Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.9-д “Өрхийн сарын дундаж орлогыг 1.0 саяас доошгүй төгрөгт хүргэнэ”, 1.3.10-т “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшнээс 3 дахин өсгөнө” гэж заасан байгаа. Төрийн болон төсөвт байгууллагад ажиллагсадын нэрлэсэн дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байжээ. Үндэстний статистикийн хорооны мэдээлснээр мөн оны IV-VI сард улсын дунджаар сарын цалин 427700 төгрөг байсан байна. Тэгэхээр хөтөлбөр ёсоороо Засгийн газар цалинг 900 000-1 283 100 төгрөг болгосон байх ёстой. Гэтэл өнгөрсөн 2011 оны дөрөвдүгээр сард багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавин жагсаал хийж байх үед БСШУ-ны ажилтны ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, “багшийн нэрлэсэн цалингийн доод хэмжээ 229 мянган төгрөг. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 180-190 мянган төгрөг гар дээрээ авдаг. Сард үүнийгээ хоёр хувааж авахаар нэг удаад нь 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө авч байна” хэмээх ярьж байв. Багш нар жагсаал хийхээс ердөө зургаан сарын өмнө төсөвт байгууллагынхны цалин 30 хувиар нэмэгдсэнийг дурдвал энэ асуудлын эффект тун тодорхой харагдана. Засгийн газрын ам, ажлын зөрүү ийм тэнгэр, газар шиг байхаар “ядаж 2008 оны түвшнээс 2 дахин өсгөөд өгөөч” гэсэн МҮЭ-үүдийн холбооны шаардлагыг үгүйсгэх боломжгүй.

Засгийн газар нуман тулгуурт

Багш нараар эхэлсэн жагсаал тэмцлийн эрч ширүүсч, эмнэлгийн, урлаг соёлын, шинжлэх ухааны ажилтнуудаар эгнээгээ тэлснийг хүмүүс сайн санаж байгаа байх. Үр дүнд нь 2011 оны 10 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцээний ширээнд суусан юм. Уг хэлэлцээгээр талууд “...цалин хөлсийг 2012 оны эхний улиралд багтаан хоёр үе шаттайгаар 2008 оны түвшнээс дунджаар 2 дахин нэмэгдүүлнэ” гэж тохиролцсон байна. Яг хэлэлцээний үеэр “эхний улирал” гэдгийг 1 ба 3 дугаар сар гэж бүр тодорхой ярилцсан байдаг. Харин Засгийн газар 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа тохиролцооноосоо буцаж энэ хугацааг 4, 10 дугаар сар болгон хойшлуулсан. Үйлдвэрчний эвлэл дахиад “хэл ам гаргаж” эхэлсэн. УИХ “үл ялиг буулт” хийж, тэтгэвэр, тэтгэмжийг 3, 5 дугаар сараас нэмэгдүүлэхээр болж, цалинг Засгийн газраас оруулж ирсэн санал ёсоор нэмэхээр шийдвэрлэсэн юм.
Оны эхэнд болсон бензин, шатахууны үнийн гэнэтийн огцом өсөлт, улмаар өргөн хэрэглээний бараа, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн, мах, гурилын үнийн өсөлт бараг л шок үүсгэх шахсан нь одоо ч илааршаагүй байна. “Муухай дээр улцан” гэгчээр энэ явдал Засгийн газрыг нуман тулгуурт оруулсан юм. Үйлдвэрчний эвлэлийнхэн Төрийн ордныг бүслэн хаах хүртэл тэмцлээ эрчимжүүлж, Засгийн газрыг хэлэлцээний ширээнд суухаас аргагүй болгов.

Их дээр нэмсэн ихэсгэл

“Мөнгөгүйдээ биш” гэсэн тайлбарыг УИХ дахь АН-ын бүлэг төсвийн тодотголын босгонд ивж буй. Энэ тодотголоор төсвийнхны цалингийн нэмэлтийн эхний үе шат нь хоёр сараар, хоёр дахь нь бүр таван сараар урагшлах юм. Мөн тэтгэвэр тэтгэмжийн нэмэлтийн эхний үе шат нэг сараар урагшилна. Эдгээр нэмэлтүүдэд улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сан­гийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нут­гийн төсөвт 8.8 тэрбум төгрөг шаард­лагатай. Үндсэндээ 180 гаруй тэрбумаар төсвийн зардал тэлэхээр байгаа. Энэ оны төсөв урьд өмнө огт байгаагүй их хэмжээнд хүрснийг гишүүд, сайд нар ам уралдан шагшицгаасныг хүмүүс санаж байгаа байх. Их дээр нь их болгосон энэ их зардал бүтээмжээ л нэмэгдүүлэхгүй бол зөвхөн эрэлт л үйлдвэрлэнэ. Маш ихээр үйлдвэрлэнэ. Ингэж их нэмэгдсэн эрэлт инфляцийг хөөрөгдөнө. Үндэсний үйлдвэрлэлийг биш импортыг дэмжинэ. Гадаад руу хийх төлбөр тооцоо нэмэгдсэнээр валютын ханш чангарч, савлаж гарна. Энэ бүхэн үнэхээр бодит нөлөөлөл юм. АН-ын бүлгийнхний болгоомж туйлын зөв байсан. Дээр нь цаг хугацааны хувьд Монголын хоёрдугаар сар эрэлт ихтэй байдаг өвөрмөц мөчлөг. 

