(551 нам өрсөлдөж, 10-хан рупийн хахууль өгдөг сонгууль)

Сонгуулийн хууль тойрсон маргаан мэтгэлцээн УИХ-ын танхимаас хэдийнээ халин гарчээ. Лав сэтгүүлчдийн гарын доорхи зугаатай сэдвийн нэг болсон. Улс төрийн намууд, улс төрчид энэ асуудал дээр дор бүрнээ цэцэрхэж эхэллээ. Хэт их дагнасан сэдэв болгочихвол эцэстээ юунд хүргэж болох жишээг бүр 2004 оны сонгуулийн өмнө (2004.05.14) монгол уншигчдад хандан зохиогч Д.Баярхүү сэрэмжлүүлэг маягаар бичиж байсныг бид түүний “Монгол Улс: Коммунизмаас капитализм руу”номоос авч нийтэлж байна. Энэ явдал зохиогчийг Нью Делид дипломат алба хашиж ахуйд тохиолдсон юмсанж – baabar.mn     

Энэтхэгт хууль тогтоох байгуулага — Лок  Сабхагийн сонгууль “Эхлэв” гэсэн нэг өдөртэй. “Эхлэв”гэхлээр “үргэлжлэх”, “дуусах” үе шатууд бас байна гэсэн үг. Уг нь дэлхийн ихэнхи улс оронд сонгууль ганцхан өдөрт л явагдаж шөнө дунд гэхэд бүх дүн нь гарчихдагсан. Тэгвэл Энэтхэгт парламентын нэг сонгууль 5 үе шаттайгаар цуварч явагддаг. Эцсийн дүнг албан ёсоор зарлатал бас ч үгүй үлэмж хугацаа орно.

“Дэлхийн хамгийн том ардчилсан улс” хэмээн БНЭУ-ыг дэлхийд үнэлж ирсэн. Учир нь насанд хүрсэн 670 сая гаран хүн (одоо бол өссөн байж таарна - baabar.mn) хэнээс ч хамааралгүй шууд, нууц, ардчилсан сонголтоо хийж байна. Хэдийгээр жижиг сажиг бэрхшээл зовлон байдаг ч парламентаризм, олон намын систем, бие хүний чөлөөт сонголт, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэлийг ингэж тууштай хөгжүүлсэн тэрбум давсан хүн амтай улс дэлхийд өөр байхгүй. Энэтхэгийн эргэн тойрны ардчилсан бус засаглалтай улсуудтай харьцуулсан үнэлгээг энд ярьж буй хэрэг.

670 сая гэдэг бол амар биш тоо, ийм тооны хүн саналаа өгч, өгсөн санал бүрийг ялгаж салгаж дүгнэн, төвдөө хүргүүлэн нэгдсэн дүн гаргана гэдэг нь туйлын ярвигтай ажил.  БНЭУ бол англи, хиндигээс гадна албан ёсны 19 хэлтэй, тэгэхдээ парламентч бүр нь 21 хэлтэй бай гэсэн үг биш, энэ олон хэлтэн, олон зуун үндэстэн ястан, олон арван төрлийн шашинтан нэг л төрийг сонгоно гэдэг санаанд үнэхээр багтамгүй хэрэг юм. Тэгээд ч парламентын тогоон дотор 2-3 хэлмэрч дагуулаад цохиж явах эрхэм түшээ цөөнгүй. Жишээ нь манайд Элчин сайдаар сууж асан Бакула ламтан бол Ладакхаас парламентад бие дааж олон удаа сонгогдсон, англи, хинди хэлгүй тул ладакх-англи-хинди хэлний хэлмэрчтэй ажиллаж байв.

