Цэцгийн зун шиг ээжийгээн би цэцгэн дундуур хөтлөөд алхна
Баавгайн тос...Ийм нэгэн зүйлтэй би таван настай байхдаа анх учирчээ. Тэртээ 1976 оны өвөл шүү дээ. Баавгайтай чихэрнээс өөрийг мэдэхгүй бяцхан амьтан миний чихэнд нэг л өдөр ....
Хүүхдүүд газраар эгнүүлж зүлсан намхан нааран орныхоо хөлд тус тусын сандлаа тавиад хувцсаа нэг бүрчлэн нямбайлан эвхэж, сандлын доогуур эсгий гутлынхаа хоншооруудыг яг ижилхэн шургуулж өрдөг байлаа. Бүгд энэхүү хэвшсэн ажлаа хийж дуусаад орондоо орно. Энэхүү дүрэм журам өчүүхэн ч зөрчигдөхгүй. Биднийг оронд ормогц “нүдээ ань” гэх багшийн команд өгөгдөнө. Зарим нь шивнэж, хөдлөж, дэлчигнэж байж багшид саваагаар хөл рүүгээ ороолгуулж байж сая нэг өрөө нам гүм болдогсон. Энэ бол тэр жижигхэн цагаан байшинд өдөр бүр болдог үйл явдал байлаа.
Багш маань Ичинхорлоо гэж залуухан сайхан бүсгүй.
Одоо бодоход бидний үзэсгэлэнт багш тэр үед хорь ч хүрээгүй байсан болов уу. Тэр хамгийн хөөрхөн нь болоод ч тэр үү бидний мэдээллийн санд түүний тухай баримтууд нэмэгдээд л байдаг байлаа.Томчуудын хооронд манай багшийн тухай болсон яриа болгон бидэнд чухал мэдээлэл. Тэр тухай сонссон хүүхэд болгон тагнуулд яваад ирсэн юм шиг нууцлан байж ангидаа ирээд ярина. Тэр нь явсаар багшийг улам ч сонирхолтой сэдэв болгоно. Бараг л өдөржин хүлээж байж авдаг ганцхан ширхэг баавгайтай чихэрнээс минь илүү чухал ажил ч юм шиг.
Тэр үед манай суманд цэргийн анги байдаг байлаа. Багшийг маань нэг цэрэгтэй уулздаг гэх мэдээ сум даяар тархжээ. Сонсоод байвал энэ нь таагүй байрын явдал болж таарав. Нэг охин хэлж байна. Манай ээж хэлсэн. Цэрэгтэй уулзах муухай гэж. Цэрэг аюултай, цэрэг муухай, цэрэг буутай...гээд л цэрэг гэж хэн болох талаар хэлэлцээд дуусав.
Нүдээ ань гэх команд ирлээ. Бүгд нүдээ анив. Би ч бас. Хөдлөөд, босоод үзсэн байгаарай...айн, дэмий шүү гэж асрагч багш дуугаа чангалан сүрдүүлэв. Орнуудын дундуур хөл тавих зай бараг байхгүй ч багш нар маань холхих жимтэй. Асрагч багш болох Цэрэннадмид гэж махлаг бор эгч өдөр бүр биднийг ингэж унтуулдаг юм. Тэгсхийгээд мань хүний хаалга хаан ангиас гарах чимээ сонсогдох нь тэр. Бүгд дэрхийн босов. Ангийн нэг буланд өндөөр гэгчийн хар төмрөн зуух. Зуухны хажууд том томоор хагалсан түлээ. Нойтон түлээ зуухан дотор шатахдаа пис пис хийн дуугарч, ус шүүс нь шажигнан гоожиж, гал улам дүрэлзэн асч байлаа. Бидний зарим босон орон дээгүүр гүйлдэж, зарим нь зуухны аман дээр тойрон сууцгааж байв. Гэнэт хөршийн хүү Зоригоо бид хоёр юунаас ч юм болоод муудалцлаа. Тийм, үгүй болон дуу дуугаа чангалав. Охид тэр үед унтлаганы хувцас гэж тухайн үед сарфаан гэж нэрлэдэг нимгэн неолон хувцас өмсдөг байлаа. Ягаан өнгийн богинохон дэдгэр сарфаандаа би их хайртай. Хормойг нь татаж сунгаад өвдгөө чихэн сандал дээр цөмцийж суугаад атаман Зоригоотой зад үзэлцэв. Тэр гартаа төмөр дэгээ барьчихсан гал ухаж, сүрхий данагар том хүн шиг сууж байсан. “Чамайг тэгвэл болгоод өгье л дөө” гэж хашгирснаа гэнэт босч ирээд нөгөө төмрөөрөө миний гэдэс рүү хатгаж орхих нь тэр. Нүднээс гал манарч би байдгаараа орилон эвхэрч унаснаа санав.
