МАН-ын Засгийн газрын өнөөдөр өгч байгаа хорин нэгэн мянга олон хүнд нэмэр болж байгаа юм шиг санагддаг биз.  Амаа ангайгаад,  гараа хөдөлгөхгүй ингэж тэжээлгээд байвал болоод л байх мэт. Гэвч энэ нь хүнийг  “тэжээвэр” болгож байна. Өнөөдөр бид Засгийн газрынхаа “тэжээврүүд” болчихоод байгаа. Тэжээгддэг гэдэг нь өөрөө өрөвдөлтэй ойлголт. Мал адгуус дээр ч бодоод үзье л дээ. Хамгийн сул дорой, онд орохооргүйгээ л малчид гэртээ тэжээж байдаг. Тэжээвэр мал энэнд нь аяндаа  дасч өөрийнхөөрөө хоол олж идэхээ байж, бэлчээрт ч гарахгүй,  хүний гар харж эхэлдэг. Аймшигтай нь МАН-ын Засгийн газар чадалтай, чадалгүй бүгдийг нь “тэжээвэр” болголоо. Тэжээвэр хэзээ ч ханаж цаддаггүй, улам давардаг. Өнөөдөр хорин нэгэн мянга  байгаа бол маргааш дөчин нэг, далан  нэг, тэгээд цаашлаад эцэс төгсгөлгүй нэхсээр байна. Одоо бас сая төгрөг авна гээд хүлээцгээж байгаа. Энийгээ аваад болчих юм шиг санаж байгаа ч  дараа нь дахиад л нэхнэ. Ийм сэтгэлгээнд МАН-ынхан өөрсдөө сургаж, дасгасаар ирсэн. Бараг хорин жил зах зээлийн нийгэм нэртэй социализмын  халамжаар бөмбөгдөв. Хүнийг ямар ч үнэ цэнэгүй болгож байна. Өнөөдрийнхөө хорин нэгэн мянгад ханаад маргаашдаа санаа зовохгүй амьдруулж байна. Яг үнэндээ бол социализмдаа байхдаа ч ийм их халамжаар бөмбөгдөөд байдаггүй байсан юм шүү. Ядаж ажил хийлгэж мөнгө өгдөг байсан юм. Өнөөдөр харин залуус хорин нэгээрээ архи ууж, ажил хийхээ больсон. 
  
Айн Рэйндийн “Сайтар эргэцүүл” зохиолыг төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам тайзнаа амилуулсныг уншигчид санаж байгаа бол гол дүрийн баатар мөнгөтэй, арга зальтай нэгэн бээр анд нөхөд, гэр бүл хийгээд бүх л хүмүүсийг харж үзэж, тусалж байгаа нэрээр аквариумын загас шиг болгоод  эцэстээ нөгөөдүүл нь ямар ч аз жаргалгүй “тэжээврүүд” болсноо мэддэг. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй эцэст нь найз нь түүнийг буудаж хорооно.  Гол дүрийн баатар тэдгээр хүмүүсийн өөрийнхөөрөө байх аз жаргал, эрх чөлөөг  үгүй хийсэн учраас л буудуулсан хэрэг.   Зохиолын төгсгөлд байцаагч тэднээс хэн буудсаныг асуухад бүгд “Би буудсан”  гэж хэлцгээдэг. Энэ бүтээл бусдыг өөрөөрөө байх, өөрөөрөө амьсгалах эрх чөлөөг боомилж, мөнгө, бэлэнчлэх сэтгэлгээгээр хичнээн хорьж байсан ч тэд нэг л өдөр тэсэрч эрх чөлөөг эрэлхийлдгийг гаргасан.  Хүн эцсийн эцэст өөрийнхөөрөө л амьдрах ёстой. Үнэ цэнэ, эрх чөлөөгөө мэдрэх ёстой.  Өөрөө өөрийнхөөрөө  зовох нь хүртэл аз жаргал гэдгийг энэ зохиолд харуулсан юм.

Арабын орнуудад болоод байгаа бослого хөдөлгөөнүүд ч тэр өлссөндөө  биш тэжээлгэсэндээ ийм байдалд хүрсэн иргэдийн бослого юм.

