болно. Харин энэ сайхан ажилд албадлага байж болохгүй. Хүн өөрийн одоогийн дүр, урд төрлийн дүр хоёрын аль дуртайг нь сонгох боломж олгох ёстой.

Ардчилсан ертөнцөд амьдарч байгаа бид чинь зөвхөн хойд ба одоогийн дүрээр ажлаа хязгаарлаж болохгүй. Дараа төрлийнхээ “Өмнөх дүрийг” тодруулж үзэх цаг бас болсон. Ер нь яарахгүй бол хятадууд өрсөөд ЮНЕСКО-д бүртгүүлчихэж мэднэ. Хойд насандаа том хувилгаан болох улсыг өнөөдөр “тэр гэгээний урьд дүр” хэмээн шүтэж яагаад болохгүй билээ.

Олон дүрийн ач холбогдлыг тоочоод баршгүй. Монгол хүн бүрийг “хойд”, “одоогийн”,  “урьд” гэсэн гурван дүртэй болгоод улсын бүртгэлд бүртгээд, регистр олгоход хүн амын тоо 9 сая гараад явчихаж байна. Бас иргэн бүрд гурван дүрийнх нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгоод явчихад амжиргаа гурав дахин дээшлэх юм.