Бусад руу чихсэн буруутгалууд

Малчдын орлого сүүлийн хэдэн улирлын турш нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр тэдний хувьд мал, мах, түүхий эдээ яаран борлуулаад байх шаардлага нь багасна. Мөн махны экспорт сүүлийн жилүүдэд чамгүй нэмэгдсэн, цаашдаа ч өсөх магадлалтай байгаа. Энэ мэт шалтгаанууд дотоодын зах зээл дээрх махны үнийг өсөхөд нөлөөлж байна гэж Монголбанк үзжээ. Харин улстөрчдийн ярьж байгаа инфляци бол цалин нэмэх хугацааг хэдэн сарын өмнөөс товлож хүлээлт үүсгэснээс үүдсэн “улстөрийн” шинжтэй. Энэ улстөрийн шинж нь дотроо хоёрдмол агуулгатай. Цалин нэмэх ёстой, харин инфляцийг нэмж болохгүй гэж тэд үзэж байгаа ч бодитой арга зам хэлж чадаагүй.

Нефтийн бүтээгдэхүүний импорт, борлуулалт эрхэлдэг компаниуд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр үнэ нэмсэн гэх буруутгал хэвлэлийн хуудсаар дүүрэн. Хоморгонд нь Монголбанк бас “нүгэлтэн” болоод байгаа. Яах аргагүй долларын ханш тухайн үед 1500 төгрөг рүү эрчимтэй гозойж байсныг бид бүгдээрээ л харсан. Гэтэл үнэндээ энэ бүхний учир шалтгаан улсын төсөвт байна гэж олонх санхүүчид дүгнэж байна.

Улсын төсөвт урхаг байна

Засгийн газрын явуулж байгаа төсвийн бодлого нь эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө Монголбанкныхаас илүү гэж Кейнсийн онолыг баримтлагчид үздэг байна. Тэднийхээр сүүлийн хоёр жилд улсын төсөв бараг хоёр дахин тэлсэн нь манай дотоодын эдийн засгийн чадавхиас хэт давчихсан байгаа үзүүлэлт юм. Долларын ханш чангарсан нь нарийндаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт эрчимжсэний нөлөө болохыг статистик харуулж байгаа. Нүүрсний экспортын хэмжээ мөн өнгөрсөн онд түүхэн дээд амжилтаа тогтоолоо. Дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагын нэг Сити групп хамгийн эрчимтэй өсөлттэй байх 10 орны тоонд манай улсыг оруулжээ. Манай улсын ДНБ-ий бодит өсөлт 2010-2015 онд 14,2 хувь, 2015-2030 онд 9,7 хувьд хүрч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг тэргүүлэх магадлалтай гэж тус групп дүгнэснийг Ерөнхий сайд Сү.Батболд нэгэн илтгэлдээ дурдсан. Өсөлтийн тухай мэдээ сайхан сонсогдож байгаа хэдий ч энгийн иргэдэд ямар ч наалдаж мэдэгдсэн юмгүй, айл өрхүүд эх орны хувь хишиг авч байгаагаасаа илүү үнийн дарамтанд амьдарч байна. Эдийн засаг өсөхийн хэрээр ядуурал нэмэгдсээр буй өнөөдрийн дүр зургийг өсөлттэйгөөр дүгнэхэд үнэндээ хэцүү.

Нөхөн сэргээгдэхгүй баялгийг ухаж авах замаар бий болсон их хэмжээний хөрөнгийг Засгийн газар тэр хэрээр нь зарцуулж байгаа явдал материал баялаг бүтээдэггүй шахуу манай орны хувьд хэтийдчихэж. Инфляци гарцаагүй. Цалинг нэмэхээс аргагүй. Юмны үнэ, үйлдвэрлэлийн өртөг цаашдаа улам өсөх янзтай. Энэ тохиолдолд арай ядан хөл дээрээ дэнжигнэж явдаг дотоодын үйлдвэрүүд өртөг, зардлаа даахаа болино. Тэгээд хаалгаа барина.

Муу ёр зөгнөж, өмхий амаллаа гэж бүү зэмлээрэй. Энэ бүхэн бол Голланд өвчний шинж тэмдгүүд юм. Манай улсын эдийн засаг аль хэдийнээ өвчин авчихаж...

2012.02.09