Уржнан зун хөдөө, сумын төв дээр хэд хоног амарч билээ. Үзүүлж харуулах онцын зүйлгүй ч найз минь хэрээрээ дайлж цайлав. Сайхан л байлаа. Ингээд бид буцах болж айраг авч явахаар нутгийнх нь хүнсний зах дээр очив. Хорин литрийн хоёрын зэрэг хуванцар сав авчихаад айраг сонгох боллоо. Энэ зуур найз маань “Хөгшин нь энүүхэнд нэг хүнтэй гялс уулзчихаад ирье” гэж байна. За л гэлээ. Найзын “гялс” гэдэг хугацаа 30 минут өнгөрсөн ч дуусаагүй бололтой, сураг алга. Зуны үдийн халуунд орж байх газраа олж ядан, сүүдэр хайсан бид сарампай хашаа бараадан хүлээсээр... Нэг цаг өнгөрөв. Тэвчээрийн тулах цэг эрхгүй нурав. “Гялс” нь дуусаагүй бололтой, таг чиг. Удалгүй гайхаж эхлэв. Бидэнтэй зөрөөд гэртээ харьчихсан юм биш байгаа гээд эхнэр рүү нь утсаар ярихад “Та хэдтэй л гарсан шүү дээ” гэж байна. Ингээд зах дотуур нь хайж, нутгийн хүнээс сураглабал “Захын хойд талын байшинд шаариг цохиж байлээ” гэх сураг хэлэв. Чихэндээ итгээгүй ч хайж явсаар мөнөөх байшинд нь орвол гартаа цохиур барьсан анд минь ширээ тойроод хээв нэг алхаж явна. Эгдүүцэл, дургүйцлээ ар араас нь цувуулахад “Одоохон, энэ бандиас хэдэн цаас тоншчихоод гаръя” гэж билээ. Бид түүнийг бараг хоёр цаг хүлээн суугааг анд минь юман чинээнд бодсонгүй. Харин намайг “Хужаа шиг ямаан омог гаргалаа” гэж жинхэнэ монгол эрийн гүндүүгүй, уужуу тайвуу ухаанаараа гайхуулсансан.           

Байдаг л монгол

Монголд хэдэн жил амьдарсан орос танил маань нэгэнтээ хууч хөөрч суугаад гэнэт хачин юм асуув. “Монголчууд үхдэг биз дээ? Би өдий жил болохдоо ер оршуулгатай таарсангүй” ...Үхэхгүй хаачдаг юм. Мөнх бусын энэ хорвоод хүн байтугай ган төмөр ч хумхийн тоос болдог юм чинь. Найздаа учрыг нь тайлбарлаж өглөө, “Манайхан талийгаачийг оршуулахдаа лам нараас цаг нар асуудаг. Аль ч ламаас асуусан бүгд үүрийн таван жингээр хөдөөлүүл” гэдэг юм гэвэл “монгол хүн үхдэггүйн” учрыг сая ойлгоод баахан инээж билээ.

Бидэнд бусад улс үндэстэнд гайхуулах юм бишгүй л бий. Бас өөрсдөө ч хараахан олж хараагүй яваа “гайхамшигт чанар” ч захаас аван ажээ. Үндэстэн бүхэн өөр өөрийн онцлогтой. Онцлог гэдэгт сайн нь ч, саар нь ч багтана. Ер нэг тийм нийтлэг зан араншин, амьдралын хандлага манай засаг захиргааны хамгийн бага нэгж сум, баг бүрт байдаг. “Монголчууд нийгмийн соёлын хүн судлалаар бол Дотоод Азид хамаардаг. Энэ ард түмэн 1. Нүүдэлчин, 2. Малчин, 3. Байгальтай ойр амьдардаг нийтлэг онцлогтой. Эндээс л монголчуудын сэтгэлгээний мөн чанар бүрэлдсэн” гэж МУИС-ийн Соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Бум-Очир хэллээ. Харин монголчууд бие махбодийн хувьд бусад үндэстнээс огтоос ялгаагүй гэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнт тодорхой зүйл бөгөөд хятадуудын тусдаг өвчин биднийг тойрохгүйгээр барахгүй туслаа гэхэд орос эмээр анагааж болдог. Үүнийг хүн судлалын нэг салбар, физикантропологи судалдаг, энэ салбарын ямар ч эрдэмтэн монгол хүн бусадтайгаа яг адил гэдгийг хангалттай нотлоод өгөх юм.              
                