Сонгогчдын  50 орчим хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй тул бодит ухуулга маягтай самбарыг санал хураалтад хэрэглэж, түүнийгээ “электроноор санал хураах машин” гээд нэрлэчихсэн. Технологийн дэвшил юм уу гэмээр, үнэндээ бичиг үсэггүйчүүд, англи хэлгүйчүүдэд зориулсан эд. Түүнд нь намын бэлгэдлүүдийг дүрсэлсэн товчлуурууд байх ба ухаан нь Конгресс намыг сонгоё гэвэл гарын алганы дүрс  дээр, БЖП намыг сонгох бол бадам лянхуа цэцгэн дээр нь хуруугаа хүргэхэд л боллоо. Энэчлэн сонгуульд өрсөлдөж буй нам бүр бэлгэдэлтэй, бүр үхэр мал, матмал сандлын зураг ч байх шиг. Жишээ нь намайг Нью Делид ажиллах байх үед юмдаг, 1999 оны сонгуулиар дээд тал нь 40 нам төлөөлөлтэй 40 зураг бүхий электрон машин хөшигний цаана тавиастай харагдаж байсан. Тэгэхдээ нэг тойрогт заавал 40-үүлээ байх нь бараг үгүй. Орон нутгийн маш олон намууд мужуудад үзэлцэх тул тэнд л гол ачааллыг даах хэрэгтэй. Ийм орон нутгийн аль ч тойрог дээр 20 орчим элдэв бэлгэдэл бүхий электрон машин байна.   

Сонгогчдын бүртгэлийн маягт, жагсаалт хэвлэхэд лав 8000 тонн цаас 1999 онд хэрэглэсэн, бараг хагас сая хүн сонгуулийн тойргуудад ажиллаж, дээр нь 250 000 цагдаа аюулгүй байдлыг нь хангах, улсын төсвөөс нэг удаагийн сонгуулийн зардалд 200 сая ам.доллар (энэ бүх тоо одоо бол өссөн байж таарна - baabar.mn) төсөвлөсөн санагдана. Энд намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн зардал тусдаа шүү дээ.

Сонгуулийн өмнө ба явцад нэр дэвшигчийг цааш харуулах, хүн амины хэрэг гэхчлэн бичвэл бас л зөндөө бий. Нэр дэвшлээ л болдог, алдагджээ л болдог, оронд нь тэр дэвшлээ л болдог, бас алагдлаа л болдог, тэгж тэгж нэг нөхөр ялах буюу ялагдсан дүнтэй. Ялангуяа Энэтхэгийн алслагдсан хөдөөгүүр 1999 онд мянгаад нэр дэвшигч урьдчилан хороогдсон баримт байв. Сонгуулийн кампанийн үеийн жагсаал цуглаан, цугларалтыг зохицуулах гэж лав 1999 онд 900 орчим цагдаа амиа алдсан түүх бий.

Сонгууль мажоритари (25+1) буюу тойрог бүрээс нэг нэр дэвшигчийг гаргаж ирэх   системээр явагдаж, хувь тогтоохгүйгээр аль олон санал авсан нь ялдаг журамтай. Энэтхэгийн нийслэл болон том хотуудад нэг тойрог дунджаар 2-3 сая сонгогчтой, жишээ нь Нью Делид 7 тойргийн хамгийн том нь 3 сая сонгогчтой тул сонгуулийн кампанийн сурталчилгаа, түүний зардал, хамгаалалтын зардал, тог цахилгаан, унаа машин гээд арилж өгнө. Монгол хүний санаанд лав багтахгүй.     
 
Улс төрийн намуудыг нь энд бүгдийг дурдалтгүй, Конгресс, БЖП хоёр нь гол намууд. Монголд улс төрийн хоёр гурван нам эвсэж болдог практик буй бол, харин БНЭУ-д 1998 онд 18 нам эвсэж ялсан, 1999 оны ээлжит бус сонгуулиар 25 нам эвсэж ялж байсан гайхалтай жишээ буй. Эвслийн намууд нь бие биенээ “холбоотон нам” гэж нэрлэнэ.  Эвслээс гарахыг “дэмжлэгээ эргүүлж татаж авах” гэх ба тэгвэл эвсэл нурж, парламент тарна гэсэн үг.   