Болсон явдал ийнхүү бодогдоод өнгөрөв. Тэгээд би яагаад гэртээ байгаа юм бол. Аав Гомбо гуай хоёр муудаж, зодолдвол яанаа гээд ар араас нь хэрдээ л олон зүйл бодож амжсан.
Гэдсээ тэмтэрч үзтэл боолттой байлаа. Хоршоо Гомбо гуай бол Зоригоогийн аав нь, манайхан хөршүүд. Сандруу, хөлсөө байнга арчиж явдаг, хоршооны дарга тэр уухилсан махлаг бор хүн миний аавын анд байсан. Сумын хамгийн баян, хамгийн гоё газар болох хоршооны дарга болохоор хүүхдүүд бүгдээрээ Гомбо гуайд сайн. Нэгдлийн дарга том, үгүй Хоршоо Гомбо гуай том гээд л заримдаа маргалдана.
Зоригоо маань миний гэдсийг халуун төмрөөр цоо хатгаж алах шахсан хэрэгт ийн орооцолдож, сумаар нэг сенсаац дэгдсэн нь энэ. Тийн намайг сэргэхэд Хоршоо Гомбо гуай хэд хэдэн шилтэй савтай юм авчирчихаад л ахин дахин тайлбарлаж байсны нэг нь баавгайн тос гэсэн содон нэртэй эд байсан нь санаанаас гардаггүй.
Ээж уйлахаа болин Гомбо гуайн яриаг анхааралтай сонсч байхад аав уурлан “Ёстой хүмүүжилгүй золиг. Охины минь шарчихсан байдаг байгаа. За яахав ээ. Тэр багш магш нь ч гэж дүүрчихсэн хог. Хаа тэнэж явдаг байнаа. Аягүй бол өнөө цэрэгтэйгээ хашааны буланд зогсож байхгүй юу. Тэр хойгуур нь хүүхэд сүйд болсон байна ш дээ. Наад баавгайн тос мосны чинь хэрэг байна уу даа, микроов орчихвол хэн хариуцах юм бэ нөхөд минь. Ерөөсөө аймаг аваад ч явдаг юм билүү” гээд л тачигнаж байж билээ. Ингээд би цэцэрлэгтээ явахаа больж, өдөржин орондоо хэвтдэг боллоо. Ээж ажилдаа явалгүй надтай хамт байх нь бүхнээс сайхан. За миний охин бор ходоогоо гаргаарай гээд л боолтыг маань сольж, солих бүртээ нөгөө эвгүй үнэртэй тосноос нимгэхээн түрхдэг байлаа.
-Ээж ээ энэ шидэт тос юм аа.
-Тийм ээ, Гомбо гуай нь авчирсан юм. Үнэхээр сайн байдаг юм байна. Бүр өөх нь цувчихсан байсан юмыг сайхан аниулчихлаа шүү дээ, харин сорив нь л яадаг бол, ядаж их том сорив тогтох нь. Энэ дайтай эдгэж байгаа нь яамай гэж ээж мөнөөх шидэт тосыг магтан ярина. Өвдсөн биш ээждээ эрхэлж, байн байн үлгэр яриулж, сүүлдээ дуу дуулж өг гэж шаардана. “Улаан малгайт”-ыг миний ээж шиг гоё, санаа сэтгэлээс хэзээ ч гарамгүй хоногштол ярьж өгсөн хүн энэ дэлхийд байхгүй.
Тэр үеийн хөдөөний хүүхэд бид гэртээ зуухныхаа хажууд төмөр ваннанд усанд ордог байсан. Ээж маань намайг усанд оруулах бүрдээ нөгөө сорвийг харан толгой сэгсэрч, мөн том сорви шүү, бас нүүгээд л байх юм гэж ганцаараа ярьдагсан.
Баавгайн тосны тухай ингэсхийгээд л би мартаж орхисон.
Миний ээж миний мэдэхийн хамгийн мундаг эмч байлаа. Халуурахад далан дээрээс хазаад авах шиг зулгаадаг горчийшик гэдэг ногоон ногоон цаас нааж өгнө. Хоолой өвдөөд байн байн хэвтэхэд минь пенцеллинээр тариад эдгээчихнэ. Үсийг маань хаанаас ч юм түүж ирсэн гоё үнэртэй хөх цэцгээр угааж ургуулна. Ээж минь шидтэн л гэсэн үг.
Би насан турш ээжийнхээ хайранд хөлбөрч яваа хүн. Одоо ч гуч хол гарсан намайг бөөцийлсөөр. Хүн бөөцийлөх манатай өөрөө жижигхэн шар эмээ болж хувирсан ээж минь нөгөө шидтэнийхээ ажлыг хийсээр. Энэ ажлаа улам нарийн, улам нямбай, улам сүшиг бишрэлтэй хийдэг болсон.