Жинхэнэ монгол

Монголд жилдээ хэдэн наадам болдгийг яг таг хэлж чадах хүн хаана ч үгүй. Долдугаар сард 365 сум, 21 аймаг, улсын нийслэлд, нийт 387 наадам зэрэг болдог. Үүн дээр элдэв ой, даншиг, бүсийн наадам, овооны тахилгыг нэмчихээр элбэгхэн 500 гарна. Хэдэн мал нь өсөхийн хэрээр жалга довондоо бэсрэг наадам зохиодог уламжлал хөдөө нутагт нэгэнт хэм хэмжээ болжээ. Энэ мэтийг оруулбал Монголд зундаа мянга давсан наадам болдог тооцоо гарах биз. Дээр нь шинэ гэр, сэвлэг үргээх, хурим, хүүхдийн угаалга, одон медалийн найраа нэмчихвэл хэд болохыг ёстой хэн ч багцаалахгүй. Наргиж цэнгэх гэдэг монгол хүний хамгийн дуртай үйлийн нэг. Манай үлгэр туульс төгсөхдөө “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж, жаран жилийн жаргал, наян жилийн найр хийдэг”. Амьдрал дээр ч бас ийм л дүр зураг харагдаж байна.

    Сэтгэл судлалын үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг үүнийг баталж байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар хүний сэтгэхүйн хөгжил 1. Тоглох, 2. Сурах, 3. Хөдөлмөрлөх гурван үндсэн үе шат дамжин явагддаг аж. Харин монголчуудын сэтгэхүйн хөгжил анхны буюу “тоглох” үеэсээ цааш ахилгүй гацаж орхисон гэдгийг олон ажиглалт, судалгаа бэлхэн харуулдаг гэж Б.Ууганцэцэг ярив. “Тоглох” гэдэгт малын бэлчээрт чулуун гэр барьж наадахаас аваад найр наадам хийж цэнгэх хүртэлх монголчуудын “идэвхт амьдрал”-ын бүх үйл багтдаг байна. Хятад хүн амьдралын утга учрыг “ажиллах” гэж ойлгодог бол монголчууд “таашаал авах” хэмээн үздэг гэнэ. Үүнийгээ тэрбээр олон жишээгээр баталж байлаа.  

Шинэ монгол

Кембрижийн антропологийн доктор Д.Бум-Очир өнөөгийн монголчуудыг “Өрнө дахины иргэншлээс өөриймшүүлсэн зүйлгүй, уламжлалаасаа авч үлдсэн юмгүй. Ямар нэг хэм хэмжээгүй болчихсон” гэж дүгнэв. Зуу гаруй жилийн өмнө бид нүүдлийн соёлтой, өөрийн гэсэн ёс суртахуунтай байсан юм. Өрнийн буюу Библийн ёс зүйгээс эрс өөр ч гэлээ ёс зүй байлаа. Харин коммунизм байгуулахаар шулуудсан жилүүдэд нүүдэлчин ахуйгаас улбаатай бүхнийг баллаад, шинээр олж авсан нь үнэндээ Өрнийн сонгомол иргэншлийн хугас төдий, орос чөмөгтэй коммунист суртахуун. Ийм орчинд Монголын гурван үе төлөвшиж ядаж байтал юу юугүй капитализмд орцгоосон. Энэ зуур монголчууд хэрхэн өөрчлөгдөө бол?

    Ц.Уртнасангийн Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягийн өөрчлөлт номоос капиталист монголчуудын талаар багагүй зүйл мэдэж болохоор байна. Судалгаанд хамрагдагсдын 65.5 хувь нь орлогоо нэмэгдүүлэх ямар нэг эх сурвалжтай буюу амьдрах арга эвээ хайж байгаа хүмүүс байжээ. Энэ ч аргагүй, хамгийн хачирхалтай нь дээрх монголчуудын 63.6 хувь нь юу чаддагаа бус, зах зээлд юу хэрэгтэйг ч биш зөвхөн ашиг ахиуг нь харж сонголт хийсэн гэнэ. Бид “Эрэлт хэрэгцээг олж хараад ханга” гэдэг зах зээлийн энгийн хуулиас ч гажууд сэтгэх ажээ.        
                
