МОНГОЛ РУУ ЗҮГЛЭДЭГ ХЯТАД ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ ҮЕД БЭЭЖИНД АЛБА ХАШИЖ БАЙЛАА
1984 оны 10 дугаар сарын эхний нартай сайхан нэг өглөө галт тэргээр гарч өглөө. Монгол-Хятадын хооронд харилцаа гэхээр бодитой юм байхгүй тул 7 хоногтоо ганцхан вагон урагшаа явдаг,
Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан дурсамж
1984 оны 10 дугаар сарын эхний нартай сайхан нэг өглөө галт тэргээр гарч өглөө. Монгол-Хятадын хооронд харилцаа гэхээр бодитой юм байхгүй тул 7 хоногтоо ганцхан вагон урагшаа явдаг, тэр нь хоёр проводниктой (заавал эрэгтэй), ихэвчлэн хоосон зорчдог байсан үе л дээ. Улаанбаатараас Бээжин орох гэж бүтэн 2 өдөр, 2 шөнийг туулдаг байсан гэвэл одоо үнэмших хүн байхгүй биз. Улаанбаатараас өглөө хөдлөх вагон чинь Замын-Үүдийн орон нутгийн галт тэрэгний цуваанд залгагдана. Маргааш өглөө нь Зам-Үүд хүрнэ. Тэндээсээ манай ганц вагоныг Эрээн орох ачааны аль нэг цуваанд залгана. Үдээс өмнө Эрээнд очоод дугуй сольж бэлтгээд Эрээн-Бээжингийн орон нутгийн галт тэргэнд залгагдана. Тэр нь үдээс хойш хөдлөөд оройжин, шөнөжин давхиад үүр цайхын алдад Цагаан хэрэм хүрнэ. Нийт 48 цаг явж байж Бээжинд очдог. Энэ мартшрутаар 6-уулаа гарч өгөв. Надтай хамт Бээжинд худалдааны атташегаар ажиллах Л.Балжинням (Оёдлын үйлдвэрийн нэгдлийн дарга асан), эхнэр Д.Пагмажав, охин Агний нар зэргэлдээ купенд, ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Нямаа (хожим Афганистан, Кубад Элчин сайд байсан), ЭСЯ-ны дадлагажигч Д.Сүхбаатар (хамгийн сүүлд Зуучлах товчооны дарга байсан) бид гурав нэг купенд, нэлээд зайтайхан нэг купенд 2 польш, бид хэд эзгүй вагоноор зорчив. Цөөхүүлхнээ, бүтэн 2 шөнө, 2 өдөр, газар хорж өгөхгүй их л удаан яваа юм шиг санагдаж байв.
Эрээнд очоод 1982 оны зун учирч явсан Лю Симинтэйгээ тааралдав. Тэрээр таниад л сүйд. Нэрээ сольчихсон, зүсээ буруулж яваа хэмээн би өөрөө дөлөөд л. Тэдний нэг томхон найранд бид хэд уригдаад орчихлоо. Хоёр жилийн өмнөх Эрээн хэвээрээ, харин албаны хүмүүс нь өөр болчихож. Бидний очихын өмнөхөн ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан Эрээнд гэнэт иржээ. Хятадын нэг сониноос уншиж байснаар бол 1984.09.17-нд Ху Яобан Эрээний хилийн пост дээр очиж Монгол руу баахан дурандаж, хилчидтэй зургаа авахуулаад буцсан, мөн Эрээний газрын тосны үйлдвэрийн ажилчидтай уулзсан, тэндээсээ Сөнөд Баруун хошуу орж малчидтай уулзаж, малчин айлд зочилсон, Улаанцав аймгийн Намын Хорооны хуралд оролцсон юмсанж. Эрээний орон нутгийн ажилтай танилцаад “Өмнө этгээдэд Шэньжэнь бий, умард этгээдэд Эрээн бий шүү!” хэмээх алдарт үгсээ цууриатуулжээ. Шэньжэнь гэдэг нь Хонконгийн наад эрэг дээрхи гацаа байснаа эдүгээ цэцэглэн хөгжөөд том хот болжээ. Эрээнийг яг тийм болгоод Гадаад Монгол, Зөвлөлт, Дорнод Европынхны үзмэр болго гэсэн Төв Хорооны чиглэлийг Ху Яобан өгчихөөд явсны дараа Эрээний дарга нар ажлаа яриад найрлах гэж байгаатай нь бид таарч биднийг урьсан нь тэр байв. Ер нь эдийн засгийн үзүүлэлтээрээ Өвөр Монгол нь БНМАУ-аас хол түрүүлсэн байх бодлогыг 1981 онд ХКН-ын Төв Хороо “28” тоот тусгай шийдвэр гэгчээрээ дэвшүүлсэн байв.