Одоо олгож байгаа хорин нэгэн мянга нь эцсийн бүтээгдэхүүнээс олсон орлого   биш юм.   Уул уурхайг барьцаалсан мөнгөнөөс олгогдож байгаа. Таван толгойгоо барьцаанд тавьж,   хоёр гурван ачааны машинаас өөр зүйлгүй ажил нь урагшлаагүй байж зээл тавин байж, ард иргэддээ мөнгө  өгч байгаа. Урьдчилгаагаа ард түмэнд халамж болгож өгсөөр байгаад улс орон дампуурах нь. Банкуудаар хорин нэгэн мянга ологдохгүй байгаа бөгөөд удахгүй олгогдоно гэсэн мэдээлэл тараав. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж сонгууль хүртэл явах нь. Саяхан Монгол банкны нөхдүүд Хятадад очоод үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцэл хийгээд  ирсэн байна лээ. Аягүй бол хорин нэгээ сонгууль хүртэл явуулах  гуйлгаа гуйгаад ирсэн биз. Оронд нь юугаа барьцаалаад ирснийг хэн мэдэхэв дээ. Саяхан Сангийн сайд “Энэ хавтгайрсан халамж бол бидний маш том алдаа. Би үүнийг  маш сайн ойлгосон” гэж хэлсэн байна лээ. Байдал ямар байгааг   тэр мэдэж байгаа учраас л ингэж хэлсэн байх. Алдсан юм бол алдаагаа засахгүй үргэлжлүүлээд байгаа нь учиртай. Энэ мөнгийг  сонгууль хүртэл өгөхгүй бол ялагдана гэдгээ мэдэж байгаа учраас өгсөөр л байх биз. Өнөө маргаашгүй  хорин нэгэн мянгаа  олгож эхлэх байх. Хаа нэгтэйгээс гуйлга гуйгаад ч хамаагүй.   Ямар ч байсан сонгууль хүртэл иргэдийн уур унтууг хүргэхгүйхэн шиг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явж байх биз. Ингэж урьдчилгаагаар ард түмэнд мөнгө өгсөөр улс орон дампуурлаа. Монголд ажил хийдэг хүн олдохоо байх нь. Зөвхөн Баян-Өлгий аймгийн иргэдийнх нь тавь орчим хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг байна. Бүхэл бүтэн аймгийн хүн амынх нь тэн хагас нь халамж авдаг гэхээр  үнэмшилтэй биш санагдаж байна. Хүн амынх нь тавин хувь нь хөдөлмөрийн чадваргүй, тахир дутуу болж таарах уу. Халамж байгаа газар дандаа хууран мэхлэлт  явагддаг аж. Бэлээхэн жишээ Грек.

Грек хэт халамжаасаа болоод эдийн засаг нь хямарсан. Хямралаас гарах гэж элдвийн л арга хэмжээ авч байна. Өнгөрсөн сард тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэмж олгогчдын бүртгэлд шалгалт хийхэд 36 мянган иргэн хуурамчаар тэтгэмж авч байсан нь илэрчээ. Бүр хараагүй, дүлий хүний дүрээр  сардаа нэг удаа очиж  тэтгэмжээ авдаг байж. Ингэхдээ таньдаг эмчээсээ хараагүй, дүлий гэсэн бичиг хийлгэдэг байсан байгаа юм. Одоо энэ улс хямралаас гарахын тулд улс орнуудаас мөнгө гуйж Оросын тавьсан цэрэг дайны бааз болох хатуу болзлыг нь хүлээн зөвшөөрч байна. Грекийн  халамжаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нь цаашлаад Евро бүсийг хямруулахад хүргэж,  “Халамж, цагаачлалтай холбоотой асуудлаа цэгцлэхгүй бол Европын холбооноос гарна” гэдгээ Франц улс мэдэгдээд байгаа. Халамж яаж улс орныг  дапууруулдгийн хамгийн сүүлийн жишээ энэ.

МАН сүүлийн хорин жил хавтгайрсан халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, сүүл рүүгээ  төрийн албанд орох хүмүүсийн тоо л нэмэгдэж байгаа. Нөгөө талд нь  хаа сайгүй ажил олгогч нарын явуулсан зар  ихэвчлэн бүтэлгүйтсээр байна.  Учир нь ажил хийдэг хүн олдохгүй, эсвэл ажил олгогчийн шаардлага хангах  нь үгүй аж. Төрийн албанд орвол баян болно, цалин нэмэгдэнэ гэсэн бодолтой хүмүүс л өдрөөс өдөрт нэмэгдэж, урт дараалал үүссэн гэх юм.   Төрийн албан хаагчийн цалинг л нэмээд байгаа болохоос хувийн хэвшлийнхний талаар огт бодсонгүй.

Нийгмээрээ ижилхэн, халамжид дулдуйдсан байхыг үзэл баримтлалаа болгодог   нам төрийн толгойд байхаар ийм “тэжээврүүд”  зах зээл нэртэй нийгэмд социализмаараа амьдарч байдаг юм байна. 

Гэтэл  дээр нь сонгуулийн шоу болгож эдийн засийн ямар ч үндэслэлгүй 100 мянган айлын орон сууц зургаан хувийн хүүтэй олгоно гэчихлээ. Гэтэл тавин саяар байраа өгдөг барилгын компаниуд олдох уу. Үүнд хамрагдах нөхцөл нь биелэгдэшгүй.   Өмнө нь аав, ээжийнхээ байрны ордер дээр  хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн бол тэр хүн  хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Гэтэл манай залуусын ихэнх нь тийм байгаа. Ийм үлгэрээ сонгуулийн шоу болгож байгаа болохоос улс орон, ард иргэдээ бодоогүй шүү. Сонгууль хүртэл л амь зогоох арга нь энэ юм. Ингээд зогсохгүй ээж нарт мөнгө өгч гэрт нь суулгах гэж зүтгүүлсэн. Энэ мэтээр улс орноо  “тэжээврүүд”-ээр дүүргэж,  дампууруулах нь ээ,  энэ эрх баригчид.