Парламентын засаглалт Мон­го­лын хувьд энэ он маш чухал жил. Төрийн эрх барих дээд байгуул­лагаа бүрдүүлэгчдийг бид зургаан сарын дараа сонгоно. Ажил ураг­шуулж, асуудал шийднэ гэж нэгд­сэн барууны чигт АН, зүүний чигт МАН эрхбиш улс төрийн намуудын чиг баримжаагаа дагаж, голынхоо наана цаана сонгуулийн өмнө гарч таарах болов уу. Хамтарснаа хадгалсаар арай ч сонгуульд орох­гүй байлгүй. 

Уг нь энэ хоёр нам үзэл баримт­лалын хувьд эрс өөр. Нэг нь нийг­мийн амьдралд төрийн оролцоо бага байхыг илүүд үзэж, татварыг бага байлгахын төлөө зүтгэдэг. Барууны чигтэй. Нөгөө нь зүүний чигийн буюу татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн бодло­гыг шүтдэг. Одоогийн МАН олон арван жилийн турш МАХН нэрийн дор зүүний чигийн үзэл баримтлал, тэр дундаа хэт зүүнийх болох коммунист чиг баримжаагаар зам­наж ирсэн угшилтай. Сүүлийн жилүүдэд ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгон авч, бодлого хөтөлбөрөө явуулж бай­гаа. Харин АН бол барууны үзэлтэй МҮАН, зүүний үзэлтэй МСДН-ын нэгдлээс үүсч бойжсон.  Гэхдээ МСДН-ын гишүүнчлэлтэй байсан Соц-Интерний гишүүнчлэлээс татгалзаж, барууны намуудын нэгдэн ордог Дэлхийн ардчилсан холбоонд элссэнээрээ улс төрийн замналаа нэг мөр тодорхойлсон гэж болно. Ийм хоёр нам нэгдэж, сүүлийн дөрвөн жил төр барихдаа янз янзын ааш аяг, өнгө төрх дагуулав. Эрхбиш зарчмын өөр, өөр үзэл санаатайн хувьд сонгуулийн өмнө учир начраа ялгаж, салгаж зам замаа хөөх байлгүй гэж найдна. Эс бөгөөс энэ хоёр намын аль нэг нь татан буугдаж, нөгөөдөө нэгдэхэд болно гэсэн яриа гарахад хүргэнэ.  Монголын сонгууль бүрийн өмнө ардчиллын чигийн намууд нэгдэж, сонгуульд хүч үзэх ёстой гэсэн яриа жам мэт гардаг. Ингэхээс ч аргагүй. Хэрэг дээрээ зөвхөн ийм яриа гарах төдийгөөр дуусах биш, амьдрал дээр хэрэгжүүлэх нийг­мийн захиалга зүй ёсоор байдаг. Ардчилсан үзэл баримтлалтай намууд тарж бутарч, өөр хоорон­доо хөлөө жийлцсэнээс ная, ерэн жилийн турш бэхжиж ирсэн комму­нист угшилтай намаа дийлж чада­хаа байсан. Сонгууль бүрийн да­раа ялагдал хүлээсэн ардчилагчид толгой руугаа шааж ирээд үүнийгээ хэлдэг ч, хувь амбиц нь болдоггүй юм уу, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ байдаггүй юм уу хуучнаараа л хүчээ тарамдуулан бахь байдгаараа л сонгуульддаг. 1996-2000 онд төрийн эрх барьж байсан ардчиллынхан 2000 оны сонгуульд тус тусдаа сонгуульд орж, ёстой амаараа шороо үмхсэн билээ. Угаасаа ардчилагчид ба коммунистууд гэсэн хоёрхон ял­гамж­тай сонгогчдын өмнө жинхэ­нээрээ саналаа хуваасан. Үүний дараа нэр бүхий улстөрчид ИЗН-ыг байгуулан, ардчиллын чигийн­хэн бас л хуваагдаж байлаа. Ту­хайн үедээ МАХН С.