Маргааш өглөөгүүр бид Бээжинд очиж миний шинэ алба эхэлсэн юм. Тухайн цаг үеийн улс төрийн шаардлагаар Бээжин дэх ЭСЯ-ыг хүн хүчний хувьд үлэмж бэхжүүлсэн байв. Элчин сайд нь Монголын дипломат албаны амьд лавлах болсон П.Шагдарсүрэн гуай, зөвлөх нь Г.Бэхбат, Б.Цийрэгзэн, худалдааны зөвлөх Г.Амийль, дипломатчид нь Б.Нямаа, Х.Аюурзана, Буриад, Ц.Буянбадрах, Н.Түмэнбаяр, Цовоо, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Ө.Дашдорж болон хятад хэлний дадлагажигч ажилтан Д.Сүхбаатар, Т.Болд, Д.Наран, тэгээд би, үйлчилгээ техникийн ажилтан В.Төмөрсүх, Л.Баатарцогт, Б.Цэмбэл, Бямбадаш, тэдний гэр бүл гээд 15 өрх тэнд ажиллаж амьдарч байсан юм. Намайг очсоны дараахан Цийрэгзэн, Амийль нар буцлаа. Өвөл нь Буриад гуай буцаж оронд нь миний найз армийн офицер Н.Нүрзэд очлоо. Дараа жилийн зун нь Бэхбат гуай буцаж оронд нь Д.Садив гэдэг хүн Намын Төв Хорооноос томилогдон очив. Цовоогийн оронд Ц.Бүтэмж гэж нөхөр До яамнаас очиж байв.
Миний хувьд хэлний мэдлэгээ сайжруулах үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ хангахын тулд ЭСЯ-нд консулын техник ажилтан-жижүүрээр ажиллана. Дор дороо хариуцсан нэг сонин хэвлэлтэй, түүнийгээ уншаад орчуулахыг нь орчуулж, танилцуулах мэдээ, танилцуулга болгохыг нь болгоод ГЯЯ руу илгээнэ. Миний хувьд өвөр монголын 2-3 сонин, "Хунци" ("Улаан туг") гэж ХКН-ын Төв Хорооны онолын сэтгүүлийг унших үүрэгтэй. Би тэнд мөн л тэмдэглэл хөтлөх, бичих боловсруулах, лавлахаа баяжуулах нөр ажлаа үргэлжлүүлсэн. Миний хувьд очоод удалгүй хийсэн анхны томхон судалгаа мэдээлэл маань ХКН-ын дарга Ху Яобан сарын өмнө Эрээнд очиж, Эрлянийг "Умардын Шэньжэнь" болгох өнөөх лоозон дэвшүүлсэн асуудал дээр төвлөрөв.
- Хятад-Монголын хил олон жилийн турш энх тайван, найрамдлын хил болж байна. Хятад-Монголын ард түмнүүд үеийн үедээ найрамдалтай байгаасай гэж бид хүснэ. Найрамдал бол манай хамгийн дээд зорилго мөн. Хоёр орон худалдаа, хилийн худалдаагаа хөгжүүлэх хэрэгтэй хэмээн Ху Яобан хэлээд, "Эрлянийг Монгол, Зөвлөлтийн хил дээрхи нээлттэй хот болгоно" гэж айлджээ.
Энэ ганц өгүүлбэр бол тэр мэдээллийн гол цөм байлаа. Ху Яобаны тэр айлдвар одоо бол бүр давж хэрэгжээд байна. Монголчууд бид тэр жижиг гацааг орчин үеийн хот болгожээ. Монголчууд бид Эрээн хот руу тасралтгүй 20 жил хөрөнгө оруулалт хийж байна. Харин оросууд тийшээ хөрөнгө бэл оруулсан бол тэр нь манайхны оруулсаны дэргэд тун өчүүхэн дойл эзлэх байх. Яг одоо статистикийн тоо гар дээр алга, гэхдээ хар ухаанаар төсөөлөөд үзэхэд, монголчууд жилдээ хичнээн сая юанийн хөрөнгө оруулалт (бэлэн мөнгө) Эрээн рүү аваачиж хийчэхээд оронд нь юу зөөж авчраад байгаа билээ?
Гэтэл Ху Яобаны дээрхи ярьсантай зөрчилдсөн бас нэгэн мэдэгдэл гараад ирэв.
