Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улстөрчдөд бүү итгэ
Амьдралын хамгийн үнэн бол хүн амьд амьтан мөн л юм бол эхлээд өөрийгөө л боддог. Хувийн эрх ашиг хамгийн түрүүнд явдаг гэсэн үг. Ямар юмных нь эх орны эрх ашиг нэгдүгээрт байхав дээ.
Амьдралын хамгийн үнэн бол хүн амьд амьтан мөн л юм бол эхлээд өөрийгөө л боддог. Хувийн эрх ашиг хамгийн түрүүнд явдаг гэсэн үг. Ямар юмных нь эх орны эрх ашиг нэгдүгээрт байхав дээ. Хувийн эрх ашиг, мөнгө хоёр хойшоо гэж байгаа хүн бол хуурамч дүр төрхийн сонгодог жишээ юм. Улс төрийн орчноос их харагддаг дүрүүд. Оросын ардчиллын загалмайлсан эцэг Собчакийг хүн бүр мэднэ. Санктпетрбургийн энэ эрхэм, тагнуулын албанаасаа халагдаад гэртээ сууж байсан Путиныг гозойтол өөд нь татаж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замыг зассан. Собчакийн эхнэр гэж нэгэн алдартай эмэгтэй бий. Тэр хатагтай юу гэсэн гэхээр “Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улс төрчид бүү итгэ” гэж. Түүний энэ алдартай үгийг батлах мэт Адам Смит бас нэг мундаг үг хэлсэн байдаг нь “Шуналдаа хөтлөгдсөн хүн л нийгмийг сайн сайханд хүргэдэг” гэсэн юм. Арай өөр толгойнуудын хэлсэн энэ мэт үзэл санаануудыг цааш цувуулвал нэлээн урт болно. Улс оронд, нийгэмдээ бодитой нөлөө үзүүлсэн, бодитой хувь нэмэр оруулсан олон арван улс төрч, бизнесмен, бусад салбарын содууд бүгдээрээ “Эхлээд хувийн эрх ашиг байдаг юмаа. Тэгээд бусад эрх ашиг эрэмбэлэгддэг юм” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хөгжсөн орнууд энэ үзэл санаанд нэвчиж байх шиг байна.
Хувийн эрх ашгаа эхлээд ярьж байгаа, нэгдүгээрт тавьж байгаа хүнд би лав их хайртай. Тэр хүн бол хуурамч биш, үнэн харагддаг. Хуурамчууд чинь алчих гээд, Монгол Улсыг хөмөрчих гээд байна шүү дээ. Дэлхийн баячуудын 70 хувь нь ядуу хоосноос төрсөн байдаг. Эдгээр хүмүүсийн шунал л энэ дэлхийг авч явж байна. Ард түмнээ тэжээн тэтгэж, ургаш нь чирч явна. Тийм атлаа эдний хэн нь ч “Улс орноо хөгжүүлнэ, нийгмийн сайн сайхны төлөө” гэж ярьдаггүй. Өдөр бүр л мөнгө яаж ахиухан олох вэ гэсэн шуналдаа хөтлөгдөн хөдөлмөрлөсөөр. Хувийн дийлдэшгүй эрх ашиг нь нийгмийг ургаш нь чирсээр... Тэдний хувьд эх орон, ард түмэн гэсэн сэтгэл зүрх байдаг бол нэлээн хойгуур эрэмбэлэгдэх байх. Гэхдээ эрүүл саруул, хөгжсөн нийгмийн сэтгэл зүй бол эдгээр шуналын тулмууддаа их хайртай байдаг. Монголын нийгмийн эрүүл, зөв үзэл бодолтой хэсгүүд ч гэсэндээ монголынхоо баян, хөрөнгөтэй гэгддэг компанийн захирлуудад маш хүндэтгэлтэй ханддаг. Тэдний талаар муу үг хэлэхийг тэвчидэггүй. Энэ хөрөнгөтнүүд чинь л хэдэн монголыг цалин цагаатай, хоолтой ундтай байлгаж, өрх гэрийг нь авч яваа гэж ярьдаг. Энэ хөрөнгөтнүүд чинь л төрд татвар төлснөөр Монгол Улс оршин тогтнож байгааг хэлдэг. Энэ бол үнэн юмаа. Харин монголын энэ хэдэн хөрөнгөтнийн амнаас эх орон минь гэсэн үг нэг их гарахгүй. Дэлхийн жишиг өөрөө тийм юм билээ. Рокфеллер дэнлүүний тос зарж амиа зогоож дээшээ тэмүүлсээр эцэстээ нефтийн магнат болсон. Америкийн нефтийн эцэг, авто машины хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ нөхөр насан туршдаа “Эх орон минь, нийгмийн сайн сайхны төлөө” гэсэн үгийг хэлээгүй юм. Мөнгө мөнгө бас дахин мөнгө гэсээр дууссан. Түүний мөнгө гэсэн оюун ухаан нь өөрөө АНУ-ыг өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд гайхамшигтай нөлөө үзүүлсэн юм. Амиа авч явахын төлөөх зүтгэл явсаар Америкийн хөгжил болсон наад захын жишээ энэ. Үүн шиг өнөөдрийн монголын хөрөнгөтнүүд амиа, ар гэрээ авч явах гэж зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрч, нийгэмд нөлөөлөх хэмжээнд очицгоосон байна. Эдгээр хөрөнгөтэй, оюунлаг монголчуудад “Хамгийн эхэнд эх орны эрх ашиг байна, мөнгө бол ер нь хоёрдугаар асуудал” гэх мэт ярих нь тохуутай сонсогдож байгаа даа.
Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд бол нэгдүгээрт үйлчлүүлэгчтэй болох, хоёрдугаарт ажилчидтай болох, гуравдугаарт хөрөнгө оруулагчтай болох гэсэн дараалал байдаг юм билээ. Үйлчлүүлэгчээ эхлээд тавих нь ашгаа нэг номерт тавьж байгаа хэрэг. Ажилчид гэдэг нь ашгийг олох үйл ажиллагаа явуулдаг туслахууд. Харин тэр хөрөнгө оруулагчид гэдэг бол үлдэгдлээ капитлистуудтай хуваана гэсэн үзэл санаа. Энэ бол шууд утгаараа улс төр гэдэг зоосны нөгөө нэг тал юм. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа улс төрчдийн баримтлах ёстой зарчмын нэг нь энэ мөн.
Монгол улс тэгээд түүхэндээ эрх ашгийн ийм эрүүл, үнэн эрэмбэ дараалалгүй явж ирсэн хэрэг үү. Бас ч тийм биш юм. Наад зах нь Тэмүүжиний жишээ байна. Тэмүүжин гуай бол үнэн хэрэгтээ хөөрхий муу ээжийгээ, хэдэн муу өнчин дүүгээ татаруудаас хамгаалах гэж айлын том хүүгийн хувьд жижигхэн тэмцэл хийсэн. Тэрнээс түүнд ямар юмных нь эзэнт гүрэн байгуулах хүсэл мөрөөдөл, зорилго байхав дээ. Хувийн л эрх ашгийн төлөөх тэмцэл. Ононийн шугуй дахь тэрхүү жижиг тэмцэл өргөжсөөр дэлхийн талд хүрсэн нь гайхамшигтай түүх. Тийм болохоор л Тэмүүжин “Эхлээд гэрээ зас” гэж хэлсэн нь өөрийнхөө хувийн эрх ашгийг ханга, эмхэлж цэгцэл, ар гэрээ төвхнүүл гэж ойлгогддог. Тэгээд “Төрөө зас” гэсэн нь өнөөдрийн бидний эрх ашгийг тов тодорхой эрэмбэлж өгсөн хэрэг л дээ. Түүхэн замнал ийм атал өнөөдөр Монголын улс төрчид, улс төр сонирхогчид “Нэгдүгээрт эх орны эрх ашиг байх ёстой” хэмээн ярьж өөрийнхөө хуурамч дүр төрхийг илчлэх нь инээдтэй. Өнөөдөр бүгдээрээ тийм байна л даа. Тэрийгээ ядаж нийгмийн өмнө уран гоё далдалж илэрхийлэх заль ухаан алга. Улс төрийг уран хийнэ гэсэн нэр томьёо баруунд байдаг юм шүү дээ. Ер нь бол “Нийгмээ сайн сайхан болгоно, эх орны эрх шиг нэгдүгээрт байх ёстой, мөнгө бол хамгийн чухал зүйл биш... “ гэхчлэн ярьдаг хүмүүс өнөөдөр Оросод цөөнгүй байна. Африкийн улсуудад бол арав алхаад л тийм лоозон байгаа. Тэгээд Монголд байна. Дэлхийд ийм гурван оронд л байгаад, бүр хүчээ аваад байгаа юм.
Өнөөдөр орон нутгийн сонгууль ид явагдаж байна. Хорин хэдэн настай, 30-тай хүүхдүүд хороогоо, дүүргээ хөгжүүлнэ гээд гүйлдэж байна. Энэ нь зөв. Залуугаасаа нийгэмд ийм идэвхтэй байх ёстой. Гэхдээ л нөгөө эрх ашгийн эрмбэ чинь энд маргаантай байгаа юм. Өнгөрсөн 26 жилд монголчууд бидний 90 хувь нь пролетари хэвээрээ явж ирлээ. Пролетариуд хэзээ улс орныг хөгжүүлж байсан юм бэ. Сонгуулийн өмнө “Би эх орноо ингэж хөгжүүлнэ” гэж ярьсаар гарч ирдэг. Сонгуулийн маргаашаас эхлээд “Хөгжүүлье гэтэл мөнгө алга” гээд ярьж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа нөхдүүдэд хэлэхэд үнэндээ төрд мөнгө байдаггүй юм. Мөнгийг босгодог хүн л төрд очдог юм. Ядаж компанийнхаа төсвийг босгож чаддаг байсан хүн л төрийг тэжээх мөнгийг босгох хэмжээний потенциалтай байдаг юм. Тэгэхээр ямагт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж явсан хүн төр түшилцэх хэмжээний ажил амьдралын замналыг туулсан байгаа биз.