Зориг агсны үхэлд ардчиллынхныг нь буруут­гаж, бас эрх мэдлийг нь өгвөл алуурчдыг олж өгнө гэж барин тавин амлаж байсныг нь хүмүүс одоо хэр мартаагүй. Ямартай ч сөрөг хүчнээ сул­руулах ах намын ажиллагаа ту­хайн үедээ амжилт олсных биз, үзэл бодлын хувьд яг адил энэ хүмүүс хуваагдсанаас хойш арван жил өнгөрчээ. Өнгөрч буй он жи­лүүдэд өөр өөрийн замаар явсаар, бас өөр өөрийн гишүүн, дэмжигч нартай ч болжээ. ИЗН анх байгуу­лагдахдаа л барууны үзэл баримт­лалыг дагахаа илэрхийлж байсан нам. Нэг хэсэг нео-консерватив үзэл номлолыг баримт бичгүүддээ тусгаж байсан ч либерал чиглэлээр үзэл нь тогтсон. Гэхдээ аль нь чиг байсан барууны чигийн нам. Адил барууны чигийнх гэгдэх АН, ИЗН-ын талаар сонгууль бү­рийн өмнө нэгдэх ёстой хэмээн яригдаж, өөрсдөө хүртэл энэ та­лаар хэлдэг ч өөрчлөгдсөн зүйлгүй өнөөг хүрэв. Одоо бас сонгууль дөхсөн болохоор энэ ярианы сэдэв эрхгүй босч ирж байна. Гэхдээ үүнийг яриад өнгөрөх бус ажил хэрэг болгох цаг болжээ. АН, ИЗН хамтарч байсан цаг үедээ хүчээ нэгтгэж, саналаа нийлүүлж чаддаг. 2004 оны сонгуульд эвсэл болон оролцож, дийлдэхгүй мэт төсөөлөгдөж байсан МАХН-ыг шороодуулахаа шахаж, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хам­тарс­наар ардчилсан Ерөнхий­лөгчөө гаргаж чадсан. Тэгэхээр ирж буй сонгуульд энэ хоёр нам нэгдэж оролцох нь яахын аргагүй цаг хугацаа нийгмийн захиалга бол­жээ. 1950 оноос хойш хил дээрээ хамгийн их цэрэг дайны хэрэгсэл төвлөрүүлсэн хоёр улс болсон БНАСАУ, БНСУ хоёр улсын тамир­чид 2000 оны олимпод Солонго­сын хойгийг дүрсэлсэн далбаан дор нэгдэн алхаж цэнгэлдэх хү­рээлэнд орж ирэхэд олон хүмүүс уухайлан, дэлхий тэр аяараа энэ тухай ярьж байсан билээ. Хэдий­гээр олимпийн тэнгэр дор нэгдэж эхний алхмаа хийж чадсан ч дотоод гадаад хүчин зүйл, хоёр өөр лаге­рийн үзэл баримтлалын зөрүү нэгдэхэд нь багагүй саад болсоор байгаа. Харин тэгвэл Монголд АН, ИЗН нэгдэхэд харшлах зүйл юу байна вэ. Ардчиллын чигийн намууд нэгэн дор нэгдэж, сонгуулиас сон­гуульд ялагддаг тэр алдаагаа засах цаг болжээ. Өнгөрсөн жилийн сүү­лийн хоногуудад өдөр алгасахгүй болсон сүлд модны наадмуудаас хамгийн их анхаарал татсан нь АН, ИЗН-ын залуучууд нэгдэж баяраа тэмдэглэсэн явдал байлаа. Ард­чиллын төлөө гэсэн нэрийн дор залуус нэгдэж "Mind Awards-2011" цэнгүүнийг хамтарч хийж чаджээ. Ямартай ч энэ намуудын залуус нь ардчиллынхан нэгдэх ёстой гэдгийг ойлгожээ. Тэд хамтарч байж, тэд хүчээ нэгтгэж байж сонгуульд ялалт байгуулна гэдгийг мэдэж байна. Энэ үйл явдлыг нийгэм ихээхэн анхаарч хүлээж авч байгаа нь харагдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг онцолж, бас ийм яриа хөөрөө албаны хэмжээнд яригдаж байгаа эсэхийг ч тодруулжээ. Бас зарим нь энэ нэгдлийн цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа эсэхийг ч олж нээхээр хардаж байгаа бололтой. Гэхдээ үүнийг ямар нэгэн хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, захиалга гэхээсээ нийгмийн за­хиал­га гэж харвал ойрхон хараг­даад байгаа юм. Яагаад гэвэл ардчиллын чигийн намууд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн хүлээлт Монголын нийгэмд дуншаад удаж байгаа билээ. Ардчилсан нам, Иргэний Зориг намууд нэгдвэл ард нь ялалт  харагдаад л байх шиг.