- Намайг дунд сургуульд сурч байх үед манай улсын газрын зураг бидний сурах бичигт мөөгөн бөмбөлөг хэлбэртэй байж билээ. Харин гоминданы хэдэн генералын гаргасан мулгуу шийдвэрийн уршгаар Хятадын газрын зураг тахиа хэлбэртэй болчихсон юм хэмээн Хятадын удирдагч Дэн Сяопин Японы Ерөнхий сайд Я.Накасонэд ярьж байсан нууц баримт гараад ирэв. Одоо энэ тухай сөхөхөд буруутахгүй болов уу.
Тэр яриа биднийг мэдээж цочирдуулж таар аа. Бид ч дор дороо судлаад суучихав. Энэ талаар ч төв рүүгээ бичсэн зүйл цөөнгүй.
ХКН-ын 12 дахь удаагаа сонгогдсон Төв Хорооны III бүгд хурал хуралдаж, Хятадын эдийн засгийн тогтолцоог өөрчлөх лут тогтоол баталчихсан, түүнээсээ салбарлаад салбар бүрээр (ШУТ, боловсрол гэх мэт) шинэчлэл хийх тухай дэд тогтоолууд гаргаад мөрдөж эхэлсэн, ХКН-ын Бүх хятадын бага хурал хуралдаж нэг бүлэг залуу боловсон хүчнийг дэвшүүлж, нам цэгцлэх хоёр дахь кампанит аянаа эхлүүлсэн, энэ мэтээр Хятадад реформ ид эрчээ авч эхэлж байсан тул бичих сэдэв ер мундахгүй. ХАЧА-иас нэг сая цэргийг халж бүтээн байгуулалтдаа шилжүүлэхээр болжээ. Гадаад бодлого нь ч гэнэт тэлж нээгдээд гадаад харилцаа нь ид оволзож байв. Баруун өмнөд Азийн орнуудтай үүд хаалгаа нээж, чөлөөтэй хамтран ажиллахыг Шинжаанд очихдоо Ху Яобан уриалжээ. "Гурван нээлттэй" бодлого гэдгээ зарлаж хэрэгжүүлж эхлэв. Тэр тухай реформын нэг зүтгэлтэн Яо Илинь хэлэхдээ: 1) Хөгжиж буй гурав дахь ертөнцийн орнуудад нээлттэй байх; 2) Капиталист орнуудад нээлттэй байх; 3) Зөвлөлт болон социалист орнуудад нээлттэй байх гэсэн бодлого гэв.
Хятадад айлчилсан гадаадын төр, засаг, намын төлөөлөгчдийн айлчлалуудыг судалж төвдөө мэдээллээ гэхэд хөөж гүйцэх аргагүй болтол энэ улс зочны хөлд дарагдаж байв. Нэг улсын дотор нийгмийн хоёр өөр байгуулал байх тухай онолоо зөвтгөөд, түүнийгээ Хонконг дээр нотлохоор Британитай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурчихсан тул хятадын удирдагчид энэ талаар их суртал ухуулга хийж байв. "100 зуун жилд эх орноо нэгтгэж чадахгүй бол, 1000 жилд биелүүлж болно" гэсэн Дэн Сяопины афоризм сенсаац дэгдээв. Зөвлөлт-Хятадын улс төрийн зөвлөлдөөний 5 дахь шатны уулзалт Бээжинд болж бид ч гярхай ажиглаж байлаа. Хятад-Зөвлөлт, Хятад-Монголын хил дээр Зөвлөлтийн 600 000 цэрэг байна гээд хятадууд гомдол тавьчихсан, улс төрийн зөвлөлдөөн нь гацчихсан, тэгсэн хэрнээ уулзаад байдаг үе байж л дээ. Зөвлөлттэй харилцаагаа сайжруулах боломжийг эрэлхийлж Хятадын талаас гурав дахь этгээдээр Москва руу аман мэндчилгээ уламжлах зэргээр анхны санаачилга тэр үед гарч байв. Тухайлбал РКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску ийм зуучийн үүрэг идэвхтэй (1982 он, 1985 он) гүйцэтгэж байв. Социалист орнуудын талаар ямар бодлого явуулж эхэлж байгаа талаар бид судалж мэдээлэх нь тэргүүн зэргийн зорилт ("Гурван нээлттэй" бодлогынх нь гурав дахь нь) байсан тул үүн дээр би ч бас өөрийн санал дүгнэлтээ нэмэрлэж байсан юм. Нэг удаа нэлээд даацтай мэдээлэл боловсруулж төвдөө хүргүүлсэн тул ГЯЯ-наас зориуд сайшаасан албан захидал очиж байв.