    Сэтгэл судлалын үндэсний төв монголчуудын сэтгэлгээний онцлог хэв шинж болон тэдэнд тулгамдаад буй сэтгэлзүйн асуудлыг тодруулахаар томоохон хэмжээний судалгаа явуулж байгаа гэнэ. Гэхдээ судалгааны үр дүн намар бүрэн гарах аж. Тэр цагт өнөөгийн монголчуудын сэтгэлзүй болон сэтгэлгээний бүрэн дүр зураг тодрох юм. Гэхдээ өмнөх зарим асуулгын дүнгээс монгол хүний зарим онцлогийг харж болж байна. “Таны амьдралын зорилго юу вэ?”, “Та юу хүсч мөрөөддөг вэ?” гэх энгийн гэмээр асуултад бидний олонх нь “Сайхан амьдрах”, “Элэг бүтэн байх” гэж хариулжээ. Уул нь хэн ч ингэж хариулмаар... Гэтэл ийм хариултыг сэтгэл судлаач “хангалтгүй” хэмээн үзэж байна. Уул шугамандаа бол “сурах” шатыг туулаад, “хөдөлмөрлөх” үедээ орсон бие хүн “Би ийм мэргэжилтэй болж, төдий хэмжээний орлого олж, ийм сууцанд амьдарч, төдөн хүүхэд төрүүлнэ” гэж тодорхой хариулах учиртай гэнэ. Дээрх хариултаас монголчууд амьдралын тодорхой зорилгогүй, чухам юу хийж чадахаа тодорхойлж чаддаггүй нь шууд илэрдэг ажээ. Нэг үгэндээ өөрийгөө олоогүй монгол захаас аван.

    Монголчууд ер нь хавтгайдаа ноён зантай улс. 10 шатлалтай үнэлгээгээр аль ч монгол өөрийгөө 8 эсвэл 9 гэж үнэлдэг гэнэ. Гэхдээ шийдвэр гаргах дээр тулахаар байдал эсрэгээр эргэж үнэлэмж нь 2-3 хооронд эргэлддэг гэж Б.Ууганцэцэг ярилаа. Эндээс монголчууд их зантай ч чаддаг юмгүй болох нь алганы хээ шиг зурайгаад ирдэг. Тэрбээр “Манайхан шийдвэр гаргах тал дээр үнэндээ нойль заадаг, бүр төрсөн үрдээ нэр өгөх халдашгүй эрхээ нэг ламд даатгана гэдэг даанч арчаагүй байдал” гэлээ.   

Будилсан монгол           
 
Монгол улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “сэтгэцийн эрүүл байдал”-тай, “сэтгэцийн өвчин”-тэйгээс гадна “сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал”-тай гэдэг нэр томъёо оржээ. Сэтгэл судлалын үндэсний төвийн судалгаагаар монголчуудын 75 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэдэг ангилалд багтсан байна. Энэ нь монголчууд нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл болоод зан үйлийн хувьд хэсэгтээ л хямраад байгаа гэсэн үг юм.

    Ийм хүмүүсийн бүтээлч сэтгэхүй ор тас мөхөөд шүүмжлэлт сэтгэлгээ нь хуурай модонд авалцсан түймэр шиг гаардаг. Асуудлыг тодорхойлоод шийдэх аргаа олохын оронд харсан үзсэн бүхнээ ам уралдан муулдаг бидний зан үүнийг ямар ч шинжилгээ оношлоогүйгээр батлаад өгнө. Үүн дээр монгол хүний туйлширдаг араншинг нэмчихээр өнөөгийн Монголын амьдрал дан хар өнгөөр зурагдаад явчихна. Нэгэнт өөрсдөө бие даан шийдвэр гаргах чадваргүй болохоор өмнөөсөө шийдвэр гаргуулахаар хэн нэгнийг хайна. Тийм хэрэгцээг нь хангах бөө удган, хутагт хувилгаан, үзмэрч төлөгчдийн бүхэл бүтэн арми хэрэгцээ дагаад бий болдог. Тэд маань гэтэл өөрсдөө бидний нэг хэсэг болсон хойно бас л “сэтгэцийн тулгамдсан асуудалтай” байхаас зайлахгүй. Ингээд гэтэлж үл дуусах орчлонгийн тойрог дундаа будилж явна даа, хэдүүлээ. Одоохондоо бид нүүдэлчин ч бус, иргэншсэн иргэн ч биш, авъя авч болохгүй, хаяя хаяж болохгүй, нийгмийн болоод хувь хүний идеалгүй хэсэг хүмүүсийн бөөгнөрөл төдий л харагдаж байна. Хэдэн хувьсгал хийгээд ч үл засрах энэ эмгэг гагцхүү сэтгэлгээний өөрчлөлтөөр, хувь хүний төлөвшлөөр л засагдах ганц замтай аж. Биеэ засчихвал ч бусад нь амархан гэнэлээ.