Нутгийн зөвлөлүүдийг тараая
Ийм санал байнаа. Хараад зарим нь уурлаж байгаа байх. Харин зарим нь санал нийлэн толгой дохиж байгааг мэдэж байна.
Увсынхан цуглаж байна гэнэ ээ. Увсынхан тусдаа ёлкодож байна гэнэ. Увсынхан начин төрүүлж гэнэ…Үгүй мөн айхтар улс шүү…Ийм төрлийн яриа хөөрөө хаа сайгүй өрнөнө.
Говь-Алтайн мафи гэж хүчтэй улс гарч иржээ. Гаалийн Х.Баатар гэхэд зөвхөн Говь-Алтайн хүнийг л авч байна. Ямартаа баарны эзэн хүртэл гаалийн дарга болж байхав дээ. Ёстой нээрээ Говь-Алтайд төрмөөр юм байна…Ийм яриа бас газар сайгүй урсаж байсан.
Архангайнхан сүүлийн үед сүрхий нутгархах болж шүү. Ерөнхийлөгчийг хүртэл татан оруулжээ. Г.Өсөхбаяр аварга энэ тэр гээд нийлж сүлж нутаг нугынхнаа ил цагаан додомддог улс нэг хоёроор биш нэг хэсгээр бий болов. Төв аймгийнхан яаж дутахав. Энд тэнд цугларалдаж, элдэв амбиц босгож ирж л байгаа сурагтай…Булганыхан булталзаж, Баян-Өлгийнхөн бүлэрхэж янз янз болох төлөвтэй. Энэ загварын дэл сул яриа газар авч, элгээрээ мөлхөх шахаж байгаа монгол минь эмтрэн эмтрэн хуваагдаж байна. Нэг хүний гарт баригдан хүлэгдэж байсан гэх монгол оронд социализмын үед ч ийм гажиг нүүрлэж байгаагүй.
Юмжаагийн Цэдэнбалыг нутаг усандаа онцгой элгэмсүү ханддаг байсан гэх ч түүний үед улс эх орноо гэх холч үзлийн ултай суурьтай философи зангаргалж байсан шиг. Түүний шийдвэрээр наадмын бөхчүүд хөл тавьж үзээгүй эцэг өвгөдийн нутаг усаар биш дээлээн уралцаж зодоглодог дэвжээнийхээ алдраар дуудуулдаг болох тогтоол шийдвэр гарч байв. Энэ ойрын бодол уу, холын ухаан уу. Төв аймгийн Мөөеө Сүхбаатарын ройны Хоршоолол нийгэмлэгээрээ, аварга Хадбаатар Алдар нийгэмлэгээрээ овоглон зүлэг ногоон дэвжээнээ зодоглож байж. Өнөөдрийнхөөс юугаараа ч өөр биш наадам тэр үед болдгоороон болж, ард олноо цэнгүүлдгээрээ цэнгүүлж ирж. Магадгүй тэдний үе илүү үнэн байсан байж харин мэдэх.
Төрийн хар эрсийн холч ухаанаараа монголоо эмтэлж биш эвлүүлж зүйсэн нарийн бодлогыг жижиг гэлтгүй зүйл дээр барьж явсан байна.
Улсын гарьд Б.Гантогтох яах аргагүй Улаанбаатарын уугуул. Заан О.Одгэрэл маргах эрхгүй хүрээний хүүхэд. Гарьд Д.Сумьяабазар Өвөрхангайд биш энэ дөрвөн уулын дунд унасан. Өнөөдөр яагаад бүгдээрээ өвдгөө халцалж өссөн Улаанбаатараараа биш үзэж харахаас хэтрээгүй Увсаар,Өвөрхангайгаар овоглох болов оо. Үндэсний гэх цөөхөн, бараг цорын ганц супер спорт гэж болох бөхийнхөн маань ингэж улс үндсээ хуваах жалга довны үзлийн суурийг хөхиүлэн дэвж байдгаа болих цаг болжээ.
Жалгын үзэл ийнхүү эхлэсээр өнөө бүр завхарч өгчээ. Улс төр, урлаг соёл, бизнес… хамраагүй салбар алга. Нутгийн зөвлөл дагасан элдэв лобби гаарч, нутгийн данстай болгоны араас нэхэн чаргуулдаж , нэг нэгнээ ичгүүр сонжуургүй албан тушаалд тохоон томилж эрээ цээрээ алдах болжээ. Сүүлдээ дуучин төрсөн ч аль нэгэн аймгийнх байгаад зогсохгүй, тоглолтыг нь заавал төрсөн нутгийнх нь хаягтай пүүс компани ивээн тэтгэдэг, төгсгөлд нь нийлээд жийп авч өгдөг моод ч дэлгэрэв.
Нутаг нугаараа нийлж наймаа панз үсэргэсэн, хувь хувьсгал дамнан идэж уусан хэтэрхий бохир түншлэл гаарав. Бүр байчихаад хүндээ өмсгөдөг өнөө жалгын зүүлтээ хүлэг моринд хүртэл зүүх болжээ. Тэр аймгийн, тэр сумын харъяат хурдан хүлгээ…гээд л уянгалуулж өгч байхыг та сонсоо биз дээ. Нөгөө хурдан хүлгүүд уг нь тэнд биш бүгд энд шүү дээ. Өлзийт хороонд орон хотын тохилог пүнзэнд ихэнх нь заларч байна лээ. Тэд мань хөдөөний биш хотын морьд болсон. Машинаар, бүр зарим нь онгоцоор залран хаана л бооцоот уралдаан болно, тэнд мөнгө түүж явдаг хээнцэр амьтад болсон.
Морь мал ч яахав нутгийн зөвлөл дагасан хамгийн гол муухай юм улс төрд хутгалдаж байгаа явдал юм. Нэг агентлагийн захирал шинээр ирэнгүүтээ доод албан тушаалтнуудаа “өөрийн хүнээр” дүүргэдэг моод улс төрд хэт дэлгэрсэн. Өнөөгийн төрд ганц тээг болоод буй тэдгээр “өөрийн хүн”-үүд өнөө л нутгийн зөвлөлийн им тамгатай улс юм. Эдэнд өмчлөхгүй юм гэж үгүй. Бөх тэх, шатарчин даамчин юу л байна үтэр түргэн бүртгэж авна. Ганц гайгүй царай зүстэй охин миссийн тэмцээнд орсон ч хүүхэмсэг эр шиг дэгээдээд л авна. Энэ нэг хадны мангааг устгая аа, таминь.
Ус нутаг битгий хэл улс монгол чинь тарж бутрах нь. Ус нутгаан бүгдээрээ дурсамж болгоё. Дуу болгоё.
Улс Монголоо харин суу болгоё. Сүлд болгоё.
монх
Зочин