Би очоод удаагүй байтал Соёлын яамны төлөөлөгчид гээд зураач Я.Үржнээ, бас нэг албаны хүн очдог юм. Бид тэдэнд ээлжлэн хэлмэрчилж дэлгүүр хоршоогоор торго, дурдан, хөшигний даавууны эрэлд дайчлагдав. 1984 оны 11 дүгээр сарын 26-нд тэмдлэглэх БНМАУ тунхагласны 60 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд тэр хоёр Бээжинг зорьж баярын концертын хувцас, тайзны чимэглэл, арын фонын материал авахаар очжээ. Олон ч шуудай торго дурдан цуглуулсан даа. Үржнээ нь урлагийн хүн болоод ч тэр үү, нэлээд архаг, дураараа, архи уугаад л нөгөө нөхрөө гайгүй шарлааж байв. Манай ЭСЯ курьерын өрөөндөө үнэгүй байрлуулсных Үржнээ гуйагаар шинэ жилийн сүлд модны наадмын ханын сонин ч бил үү, өвлийн өвгөний нэг том зураг зуруулж үлдсэн юм. Тэр хоёр буцаад удаагүй байхад Энх тайвны хорооны орлогч дарга Д.Билэгт, ГЯЯ-ны Ж.Чойнхор нар Филиппинд хуралд явахаар очиж би бас газарчилж, Тэнгэрийн сүмд (Тяньтянь) дагуулж очиж байв. Тэр үед гадаадад хуралд оролцох албаны хүмүүс чинь Улаанбаатараас Бээжин орохоор бүтэн 2 өдөр, 2 шөнийг гал тэргэнд туулаад очдог байсан ба цаашаа нисэх онгоцондоо суух, эргэж ирээд мөн ийм зам туулах гээд лав 2 долоо хоногийн ажил болдог байсан болов уу. Энэ мэт дамжин өнгөрөх явуулын албаны хүмүүст дадлагажигч бид л завтайгаараа үйлчилж таарна. Ардын боловсролын яамны сайд Даваасүрэн, Статистикийн төв газрын дарга Загасбалдан, ГЯЯ-ны Балжинням, Хойд Солонгос руу яваа намын амрагчид гэж хоёр гэр бүл, төмөр замын хэлэлцээнд оролцох багийнханд үйлчилж ижил дасал болж л явлаа. Бас Пхеньянд суугаа манай ЭСЯ-ныхан Бээжингээр заавал дайрна. Мөн тэдэнд үйлчлээд завгүй давхиж л явлаа. Миний үйлчлэх нь хэтрээд Хувьсгалын музей, Маогийн бунхан, Тяньаньмэнийн талбай, дэлгүүр хоршоогоор нэг амьсгаагаар туулуулчихсан чинь настай хүмүүсийг халуунд удаан авч явж ядраалаа хэмээн П.Шагдарсүрэн сайдаасаа зэм сонсож л байлаа. Явуулын албаны монголчууд "Бээжин нугас" гэдгийг сургаар сонсоод идэхийн түүс ирцгээдэгсэн. Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга М.Пэлжээгээс эхлүүлээд олон хүнд газарчилж, дагуулж очин нугас зооглуулсан даа. Чүнгвэнгминий гудамж дахь нугасны гуанзанд бүтэн том нугас, шөлтэйгээ ердөө 14-хөн юань. Одоо ч үнэмшихгүй биз дээ. Гуанз л гэхээс дээ. Хятадууд хооллох гэж их заваарнаа. Нус цэрээ хаях, угаадсаа асгахаас авахуулаад л. Шал руугаа л аваад байх нь тэр. Тэр болгоныг Пэлжээ гуай гайхаж дагуулж хараад л. - Та битгий тийшээ хар аа, наад хоолоо ид ээ гээд л би ятгаж байв. Пэлжээ гуай хөлс нь цувчихсан, хэхэрчихсэн – Сайхан хоол байна гэсээр тэндээс гарч байж билээ.