Жилийн өмнө би осолд орж ээжийгээ золтой л харвуулчихсангүй. Эхний гуч хоног эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд ээж маань юу болов гэмээр ядарч, өтөлсөн байлаа. Ахиад урд хөршид хорь хоног эмчлүүлээд ирэхэд минь бүр гайхмаар хувирч, юу юугүй өтөлсөн харагдав. Би гэдэг хүн ээжийгээ ингэж л “жаргааж” явна даа гэж бодохоор өөрийн эрхгүй нүд бүрэлзэнэ. Ээж маань хагалгаа хийлгүүлсэн газар минь хүрч чадахгүй уйлж байлаа. Миний охины цээжинд муухай урт сорви тогтох нь. Одоо яана даа. Ээж нь баавгайн тос түрхэж өгвөл яадаг бол....
Баавгайн тос. Сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэртээ гучин хэдэн жилийн өмнө сонссон баавгайн тос...Муу ээжийнхээ урмыг бодлоо. Зүгээрээ нөгөө Зоригоогийн цоолсныг та эдгээж өгсөн шүү дээ, одоо энийг ч гэсэн эдгээчихнэ. Ээж минь урамшин итгэж байна. Өрөө рүүгээ орон хаа байсан Булганы Тэшигээс бэр эгчид захиж авчруулсан гэх жижигхэн хүрэн шилтэй тосыг гаргаж ирэв. Үнэр нь тэртээх үеийн танил эхүүн үнэр яг мөн.
Цав цагаан өвөл...цав цагаан намхан байшин, цэцэрлэгийн жижигхэн өрөө...тэртээх балчир насны дурдатгал сэтгэлийн гүнээ яах ийхийн зуургүй амилж ирэв.
Ээж миний өвдөж байгаа нуруу, хөл хоёрт урьдынх шигээ нямбайлан турхэв. Халуу оргитол шингээн үрж өгсний дараа тэр газрын өвчин үнэхээр намдах шиг санагдана. Ахиад би хүүхэд нас руугаа эргэн очиж байна. Дөч хүрэх гэж яваа, хоёр хүүхдийн ээж болсон би бэртэж гэмтчиж, бөөн гай тарьчихаад, наян настай ээжээрээ усанд оруулуулж, үсээ угаалгуулж, хоолоо хийлгэж сууна гэж бодохоос сэтгэлийн бүх хүч хаашаа ч юм алга болон би санаа сэтгэлээр юу ч үлдэхгүй болтлоо унадаг байлаа. Арай л ижийгээрээн үлгэр уншуулсангүй дээ.
Ээж минь Утай гүмбэн, Энэтхэг, Төвдийг мөрөөдөж гурван хүүхдээ зовоодоггүй. Дашинчилэнгийн элстэй толгодоороо алхаж, сумын холбооны үүдэнд аавын тарьж үлдээсэн хоёр хар модыг эргэж, Хар бухын голоороо бууж, холбооныхоо намхан цагаан байшингаар нэг ороод гарахыг л хүсдэг. Гэтэл би... Ээжээсээ би ертөнцийн хайраар есөн сартайгаасаа эхлэн угжуулж өсчихөөд иймхэн хүслийг нь биелүүлж өгөөгүй л сууж байна.
Сонгуулиар Цэнгэл, Мөнх-Очир хоёрыг дэмжиж Булган нутгаараа баахан давхив. Арван хэд хоног гэрийн бараа харахгүй, амьтан дагаад тэнэж яваад ирэхэд атигар жаахан ижий минь тагтан дээрээ сонин уншаад сууж байсан. Дэлгэр зуны тэр сайхан цагаар муу ижийгээ дэргэдээ суулгаад сүнгэнүүлж явахгүй би мөн тэнэг хүн ээ...гэсэн бодол зурсхийн орж ирж сэтгэл шимширсэн. Ижийтэйгээ байгаа болохоор л хүн ийм тэнэг явдаг юм байх даа.
Илүү дутуу юм нэг ч ярихгүй, эцгийн минь гуутай зурагтай хамт арван хэдэн жил ганцаараа “амьдрахдаа” юу бодож явдаг юм бол. Ам нь ангалзсан “хүний хүүхэд” намайг авч өсгөөд, өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хэзээ би хариулах юм бол.
Хорвоогийн урт амьдралд наян жил налайж, надад түшиг болж яваа ээжийнхээ нуруун дээр хоёр эрхээрээ хатсан хүүхдээ ахиад л би үүрүүлж яваагаа мэдсэнгүй.