Энэтхэг хэмжүүрээр бол улс төрийн намууд нь гурван янз: 1) Үндэсний хэмжээний; 2) Муж улсын хэмжээний;  3) Бүртгэлтэй гэж.  Үндэсний хэмжээний нам бол сонгогчдын 4-өөс дээш хувийн санал авч 4 хувийн босго давсныг хэлнэ. Ийм нам 6 бий. Муж улсын 41 нам бий, тэдгээр нь парламентын суудлын 25-ны нэг хувийн суудал авсан байх ёстой. Харин бүртгэлтэй намууд гэвэл БНЭУ-д 504 нам бий (энэ бүх тоо хүн амын өсөлтөө дагаад одоо лав өссөн байж таарна - baabar.mn).

Нэрийг нь тогтоох албагүй ч ганц нэгийг нь сонирхуулъя: тэр үед эрх баригч асан    Бхаратия  Жаната Парти. Түүхэн, нэр хүндтэй нам тул манай сонгогчид биш гэхэд улс төрчид мэдэх байх. Түүний холбоотон намууд нь: Самата, Локшакти, Бижү Жаната Дал, Дравида Муннетра Кажагам, Шив Сена, Марумаларчи Дравида Муннетра Кажагам, Паттали Маккал Катчи, Тэлэгү Дэшам, Тринамул Конгресс, Манипурын Конгресс гээд жирийлгэж өгнө дөө. Энэ нэрсийг үргэлжлүүлбэл монгол уншигчдын хэл хугарах байх.    

Энэтхэг нь кино индустри асар хөгжсөний хэрээр киноны одод улс төрийн намуудад лидер болсон нь олон. АИАДМК, Тринамул Конгресс намын лидерүүд гэх кино жүжигчид төр барилцаж, Тринамул Конгрессын лидер нь ГХЯ-ны Төрийн сайд хийхийн сацуу кино, жүжигт амжилттай тоглож байсныг тодхон санаж байна. Парламентад ганцхан суудалтай хэрнээ тэр эрхэм нь Төрийн сайдын алба хашсан сонин тохиолдол бол Энэтхэгт хэвийн үзэгдэл. Нөгөө эвслийнхээ 25 нам дотор орсон л бол болох нь тэр. Жишээ нь 1998 онд орон нутгийн Аранучал Конгресс намаас ганцаархнаа орж ирсэн Омак Апанг гэгч монголжуу залуу БНЭУ-ын Аялал жуулчлалын Төрийн сайдыг хашиж, УИХ-ын дарга Р.Гончигдоржийг айлчлахад нь бараалхаж байсныг тэр үед хамт явсан манай нөхөд санаж байгаа байх.

Энэтхэг нь хэдийгээр ардчиллын бэлгэдэл мөн боловч ардчиллын нэрийн дор элдэв завхрал гарахыг алийг тэр гэхэв. Хээль хахууль, авилгал бий юү гэвэл асар их. Сонгогчдыг мөнгөөр худалдан авах явдал энүүхэнд. Санал хураалтын өдөр нь санал өгөх газруудын ойролцоо жүжиг аятай үзэгдлийг харж болно. Монголчууд бол их гайхах байх л даа. Намуудын идэвхтэнүүд  гэх хэсэг нөхөд сонгогчдын зам тосоод отоод зогсож байх вий. Тэд ямар товчлуур дээр дарахыг биетээр зааварлан, намын бэлгэдэл бүхий цаас өгч, гарт нь 10 рупий атгуулан мөрөн дээр нь алгадаад оруулах нь нэн гайхмаар. 10 рупий гэдэг нь манайхаар 200 гаруй төгрөг гэсэн үг л дээ. Тэндээ бол нэг талх, эвсэл 10 өндөг, нэг кола авах мөнгө. Мөн хямдхан, задгай үзэж байгаа биз. Дэргэд нь цагдаа нар нүдэн балай, бодвол бас мөнгө хүртдэг байх даа...