Тэр үед Монгол руу зүглэдэг хятад хүн гэж өдрийн од шиг, бараг байхгүй, харин транзитаар Бээжин-Москвагийн галт тэргээр хойшоо зорчих хятад, гадаад иргэд нэлээд байсан байх. Ялангуяа зуны цагт дамжин өнгөрөх виз мэдүүлэх гэж хэдэн зуугаараа оочерлочихдог, бид ч толгой өндийхгүй ажилладаг байв. ЭСЯ-ны төв конторыг виз мэдүүлэгчдийн хөлөөс холдуулах зорилгоор биллиардын өрөөг суллаж визийн өрөө болгож тохижуулах саналыг бид гаргаж зөвшөөрүүлэв. Виз олгохдоо дэндүү хямд хураамж авч байгааг өөрчилж үнийг нэмэх санал бид гаргаж, нэмүүлж байсан санагдана. Виз олгодог журмыг ч өөрчилсөн. Мөнгөний нярав бид хоёр визийн үйлчилгээний шинэ байранд маягт бөглүүлээд паспорт мөнгийг нь хураах, манай консул ЭСЯ-ндаа визийг нь шийтгэн олгоод, эргээд бид паспортыг тараадаг журамд шилжив. Саудын Арабт Меккад мөргөлд явах шинжааны уйгур, хасагууд их ирдэгсэн. Виз олгодог цагаас хоцорчихоод нэг уйгур өвгөн газар суугаад л енгэнтэл уйлаад байсныг санаж байна. - Эцэг шигээ өвгөнийг хэмх загнаад уйлуулсан гээд л нэг хурал дээр Пагмажав гуай намайг авч өгч байв. Бодвол тэрийг харсан биз. Хураамж өндөр байна гэж уурлаад эр, эм хоёр голланд ширээ сандал хэмхчих шахаад хөөгдөж гараад маргааш нь шалдаа буучихсан уйлж гуйж ирж байлаа. Анхлан намайг ЭСЯ-нд очиход визийн хураамж 1-2 юань байсныг бид 15-18 юань болгочихдог бил үү, огцом өсгөчихсөн юм.
Тэр үед Бээжин хот гэж одооныхтой харьцуулах юм биш. Дипломат корпусын хорооллоосоо гараад тэнээд байхааргүй, нэвсийсэн, шавар хот байсан гэчихвэл нэг их дэгсдүүлэлт болохгүй. Бээжинд дипломат корпусын 2 хороолол бий. Манай ЭСЯ (Embassy of Mongolia, No 2, Xiu Shui Bei Jie, Jian Guo Men Wai, Beijing, China, 100600 гэсэн хаягтай) байрладаг нь Jian Guo Men, нөгөө хороолол нь San Li Tun гэж зүүн хойд руу тусдаа хороолол бий. Одоо монголчууд андахаа болио биз. Манай тэр байрыг 1959 онд ашиглалтад өгсөн гэлцдэг. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойгоор манай нам-засгийн төлөөлөгчдөд зориулж харш барьж байрлуулаад дараа нь шилжүүлж өгсөн юм болов уу. Бээжин дэх манай ЭСЯ эргэн тойрондоо ДТГ-уудаар хүрээлэгдсэн. Ертөнцийн зүгээр бол баруун талд маань БНАГУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, цаана нь Кубын ЭСЯ, манай чанх өмнө Этиоп, Австрийн ЭСЯ, чанх хойно нь Вьетнамын ЭСЯ, манай зүүн талд АНУ-ын ЭСЯ, Архив, сургууль, Ирландын ЭСЯ, зүүн хойно нь Египетийн ЭСЯ гэхчлэн. Одоо тэр БНАГУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын байр хашааг Сингапурын ЭСЯ худалдан авч шилжиж байршаад байгаа.
Их барилгажилт нь Бээжинд тэр үед дөнгөж эхэлж байсан даа. Түүх дурсгалын газрууд бол байсаан. Би ч хангалттай тойрон аялсан даа. Бидний мэдэлд унадаг дугуй хоёр байсан юм. Тэр нь дадлагажигчдын уналга, дундын өмч маягтай. Эсвэл ганцаараа, эсвэл хоёулаа унаад л арилж өгнө шүү дээ. Явдаггүй очдоггүй газар ч гэж алга байж. Би газар нүдлэхдээ гайгүй тул төөрнө гэж гонж, газарчлаад л өмнө нь гарчихсан жийж өгдөгсөн. Тэр үеийн хятадад юмны үнэ гэж үнэхээр доогуур байжээ. Гадуур хятад гуанзанд хоёулаа хооллоод дээрээс нь жиапи (гоожуурын түүхий пиво) уугаад гарахад 3-4 юань болдог байв. Хятадууд задгай пивоны учрыг олохгүй худалдан авдаггүй тул эхлээд 1 литрийг нь 5 мао (хагас юань)- гоор гуанзангуудад худалддаг байв. Одоо ийм пиво Бээжинд доод тал нь 8-10 юань, зөвхөн ресторан, бааранд л байгаа. Бараа таваар, үйлчилгээ гэхэд мөн хямд. Тагнайтай 2 араа (хиймэл шүд) хувийн шүдчинд захиалж хийлгээд ганц хоногийн дотор гаргуулахад 10 юань төлнө ...
(үргэлжлэл нь – Нью Делид алба хашсан тухай )