Би эмэгтэй хүн хичнээн өтөлсөн ч эмэгтэй хүний гэх үндсэн чанараа гээдэггүйг ээжээсээ олж хардаг юм. Тэр жил би ЮНЕСКО-ийн нэг шагнал авлаа. Шагналын хэдэн төгрөгөөрөө ээждээ алтан бөгж авч өглөө. Муу ээж минь баярлаж байна. Энэ муу гар мойнийж гүйцсэн байна гэсэн ч цаанаа л нэг донжлог маягаар гартаа зүүсэн бөгжөө эргүүлж тойруулан харж байсан. Ээж маань үнэртэй ус, нүүрний тос хоёроо дуусвал сүйд болдог. Дуусахаас нь урьтаж надад ирж тэр тухай мэдэгддэг. Тэрхүү мэдэгдлийнхээ араас уг нь ч үхэх гэж байгаа мань үнэртэй устай усгүй яахав, гэхдээ насаараа хэрэглэсэн юм болохоор...гэсэн ихэмсэгдүү төгсгөл шиддэг. Бор цув өмсвөл бор цүнх барина, ногоон торгон дээл өмсвөл ногоон бүрх тавьчихна. Хэзээнээсээ л ийм хээнцэр дэгжин эмэгтэй явсан. Тэр төрлийн зангаа огт тавьдаггүй. Залуу зандан насандаа над шиг хамаа намаагүй эмэгтэй явах асар буруу болох тухай боть лекц уншина. Эмэгтэй хүн толгой нүцгэн сэрчигнэж явах ой гутмаар харагддаг гэж зэвүүн хатуу үгээр уйгагүй сануулна. Бээлийгүй явах ч мөн адил аймаар явдал гэнэ. Цай чанахаас авахуулаад аягалж өгөх, аягатай цайг барьж уух хүртэл ээжийн лекцээр хачирлагддаг. Заримдаа манай хоёр охиныг маш хариуцлагагүй, өөдгүй охид болно гэсэн нухацтай дүгнэлт ч хийнэ.
Өдөр тутмын сонингуудыг бүгдийг нь ягштал уншина. Заримыг нь доогуур нь зурчихсан, хайчилж авчихсан ч байх шиг. Зурагтаар хүн шинжихдээ манай ээж шиг шинжээч байхгүй. Баасанд авах ч юм бий, хаях ч юм бий. Баасан заримдаа хөнгөдөж байна гэж ярина. Ерөнхийлөгчийг сүрхий амархан өтлөх маяг сууж, нүүрэн дээр нь хамрыг нь дагасан гүнзгий урт зураас нэмэгдсэн гэж оношилно. Удвал гуай шиг эмэгтэй төрөөгүй байна гэж хэлнэ. Мөнхөөгийн хоолой хэт намчирхуу, хиймэл хоолой, эмэгтэй хүн эмэгтэй хүнээрээ л дуугарч байх ёстой энэ тэр гээд явж өгнө л дөө. Зурагтаар хоол идээд гарч байгаа улсуудыг манай ээж үздэггүй. Намайг NTV телевизийн “Болзоо” д уригдахад ээж маань өрөөндөө дуудаж нарийн зөвлөгөө өгсөн. Би нэгийг нь л биелүүлсэн. Үсчинд очих, костьюм өмсөх энэ тэрийг нь бол амжаагүй. Миний охин хоол битгий захиалаарай, зайрмаг л болно гэж хэлсэн ээжийнхээ зааварчилгааг яс дагасан. Ээж маань ийм л сүрхий хөгшин бий. Хоёр гурав хоног зав муутайхан, ховорхон таараад өнгөрвөл манай хүн шууд л “өвддөг”. Ээж минь яав аа, ийв ээ болж аргадвал, маргааш нь мөн л шууд “эдгэдэг”. Биднийг номхруулах ондоо ч олон арга бий. Том ах маань надад хэлдэг. Ээж минь бид гурвын төлөө л өдий хүртэл амьд яваа хүн шүү дээ, ахын дүү хатуу, хэнэггүй байв даа гэж. Гансүх ах маань бол угаасаа ээжийн бурхан. 50 настай хүүгээ тавтай юм шиг л өмөөрдөг юм.
Цэцгийн зун шиг ээжтэй хүн дээ би...гэсэн сэтгэл сэнсэртэл гэгэлзүүлдэг нэг сайхан дуу бий. Ойрноос аманд орж ирээд байх болов. Тийм ээ...Цэцгийн зун шиг ээжтэй хүн...би.
Жижигхэн хөнгөн тэргэнд ээжийгээн суулгаад нутаг руугаа явна, ээжийгээ Эрдэнэзууд мөргүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө ирэх зун заавал биелүүлнээ. Цэцгийн зун шиг ээжийгээн би цэцгэн дундуур хөтлөөд алхана. Цэцгэн дундуур...
Зоогий
уншигч
Мандах
Сүнжидмаа
Chimgee
Эрка
Зочин
sevjid
Urnaa
sevjid
Bolor
FELTNATION
altaa
Ganaa
unshigch
unshigch
Мичид
Saraa
zochin